| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10622/И |
| Дугаар | 210/МА2026/00766 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/00766
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01765 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******т тус тус холбогдох
Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/00315 дугаар тогтоолоор “*******” ХХК-иас 20,046,337 ам.долларыг гаргуулж “*******” ХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч биш этгээдийн гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргаж уг саналыг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10783 дугаар “төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ” гэж заажээ. Гэтэл “*******” ХХК-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хувьцаа эзэмшигч иргэн *******ийн эрх чөлөөнд нь халдсан хууль бус ажиллагаа явуулж байна.
1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан аль үндэслэлээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхой бус байхаас гадна хуулийн этгээдээс төлбөр гаргуулах ажиллагаанд компанийн хувьцаа эзэмшигчийн эрхэд халдах тохиолдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хязгаарлагддаг. Харин төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж төлбөрийг барагдуулах талаар аль ч хуулинд байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т “Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эдлэх эрхийг заахдаа 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх” гэж, Компанийн тухай хуулийн, 9 дүгээр бүлэгт Компанийн удирдлагын бүтцийг тодорхойлохдоо 59 дүгээр зүйлийн 59.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр ...хуралдуулна” гэж заажээ.
1.4.Төлбөр төлөгч “*******” ХХК-ийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бөгөөд гүйцэтгэх захирлаар *******ийг томилсныг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн бүртгэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн. Хариуцагч тал дээрх үндэслэлээр төлбөр төлөгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн атлаа хувьцаа эзэмшигчийн эрхийг давхцуулан түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль бус үйлдэл төдийгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасныг зөрчиж хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль бус ажиллагаа тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10783 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2025/02257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2024/01610 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 001/ХТ2024/00315 дугаартай тогтоолоор “*******” ХХК-аас 57,150,923,863.8 төгрөгийг гаргуулж “*******” ХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч “*******” ХХК-ийг шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй ...төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх”-ээр заасан бөгөөд 2025 оны 09 сарын 22-ны өдөр 25360510/14 дүгээр мэдэгдэх хуудсыг “*******” ХХК-ийн 85 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гэрийн хаягаар “Монгол шуудан” ХК-иар дамжуулан хүргүүлжээ. Шийдвэр гүйцэтгэгч хошууч ******* нь “*******” ХХК-ийн 85 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гэрийн хаягаар биечлэн очиж эхнэр н.Энхээд зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардуулж өгсөн.
2.3.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээллээр ******* нь “*******” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн төрийн байгууллагын лавлагааны системээс авсан лавлагаагаар “*******” ХХК-ийн одоо эзэмшиж буй этгээд нь ******* давхар тогтоогдож байна. Мөн ******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан агаарын боомтоор Монгол Улсын хилээр гарсан бөгөөд буцаж ирсэн мэдээлэл авагдаагүй болохыг Төрийн байгууллагын лавлагааны системээс авсан лавлагаагаар тогтоогдсон.
Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн байна. Төлбөр төлөгч “*******” ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай *******ны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №10783 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцан дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэд зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагаа хийгдэхэд төлбөр төлөгч “*******” ХХК-ийн мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй байсан тул мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.4-т заасныг үндэслэн өмчлөлийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах шаардлага үүссэн.
4.2.Ийнхүү холбогдох байгууллагаас төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийн лавлагаа, мэдээллийг авахад Монгол Улсын дээр шүүхийн тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , хаягт байрлах 5,601 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч өмчлөгчийг өөрчлүүлэх тухай хүсэлт, мэдүүлэг гаргаагүй болох нь тогтоогдсон. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийг өөрийн өмчлөлт тус хөрөнгийг шилжүүлэхийг албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
4.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “*******” ХХК-ны гүйцэтгэх захирал ******* 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан агаарын боомтоор Монгол улсын хилээр гарч буцаж нэвтрээгүй байх тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 9.3-т “хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу “*******” ХХК-ийн 85 хувийг буюу дийлэнх хувийн хувьцааг ганцаараа эзэмшигч, улсын бүртгэлийн лавлагаагаар эцсийн өмчлөгч болох *******т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр биелүүлэх болон зарлан дуудах мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
Мөн төлбөр төлөгч “*******” ХХК-ийн зүгээс одоог хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй бөгөөд энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг санаатайгаар биелүүлдэггүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулдаг болохыг харуулж байна.
Дээрх баримтуудаас төлбөр төлөгч “*******” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, 59.1.1-д заасан “Төлбөр төлөхөөс зайлсхийсэн”, 59.1.2-т заасан “Хөрөнгөө нуун дарагдуулсан” гэх үндэслэл тогтоогдож байна. Гэтэл төлбөр төлөгч "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрхийг сэргээх нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчиж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 271.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь компанийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байхаар зохицуулсан. Гэтэл тухайн компанийн гүйцэтгэх удирдлага болох *******д уг арга хэмжээг авсан атлаа давхар хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрхийг мөн түдгэлзүүлж, давхардуулсан арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй.
5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хил хамгаалах байгууллагад хүргүүлсэн албан бичгийн хууль зүйн үндэслэл тодорхой бус байна. Уг албан бичигт зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх ерөнхий заалтыг баримталсан бөгөөд уг заалт нь дотроо 59.1.1-д төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, 59.1.2-т хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3-т гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллагаас эдгээр үндэслэлүүдийн аль нь бодитойгоор тогтоогдсон талаар тодорхой дүгнэлт гаргаагүй.
5.3.Мөн хэрэгт авагдсан баримтуудаар зээлдэгч нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл хөрөнгөө нуун дарагдуулсан, эсвэл гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь хангалттай нотлогдоогүй. Нэхэмжлэгч нь тухайн компанийн 85 хувийн хувьцаа эзэмшигч боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д төлбөр төлөгч гэж ямар этгээдийг ойлгохыг тодорхой заасан. Уг агуулгаар компанийн төлбөр төлөгч нь хуулийн этгээд өөрөө бөгөөд түүнийг өдөр тутмын үйл ажиллагаагаар удирдаж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх удирдлага нь уг харилцаанд гол субъект болдог.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хуулийн заалтуудыг хэрэглэх урьдчилсан нөхцөл хэрхэн хангагдсан талаар хариуцагч байгууллагаас нотолж чадаагүй. Хэдийгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төрийн эрх бүхий байгууллага боловч хүний Үндсэн хуулиар баталгаажсан зорчих эрхийг хязгаарлахдаа хууль зүйн тодорхой үндэслэлтэй, болгоомжтой, хүний эрхийн мэдрэмжтэйгээр хандах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******т тус тус холбогдуулан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №10783 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан нотлох баритмаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/01610 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2024/00315 тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdmb253/2012 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , хаягт байрлах 5,601 м.кв талбайтай, бизнесийн зориулалттай 6 давхар үл хөдлөх хөрөнгийг хариуцагч “*******” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч “*******” ХХК-иас 20,045,337 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д шийдвэрлэсэн.
3.2.Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХХК сайн дураар биелүүлээгүйгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 191/ГХ2025/01041 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүсгэжээ.
3.3.“*******” ХХК-д Банкны төлбөр барагдуулах газраас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3-3/1356, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3-3/3162 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3-3/3163 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрт заасны дагуу улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , хаягт байрлах 5,601 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгэх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөхийг тус тус мэдэгдсэн.
3.4.*******ны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10087 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ий гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
3.5.Сүхбаатар дүүргийн 267 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 25360510/07, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 25360510/14 дугаар мэдэгдэх хуудаар “*******” ХХК-ийн 85 хувийн хувьцаа эзэмшигч *******т гүйцэтгэх хуудас дахь төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлж байгаа талаар мэдэгдсэн.
Улмаар Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2-3/5274 тоот албан бичгээр Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10783 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “*******” ХХК-ийн 85 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.
3.6.Зохигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болон төлбөр төлөгч “*******” ХХК нь төлбөрийг бүрэн төлөөгүй, төлбөр төлөгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингис хаан агаарын замын боомтоор хилээр гарсан үйл баримтуудад маргаагүй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж, 59.1.1-т “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэж, 59.1.2-т “хөрөнгөө нуун дарагдуулсан” гэж, 59.1.3-т “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж тус тус заасан.
4.1.Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2-3/5274 тоот “Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” санал, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10783 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлийг тодорхойлж заагаагүйгээс ямар үндэслэлээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ.
4.2.Хариуцагч *******ны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10783 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор “*******” ХХК-ийн 85 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж тайлбарладаг.
Төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэдэгт өөрийн нэр дээрх хөрөнгө бусдад бэлэглэх, худалдах, өмчлөх эрхийг шилжүүлэх, банкны данс, орлогоо нуун дарагдуулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно. Харин төлбөр төлөгч этгээд мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн төлбөр төлөгч Шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, , хаягт байрлах 5,601 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэнтэй холбоотой хүсэлт, мэдүүлэгээ улсын бүртгэлийн байгууллагад гаргаагүй байна. Гэвч төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьд гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гадаад улсад байгаа үйл баримт тогтоогдсоноос дүгнэвэл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл хөрөнгөө нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй.
Хэргийн баримтаар төлбөр төлөгч төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.
Иймээс анхан шатны шүүх *******ны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10783 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт үндэслэл бүхий болсон.
5.Харин төлбөр төлөгч “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нь гадаад улс руу гарч явсан, мөн “*******” ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болох нь нас барсантай холбогдуулан хуулийн этгээдийн 85 хувийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч *******т холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар мэдэгдэж, холбогдох ажиллагааг явуулсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүх дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.АЗБАЯР