Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 607

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эмээ, дүү, ах нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, “Liberty” зочид буудалд ресепшнээр ажиллаж тус буудалд өрөө түрээслэн амьдардаг,  улсаас авсан шагналгүй,  

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж оногдуулсан ялыг 1 жилийн тэнссэн /РД:00000000/, Б.Б холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти буудалд иргэн Э.Ттэй хардалтын улмаас маргалдаж улмаар Э.Тгийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1.200.000 төгрөг өгсөн гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Билээр дамжуулж Б намайг Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудалд дуудуулсан. Орой 20-21 цагийн хооронд Билтэй уулзаад очиход Б нэг танихгүй залуутай хамт байсан. Хэдэн номерын өрөө гэдгийг санахгүй байна. Бийн байрлаж байсан нэг өрөөнд 4-лээ юм яриад сууж байтал найз Д Оросоос ирсэн гээд том шилтэй нэг шил архи авчирч өгөөд гараад явсан. Урд талын өрөөнд нь Бийн найз гэх нэг залуу орж ирээд тавуулаа архиа хувааж уусан. Нэг танихгүй залуу нь бараг уугаагүй. Хажуугаар бас 2,5 литрийн нэг шил пиво хувааж уусан. Нилээн орой болсон байхад би харилаа гээд гараад явж байтал Бил араас гарч ирээд харанхуй шөнө яваад яахав хоноод хоёулаа өглөө явъя гэхээр нь тэгье гээд буцаад ортол бүгдээрээ гараад Бийн өрөөний урд талын өрөө рүү орчихсон байсан. Бил бид хоёр байгаа өрөөнд нь ороод сууж байтал Бил, Б хоёр юм ярина гээд гараад явсан. Орж ирэхгүй удаад байхаар хамт байсан танихгүй залуугаар хэд хэдэн удаа дуудуулсан боловч орж ирэхгүй байж байгаад 30-аад минутын дараа Б гэнэт хаалга өшиглөж ороод ирэхээр нь өчнөөн олон дуудуулаад байхад өөрсдөө орж ирэхгүй хайччихдаг юм гээд Бтэй яриад өрөө рүү нь бүгдээрээ ороод би орон дээр хэвтэж байтал Б урд талын өрөөнд амьдардаг залуутай намайг хардаад миний үснээс зулгааж чирч газар буулгаад толгойгоор шал мөргүүлж байхад Бил ирж салгахаар нь би босоод сандал дээр суутал Б сандал аваад намайг цохих гээд далайхаар нь зүүн гараа нүүрнийхээ урд хамгаалтал гар руу сандлаар цохичихсон. Миний гар хугарсан бололтой даагдахгүй өвдөөд яс нь 2 тал руугаа зөрчихсөн байсан. Би Бд найзынхаа гарыг хугалчихлаа ш дээ гэтэл хохь чинь чи намайг ойлгохгүй байсан биз дээ би чамд энэ залууд сайн гэж хэлсэн биз дээ гэтэл нөгөө урд талынх нь өрөөний залуу би яахаараа чамд сайн байдаг юм гээд хоорондоо маргалдаад байхаар Бил болон нэг танихгүй залуутай нь хамт гэмтлийн эмнэлэгт очиж гараа үзүүлсэн. Б миний гар руу сандлаар цохиж зүүн гарыг хугалж зүүн нүдийг хөхрүүлсэн байсан. Баруун гарын шууны шарх гэмтлийг зодож байх явцдаа үүсгэсэн яг яаж үүсгэснийг мэдэхгүй байна. Хумсаа шигтгэж байгаад татчихсан юм шиг байна лээ. Үснээс зулгаагаад шал мөргүүлэхэд үс халцарч унаад гэмтсэн байсан...Б-ийн урд талын өрөөнд амьдардаг залууд Б сайн гэж надад хэлж байсан боловч нөгөө залуу нь над руу хандраад өдөөд байсан чинь Б надтай хардаж намайг зодсон. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Т дахин байцаалтаар “эмчилгээ бараг хийлгээгүй гар гипстэй явж байгаад эдгэрэхээр нь гипсээ авчихсан. Эмчилгээ хийлгээрэй гэж 200.000 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  Миний хохирсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү би шүүх хуралд оролцохгүй” /хх-ийн 49/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  13049 дугаартай дүгнэлтэнд: Э.Тгийн биед зүүн богтос ясны хугарал, баруун шуунд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цусанд спиртийн зүйл болон мансууруулах бодис илрээгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 16/ гэжээ.

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай найз Т надтай уулзахаар манай Б гэж  найзтай хамт ирсэн юм. Би тухайн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудалд амьдарч байсан юм. Манай найз Д Оросын холбооны улсаас авчирсан 1 шил архи манай гэрт байсан юм. Тэгтэл Т тэр архийг нь задлаад шууд уучихсан. Ингээд Бил, Т бид гурав хамт уусан. Ууж байгаад манай эсрэг талын өрөөний залуу Тулгыг дуудаж бид 4 хамт уусан. Т нилээн согтоод ээжийгээ яриад уйлаад байсан. Тул юун сонин юманд уйлдаг юм гэсэн тэгээд Тул, Тэм 2 хоорондоо бага зэрэг маргалдсан. Би Тулг өрөөнд нь оруулаад Тэм Бил бид хоёр аргадаж юм ярьж суусан. Бил бид хоёр юм яриад сууж байтал Тэл гараад явсан би араас нь гараад хартал Тулгийн өрөөний хаалгыг Тэл тогшиж байсан тэгэхээр нь би буцаад өрөөндөө орж байж байгаад 20 гаруй минутын дараа гараад Тулгийн өрөө рүү ороод Тэлг үсдэж чирээд өрөөндөө оруулсан Тэл намайг үсдсэн би Тэлг тавь гэж хэлсэн боловч тавихгүй байсан мөн Тэл миний гарнаас 2 удаа хазсан. Тэгээд бид хоёр үсдэлцэхээ болиод салсан. Салаад зогсож байтал Тэл уурлаад ширээн дээр байсан архины шилийг над руу шидэх гэж байсан тэгэхээр нь миний уур хүрээд өөрийнхөө модон сандлыг аваад Тэл рүү шидэхэд Тэл гараараа өөрийгөө хамгаалсан. Миний шидсэн сандал Тэлгийн гарыг нь оносон чинь Тэл чи найзынхаа гарыг хугалчилаа ш дээ гэхэд би нилээн ууртай байсан учир хохь чинь адилхан бие биенээ гэмтээлээ гэж хэлсэн. Би төрөлхийн трансжендэр юм. Трансжендэр гэдэг нь төрөлхийн эмэгтэй гормон давамгай эрэгтэй хүнийг хэлдэг. Тэл бид хоёр дотно найзууд байгаа юм. Тэлг Тулгийн өрөөнд орчихоод гарч ирэхгүй байхаар нь уур хүрээд хардсан зодсон юм. Тэлд 200.000 төгрөг өгсөн. /хх-ийн 46/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудалд Э.Тг хардалтын улмаас сандлаар цохиж бие махбодид нь зүүн богтос ясны хугарал, баруун шуунд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Тгийн“...Б урд талын өрөөнд амьдардаг залуутай намайг хардаад миний үснээс зулгааж чирч газар буулгаад толгойгоор шал мөргүүлж байхад Бил ирж салгахаар нь би босоод сандал дээр суутал Б сандал аваад намайг цохих гээд далайхаар нь зүүн гараа нүүрнийхээ урд хамгаалтал гар руу сандлаар цохичихсон...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлэг болон

Б.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...миний уур хүрээд өөрийнхөө модон сандлыг аваад Тэл рүү шидсэн Тэл намайг сандал шидэхэд гараараа өөрийгөө хамгаалсан миний шидсэн сандал Тэлгийн гарыг нь оносон...” /хх-ийн 46/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  13049 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан энэ хэрэгт хамаарал бүхий хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн  баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь Э.Тгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Улсын яллагчаас Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Тд  эмчилгээтэй холбогдох зардалд 200.000 төгрөг төлж хохирогчоос гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн Б.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Б.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож  6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж  уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхи тэнссэн хугацаанд Б.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Э.Тгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг мөн хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Иймд шүүгдэгч  Б.Бд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тус шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасны дагуу хүчингүй болгов. 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Б.Бд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлж,

Б.Бд энэ тогтоолоор түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 371 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

4. Б.Бд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.

5. Б.Бийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

6. Б.Бийн эдлэх 6 сарын хорих ял болон энэ тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд мэдэгдсүгэй.

8. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ