Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 339

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монгол шуудан” ТӨХК-ий харьяа Говь-Алтай аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хүрээ 3-6 тоотод оршин суух Хайтал Ичинхорлоогийн Мөнхцэцэгт холбогдох

 

хэвлэл захиалгын төлбөрийн өр 460.082 төгрөг, бараа материал 1.935.000 нийт 2.395.082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж дарга В.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч У.Мөнхбат, гэрч Л.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монгол шуудан” ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би энэ ажилд томилогдоод 2 жил гаруй болж байна. Миний эхний ээлжинд барьж авсан ажил бол байгууллагын өр авлагатай холбоотой асуудал анхаарал татаад энэхүү өр авлагыг барагдуулах зорилго тавьж ажилласан. Үүний нэг хэсэг бол ажлаасаа гарсан их өртэй хүмүүсийг халсан асуудлыг тулган авч үзсэн. Энэ асуудлын хүрээнд сумдын шууданчдын өр авлагын асуудлыг цэгцэлж ирсэн. Үүний нэг нь Тонхил сумын шууданчаар ажиллаж байсан И.Мөнхцэцэгтэй холбогдох хэрэг байгаа. 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр миний өмнө байсан н.Мөнхжаргал дарга тушаал гаргахдаа 1.733.936 төгрөгөөр өр, төлбөрийг тогтоосон. Үүнийг санхүү бүртгэл дээр үзэхээр 1.733.936 төгрөг нь зөвхөн хэвлэлийн өр байсан. Өнөөдрийг хүртэл хэвлэлийн өрийг төлж барагдуулсаар байгаад 460.082 төгрөгийн хэвлэлийн өртэй байгаа. Тушаал дээр бараа материалын өр 1.935.000 төгрөгийг гаргаагүй байгаа. Энэ нь тухайн үед ажиллаж байсан нягтлан, дарга нарын буруутай үйл ажиллагаанаас болж тушаалаа буруу гаргасан. Манайд бол үндсэн хоёр төрлийн өр байдаг бөгөөд энэ нь хэвлэлийн өр, бараа материалын өр. И.Мөнхцэцэг гуайтай ажлаа хүлээж аваад утсаар холбогдоод асуухад надад өр төлбөр байхгүй, үлдэгдэл бараа нь сейфэнд байгаа, би түлхүүрийг нь хаячихсан та нар тэр дотроос барааныхаа үлдэгдлийг гаргаж ав гэсэн тайлбарыг хэлж байсан. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сейфийг эвдэхэд 193.000 төгрөгийн бараа материал гарч ирсэн.

Үүнийг санхүүгийн мэргэжлийн зүгээс 2011 оноос өр авлагыг нэг бүрчлэн анхан шатны баримтаар хөөж хэрэгт хавсаргасан байгаа. Мэргэжлийн зүгээс тухайн албан газарт 2015 онд томилогдсон нягтлангаа мэргэжлийн зүгээс санхүүгийн тооцооллыг нарийвчлан тайлбарлуулахаар гэрчээр оруулахыг хүсэж хүсэлтээ өгсөн гэв.  Иймд дээрх иргэнээс хэвлэлийн өр 460.082 төгрөг, бараа материалын үнэ 1.935.000 төгрөг нийт 2.395.082 төгрөгийн өр төлбөрийг гаргуулан “Монгол шуудан” төрийн банк 240000077864 тоот дансанд төвлөрүүлэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлагчид өгсөн боловч шийдэлд хүрээгүй болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчийн зүгээс уг өр авлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлаас гарахдаа 1.733.936 төгрөгийн өртэй гараад уг өрийг тухайн үед ажил хүлээлцэхдээ тооцоо нийлж нийт 886.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Уг өрийг өөрөө ашиглаж, завшиж, үрэгдүүлсэн зүйл байхгүй, захиалагч байгууллагуудын өр байсан. Уг өр нь тухайн нэхэмжлэгч байгууллагын дансанд орж байсан талаар нэхэмжлэгч байгууллагын гаргаж ирсэн 460.082 төгрөгийн үлдэгдэл байгаагаар харагдаж байна. Тэгэхээр уг мөнгийг И.Мөнхцэцэг нь өөрөө авсан зүйл байхгүй. Харилцагч байгууллагын захиалгаар авсан өр байгаа. 2013 оны төгсгөлд өр авлагагүй байсан гэж үнэлээд хөдөлмөрийн гэрээг сунгасан талаар нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, И.Мөнхцэцэг нь өөртөө авч ашиглаагүй, захиалагч байгууллагуудын өр учраас тухайн байгууллагуудаас гаргаж болох учраас И.Мөнхцэцэгийн төлөх өр төлбөр биш юм. Тийм учраас энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бараа материалын хувьд тухайн үед нь тооцоогоо хийгээд 2013 оны хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ямар ч өр төлбөргүй гэж дарга, нягтлан нь гарын үсгээ зураад, бичээд баталгаажуулсан байгаа. Мөн бараа материалын өр төлбөрийг барагдуулах талаар нотлох баримт хэрэгт байхгүй. И.Мөнхцэцэг нь тухайн үед тооцоо дууссан. Өмнөх дарга нарын гаргаж байсан тушаал хүчинтэй хэвээр, тухайн тушаалыг хүчингүй болгосон талаар нотлох баримт ирээгүй учраас бараа материалын өр төлбөргүй байгаа тул бараа материалын төлбөрийг төлөх үндэслэлгүй, тийм нотлох баримт өнөөдрийн байдлаар хэрэгт байхгүй байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ий харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол шуудан ТӨХК-ий харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь хэвлэлийн өр 460.082, бараа материал 1.935.000 төгрөг, нийт 2.395.082 төгрөгийг хариуцагч И.Мөнхцэцэгээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч И.Мөнхцэцэг нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын шуудангийн салбарын шууданчаар ажиллаж байсан  буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь Монгол шуудан ХХК-ий Говь-Алтай аймгийн шуудан холбооны газрын даргын 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай ажилд томилох тухай тушаал, Монгол шуудан ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай шууданчийн үүрэгт ажлаас халах тухай тушаал зэргээр тогтоогдож байх тул ажил эрхлэх явцад бий болгосон гэх хэвлэлийн өр 460.082 төгрөг, бараа материалын үнэ 1.935.000 төгрөг, нийт 2.395.082 төгрөгийг гаргуулахаар Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хэвлэлийн өр 460.082 төгрөг, бараа материалын үнэ 1.935.000 төгрөг,  нийт 2.395.082 төгрөгийг гаргуулжаар шаардаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзан тус тус маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлахад сумдын шууданч нар нь байгууллага, иргэдээс хэвлэл захиалга авах, мөн Монгол шуудан компаний гэрээт компаниудын зарим барааг борлуулах зэрэг үүрэгтэйгээр ажилладаг, энэ чиг үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний бараа хүлээн авдаг байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлага 1.935.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан тооцоолол, жагсаалт зэрэг зүйлүүд нь зөвхөн нэг тал өөрийн тайлбараа цэгцэлсэн, дэлгэрэнгүй харуулсан зэрэг шинжтэй байгаагаас санхүүгийн баримт гэж үзэхээргүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Харин хэвлэл захиалгын төлбөр 460.062 төгрөгийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа үнийн дүнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд захиалагч байгууллагуудаас уг төлбөрийг  нэхэмжлэх нь үндэслэлтэй юм гэж тайлбарлан маргажээ. Зохигчдын тайлбараас үзэхэд хэвлэл захиалгыг сумдын шууданч нар авч, төлбөрийг тооцдог чиг үүрэгтэйгээр ажилладаг болох нь тогтоогдож байх ба хариуцагч тал татгалзалдаа уг мөнгийг захиалагчдаас огт аваагүй болохоо нотолж чадахгүй байна гэж шүүх үзсэн болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч И.Мөнхцэцэгээс хэвлэл захиалгын төлбөрийн өр 460.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс бараа материалын 1.935.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 118.785 төгрөг төлснийг улсын орлогод  хэвээр  үлдээж, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч И.Мөнхцэцэгээс  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 460.082 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14.452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Ичинхорлоогийн Мөнхцэцэг /РД:ДИ73121700/-ээс хэвлэл захиалгын төлбөрийн өр 460.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ий харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс бараа материалын 1.935.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 118.785 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч И.Мөнхцэцэгээс  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 460.082 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14.452 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ий харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН