Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00812

 

 

                        

                                                      *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10174 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Япон Улсын иргэн *******, ******* нарт холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Япон Улсын иргэн *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Япон Улсын иргэн *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүнээр сонгогдон, ажил үүргийг 2024 оны 03 дугаар сар хүртэл гүйцэтгэж ирснээс гадна компанийн дийлэнх буюу 70 хувийн хувьцаа эзэмшигч *******гийн санал болгосноор 2022 оны 01 дүгээр сараас эхлэн компанийн оффис дахь ажлын байранд хувьцаа эзэмшигч ******* болон гүйцэтгэх захирал ******* нарын удирдлага дор компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон, тодорхой ажил үүргүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэж ирсэн.

Гэвч хувьцаа эзэмшигч ******* болон компанийн гүйцэтгэх захирал ******* нар нь миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай илт худал мэдээллийг компанийн бусад хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бусад гишүүдийн дунд тарааж нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан.

1.2.Тодруулбал, ******* би компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалттай холбоотой ажлыг хувьцаа эзэмшигч *******ын удирдлага дор хамтран хариуцаж гүйцэтгэсэн. Энэ ажил нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд явагдсан бөгөөд бичиг цаас гэх мэт баримт материалыг хуулийн дагуу бүрдүүлснээр 2024 оны 01 дүгээр сард тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагаас сунгаснаар ажил амжилттай дууссан юм. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч ******* надтай утсаар дуудлага хийн холбогдож “Таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч ******* нь гүйцэтгэх захирал *******гоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна. Та болон гүйцэтгэх захирал ******* хоёрын хооронд тийм яриа болсон юм уу. Би захиралд зөндөө загнууллаа” гэж ярьсан ба мөн өдөр ******* нь вайберын дугаараас миний вайберын дугаарт дээрх ярьсан зүйлээ нотолж хувьцаа эзэмшигч ******* болон нарын хооронд харилцсан цахим захидлыг илгээсэн байдаг.

Тухайн захидал “...Намайг зөвхөн гаас буцаан төлөх татвараа төл гэж хэлсэн, би үүнийг 5, 6 хүнд 300,000 иентэй дүйцэхүйц мөнгө өгнө гэж бодож байна, гэхдээ би хатагтайгаар дамжуулан сонссон тул нарийн ширийнийг мэдэхгүй байна...” гэсэн агуулгатай байгаа нь компанийн гүйцэтгэх захирал ******* нь ******* /дээрх захидалд гэж бичсэн/ намайг төрийн албан хаагч 5, 6 хүнд тус бүр 300,000 япон иэн буюу ойролцоогоор 7,000,000 төгрөгийн авлига өгнө гэж хэлсэн гэдэг худал зүйлийг хувьцаа эзэмшигч *******д хэлсэн байх бөгөөд ******* нь бусад хувьцаа эзэмшигч нарт хэлж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан.

1.3.Түүнчлэн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлсний дараа ******* нь ажилчдын фэйсбүүк-ийн групп дээр “*******тэй холбоо тогтоохгүй бай” гэх агуулгатай удирдамжийг өгснөөс болж хэвийн харилцаатай байсан ажилчидтай ч харьцах боломжгүй болох нөхцөл байдалд хүрсэн.

Иймд, ******* миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, ******* болон ******* нарыг *******ээс албан бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.“*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга билээ. ******* нь манай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “компанийг шүүхэд өгсөн бөгөөд ийм үйлдэл гаргасан гишүүн цаашид компанийн төлөө ажиллахад зохимжгүй” гэж үзэн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн.

2.2.Нэхэмжлэлд бичсэн шиг миний бие тухайн и-мэйлд авлигал гэдэг үг огт бичээгүй бөгөөд утга агуулгыг илт мушгин монгол хэлээр тайлбарлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх нөхцөл байдлын тухайд бид 2023 оны 12 дугаар сараас эхлэн тусгай зөвшөөрлийг сунгуулахаар ажиллаж байх үед татвар, хураамж хэлбэрээр яригдаж байсан асуудлыг бид компанийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх эсэхээ ярилцаж байсан ч энэ хэмжээний мөнгөн татвар, хураамжийг өгөхөө больсон тухай бидэнд мэдэгдсэн бөгөөд тухайн үед энэ асуудал шийдэгдээд дууссан.

2.3.Би тухайн и-мэйлийг *******т илгээгээгүй мөн тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан уг асуудал шийдвэрлэгдээд дууссан байхад тус и-мэйлийг хууль бусаар олж авсан баримт байх бөгөөд бусдын англи хэл дээр илгээсэн захидлын утгыг нь буруу орчуулж, утга санааг гуйвуулж нэхэмжлэлд авлигал өгнө гэх хэлбэрээр оруулсан нь хууль зөрчиж байна. Иймд *******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй болно гэжээ.

3.Хариуцагч *******-гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1.******* нь “*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа компанийн эрх ашигт шууд халдаж “*******” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн.

3.2.*******ийн нэхэмжлэлийн үндэслэл болсон и-мэйл гэх баримт болон хавсаргаж өгсөн бусад баримтыг харахад гар утасны орчуулгын программаар орчуулсан текстийг хоорондоо дамжуулан харилцсан байх бөгөөд хэзээ хэн яаж, ямар хүрээнд *******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл аль ямар өгүүлбэр нь түүний нэр төр ажил хэргийн нэр хүндийг ямар байдлаар гутааж, тэр мэдээлэл нь ямар цар хүрээнд тарж, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байна.

3.3.“*******” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгах ажлыг ******* болон ******* нар сунгуулах ажлыг хариуцан хийж байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сараас эхлэн тусгай зөвшөөрөл сунгах асуудлын хүрээнд бид удаа дараа уулзаж байсан. Энэ хугацаанд ******* нь бусад этгээдэд нууц байдлаар мөнгө өгөх талаар надад нэг удаа ярьж байсан бөгөөд тус үйлдэл нь манай компанийн зарчимтай нийцэхгүй тул тэр даруй компанийн дийлэнх хувийн хувьцаа эзэмшигч *******д хэлсэн. Өөр хэн нэгэнд энэ талаар яриагүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ******* нь уг мөнгийг өгөхөө больсон талаар надад дуулгасан. Ингээд энэ асуудал хувьцаа эзэмшигч хооронд шийдвэрлэх асуудлын хүрээнд яригдаад дууссан байдаг.

Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* нь манай “*******- ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа компанид 2 агуулга бүхий нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байдаг бөгөөд үүний нэг нь нэр төр сэргээлгэх асуудал байсан. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалаас *******ийг компанийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, мөнгө нэхэж шүүхэд хандсан шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн.

Тус асуудал нь компанийн дотоод асуудлын хүрээнд тухайн үед шийдвэрлээд дууссан байхад бусад этгээдийн захидал харилцааны нууцад ёс зүйгүй, бүдүүлгээр халдаж, улмаар утга мушгин буруу орчуулж хоорондоо дамжуулж түүнээс үүдэн ийм асуудал үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр төрд халдсан аливаа үйлдлийг хийгээгүй тул *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Япон улсын иргэн *******, ******* нарт холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, ******* болон ******* нарыг *******ээс уучлалт гуйхыг даалгах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.******* болон нар нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ******* нь хахууль нэхсэн гэдэг яриаг хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн гишүүдэд ярьсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

5.2.Хариуцагч талаас орчуулсан орчуулгад урьд өмнө мөнгө нэхэж байгаад гэнэт тэр мөнгөө хэрэггүй болсон шүү гэж ярьсан мэтээр санаатайгаар гуйвуулан орчуулсан буюу хариуцагч талын орчуулга нь албан ёсны орчуулга мөн эсэх, ашиг сонирхлын зөрчилгүй хүн орчуулсан эсэх нь эргэлзээтэй. Бодит байдал дээр ингэж хэлээгүй.

5.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хуудсын 5 дахь догол мөрөнд хийсэн шүүхийн дүгнэлт хөдлөшгүй нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа эсэх нь эргэлзээтэй, тэр баримтаа дурдаагүй, хариуцагч тал татгалзлаа баримтаар нотлоогүй.

Бодит байдал дээр гэнэт худал гүтгэлэгт өртсөн, гэнэт үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь гэрчийн мэдүүлэг, холбогдох ТУЗ-ийн шийдвэрээр нотлогдож байгаа. Үүнээс болж гэнэт орлогогүй болсон, ажлын хамт олонтойгоо уулзах боломжгүй болсон, шинээр ажилд ороход өмнөх ажлын байрны тодорхойлолт авах боломжгүй болсон, хийгээгүй хэлээгүй хэрэгт сэрдэгдэж ажлаас халагдсаны хувьд сэтгэл зүйн байдал ч бас таатай бол байгаагүй. Энэ болгоныг тодорхойгүй байна гэж дүгнэсэн шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талаас  давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Бид нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хээл хахуулийн асуудлаар чөлөөлөөгүй бөгөөд түүний ёс зүйн асуудлаар чөлөөлсөн болох талаар анхан шатны шүүх хуралдааны явцад удаа дараа тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч нь өөрийн байр суурийг илэрхийлэхдээ 5-7 хүнд хээл хахууль өгөх зорилгоор буюу 1 хүнд 7,000,000 төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг өгөх гэж байсан гэж тайлбарладаг.

6.2.Хээл хахуулийн асуудлыг хэн ярьсан талаарх үйл баримтыг гэрчүүд нотолдог. Хэрэгт талуудын хооронд харилцсан чат байх бөгөөд хээл хахууль гэх үг, өгүүлбэр байхгүй байсан. Бид ямар нэгэн байдлаар тухайн хүний нэр хүндэд халдсан, нэр хүндийг гутаан доромжилсон зүйл байхгүй. Уул, уурхайн бизнес явуулдаг компанийн амин сүнс нь тусгай зөвшөөрөл болон лиценз байдаг. Тусгай зөвшөөрөл сунгуулах асуудлыг хуулийн зарчимд нийцүүлж явуулах нь бизнесийн байгууллагын номер нэг зарчим юм. Тусгай зөвшөөрөл сунгах ажилд нэхэмжлэгчийн томилсон бөгөөд тэрээр энэ агуулгаар үндэслэлгүй тайлбар гаргасан талаараа өөрөө нотолж нэхэмжлэл гаргадаг.

Бид нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөхдөө хээл хахуулийн асуудлыг үндэслээгүй бөгөөд нэхэмжлэгчийг хээл хахууль өгөх шалтгаанаар мөнгө нэхэмжилсэн гэж бусдад түгээгээгүй. Тухайн хэрэг нь ажил хэргийн холбогдолтой байсан буюу нэхэмжлэгчийн ярьсан зүйлийг компанийн удирдлагуудад танилцуулж, ийм зүйл байж болох эсэх талаар Япон Улсын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг мэдэхгүй учраас асуусан. Үүнээс биш нэхэмжлэгчийн нэр төрд халдсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Япон Улсын иргэн *******, ******* нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээлгэж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

3.1.Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч ******* надтай утсаар дуудлага хийн холбогдож “Таныг манай хуулийн этгээдийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хариуцан ажиллаж байхдаа 5, 6 төрийн албан хаагчид тус бүр ойролцоогоор 7 сая төгрөгийн авлигал өгнө, өгөхгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж айлган сүрдүүлж мөнгө нэхсэн гэсэн яриа гараад байна. Үүнийг хувьцаа эзэмшигч ******* нь гүйцэтгэх захирал *******гоос сонссон гээд хувьцаа эзэмшигч , ТУЗ-ийн гишүүн нарт мэйл ирүүлсэн байна. Та болон гүйцэтгэх захирал ******* хоёрын хооронд тийм яриа болсон юм уу. Би захиралд зөндөө загнууллаа” гэж ярьсан ба 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ******* нь вайберын дугаараас миний вайберын дугаарт дээрх ярьсан зүйлээ нотолж хувьцаа эзэмшигч ******* болон нарын хооронд харилцсан цахим захидлыг илгээсэн. ...” гэж,

хариуцагч ******* тайлбар, татгалзлаа “...миний бие тухайн и-мэйлд авлигал гэдэг үг огт бичээгүй бөгөөд утга агуулгыг илт мушгин монгол хэлээр тайлбарлаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би тухайн и-мэйлийг *******т илгээгээгүй мөн тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан уг асуудал шийдвэрлэгдээд дууссан байхад тус и-мэйлийг хууль бусаар олж авсан баримт байх бөгөөд бусдын англи хэл дээр илгээсэн захидлын утгыг нь буруу орчуулж, утга санааг гуйвуулж нэхэмжлэлд авлигал өгнө гэх хэлбэрээр оруулсан нь хууль зөрчиж байна. ...” гэж,

хариуцагч ******* нь тайлбар, татгалзлаа “...*******ийн нэхэмжлэлийн үндэслэл болсон и-мэйл гэх баримт болон хавсаргаж өгсөн бусад баримтыг харахад гар утасны орчуулгын программаар орчуулсан текстийг хоорондоо дамжуулан харилцсан байх бөгөөд хэзээ хэн яаж, ямар хүрээнд *******ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ямар өгүүлбэр нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг ямар байдлаар гутааж, тэр мэдээлэл нь ямар цар хүрээнд тарж, ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй байна. ...” гэж тус тус тайлбарлажээ.

3.2.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа *******аас түүний вайбер чатад ирүүлсэн болон нарын хооронд харилцсан цахим захидалд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч тэдгээрийн хооронд хэзээ цахим захидал илгээсэн, захидалд юу бичигдсэн, улмаар тухайн захидлын аль хэсэг нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутаасан болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн үзлэг хийх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд тухайн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн *******тай вайбер чатаар харилцан бичсэн зурвасыг гаргаж өгснийг үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй гэх үндэслэлийг заасан нь буруу. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд дээрх нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй талаар нэхэмжлэгчээс тодруулах, хуульд зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийх байжээ.

3.3.Түүнчлэн, анхан шатны шүүх гэх цахим хаягаас 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг 19 минутад гэх цахим хаягт илгээсэн цахим шуудангийн хаягт үзлэг хийсэн нь хэргийн 113-116 дугаар талд авагдсан байна. Үзлэгээр бэхжүүлсэн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, ...” 7.4-т “...Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэж заасанд тус тус нийцэхгүй байхаас гадна үзлэгээр ямар нөхцөл байдал илэрснийг тодорхой тусгаж, бэхжүүлээгүйгээс үзлэг хийсэн тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алджээ.

           

4.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                            Б.АЗБАЯР