| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/08123/И |
| Дугаар | 210/МА2026/00738 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00738
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00802 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******эд холбогдох,
Гэм хорын хохиролд 15,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* тоот хаягт өөрийн хамаатан болох *******ын хашаанд бөөгийн зан үйлийн бүтэн сийлбэртэй гар хийцийн их 5 ханатай монгол гэрээ 2017 оноос эхлэн барьж, тэндээ зан үйл хийдэг байсан. Миний онгод яг ийм загварын ийм хийц маягийн Бөөгийн тахилын зан үйлийн гэр байна гэж зааж хэлсний дагуу уг гэрийг 20,000,000 төгрөгөөр захиалгаар хийлгүүлж байсан.
1.2. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шөнө 00 цагийн үед хүчтэй салхитай бороо орсны улмаас манай хашаатай яг хөрш залгаа айл болох *******ийн дутуу баригдсан гараашийн дээвэр төмөр /карказ/ нурж, гэрийг ашиглах ямар ч боломжгүй болгосон. Гэр дотор байсан зүйлсээс нэг хэнгэрэг эвдэрч, тахилын жаазтай зургууд хагарч, таяг хугарсан, хивс дрож усанд нэвт норсон. Манай хашааны айл хөдөө байсан тул эзгүй байсан. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн үед гэр нурсан талаар хүн над руу утсаар хэлж мэдээд очсон. ******* нь гараашаа дутуу барьж орхисон, дээвэр төмөр карказыг бэхлээгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, гэрийн үнийг бүрэн төлж өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй байна.
1.3. Миний бөөгийн зан үйлийн тахилын гэр зах зээлд 25,000,000-30,000,000 төгрөгийн үнэтэй байгаа ба бүрэн хэмжээний шаардлага хангасан гэртэй болохын тулд үлдсэн мөнгийг би өөрөө нэмж төлнө. ******* гэрийг 15,280,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний зардалд 600,000 төгрөг төлсөн тул нийт 15,880,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2025 оны 07 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагийн орчимд гэнэтийн байгалийн хүчтэй салхи гарч амарч байх үед шинээр баригдаж байсан 9*16 харьцаатай гараашийн дээврийг хуулан авч 23 м орчим зайд байх урд айлын хашаа дахь эзэнгүй гэр дээр унасан нь үнэн.
Энэ талаар уг хашааны эзэнд утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул маргааш өглөө нь ажлын цаг эхлэнгүүт хороо болон цагдаа руу холбогдон, онцгой байдалд мэдэгдсэн. Эдгээр албанаас холбогдох хүмүүс ирж үзлэг дүгнэлт хийгээд явсан. Цагдаа анх ирээд манай байгууллага шалгахгүй, хэрэгтэн гэж байхгүй бүгд хохирогч учир цагдаагийн байгууллагад хамаарахгүй, онцгой байдал болон хороондоо ханд гэж хэлсний дагуу мэдэгдсэн. Дээрх байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж Сонгинохайрхан дүүрэгт олон албан газар болоод айлд хохирол үүссэний тод жишээ нь манай 2 айл болоод 22 дугаар хороонд гэр нь нурсан, дээвэр нь хийссэн гэх 4 айл юм. Уг үйл явдлаас манайх мөн 12,000,000 төгрөгийн хохирол амссан. Шинээр барьж байсан объект учир улсын бүртгэл болон даатгалд хамрагдаагүй байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 7,640,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлээс 7,640,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,880 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 137,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баянгол, Хануул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарсан 192/ШШ2026/00802 тоот шийдвэрийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад доорх гомдол гаргаж байна.
Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт *******-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай тайланд гэрийн үнийг 15,000,000 төгрөгөөр үнэлснийг шүүх хэдий зөвхөн гэрийн ямар хэсэг эвдэрсэн, засаж болох эсэх, гэрийн модыг эсвэл бүтнээр нь үнэлсэн болох нь тодорхойгүй гэж тогтоосон хэдий ч гэрийн эвдэрсэн хэсгийн үнэ тодорхойгүй байхад хариуцагч ******* намайг шүүхээс 7,640,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн нь хууль, бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга, Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт, хариуцагч миний болон нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний шөнийн 00 цагийн үед хүмүүс амраад унтаж байхад гэнэтийн хүчтэй салхи гарсан гэдгийг шүүх хэлэлцүүлгийн явцад тайлбарлан тогтоосон. Гэтэл Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийг шүүх хэрэглээгүй нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Тухайн үед салхины улмаас хариуцагч ашиглалтад оруулахаар барьж байсан гараашийн дээвэр хууларсан гэдэгт талууд маргадаггүй. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргуулахаар мэргэжлийн байгууллагад хандсан. ******* хохирлын үнэлгээг 15,200,000 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилуулахтай холбоотой ямар нэгэн тайлбар хүсэлт гаргаагүй учраас шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хэргийг шийдвэрлэсэн. Иймд шинжээчийн дүгнэлттэй холбоотой давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.2. Хариуцагч тухайн үед болсон зүйлийг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх агуулгаар тайлбарладаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт энэ нь нийтийг хамарсан байгалийн давагдашгүй хүчин зүйл бус, хүчтэй салхи гэх агуулгаар тодорхойлсон байдаг. Нийтийг хамарсан байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж ойлгох нь учир дутагдалтай ба дээвэр хууларсан, 2-3 айлын хашааг унагаасан салхийг байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон гэж үзэх нь үндэслэлгүй. Энэ агуулгаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан гэм хорын хохиролд 15,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. 2025 оны 07 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед 7.0-13.0 мм дуу цахилгаантай ширүүн аадар бороо, мөндөр орж, энэ үеэр салхины дундаж хурд 10-15 метр, зарим үед секунтэд 18 метр хүрч салхилсан. Үүний улмаас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны ихэнх айлын хаалга, хашаа нурсан, 2 айлын байшингийн дээвэр нурсан, 2 айлын гэр нурж, барьж ашиглах боломжгүй болсныг тус хорооны Засаг дарга, Зохион байгуулагч нарын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08/666 дугаар тодорхойлолтод тус тус дурдсан. /хх 23, 25/
Энэ үеэр *******т хаягт оршин суух иргэн *******ийн хашаанд шинээр баригдаж байсан 9х16 м харьцаатай гараашийн дээвэр хийсэж, тус хорооны ******* тоот хаягт байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн гэр дээр унаж, гэрийн бүх хэсэг эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон нь хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон. /хх 10, 11, 28/
4.2. Нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн гэрт 15,280,000 төгрөгийн хохирол учирсныг *******-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №4 дугаар үнэлгээний тайлангаар тогтоосон. /хх 7-11/
5. Шүүхийн Хариуцагч нь өөрийн барьж байсан гараашийн зориулалттай барилгыг батлагдсан зураг төсөл, норм, журмын дагуу барьж байсан болохоо баримтаар нотлоогүй, салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас мэдэгдсээр атал зохих арга хэмжээг аваагүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул хариуцагч хохирлыг нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг *******-ийн гаргасан үнэ 15,280,000 төгрөгийн тал хувь болох 7,640,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн.
6. Хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа Шинээр баригдаж байсан 9х16 харьцаатай гараашийн дээвэр хүчтэй салхинд хууларч, урд айлын хашаан дахь гэр дээр унасан нь үнэн гэж дурдсанаас дүгнэхэд хариуцагч нь өөрийн хашаандаа автомашины зогсоол, агуулахын зориулалт бүхий барилга байгууламж барьж байсан ба тухайн барилга нь дутуу гүйцэтгэлтэй байжээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар барилга байгууламж гэдэгт иргэний барьж буй барилга хамаарах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар уг барилгын үйл ажиллагаанд хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах зарчмыг баримтлах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийг давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, бүрэн бус, дутуу баригдсан барилгын дээвэр салхинд хийсэж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хариуцагч гэм буруугүй байсан ч гэм хорын хариуцлага хүлээх ба ийнхүү гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан.
Хэдийгээр тухайн өдөр хүчтэй салхи шуургатай байсан болох нь тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр болсон хүчтэй салхи, шуурга нь урьдчилан сэргийлэх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд хамаарахгүй, энэ талаарх мэдээллийг нийтийн мэдээллийн аль ч сувгаас авах боломжтой тул хариуцагч талын энэ талаарх татгалзал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт хамаарахгүй.
7. Дээр дурдсанчлан, хариуцагчийн дутуу баригдсан барилгын дээвэр нурсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх боловч хохирлын хэмжээ нэмэгдэхэд цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн, мөн нэхэмжлэгч нь монгол гэрийн бүрдэл хэсгээс ашиглах, засах боломжтой эд зүйлийг ялгаагүй, бүхэлд нь шинэ гэрийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх эвдэрсэн эд хөрөнгийн байдал болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн нөхцөлд байдал зэргийг тус тус харгалзан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу шийдлийг хэвээр үлдээнэ.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Н.ГЭРЭЛТУЯА