| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 308/2025/00747/И |
| Дугаар | 210/МА2026/00813 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00813
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01985 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ТӨХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 78,695,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь хатуу хучилттай авто зам барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компани ******* аймаг, Сайншанд суманд асфальтбетон үйлдвэр ажиллуулдаг болно. “******* ” ТӨХК-аас хариуцсан зам засварын ажилд шаардлагатай өнгө асфальтбетон хольцыг нийлүүлэх хүсэлт тавьж, манай компанийн зүгээс уг саналыг нь хүлээн авсан. Ингэхдээ 1 тн өнгө асфальтбетон хольцыг 280,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон.
1.2.Хариуцагч компани нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 234.05 тн асфальтбетон хольцыг тээвэрлэн авч явсан. Тодруулбал, нийт 65,534,000 төгрөгийн цэвэр асфальтбетон хольц болон хоёр компанийн бусад түүхий эд (дайрга, эмульс болон асфальт зууруулсан битум г.м)-ийн тооцоог гаргахад 13,161,120 төгрөгийн төлбөр, нийт 78,695,120 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөхөөр тооцоо нийлсэн.
1.3.Хариуцагч компанийн зүгээс өнгө асфальтбетон хольц, битум, 10х20-ын дайрга болон 1 сарын тогны төлбөрийг төсвийн гүйцэтгэл орж ирэхээр буюу 2024 ондоо багтаан төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй, төлбөрөө авахаар удаа дараа шаардахад “******* ” ТӨХК нь “*******” ТӨХК болон нэгдсэн тул гүйцэтгэх удирдлага солигдсоны улмаас “*******” ТӨХК-ийн ******* салбар хариуцсан менежер ******* нь би сая ажлаа хүлээж авсан, манайх ийм төлбөр төлөхгүй хэмээн төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байна.
Иймд хариуцагчаас 78,695,120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.“*******” ТӨХК нь 100 хувь улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар компани аливаа худалдан авалт, ажил үүргийг гүйцэтгэхдээ заавал тендер сонгон шалгаруулалтыг зарладаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдаж байгаа 78,695,120 төгрөгийн худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг шууд зөрчсөн хэлцэл болсон. Учир нь Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолын 2 дугаар хавсралтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөвт өртгийн дээд хязгаарыг зааж өгсөн бөгөөд 20,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг шууд хийж болох ба үүнээс дээш үнийн дүн бүхий хэлцлийг хийхдээ заавал тендер сонгон шалгаруулалтад хамрагдаж, бичгээр гэрээ хийгдэх ёстой байсан.
Гэтэл нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон хэрэгт гаргаж өгсөн баримтуудыг харахад талуудын хооронд бичгээр байгуулагдсан ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд талуудын хооронд хийгдэж байгаа тохиролцоо хууль бус гэдгийг нэхэмжлэгч тал мэдэх боломжтой байсан.
2.2.Хэрэгт гаргаж өгсөн санхүүгийн тайлангаас харахад “******* ” ТӨХК буюу одоогийн “*******” ТӨХК нь салбар компани гэх статустай явж байгаа. Энэ компани нь салбар болохоосоо өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон нягтлан нарын үйлдсэн өглөг авлагын тайлангаас харахад “*******” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байдаггүй, энэ талаар компанийн санхүүгийн бичиг баримтад тусгагдаагүй.
2.3.Улсын төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компанийн хувьд сонгон шалгаруулалт зарлаагүй, ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ, баримт бичиг байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгч компанийн нэхэмжлэхийг үндэслэж 78,695,120 төгрөгийг олгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ТӨХК-иас 78,695,120 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.07.28-ны өдөр төлсөн 551,426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаprax үндэслэл болно” гэж заасан.
Хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт болон 78,695,120 төгрөгийн үнэ бүхий асфальт зууруулсан битумыг хэзээ, ямар хэмжээгээр хэн гэж ажилтан хүлээн авч, тээвэрлэсэн талаарх баримт авагдсан. Талууд уг асфальт нийлүүлсэн баримт болон тооцоо нийлсэн хоёр талаас хүлээн зөвшөөрсөн баримтыг үндэслэж, санхүүгийн тайландаа тусгах нь “үнэн зөв”, “маргаангүй” байх шаардлагыг хангах болохоос, аль нэг талын дутуу, буруу эсхүл тусгагдаагүй тайланд тулгуурлан дүгнэлт өгч байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зарчим, зохицуулалтад бүхэлдээ нийцэхгүй юм. Учир нь төлөх сонирхолгүй төлбөрөө тайландаа тусгахгүй байх зэргээр л төлбөрөөс зайлсхийх буюу төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх эсхүл төлбөрөө нэмэгдүүлэн тайландаа тусгаж, үндэслэлгүй нэхэмжлэх зэрэг шударга бус, ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.
Нэхэмжлэгчээс хариуцагчид 78,695,120 төгрөгийн асфальтыг 65,534,000 төгрөгийн цэвэр асфальтбетон хольц болон асфальт зуурахад гаргасан 13,161,120 төгрөгийн түүхий эдийн үнийн нийлбэр бөгөөд эхэлж нийлүүлсэн 65,534,000 төгрөгийн асфальтын төлбөрийг ebarimt.mn систем дээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн, үлдэх хэсэг дээр нь нэхэмжлэх үүсгээгүй байсан талаар тодорхой тайлбарласан бөгөөд төлбөрийн нэхэмжлэх илгээсэн эсэх нь шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл ч болохгүй.
4.2.Хариуцагч талаас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийг эсэргүүцэж, тайлбар гаргаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Зам тээвэр хөгжлийн яамаар засварын ажил хийх төлөвлөгөөг батлуулж, тухайн төлөвлөгөөтэй уялдуулж худалдан авалт хийдэг. “******* ” ТӨХК-ийн худалдан авалтын төлөвлөгөөнд “*******” ХХК-аас худалдан авалт хийсэн нь тусгагдаагүй.
5.2.Дээрх үйл баримтын талаар компанид өмнө нь ажиллаж байсан гүйцэтгэх удирдлага болох нь ямар нэгэн хариу тайлбар хэлдэггүй бөгөөд түүний утас нь холбогддоггүй. Хэдийгээр компанийн тайланд тусгагдаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер зарлаагүй учир нэхэмжлэгч компанийг хохироосон байж болзошгүй гэж үзсэн учир нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад анализ хийсэн. Хавтаст хэргийн 106 дугаар талд тооцоо нийлсэн маягтыг хэзээ, хаана үйлдсэн эсэх, 78,000,000 төгрөг нь ямар учир шалтгаантай төлбөр болох, ямар гэрээний үр дүнг дүгнэсэн нь ойлгомжгүй.
5.3.Мөн “******* ” ТӨХК-ийн тамга дарагдсан эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, тус баримтыг нүдэн баримжаагаар харахад өнгөтөөр хэвлэсэн баримтад нягтлан бодогч гарын үсэг зурсан харагддаг бөгөөд нотлох баримтын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн. Хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан баримтад дагалдах бичиг баримт байдаггүй бөгөөд хүснэгтэд жолоочийн нэр бичигдсэн ч овог нь байдаггүй. Хүснэгтэд дурдсан автомашинууд нь компанийн нэр дээр бус хувь хүний нэр дээр бүртгэлтэй байсан. “******* ” ТӨХК нь хариуцагч компанитай гэрээ байгуулсан эсэх, тухайн автомашинуудыг түрээсэлсэн эсэх талаар тодруулахад үүнтэй холбоотойгоор байгуулсан гэрээ хэлцэл, тохиролцсон зүйл байдаггүй.
5.4. улсын дугаартай автомашиныг apox.mn сайтаас шалгаж үзэхэд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд 13 тонны даацтай. Тухайн мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт учир нотлох шаардлагагүй. Гэтэл хэрэгт авагдсан хүснэгтэд тухайн автомашины даацыг 30 тонн гэж бичсэн байсан. Эдгээр баримтууд нь манай компанийн санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтэд тусгагдаагүй.
Гэтэл нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн тооцооны маягтуудад он, сар байхгүй, манай компанийн дарсан тамга, тэмдэг эргэлзээтэй, ямар гэрээний зориулалтаар тухайн төлбөрийг төлөх болсон нь тодорхойгүй учир манай компани тухайн төлбөрийг төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ТӨХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 78,695,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...“******* ” ТӨХК-аас хариуцсан зам засварын ажилд шаардлагатай өнгө асфальтбетон хольцыг нийлүүлэх хүсэлт тавьсаны дагуу 234,05 тн асфальтбетон хольцыг тээвэрлэн авч, нийт 78,695,120 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөхөөр тооцоо нийлсэн ч төлбөрийг төлөөгүй. ...” гэж,
Хариуцагч нь тайлбар, татгалзлаа “...“******* ” ТӨХК нь салбар компани болохоосоо өмнө буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон нягтлан нарын үйлдсэн өглөг авлагын тайлангаас харахад “*******” ХХК-д өгөх ямар нэгэн өр төлбөр байдаггүй. Энэ талаар компанийн санхүүгийн бичиг баримтад тусгагдаагүй. Улсын төсвийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компанийн хувьд сонгон шалгаруулалт зарлаагүй, ямар нэгэн бичгээр байгуулсан гэрээ, баримт бичиг байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгч компанийн нэхэмжлэхийг үндэслэж мөнгөн хөрөнгийг олгох боломжгүй. Хууль зааснаар төрийн өмчит компани 20,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтыг тендер зарлаж байж явуулах ёстой. Тендер зарлагдаагүй хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус, хууль бус учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
4.1.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор “*******” ХХК болон “******* ” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан тооцоо үлдэгдлийн баталгаа гэх баримтыг гаргаж өгснийг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй ч тайлбартаа “******* ” ТӨХК нь салбар компани болохоос өмнө түүхий эдийн худалдан авалттай холбоотой баримт 2024, 2025 оны санхүүгийн тайлан, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар дурдаж маргасан байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд дээрх нотлох баримттай холбоотойгоор хариуцагчаас тодруулаагүй байна.
4.2.Мөн хариуцагчаас тайлбараа нотлохоор гэрчээр тухайн цаг хугацаанд салбар компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ийг асуулгах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШЗ2026/06687 дугаар захирамжаар гэрчийн хувийн мэдээллийг гаргаж өгөөгүй үндэслэл зааж хангахгүй орхисон нь үндэслэл муутай болжээ.
Учир нь хариуцагч талаас ийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргахдаа түүний холбогдох мэдээлэл, хаягийг гаргаж өгөх боломжтой талаар тайлбар гаргасан, мөн маргааны зүйл болсон тооцоо нийлсэн актад төлбөр төлөгч “******* ” ТӨХК-ийг төлөөлж тус компанийн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан байна.
Иймд тухайн цаг хугацаанд “*******” ХХК-аас 78,695,120 төгрөгийн асфальт болон бусад түүхий эдийг авсан эсэх, авсан бол ямар ажил гүйцэтгэсэн, тооцоо нийлсэн акт гэх баримтад тухайн компанийн санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан байдлыг тодруулахаар түүнийг гэрчээр оролцуулах нь хэргийн бодит үйл баримтыг тогтоох зэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байх боломжтой.
4.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,426 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.АЗБАЯР