| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2016/00732/И |
| Дугаар | 181/ШШ2016/00498 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2016/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Тангуд овогт Б.Б /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
“Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 сарын 03-ны өдрийн ............. дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эрхлэн явуулж байгаа.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “Х-Ү” ХХК-иар гаргуулсан байна. Үүнд:
1.Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020034 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ........................1003 тоот хаягт байрлах 301 м.кв талбай бүхий албан тасалгааны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 812 700 000 төгрөгөөр үнэлж, улмаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 568.890.000 төгрөгөөр,
2.Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,....................... 1307 тоот 110.58 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 276.450.000 төгрөгөөр үнэлж, улмаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 193.515.000 төгрөгөөр,
3.Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ................................ 89,58 м.кв талбай бүхий орон сууц болон 18 м.кв талбай бүхий зогсоолыг 207 918 000 төгрөгөөр үнэлж, улмаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 145.542.600 төгрөгөөр тус тус тогтоожээ.
“Х-Ү” ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй байна. Учир нь миний бие одоог хүртэл албан тасалгааны зориулалт бүхий байрандаа үйл ажиллагаа явуулж оайгаа бөгөөд уг байранд албан тасалгааны зориулалттай талбай худалдах доод үнэ нь нэг метр квадрат талбайг 3 000 000 төгрөг буюу түүнээс дээш үнэлгээтэй байна.
“Х-Ү” ХХК бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас анхны албадан дуудлага худалдааны үнэ багаар тогтоогдож, улмаар төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнээр 2 дахь дуудлага худалдаанд орох магадлалтай юм.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 3/30560 тоот албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу ийнхүү гаргаж байна.
Гомдлын шаардлага: Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаар шийдвэрээр Б.Бгаас 874.800.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4.689.900 төгрөгийг гаргуулж “Транс трейд Би Би Эс Би” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагчийн хүсэлтээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 8390 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1632 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус гарсныг төлбөр авагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн.
Б.Б нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаартай шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагааны явцад “Х-Ү” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцэхгүй гэсэн утга бүхий гомдлыг шүүхэд 3 дахь удаагаа гаргаж байна.
1.Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд тухайн асуудлаар гомдол гаргасан боловч шүүх хуралдааныг хийлгэх эрмэлзэлгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих, өмгөөлөгчөө солих, хэргийн материалтай танилцах гэсэн шалтгаанаар шүүх хуралыг 9 удаа хойшлуулж, удаашруулж байгаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлээ татан авсан.
2. 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дээрх гомдлыг дахин гаргаж 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмлэлийг буцаасан.
Тэрээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эрхээ эдэлсэн бөгөөд өөрөө сайн дураар нэхэмжлэлээ татан аваад, дахин нэхэмжлэл гаргах зэргээр Шийдвэр гүйцэтгэл болон шүүхийн байгууллагыг илэрхий үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байна.
Б.Б нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж гомдол гаргасан ч бодит үндэслэлээ гомдолдоо бичээгүй бөгөөд “Х-Ү” ХХК-ийг үндэслэлгүй үнэлгээ тогтоосон гэж буруутгах хуулийн үндэслэл байхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.
Төлбөр төлөгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хугацаа хожих замаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа дараа шүүхэд гаргаж байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд “Транс трейд Би Би Эс Би ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 8390/4 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1632 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус гарсан бөгөөд 2014 оны 08-р сарын 12-ны өдрөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхлээд 2 жил орчим хугацаа өнгөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч байна. Дээрх хугацаанд төлбөр төлөгч Б.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах бүхий л арга хэмжээг авч ирсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулсаар өнөөдрийг хүрсэн. Төлбөр төлөгчийн энэхүү ажиллагааны үр дүнд “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ хохирлоо барагдуулан авч чадахгүй, дуудлага худалдаа явуулахыг хүлээсээр цаашид хэдий хэр хугацаа алдах, ямар хохирол хүлээх нь ч тодорхойгүй байна. Төлбөр авагчийн зүгээс Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу шуурхай, саадгүй явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардсаар ирсэн боловч үр дүнд хүрсэнгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.3-д “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэжээ. Б.Б нь тус хуулийн 37.3-д заасан хугацаа өнгөрсний дараа шүүхэд гомдол гаргасан, дээрх хуульд заасан гомдол гаргах эрхийг хэдэн ч удаа, ямар ч хугацаанд эдлэх эрхтэй мэт үзэн гомдлыг удаа дараа хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа шүүхийн энэхүү үйл ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэзээ ч дуусахгүй, төлбөр авагч хэзээ ч төлбөрөө барагдуулан авах боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал, үндэслэлийг дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн татгалзлыг дэмжиж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ............. дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 467 дугаар тогтоолоор тогтоогдож байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Х-Ү” ХХК-ийг томилжээ.
“Х-Ү”” ХХК нь барьцаа хөрөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус тус үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/10878 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13565 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх ба, шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 27130 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/00867 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж байсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь “Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан гомдлоо дээрх хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, “Х-Ү” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР