Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 340

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монгол шуудан” ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багт оршин суух Жажив Дүгэрсүрэнгийн Дашцогтод холбогдох

Хэвлэл захиалгын үнийн өр 5.509.164 төгрөг, бараа материал 980.500 нийт 6.489.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж дарга В.Мөнхчимэг, хариуцагч Д.Дашцогт, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, гэрч Д.Тогтохбаяр, гэрч Л.Цэнд-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монгол шуудан” ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би энэ ажлаа хүлээж аваад хариуцагч Д.Дашцогттой утсаар холбогдоход танай байгууллага намайг ажлаас гэнэт халсан. Надад энэ төлбөрийг төлөх боломж одоохондоо байхгүй. Миний хүүхдүүд хот хоорондын тээвэрт явдаг учраас би боломжоороо өр авлагыг төлөх асуудлыг надад тавьж байсан. Нэхэмжилж байгаа бараа материалын 980.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас тэр талаар ярихгүй. Хэвлэлийн өр 5.500.000 төгрөг дээр ярихад тухайн үед 3.500.000 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 1.500.000 төгрөгийг нярав Д.Тогтохбаярт өгсөн талаар ярьсан учир одоо гэрчээр оролцуулж байгаа. Ажлаас гарахдаа энэ хүн нь 4.942.718 төгрөгийн өртэй гарсан тушаал гарсан 2015 оны 03 дугаар сарын 03-ны байдлаар байгууллага дээр 5.525.560 төгрөгийн өртэй байсан. 2014 оны 12 дугаар сар буюу жилийн эцэст 1.576.446 төгрөгийн авлагыг ор тас хаяад тушаалыг гаргасан байгаа. 2014 онд эхний үлдэгдэл 4.942.718 төгрөг байж байгаад 1.576.446 төгрөгийн өр үүсээд үүнээс тайлан дунд 887.900 төгрөг төлөгдөж, өмнөх оны урьдчилж орсон орлого 105.700 төгрөг хасагдаад нийт оны эцэст 5.525.560 төгрөгний үлдэгдэлтэй байсан. 2015 онд 16.400 төгрөг төлөгдөж одоо нийт өр 5.509.164 төгрөг болж байгаа. Д.Тогтохбаяртай холбоотойгоор н.Мөнхжаргал даргын хэлснээр дансруу нь 1.500.000 төгрөгийг хийж түүнээс байгууллага ашиг олох зорилгоор Баянтооройд шуудангаа хүргэх замдаа 1.500.000 төгрөг шилжүүлж түүнээс 1.100.000 төгрөгөөр тэмээ авчирч зараад тухайн үед зарахад  өвчин  гарсан  байсан  учир 1.100.000 барьсан гэсэн. Түүнээс 850.000 төгрөгийг тухайн үед нягтлан байсан н.Д.Дашцогт гуайн өрнөөс хасагдаад жилийн эцсээр 4.942.718 төгрөгийн үлдэгдэл гарсан байгаа. Тооцоо нийлсэн акт дээр 2013 оны эхний үлдэгдэл 3.836.882 төгрөг дээр тухайн үед нягтлан хийж байсан н.Ундармаа, Д.Дашцогт гуай хоёр гарын үсгээ зурсан байгаа учраас үүнээс хойш өр төлбөрийг 2013 оны эхний үлдэгдэл 3.836.882 гэж тооцсон байгаа. Иймд хариуцагч Д.Дашцогтоос  хэвлэлийн өр 5.509.164 төгрөг, бараа материал 980.500 нийт 6.489.664 төгрөгийн өр төлбөрийг гаргуулан “Монгол шуудан” төрийн банк 240000077864 тоот дансанд төвлөрүүлэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлагчид өгсөн боловч шийдэлд хүрээгүй болно гэжээ.

Хариуцагч Д.Дашцогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шууданд 2003 онд орсон. Тэрнээс хойш тогтвор суурьшилтай ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сард халагдах тушаалаа авсан. Тэр хооронд төлөвлөгөө норм биелүүлэх гэж байна гээд бид нарыг дээрээс шахаж, цалин хасна гээд байдаг байсан болохоор тухайн үед бага зэргийн зүйлд орж байсан. Сүүлдээ тооцооны учрыг олохоо байсан. Тооцоо нийлэх гээд суухаар болдоггүй байсан. Тухайн үед н.Ундармаад хэлээд миний өгсөн зүйлүүдийг хасаарай гэхэд хассан гэж байсан. Би халагдах үедээ хүнд хортой нөхцлөөр 50 настайдаа тэтгэвэр тогтоолгочихсон байсан. Би 55 настай хүртлээ ажлаа хийж хамт олонтойгоо ажиллаж байхдаа эмчлүүлээд тооцоогоо нийлээд гарья гээд н.Мөнхжаргал даргад хэлсэн чинь та дуугай гар гээд миний тушаалыг шууд гаргасан. Утсаар надтай ажлаа хурдан өг гэж залгаснаас биш эцсийн тооцоо нийлээгүй. Би төрийн албанд ажилладаг ёс төртэй хүн байсан. Намайг очиход гэнэт халаад нөгөө оронд нь орох хүн нь би авахгүй гээд миний ажлыг аваагүй. Дараа нь дахин өөр хүн авах гэж байна гээд Тамгын газрын даргаар хэлүүлж дуудахад би биеийнхээ байдлыг хэлсэн. Намайг тоцоогоо бодуул гэж хэлээгүй миний ажил аваад л хаясан. Би нягтлантайгаа холбогдож миний тооцоог бодож өгөөрэй гэсэн. Надад үүнийг төлөх боломж байхгүй. Миний бие өвдөөд хоёр жил гарам эмнэлэгээр явж байна. Тооцоогоо харахаар 1.500.000 төгрөгийг яаж хассан талаар сайн мэдэгдэхгүй байна. Би хүнд их итгэмтгий хүн. Нэг удаа 2013 оны намар амралтаа аваад эмчилгээнд явна гээд н.Ундармаад бэлэн 300.000 төгрөг өгч хэвлэлийн үнэд тушаагаарай гээд үлдээсэн тэр мөнгө ороогүй байсан. 2012 онд тооцоо сууж нийлээгүй шиг санагдаж байна. Миний гарын үсэг байгаа учраас нийлсэн л байх. Би аж ахуйн дансанд учирсан өрийг төлнө, харин хэвлэлийн өрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Надад тэрийг төлөх боломж байхгүй. Тухайн үедээ тооцоо нийлэхэд үр хүүхдээсээ аваад ч болтугай төлнө гэж бодож байсан. Сүүлдээ ажлаас шууд халсан болохоор тэгээд орхисон. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.489.664 төгрөгнөөс бараа материалын үнэ болох 980.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэвлэлийн өр 5.509.164 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллах хугацаанд 2013 онд шуудангийн дарга н.Мөнхжаргал 1.500.000 төгрөгийг данс руу хий гэсэн, тэр данс нь нярав Д.Тогтохбаярын данс байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5.509.164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ний харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь хэвлэл захиалгын үнийн 5.509.164 төгрөг, бараа материалын үнэ 980.500 төгрөг нийт 6.489.664 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Д.Дашцогт нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын шуудангийн салбарын ажилтнаар ажиллаж байсан  буюу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь Монгол шуудан ХХК-ийн Говь-Алтай аймгийн шуудан холбооны газрын даргын 2003  оны  10  дугаар  сарын  27-ны  өдрийн  22  дугаартай  ажилд  томилох  тухай тушаал, Монгол шуудан ТӨХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай шууданчийн үүрэгт ажлаас халах тухай тушаал зэргээр тогтоогдож байх тул ажил эрхлэх явцад бий болгосон гэх хэвлэлийн өр 5.509.164 төгрөг, бараа материалыг үнэ 980.500 төгрөг, нийт 6.489.664 төгрөгийг гаргуулахаар Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хэвлэлийн өр 5.509.164 төгрөг, бараа материалын үнэ 980.500 төгрөг,  нийт 6.489.664 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.489.664 төгрөгнөөс бараа материалын үнэ болох 980.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хэвлэлийн өр 5.509.164 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзан тус тус маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шинжлэн судлахад сумдын шууданч нар нь байгууллага, иргэдээс хэвлэл захиалга авах, мөн Монгол шуудан компаний гэрээт компаниудын зарим барааг борлуулах зэрэг үүрэгтэйгээр ажилладаг энэ чиг үүргийнхээ дагуу тодорхой хэмжээний бараа хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Харин маргаан бүхий шаардлага буюу хэвлэлийн үнэ 5.509.164 төгрөгийн тухайд нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй бөгөөд шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх тооцооны баримтаар 2012 оны жилийн эцэст 3.809.322 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь тооцоо нийлж, хоёр тал гарын үсэг зурсан байгаагаар тогтоогдож байна. Үүнээс хойш 2013 оны үйл ажиллагааны явцад 4.942.718 төгрөгийн өр нэмж үүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ нь хоёр талын оролцоотойгоор бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан тооцоолол, жагсаалт зэрэг зүйлүүд нь зөвхөн нэг тал өөрийн тайлбараа цэгцэлсэн, дэлгэрэнгүй харуулсан зэрэг шинжтэй байгаагаас санхүүгийн баримт гэж үзэхээргүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Д.Дашцогтыг 2013 онд 2.742.718 төгрөгийг төлж барагдуулсан гэж хүлээн зөвшөөрч байгаа, мөн 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг гэрч мэдүүлж байгаагаар тогтоогдож байх тул дээрх тогтоогдсон төлбөр 3.809.322 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байх ба ингэж тооцоход хасах үзүүлэлттэй гарч байх тул баримтаар тогтоогдсон төлбөрийг барагдуулсан буюу хэвлэл захиалгын үнийн өргүй гэж үзэхээр байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шуудан үйлчилгээний газар, Д.Дашцогт нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.3-т өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хариуцна гэж заасан, нөгөө талаар хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг тус тус үндэслэн Д.Дашцогтоос бараа материалын үнэ 980.500 төгрөгийг гаргуулан Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс хэвлэлийн өр 5.509.164 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 118.785 төгрөг төлснийг улсын орлогод  хэвээр  үлдээж, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Дашцогтоос  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 980.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Дүгэрсүрэнгийн Дашцогт /РД:ДО61110600/-оос бараа материалын үнэ 980.500 төгрөгийг гаргуулан Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгож, нэхэмжлэлээс хэвлэлийн өр 5.509.164 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 118.785 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Дашцогтоос  нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ 980.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.082 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол шуудан ТӨХК-ийн харьяа Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН