Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 341

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 8-22 тоотод оршин суух Бумбазургаа Дариймаагийн Жавзангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Жаргалант багийн 8-23 тоотод оршин суух Жалайр Загдсүрэнгийн Отгонцэцэгт холбогдох

Газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавзан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Жавзан нь 2014 оны 06 дугаар сард хариуцагч З.Отгонцэцэгээс Жаргалант 8-22 тоотод байрлах хашаа, газрыг 1.500.000 төгрөгөөр худалдан авч 1.300.000 төгрөгийг З.Отгонцэцэгт өгсөн. Нөхөр Баярмагнайд нь 100.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Газрын гэрчилгээ гаргаж өгсний дараа 100.000 төгрөгийг өгөх юм. Гэтэл газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа тул Жаргалант багийн 8-22 тоотод байрлах газрын гэрчилгээг З.Отгонцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч З.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие Загдсүрэн овогтой Отгонцэцэг нь Жаргалант багийн 8-15а /хуучин/ тоот газрыг өөрийн өмчид эзэмшдэг бөгөөд 2013 онд уг Д.Жавзан нь 2 хүүхэдтэй өвлийн хүйтэнд очих газаргүй байхад нь хашаандаа буулгасан юм. Гэр бүлийн хүнтэй тохиролцож, уг хашааг авахаар тохиролцсон юм байна лээ. Уг хашааг 1.500.00 төгрөг гэсэн боловч үлдэгдэл 200.000 төгрөгийг өгөхөөр байгаа боловч 100.000 төгрөгийг гэр бүлийн хүнд өгсөн гэсэн хариу өгсөн одоо 100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Миний бие гэнэт өвдөн Улаанбаатар хотруу эмчилгээнд явж мөнгөний шаардлага гарахад уг хашааны бичиг баримтыг барьцаалан явсан байгаа тул уг баримтыг авахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа бөгөөд уг баримтыг авангуутаа иргэн Д.Жавзанд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй болно. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бичиг баримтыг шилжүүлэх болно гэжээ. 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Д.Жавзангийн нэхэмжлэлтэй, З.Отгонцэцэгт холбогдох газрын гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Отгонцэцэг нь газрын гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор өгөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 819.680 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь  зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 8-22 тоотод оршин суух Бумбазургаа Дариймаагийн Жавзангийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Жаргалант багийн 8-23 тоотод оршин суух Жалайр Загдсүрэнгийн Отгонцэцэгт холбогдох газрын гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дотор газрын гэрчилгээг өгөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН