Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 824

 

 

                                                           

 

 

 

 

 

   

       2019      10          30                                2019/ШЦТ/824

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэргэлэнгийн Оюунбаатарт холбогдох эрүүгийн  1811031840775 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамжны 55 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 5-618б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Сэргэлэнгийн Оюунбаатар, /РД:УИ93092552/,

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн  17 дугаар хороо, Сурагчийн 78-884 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.Саранзаяатай маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...”, “...2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой Насанжаргалын хамт Уянгаагийн гэрт нь очсон. Тэдний гэрт нь очоод пиво ууцгаагаад байж байтал манай эхнэр Саранзаяа, 2 хүүхэдтэйгээ болон найзууд болох Лхагважаргал, Бямбадолгор нарын хамт Уянгын гэрт нь орж ирээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаад хөл рүү өшиглөж, толгой руу нь нэг удаа цохисон ба тэнд бөөн хэрүүл маргаан болоод гадагшаа гарцгаасан. Гадаа гараад хэрүүл маргаан болоод байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...”, “...тухайн үед бид хоёрын хооронд таарамжгүй харьцаатай байсан бөгөөд би тусдаа амьдарч байсан. Тэгээд намайг согтуу байхад хүрч ирээд айлд над руу дайрч хэл амаар доромжлоод байхаар нь би биед нь хүрч цохиж өшиглөсөн. Түүнээс урьд нь зодож цохиж гэмтэл учруулж байсан зүйл байхгүй...” гэх /хх-ийн 54-55х/,

Хохирогч Э.Саранзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой манай нөхөртэй өмнө нь нууц амрагийн холбоотой байсан Уянга гэж эмэгтэй над руу залгаад би танай нөхөртэй ямар ч холбоогүй танай нөхөр Насаа гэж эмэгтэйтээ одоо ирнэ чи хүрээд ир гэсэн. Тэгээд би найз Лхагважаргалд хэлээд Бямбадолгор гээд найз руугаа яриад тэр хоёрын хамт хоёр хүүхдээ дагуулаад 01 цагийн орчимд Уянгаагийн гэрт орсон. Тэр үед Уянгаа хоёр хүүхэдтэйгээ өвөөтэйгээ тэгээд Насаа гэж эмэгтэй Уянгаа манай нөхөр Оюунбаатар гурав пиво уугаад сууж байсан. Тухайн үед бол Насаа, Оюунбаатар хоёр нилээд согтсон байсан бөгөөд би Оюунбаатарыг чи үхсэн амьд нь мэдэгдэхгүй хаагуур яваад байгаа юм ийшээ явъя гаръя настай хүн хүүхэд байна гэсэн чинь Оюунбаатар чи айлд хүүхэд дагуулж ирлээ ер нь яах гэж ирсэн юм гээд миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгээд толгой руу цохисон. Тэгээд би бага хүүхдээ тэвэрчихсэн Оюунбаатартай маргалдаж байхад хажуугаас Насанжаргал орж ирээд хэрүүл маргаан хийгээд хажуу талаас надтай барьцалдаад байсан. Ингээд Лхагважаргал манай том хүүхдийг тэвэрсэн байсан бөгөөд Оюунбаатарыг болиоч гэсэн чинь Оюунбаатар, Лхагважаргалыг багалзуурдаж авсан. Тэгээд байшингаас нь гаргачихсан. Тэгээд манай найз Бямбадолгор Насанжаргалыг чи нөхөр хүүхэдтэй хөгшин хүүхэн байж хүний нөхрийн тархи толгой эргүүллээ гээд тэр хоёр муудалцаад байшингийн урагшаа явсан. Энэ хооронд Оюунбаатар бид хоёр дахиад маргалдаад миний баруун хөл рүү өшиглөөд гарын бугалга хэсэг рүү цохиж авсан. Тэгээд Бямбадолгор цагдаа дууд гээд Лхагважаргал, Бямбадолгор хоёр цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа ирэх хооронд маргаан үргэлжилсэн хэвээрээ байсан. Цагдаа ирээд Оюунбаатарыг аваад явах гэхэд Насаа гэж эмэгтэй би цуг явна цуг эрүүлжүүлэгдэнэ гээд байсан бөгөөд цагдаа авч яваагүй...”, “...манай нөхөр 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ хөдөөнөөс ирээд гараад явсан. Тэгээд 11 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагт ирчихээд тэр өдрөө өнжөөд тэгээд тэр чигтээ хэл чимээгүй алга болчихсон чинь Насаатай хамт явсан байсан байна лээ...”, “...миний баруун талын өвдөг хөхөрсөн байсан мөн гуя бага зэрэг хөхөрсөн байсан. Толгой их өвдөж байсан...”, “...миний толгой руу Оюунбаатар нэг удаа цохиж авсан. Гэрээс нь гарах гээд амбаарт явж байхад Насаа гэгч нь 2 удаа толгой руу цохиж авсан...”, “...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 22-23х/,

Гэрч М.Бямбадолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд бид 3 Оюунбаатарыг аваад явах гэсэн чинь нөгөө хөгшин авгай нь Оюунбаатарыг явуулахгүй гээд хашгичаад байхаар нь айл гэр үймүүлсэн балиар хогнууд гээд маргалдсан чинь Оюунбаатар явахгүй үлдэнэ гээд бид нар луу дайрсан. Тэгээд нөгөө хөгшин хүүхэн нь намайг түлхээд байшингийн урд очсон. Тэгээд Саранзаяа, Лхагважаргал нар ёооё гэхээр нь би нөгөө хүүхнийг цаашаа байж бай гэж түлхээд тэр хоёр дээр яваад очиход Саранзаяа, Оюунбаатар намайг цохилоо гэж байсан. Лхагважаргал болохоор Оюунбаатар миний хоолойг боочихлоо гэсэн. Тэгээд би цагдаа дууд наадуулыг чинь хууль хяналтын байгууллагад нь өгч асуудлыг шийдвэрлүүлье гэсэн...”, “...Би Саранзаяатай найзлаад 16-17 жил болж байна. Би хүүг нь төрснөөс хойш Саранзаяа, Оюунбаатар хоёрын амьдралын талаар мэднэ...”, “...Оюунбаатар бол ерөнхийдөө явдалтай хүн тэгээд гадуур заваарч явах гэхээр нь Саранзаяа явуулахгүй гэхээр түлхэж унагаах, хөхөрч няцартал нь цохих зэрэг үйл явдал болж байсан...” гэх /хх-ийн 35-36х/,

Гэрч Т.Лхагважаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны орой би гэртээ байж байтал манай найз Саранзаяа над руу залгаад манай нөхөр хоёр хүүхэнтэй архи уугаад байж байна надад туслаач ээ хамт очьё гэсэн...”, “...Тэгээд айл руу ороход Саранзаяагийн нөхөр Оюунбаатар хоёр эмэгтэйтээ пиво уугаад сууж байсан бөгөөд нэг өвөө хоёр хүүхэд тэр гэрт бас байсан. Ингээд Саранзаяа бид нар Оюунбаатарыг үр хүүхдээ бодсонгүй гээд загнаад үл ойлголцол болсон бөгөөд Оюунбаатар яах гэж найзуудаа дагуулж ирж байгаа юм гээд Саранзаяа руу гараараа далайсан. Тэгснээ Саранзаяагийн шилбэ рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би Саранзаяаг өмөөрсөн чинь Оюунбаатар миний хоолойг багалзуурдсан. Ингээд би цагдаа дуудсан...”, “...Саранзаяатай найзлаад 12 жил болж байна. Саранзаяа, Оюунбаатар нарыг сайн мэднэ...”, “...Саранзаяа бол ерөнхийдөө нөхөр араар тавиад байна, нөхөр архи дарс уугаад байна, намайг зодсон цохисон гээд л ярьдаг байсан. Өмнө нь зодуулж цохиулсан талаараа хэлдэг байсан бөгөөд гар хөл нь хөхөрсөн байдалтай бол байдаг байсан...” гэх /хх-ийн 38-39х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13280 дугаартай дүгнэлт:

-Э.Саранзаяагийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба бусдад зодуулсаны улмаас үүсч болно.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 48х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-15х/,

Хохирогч Э.Саранзаяагийн аюулын зэргийн үнэлгээ “...эрсдлийн түвшин дунд...” гэх /хх-ийн 16х/,

Шүүгдэгч С.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58х/,

Хохирогч Э.Саранзаяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 91х/,

Шүүгдэгч С.Оын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 90х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Оыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнгийн Оюунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 500 нэгж буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД