Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00802

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/******* дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 489,602,151.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч *******, *******, ******* нартай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг шүүхээр цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 424.261.200,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг ******* тоот барьцааны гэрээний дагуу ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 697 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 470 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 650 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 172,9 м.кв талбайтай хувийн сууц, гарааш зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 47,60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 89,11 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулж өгнө үү. Хариуцагч *******, *******, ******* нараас 424.372.700,17 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 35.229.451,78 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 489.602.151,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 424,261,200.17 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийг би өмнө сайн таньдаг байсан бөгөөд зээл хөөцөлдөөд явж байтал *******тэй таарч Би бас зээл авах гэж байна, чи барьцаагаа гаргачихвал найз нь өөрийн нэр дээрээ зээл нэмээд чамд авч өгье гэж ******* зөвшөөрч, нийт 350,000,000 төгрөгийн зээл авсан. Би өөрийн нэр дээрх болон аав, ээж, эгч, дүү нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны барьцаанд тавьж, зээл авч өгч байсан. Ингэхдээ аав, ээж, эгчийн нэр дээрх орон сууцыг би худалдаж авсан болж худалдах, худалдан авах гэрээ хийж, миний бие өөрийн нэр дээр болгож, барьцаанд тавьж байсан юм. Тэгээд *******-иас авсан 350,000,000 төгрөгийг ******* өөрийн дансандаа шилжүүлэн авчихаад надад оногдох хувь гэж өгөөгүй. Барьцааны ихэнхийг би гаргасан учраас 200,000,000 төгрөгийг нь би авахаар тохирсон боловч ийнхүү надад өгөөгүй. Нэгэнт би өөрөө энэхүү зээлийг аваад *******д өгсөн болохоор би хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар ******* болон түүний эхнэр ******* нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар олдохгүй, нэхэмжлэлээ ирж танилцаагүй хугацаанд нэмэгдсэн хүү буюу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******, ******* нар хариу тайлбар өгөөгүй.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас 489,602,151.95 төгрөгийг гаргуулж, *******-д олгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.834.112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 2.834.112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Миний бие *******, ******* нартай хамт 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийн зээл авсан, уг зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учир ******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлдээ зээлийн болон барьцааны гэрээг цуцлуулж, үүргийн гүйцэтгэлийг ******* тоот барьцааны гэрээгээр хангуулах талаар дурьдсан. Гэвч нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл өгөхдөө хайнга хандаж, барьцаалбараа дугаарлаж бичсэн нэхэмжлэлийн 1 хуудсыг дутуу өгсөн.

Уг нэхэмжлэл нийт 4 хуудас байх ёстойгоос 3 дугаар хуудас нь алга болсноос барьцааны нийт хөрөнгөөс 5 ширхэг үл хөдлөх дурдагдаагүй үлдсэн. 4 дүгээр хуудас дээрх өгүүлбэрийн эхлэл нь 3 дугаар хуудасны төгсгөлийн өгүүлбэртэй утга нь уялдаж байх ёстойгоос тодорхой харагдана. Энэ талаар *******-ийн Хуулийн хэлтэстэй очиж уулзахад өөрсдийн архивтай тулгаж үзээд нэхэмжлэлийн хуудас шүүхэд дутуу хүргэгдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Үүнийг шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэр гаргасан.

5.2. Шүүхийн шийдвэр 2 өөр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхээс гардуулсан шүүхийн шийдвэр, иргэн надад гардуулсан шүүхийн шийдвэр хоёрыг харьцуулж үзэхэд 2 өөр байна. Иргэн надад гардуулсан шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхой бус.

Үндэслэх болон тогтоох хэсгүүдэд үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө хангуулах талаар ямар ч заалт оруулалгүй шийдвэрээ албажуулаад гардуулсан. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ******* нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлж өгөөгүйн улмаас 489,602,151.95 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн зээлдэгч *******ийн хөрөнгө тусгагдалгүй үлдэж, хамтран зээлдэгч миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдээ шийдвэр гүйцэтгэлийн журмаар бусдын барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгөх нөхцөл байдал үүсээд байна.

5.3. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулах хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар Иргэний хуульд заасан зүйл, заалтыг хэрэглээгүй, хамтран хариуцагч тус бүрээр үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах талаар тусгайлан зааж, холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй учраас дээрх шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй учраас шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий бодитой байх шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. ******* шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргахдаа 1 хуудас баримтыг дутуу гаргаж өгсөн гэж хариуцагч тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд тусгагдсан 16 барьцаа эд хөрөнгийн барьцааны гэрээнд жагсаалтаар орсон сүүлийн 5 эд хөрөнгийг анхан шатны шүүх шийдвэртээ дурдаагүй байдаг. Тухайн 5 эд хөрөнгийн 3 нь хамтран зээлдэгч *******ын өмчлөлийн эд хөрөнгө, 2 нь хариуцагч *******ийн эд хөрөнгө байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэдийгээр ******* шүүхэд өгөх ёстой байсан баримтаас 1 хуудас баримтыг дутуу өгсөн гэх асуудал яригддаг боловч дурдагдаагүй гэх эд хөрөнгүүдтэй холбоотой барьцаалбар болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүгдийг нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгсөн. Энэ хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй бөгөөд хамтран зээлдэгч төдийгүй хамтран үүрэг хүлээсэн этгээд гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед тайлбарласан. Харин хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргаж буй үндэслэл нь үндсэн зээлдэгч болох хариуцагч *******ийн эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрт тусгуулж, тухайн эд хөрөнгүүдээр буюу барьцааны гэрээнд тусгагдсан сүүлд худалдан борлуулагдсан орон сууц болон автозогсоолоор төлбөр барагдуулах ажиллагаа хийгдсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөр төлөгдөнө гэж үзэж байгаа юм. Түүнчлэн манай талын зүгээс үүнийг нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******ын хэн алины эрх ашиг хангагдана гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдаж буй 16 үл хөдлөх эд хөрөнгүүдийг дурдаж, тухайн эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгатай өөрчлөлтийг оруулж өгнө үү. Учир нь ******* үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин нэхэмжлэлээ шүүхэд өгөхдөө 1 хуудас баримтыг дутуу өгсөн болохоос 16 эд хөрөнгийн 13 эд хөрөнгөөр эсвэл 11 эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Өөрөөр хэлбэл, механик алдаа гаргасан учир үүнийг залруулах боломж олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 489,602,151.95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан,

Харин хариуцагч *******, ******* нар хариу тайлбар өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 100 дугаар зүйлд заасныг үндэслэн тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодруулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. ******* болон хариуцагч *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 220224568 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар 350,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 22.80 хувийн хүүтэй, автомашины шоурүүм барих санхүүжилтийн зориулалтаар авсан. /1хх-9-14/

Мөн ******* болон хариуцагч *******, *******, ******* нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 697 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 470 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, *******ын өмчлөлийн, ******* хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай, 650 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай ******* улсын бүртгэлийн дугаартай 172.9 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 47.60 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 89.11 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 9.49 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 9.49 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 45,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн, ******* тоот хаягт байршилтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 18.76 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу нийт 16 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1хх-16-78, 83-97/

5. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг Тогтоох хэсэгт баримталсан байх боловч Тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч хэн хэнээс зээлийн гэрээний үүрэгт 489,490,651.95 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн тодорхойгүй, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан. /1хх-208-209/

Мөн хэрэгт нэг огноо, дугаар бүхий өөр агуулгатай шийдвэр авагдсан буюу хэргийн 1 дүгээр хавтасны 224-225 дугаар талд нэхэмжлэгч талд гардуулагдсан шийдвэрийн Тогтоох хэсэгт зааснаар хариуцагч *******, *******, ******* нараас 489,490,651.95 төгрөгийг гаргуулж *******-д олгож, мөн 2 дахь заалтаар хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 16 үл хөдлөх хөрөнгөөс 11 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан агуулгатай байна.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх энэ тохиолдолд уг 2 шийдвэрийн алийг нь хүчинтэй гэж үзэж, аль шийдвэрийг хянах боломжтой нь тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянахад хэргээс гадна шүүхийн шийдвэр мөн адил хамаардаг ба ийнхүү 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/******* дугаар шийдвэрээр чухам ямар нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

6. Түүнчлэн, нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 хуудас нэхэмжлэл байхаас 3 хуудас нэхэмжлэлийг шүүхэд өгч, үүнтэй холбоотойгоор шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг 11 үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэх үндэслэл болж, харин барьцааны гэрээнд тусгагдсан үлдэх 5 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлүүлж чадаагүй гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

7. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Ийнхүү анхан шатны шүүхэд буцаахдаа 2024 оны Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд буцаана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,605,961 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

Н.ГЭРЭЛТУЯА