| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0117/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 117
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Ч.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтийн прокурор Н.Мөнбат
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Одбаяр
Иргэдийн төлөөлөгч С.Хадбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт М Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-н М нарт холбогдох 1916002190115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2019 оны оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрт хохирогч Ч.М-г зодож, түүний биед хөмсгөнд шарх, 2 нүдний дээд зовхи, зүүн шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн, түүний биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл буюу хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.Б: Мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн учир дахин
мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ч.М: Би өмнө нь мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би гэм буруугаа ойлгож байгаа гэв.
Шүүгдэгч Ч.М-н мөрдөн байцаалтад хохирогч иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би архи ууж байгаад Б-р гэртээ хүргүүлсэн юм. Хашаан дотор бид 2 жижиг зүйлээс болж /манай нас барсан эцгийн нэрээр намайг дуудсанаас болж/ зодолдсон юм. Гэтэл гэрэээс Алтнаа эгч гарч ирээд салгаад явуулсан юм. Нэг их удалгүй Батбаатар мотоциклийн түлхүүр хаана байна гэж орж ирээд мөн хэрүүл маргаан эхэлж бид хоорондоо зодолдсон. Би жаахан согтуу дээр нь ууралсандаа Б-ыг цээжрүү нь хайчаар бүлсэн байсан. Нэг мэдэхэд би Б-г тэвэрчихсэн сууж байсан.... Манай гэрт тогооны шүүгээнд байсан хайч мөн байсан. Нэг мэдэхэд манай эгч Алтанаа чи үүгээр наад хүнээ хутгалчихсан байна гээд хашааны үүдэн дээр хайч барьчихсан зогсож байсан юм. ...намайг нүүрлүү хэд хэд цохиод цус гоожуулчихсан юм. Зүүн нүдний хөмсөг сэтрээд цус их гоожсон байсан. ... Намайг зодож цохиод байхаар нь би хайчаар Б-г бүлсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх10-11-рт/,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтад хохирогч иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би М-тай ганц шил архи уусан юм. Тэгээд ойр зуурын юмнаас болж хэрүүл маргаан үүсгээд, хоорондоо хашаанд зодолдоод салсан. Би салаад өөдөө гудам өгсөөд явж байхад, араас ирж хайчаар намайг цээжрүү бүлсэн юм. Эгч нар нь араас гарч ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд эмнэлгийн тусламж авч эмнэлэг дээр очоод эмчилгээ хийлгэж, аймгийн төвд ирсэн. Тухайн зодоон дуусахад Сэвжид, эмнэлгийн их эмч Ба-Эрдэнэ нар ирсэн. Мөн хажууд нь М-н эгч Алтнаа байсан бөгөөд өөр ямар хүн байсан талаар анзаарагүй юм...” гэх мэдүүлэг /хх-14-15-рт/,
Гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед байх манай ээжийн гадаах М-н гэрт хүн дуугаралдаад байхаар нь гараад очиход Б манай дүү 2 барьцалдаж аваад байж байсан юм. Би өөрийн эгч Цэрэнбаярын хамт очиж салгаад, Б-г хашааны хаалгаар гаргаад явуулсан юм. Гэтэл дахиад хашааны гадаа пижигнэлдээд байхаар нь гэрээсээ гүйгээд гараад очиход хашааны үүдэн дээр мотоцикль нь уначихсан байсан. М зогсчихсон Б-ын хажууд манай хүргэн ах Болдбаатар очоод зогсоод эмч дууд ямар нэгэн юмаар бүлчихсэн байна гээд байж байсан. Тэгээд намайг буцаад алхаж байхад мотоциклынх нь хажууд цэнхэр иштэй хайч байж байхаар нь би аваад гэрийн гадаа хаячихсан юм...” гэх мэдүүлэг /хх19-рт/,
Гэрч З.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед байх хадам ээжийндээ хэвтэж байхад гадаа хүмүүс зодолдоод байна гараад ир гэхээр нь гүйгээд гарахад мотоцикль нь уначихсан М нь нүүр ам нь цус болчихсон зогсож байсан юм. Б-г нь очоод татахад Болдоо миний цээж гэхээр нь цээжийг нь харахад цээж нь цус гарсан байсан тул эмч дуудахаар би явсан юм... Нүүр ам нь нэлээн цус гарсан байдалтай хашааны үүдэн дээр зогсож байсан юм. М-ыг хайч барьсан байсаныг би хараагүй. Тэр гудманд тэр хоёр л байсан...”гэх мэдүүлэг /хх-20-рт/,
Гэрч Ч.Цэрэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед байх манай ээжийн гадаах М-н гэрт хүн дуугаралдаад байхаар нь гараад очиход Б манай дүү 2 барьцалдаж аваад байж байсан юм. Би өөрийн эгчийн хамт очиж салгаад, би М-ыг гэрт нь оруулах гэхэд бид 2 зодолдохгүй гэхээр нь тавьж явуулчихаад, гэртээ орчихсон юм. Гэтэл дахиад хашааны гадаа дижигнэлдээд байхаар нь гэрээсээ гүйгээд гараад очиход, хашааны үүдэн дээр мотоцикл нь уначихсан байсан юм. Б нь урд хэвтчихсэн байсан юм. М зогсчихсон байсан. Манай нөхөр гарч ирээд Батбаатарыг очиж үзээд энэ юм хумаар бүлүүлсэн байна. Эмч дууд гээд дуудсан юм. Манай дүү Алтанцэцэг хайч барьчихсан энүүгээр бүлчихсэн юм шиг байна гээд бариад зогсож байсан....” гэх мэдүүлэг /хх-21-рт/,
Гэрч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн үед манай эмнэлгийн ажилчид спорт зааланд бэлтгэл хийж байхад зүс таних эмэгтэй очиж, манай гудманд хүний бие муу байна гэж дуудлага өгсөний дагуу би мотоциклиор очиход М нь нүүр ам нь нил цус болчихсон, Б нь цээж хүндүүр байна гээд зогсчихсон, М-ын эгч хашаанаас нь гараад ирчихсэн, Сэвжид олон нийтийн байцаагч хажууд нь зогсож байсан юм. Би очоод Б-ын цээжийг сөхөж үзэхэд цус гарчихсан байсан тул эмнэлэг дээр мотоциклийн араар суулган авчирч, эмчилгээ хийж тэр шөнөдөө аймгийн нэгдсэн эмнэлэгт авчран хүлээлгэж өгсөн юм. Тухайн үед М-н нүүр нилээд цустай болчихсон би хүн алчихлаа гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-22-рт/,
Гэрч Г.Сэвжидийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 18 цаг өнгөрч байх үед тус сумын иргэн Мөнхбатын гудамжруу уруудаж явахад М-н хашааны үүдэн дээр М нь Батбаатарыг тэвэрчихсэн би хүн алчихлаа гээд орилоод уйлаад сууж байсан. Тухайн үед Б миний цээжээр хатгаад байна гээд М-н зүүн нүд хавдсан, нүүр ам нь их цус болсон байсан. Батбаатарын биед ил харагдах шарх сорви байгаагүй, цээжээ дараад нам хэвтсэн байсан. М-ын эгч нар сандралдан гүйлдээд, эмч Бат-Эрдэнийг тухайн үед дуудаж авчраад Б-ыг эмнэлэгт хүргэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-23-рт/,
Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 205 дугаартай “...М.Б-н биед гэмтэл учирсан байна. М.Б-ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, баруун талын цээжний хөндийд хий хуралдалт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, зүүн эгэм, цээж, хамар, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хамар, баруун чихний дэлбэнд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Цээж хэвлийн хөндийд үүссэн шарх гэмтэл нь сорви үүсгэж эдгэнэ, бусад гэмтэл бүрэн эдгэрнэ...” гэх дүгнэлт /хх-25-26-рт/,
Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 206 дугаартай “...Ч.М-ын биед гэмтэл учирсан байна. Ч.М-ын биед хөмсгөнд шарх, 2 нүдний дээд доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн хөмсгөнд үүссэн шарх гэмтэл нь сорви тогтож эдгэнэ, бусад гэмтлүүд нь бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт хх-30-31-рт,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Гараараа 2-3 удаа бол цохисон. Намайг цээжрүү цохиод цээж хүндүүр болох үед би жинтэй 2-3 удаа цохиод газар унагаасан юм...” гэх мэдүүлэг /хх-45-46-рт/,
Шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би хэзээ хаанаас хайч авсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би Б-ыг тэвэрчихсэн сууж байсан. Ухаан ороод харахад манай хүргэн ах ирчихсэн Б-ын энгэрээс татаад чи хүн алчихлаа хурдан эмч дууд гэж намайг хэлсэн. Тухайн хайчийг харахад манай гэрт байдаг хайч мөн байна...”/хх-ийн 48-49-рт/ гэх мэдүүлэг,
Хохиролын баримт хх-10-102-рт, ял шалгах хуудас хх-104-рт, багийн засаг даргын тодорхойлолт хх-67-рт, 150-рт, лавлагаа /мал тоолуулсан/ хх-69-рт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-13-рт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж дүгнэв.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын төвд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч М.Б, Ч.М нар нь үл ялих зүйлээр шалтаглан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож Ч.М нь хайч хэрэглэн М.Б-ын биед хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Б нь Ч.М-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.Б-ын хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ч.М-ын хохирогч, гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Ч.А, З.Б, Ч.Ц, Ч.Б, Г.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 205, 206 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М-с хохирол 4800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн боловч баримтаар гаргаж өгсөн хохиролын дүн нь 1.532.249 төгрөг байна. Үүнээс шүүх бүрэлдэхүүн 745.860 төгрөгийн дараах баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Үүнд: Огноо мэдэгдэхгүй, баллагдсан 4500, 2400 төгрөгийн баримт, гараар бичсэн 89.000 төгрөгийн баримт, гараар бичсэн юунд зарцуулсан нь тодорхойгүй 111694 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй мөн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны орлогын баримт 7313 дугаартай 142000 төгрөгөөс хувь хүний төлөх дүн 35500 төгрөг, тус төвийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны орлогын баримт 7312 дугаартай баримт 507960 төгрөгөөс хувь хүний төлөх дүн 76194 төгрөг байх тул нийт хувь хүний төлсөн 111694 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзээд зөрүү буюу эрүүл мэндийн даатгалаас төлсөн 538266 төгрөг нийт 745860 төгрөгийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нотлох баримтын шаардлага хангаж байгаа хохирол нэхэмжилсэн баримтаас 786.389 төгрөг байна. Үүнээс шүүгдэгч Ч.М 600.000 төгрөгийг М.Б-т дансаар нь шилжүүлж өгсөн баримт хавтаст хэрэгт бэхжигдсэн байх ба нийт 186389 төгрөгийг шүүгдэгч Ч.М-с гаргуулж М.Б-т олгож нэхэмжилсэн 4800000 төгрөгнөөс 4013611 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин гэм буруугийн асуудал хэлэлцэж шүүхээс шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Ч.М болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу завсарлага авах хүсэлт гаргаж уг хугацаанд шүүгдэгч Ч.М нь 190.000 төгрөгийг хохирогч М.Б-т төлсөн бөгөөд хохиролд нийт 790000 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч М.Б нь эмчилгээний зардал болон онгоцны зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б, Ч.М нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.М нь хайч хэрэглэн М.Б-ын биед хүнд хохирол учруулсан, шүүгдэгч М.Б нь Ч.М-н биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт бөгөөд мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б-т 790.000 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Ч.М, М.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч нарын үйлдэлд тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг рентген зургийг шүүгдэгч М.Б нь буцаан авах хүсэлт гаргасан тул уг зургийг буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.М нь хохиролд 790.000 төгрөг төлсөн, хохирогч Ч.М нь М.Б-аас нэхэмжилсэн зүйлгүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт М-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Ч-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.М-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Б-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Ч.М-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан 1 ширхэг хайчийг устгаж, 5 ширхэг рентген зургийг М.Б-т олгож, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-ын нэхэмжилсэн 4.800.000 төгрөгнөөс 4.013.611 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Б нь Улаанбаатар хотруу онгоцоор явсан замын зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, ялтан Ч.М нь хохиролд 790.000 төгрөг төлсөн, хохирогч Ч.М нь М.Б-с нэхэмжилсэн зүйлгүй ялтан нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ч.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Ч.МӨНХТУЯА