| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/23857/И |
| Дугаар | 210/МА2026/00739 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00739
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 13,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 13,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
******* нь *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Анхдагч санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ******* тоот хаягт байрлах, 62.06 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 36 сарын хугацаатайгаар түрээслэх, түрээсийн үндсэн төлбөр 51,704 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 15-22/
3.1. Улмаар *******-тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр хариуцагч компани /даатгагч/ нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагч *******д учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 9-11, 111/
3.2. Даатгуулагч ******* нь Швейцарь Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд даатгалын гэрээний хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөнгөн мотоцикль буюу Honda EVP1 маркийн скүүтэрийн осолд орсны улмаас зүүн шилбэний ясны хугарал, зүүн талын шагайны дээд хэсгийн савхан ясны хугарал гэмтэл авч, улмаар мэс засалд орсон. /хх 115-143/
3.3. Мөн тус ослын улмаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж, ажлаас түр чөлөөлөгдсөн болох нь ******* хотын их сургуулийн эмнэлгийн тодорхойлолтуудаар тогтоогдсон. /хх 58, 128-132, 149-156/
3.4. ******* нь Орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ний дагуу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,920,412.88 төгрөгийг Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал ******* гэх гүйлгээний утгатайгаар, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 17,283,715.92 төгрөгийг Нөхөн төлбөр ******* гэх гүйлгээний утгатайгаар тус тус *******-ийн ******* дахь ******* тоот данс руу шилжүүлжээ. /хх. 54, 55/
Өөрөөр хэлбэл, даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа 10 хувь алдсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн төлбөрийг олгосон үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин энэ өдрөөс хойш 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны нөхөн төлбөр олгох эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.
Тодруулбал, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар даатгуулсан зүйлд гэм хорын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох агуулгатай даатгалын гэрээний харилцаа үүсчээ.
5. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй.
5.1. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.5-д Даатгалын тохиолдол гэдэгт тус гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор заасан ба нэхэмжлэгч ******* мотоциклийн осолд орсон тохиолдол нь гэрээний 3.15-д заасан зам тээврийн улмаас үүссэн осолд хамаарна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
5.2. Түүнчлэн, гэрээний 3.16-д хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувь алдсан тохиолдлыг хөдөлмөрийн чадварыг бүрэн алдсан гэж үзэхээр тодорхойлсон ба магадлалын 3.3 дахь хэсэгт дурдсан эмнэлгийн тодорхойлолтуудаар нэхэмжлэгч 6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан үйл баримт тогтоогдсон.
Иймд, даатгуулагч ******* нь даатгалын гэрээний дагуу өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах, даатгагч ******* нь гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр төлөх үүрэгтэй байна.
6. Хариуцагч ******* нь ...******* нь зөрүүтэй тайлбар, мэдээлэл өгснөөс болж гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэх байдал эргэлзээтэй болсон, гэнэтийн осол болсон эсэх нь баримтаар бүрэн нотлогдоогүй, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан гэдгийг нотлох тодорхойлолтын үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан нь хэвээр байсан бол эхний нөхөн төлбөрийг авахаас өмнө дараагийн хүсэлтийг гаргаж хөдөлмөрийн чадвар нь сэргэсний дараа нэг дор хамтад нь авах байсан... гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Тодруулбал, мөн хуулийн 752 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэрэг үүсгэснээс хойш 45 хоногийн дотор явагдах боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 145 хоног үргэлжилсэн байна.
Дээрх хугацаанд хариуцагчийн зүгээс даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг, мөн нэхэмжлэгчийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байсныг баримтаар нотлоогүй, өнгөрсөн хугацаанд үүнийг тодруулах боломжтой байсан.
6.2. Түүнчлэн, Даатгалын гэрээний 3.5, 3.15, 3.16-д заасан гэнэтийн ослын улмаас даатгалын тохиолдол бий болсон нь хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эмчийн үзлэгийн талаарх баримт, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ******* эмнэлгийн зөвлөгөө, ******* хотын Их сургуулийн эмнэлгийн тодорхойлолт, Дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Тухайн даатгалын гэрээний хувьд даатгалын зүйл болох үл хөдлөх хөрөнгө Монгол Улсад оршдог бол, даатгуулагч ******* нь гадаад улсад ажиллаж амьдардаг байх тул даатгалын тохиолдлыг заавал Монгол Улсад гарсан байхыг шаардахгүй бөгөөд даатгагч ******* нь дээр дурдсан эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 19,204,128.8 төгрөгийг төлсөн атлаа хожим үүнийг ямар үндэслэл, баримтаар худал, хуурамч баримт гэж буруутгаж байгаагаа нотлоогүй.
6.3. Үүнээс гадна даатгагч ******* нь орон сууцны түрээслэгчийн амь нас, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд даатгалын тохиолдол үүсэх нутаг дэвсгэрийн болон нөхөн төлбөр авах хэмжээ, хугацааны дээд хэмжээг тусгайлан тохиролцоогүй буюу хязгаарлаагүй байх тул гадаад улсад бий болсон даатгалын тохиолдлыг хүчинтэй гэж үзэх ба мотоцикль, мопедноос үл хамааран *******д гэм хор учирсан гэж үзнэ.
6.4. Мөн зохигчийн байгуулсан даатгалын гэрээнд даатгуулж байгаа этгээдэд өөрийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хөдөлмөрийн чадвар түр сарнисныг тодорхойлоход ямар эрх бүхий байгууллагын дүгнэлт шаардлагатай талаар тухайлан заагаагүй тул үүнийг даатгуулагчид ашигтай байдлаар тайлбарлаж, эмнэлгийн дүгнэлтийг үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгахгүй.
7. Анхан шатны шүүхийн Анхдагч санхүүгийн түрээсийн гэрээ-ний төлбөрийн хуваарьт зааснаар валютын ханшийг 3,404 төгрөгөөр тооцож, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн төлбөрт 12,908,547 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг болон гэрээний 1.4.2.2, 1.4.2.4 дэх хэсэгт тус тус нийцсэн.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 197/ШШ2026/01768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,487 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА