Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00290

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.М

          Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

     Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 12 794 440 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгах

            Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 83 673 972 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, өмгөөлөгч Б.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г., нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон тайлбартаа: "М” ХХК-тай 2015-08-07-ны өдөр гэрээ байгуулж, 120сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5% хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэрээг байгуулснаас хойш 2 тал тооцооны үлдэгдлийн талаар харилцан тохиролцож "тооцоо нийлсэн акт"-ыг үйлдсэн бөгөөд уг актаар нийт үлдэгдэл 142.794.440 төгрөг болсон бөгөөд 130сая төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш үлдэх 12.794.440 төгрөгийг шилжүүлж, барьцааны зүйл болох орон сууцыг чөлөөлүүлэхээр тус байгууллагад хандсан боловч "...барьцааны зүйлийг шилжүүлэн өгөх боломжгүй, 130 сая  төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүндээ тооцож авсан..." гээд байна. Иймд  зээлийн гэрээний үлдэгдэл 12.794.440 төгрөг болохыг тогтоож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.Матраас гаргасан хүсэлтийн дагуу талууд зээлийн гэрээ байгуулж, 120сая төгрөгийг сарын 5 % хүүтэй, 3 сарын хугацаатай олгосон. Д.М өмнө нь зээл авч байснаас үндсэн зээлийн үлдэгдэл 142.794.440 төгрөг бөгөөд энэ нь зээл олголтын баримтаар нотлогдоно. Зээлдэгч зээл авснаас хойш хуваарийн дагуу төлөлт хийх үүргээ огт гүйцэтгэхгүй явж байгаад бүтэн жилийн дараа буюу 2016-09-20-ны өдөр 130сая төгрөг шилжүүлснийг гэрээний 2.2.7 дахь заалтын дагуу тухайн өдөр нь нэмэгдүүлсэн хүүнд 17.298.466 төгрөг, үндсэн хүүнд 82 сая төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 30.701.534 төгрөгийг тус тус суутган авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 89.298.466 төгрөг, хүүний үлдэгдэл 41.077.294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 8.215.460 төгрөг, нийт 138.591.220 төгрөг байна. Тооцоо нийлсэн акт нь зээлдэгчийн манай ББСБ-аас нийт 8 удаагийн гэрээгээр авсан үндсэн зээлийн мэдээлэл бөгөөд 142.794.440 төгрөг гэсэн нь тухайн үед байгаа үндсэн зээлийн хэмжээ юм. Талуудын хооронд хүүгийн хэмжээг бууруулах тухай ямар нэгэн нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулагдаагүй. Гэтэл зээлдэгч авсан зээлдээ огт хүү тооцохгүйгээр зөвхөн үндсэн зээлээ төлөхөөр тооцож, зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг тогтоолгох нэхэмжлэл гаргаж гэрээг зөрчиж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч 2016-09-20-ны өдөр 130 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөөр төлөлтийг суутган өнөөдрийн байдлаар нийт 83.673.972 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул зээлдэгчээс зээлийн төлбөрийн үлдэгдэл болох дээрх мөнгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 122 тоот барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 03 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл өгсөн хариу тайлбартаа: 2016-06-20-нд хийсэн "Тооцоо нийлсэн акт"-аар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй, эцсийн байдлаар үндсэн зээл 142 794 440 төгрөгөөр тооцон уг үндсэн зээлийн төлбөрөөс 130сая төгрөгийг 2016-09-16-ны өдөр нэхэмжлэгч барагдуулсан. Үлдэх 12.794.440 төгрөгийг барагдуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гэхэд хариуцагч үүргээ биелүүлээгүй. Мөн нөгөө талаар хариуцагчийн гүйцэтгэх захирал нь "Тооцоо нийлсэн акт"-ыг 2016-06-20-нд тохиролцож үйлдсэн. Мөн 142.794.440 төгрөгийг үндсэн зээл гэдэг дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн гүйцэтгэх захирал нь 2016-09-16-ны өдөр шилжүүлсэн 130 сая төгрөгийг үндсэн зээлд тооцон авснаа тайлбараар хүлээн зөвшөөрсөн. Гэтэл үндсэн зээлд тооцож авсан 130сая төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүндээ тооцож авсан гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй,зөвшөөрөхгүй гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан, Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс 32.179.720 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 51.494.252 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу нэхэмжлэгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87 дугаар байрны 3 тоот орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс  төлсөн 289.870 төгрөг, хариуцагчаас  төлсөн 579.425 төгрөгийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 318.849 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/01598 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний үүрэгт 12.794.440 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохыг тогтоолгохыг хүссэн Д.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Маас 83.673.972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “318.849” гэснийг “576.320” гэж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтыг 4, 6 дахь заалтыг 5 болгож тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

        Нэхэмжлэгч тал хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн  172.2.1, 172.2.2-г зөрчиж хэргийг хянаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх тооцоо нийлсэн актыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, тооцооллыг талуудын хүсэл зоригт хамааралгүй, буруу тооцоолон шийдвэрлэсэн.  Үйл явдлын талаар дутуу үнэлэлт дүгнэлт өгсөн нь мөн  хуулийн 40.2-г зөрчсөн. Талууд тохиролцож “Тооцоо нийлсэн акт”-ыг 2016-06-20-нд үйлдсэн бөгөөд уг актаар нийт үлдэгдэл 142.794.440 төгрөг үндсэн зээл, үүнээс 130 сая төгрөгийг төлөөд 12.794.440 төгрөг төлөөд байраа чөлөөлж авах баримт  үйлдсэн. Уг актанд 2016-12-28-нд төлөгдсөн 47.777.000 төгрөгөөс 27.983.000 төгрөгийг хүлээн авснаа хариуцагч  зөвшөөрсөн. “Тооцоо нийлсэн акт”-нд бичигдсэн хүснэгтийн “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү” баганын нийт 86.034.806 төгрөгийг дансаар шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч 2016-06-20-ны өдрийн тооцоо нийлсэн акт болох нотлох баримтыг үндэслэсэн, талуудын гарын үсэг зурж тамга тэмдэгтэй эх хувиараа нотлох баримт байхад “нэхэмжлэгч тайлбараа нотлох баримтаар нотлоогүй” гэсэнэ нь  ИХШХШТХ-г ноцтой зөрчсөн. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1,9.3-р банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд банк бус санхүүгийн үйл ажиллагааны төрөл, эрхлэх хугацааг тодорхой заана гэж байдаг.  “Мөнгөнбуудай” ББСБ нь 2014-06-11-ний өдөр тусгай зөвшөөрөл авсан  бөгөөд хугацаа  тодорхойгүй, гэрчилгээ нь хавсралтын хамт хүчинтэй байхад “хавсралт” хэрэгт авагдаагүй.Гэтэл шүүх  банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хангасан нь  үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаанаар “Тооцоо нийлсэн акт”-ын талаар талууд маргаагүй бөгөөд үлдэгдэл 142.794.440 төгрөгөөс 2016-12 -28-ны өдөр төлсөн 47.777.000 төгрөгөөс 27.983.000 төгрөг, 2016-09-16-ны өдөр төлсөн 130 сая  төгрөгийг гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн гэж үзсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх дарааллаар үндсэн зээлээс хасч тооцсон хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх  М нь үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй байхад Иргэний хуулийн 451 –г  баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн  216.4-р өөрчлөлт  оруулсныг  зөвшөөрөхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.М 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний  үлдэгдэл нь 12.794.440 төгрөг болохыг тогтоолгохыг, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87-р байр, 3 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгах /хх 1, 38, 74/-г шаарджээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 15, 52/ сөрөг нэхэмжлэл гарган /хх 58, 80, 91/ “...2015 оны 122 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 120.000.000 төгрөг, хүү 80.876.712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.797.260 төгрөг нийт 213.673.972 төгрөг төлөхөөс 2016-09-20-ны өдөр 130.000.000 төгрөг төлсөн ...” гэсэн үндэслэлээр  83.673.972 төгрөгийг Д.Маас гаргуулахыг хүссэн байна. 

        Хяналтын шатны шүүхэд  гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Зохигчдын хооронд өмнө нь зээлийн гэрээний харилцаа үүсэж байсан тул  Д.Мын нэхэмжлэл болон “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодорхой дурдах шаардлагатай гэж үзлээ.

      Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2016-08-30-ны өдөр 227 дугаартай гэрээ байгуулж 120 сая төгрөг зээлж, Хан-уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87-р байр 3 тоот орон сууц, 87 тоот автозогсоол барьцаалсан...” /хх 1, 38/ гэх боловч 2016-08-30-ны өдрийн гэрээний үнийн дүн 10 сая төгрөг байгаагаас гадна гэрээний тал нь нэхэмжлэгч биш /хх 56-57/ байна. 

        Шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага /хх 83/, талуудын тайлбараас үзвэл, Д.М  2016-08-30-ны өдрийн 227 дугаар гэрээ бус, харин 120 сая төгрөг зээлүүлэх тухай 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсгэжээ.

         Хариуцагч  “М” ХХК нь Д.Мын нэхэмжлэлийн үндэслэл болсон  2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасан байв.

        Дээр дурдсанаас үзвэл, Д.М “...2015-08-07-ны өдрийн 122 дугаартай “Зээлийн гэрээ”-ний  үлдэгдэл нь 12.794.440 төгрөг болохыг тогтоолгох, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87-р байрны 3 тоот орон сууц барьцаалсныг   чөлөөлөхийг бүртгэлийн байгууллагад даалгах...” нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч  “М” ХХК 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардаж “... үндсэн зээл 120.000.000 төгрөг, хүү 80.876.712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.797.260 төгрөг нийт 213.673.972 төгрөг төлөхөөс 2016-09-20-ны өдөр 130.000.000 төгрөг төлсөн тул үлдэх 83.673.972 төгрөг...” гаргуулахыг хүссэн бөгөөд зохигчид энэ  талаар мэтгэлцсэний дагуу  шүүх хэргийг хэлэлцэж шийдвэр гаргажээ.

          2. Зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтыг нэг бүрчлэн дурдах нь хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна.

        Талууд 2014-10-10-ны өдрийн зээлийн гэрээ /хх 77/, 2014-11-10-ны өдрийн зг/54а дугаар гэрээ /хх 79/, 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээ /хх 3-4, 19-20, 60-61/, 2016-08-30-ны өдрийн 227 дугаар зээлийн болон барьцааны гэрээ /хх 54-57/, тооцоо нийлсэн акт /хх 6/., хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон 1/371 тоот тусгай зөвшөөрлийн хуулбар /хх 17-18/, кассын зарлагын ордер /хх 21-22/, зээлийн хүүгийн тооцоо /хх 28, 72/, итгэмжлэл /хх 51, 53/, зээлийн хорооны хурлын 2016 оны 62 дугаартай шийдвэр /хх 73/, нэхэмжлэгчид 2016-09-20-ны өдөр гаргасан хариуцагчийн хүсэлт болон “Тэгш тэнүүн мөрөн” ХХК-ийн баталгаа /хх 75, 81/-г шүүхэд гаргаж өгсөн бөгөөд өөр баримт хэрэгт байхгүй байв.

        Хэрэгт буй нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 172 дугаар зүйлийн 172.2-т нийцнэ.

       3. Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хоёр шатны шүүх  Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

       а/. “...2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл нь 12.794.440 төгрөг болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй  байна. 

       2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээгээр “М” ХХК 120 сая төгрөг зээлүүлэх, Д.М уг мөнгийг нэг сарын 5% хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж хугацаандаа буцааж төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогджээ. Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцжээ.

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

        Д.М 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээний дагуу 12.794.440 төгрөгийн  үлдэгдэлтэй  гэж марган, “тооцоо нийлсэн акт”–г шүүхэд гаргаж өгсөн хэдий ч уг баримт нэхэмжлэлийг нотлохгүй байна.

         Хэргийн 6-р талд буй “тооцоо нийлсэн акт” нь огноогүй байх бөгөөд талууд маргаагүй тул шүүх уг актыг 2016-06-20-ны өдөр үйлдэгдсэн баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчөөгүй гэж үзлээ.

         2016-06-20-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-д 2014 оны 7 зээл, 2015 оны 2 зээл нийт 9 зээлийн үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр тооцоо багтсан байх тул уг баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015-08-07-ны өдрийн гэрээний талаарх талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй  байна.      

        Түүнчлэн, 2016-06-20-ны өдрийн “тооцоо нийлсэн акт”-р талууд 2015-08-07-ны өдрийн  122 дугаар гэрээнд өөрчлөлт оруулсан буюу 120 сая төгрөгийн зээлд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, 2015 оны 122 дугаар зээлийн гэрээний 8.3-т талууд “... гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж тооцох...”-р тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, 2016-06-20-ны өдрийн “тооцоо нийлсэн акт” нь 2015 оны 122 дугаартай гэрээг оруулаад нийт 9 зээлд хамааралтай байгаагаас гадна уг актад 2015 оны 122 дугаар гэрээний 8.3-т заасны дагуу өөрчлөлт оруулсан агуулга байхгүй байна.   

      Д.М 2015-08-07-ны өдрөөс 2016-09-20-ны өдөр хүртэл хугацаанд “М” ХХК-д мөнгө төлж байсан баримт хэрэгт байхгүй тул “...2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл нь 12.794.440 төгрөг болохыг тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

      б/. Барьцааны зүйлийг чөлөөлөхийг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлагын талаар шүүх Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийсэн  байна.

       2015-08-07-ны өдрийн 122 дугаар барьцааны зээлийн гэрээгээр /хх 60-61/ “М” 120 сая төгрөгийн зээлийн үүрэгт Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87-р байр, 3 тоот орон сууцыг  барьцаалж, гэрээг мөн сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ  хүчин төгөлдөр байна. 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээнд заасан үүргээ Д.М бүрэн биелүүлсэн нь тогтоогдоогүй тул орон сууцыг барьцаанаас чөлөөлөх  шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д  нийцэхгүй.

         Дээр дурдсан үндэслэлээр Д.Мын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзлээ. 

         4. “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

       Зээлдүүлэгч нь 2015-08-07-ны өдрийн 122 дугаар зээлийн гэрээний үүргийг үндсэн зээл 120.000.000 төгрөг, хүү 80.876.712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.797.260 төгрөг нийт   213.673.972 төгрөг гэж тодорхойлохдоо тооцоог 2016-09-20-ны өдрийн байдлаар гаргаж, уг үнийн дүнгээс 2016-09-20-ны өдөр төлсөн 130.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 83.673.972 төгрөгийг шаардсан байв.

   Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 122 тоот зээлийн гэрээний дагуу “М” ХХК нь зээлдэгч Д.Мад 120 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 15-р хороо, үйлдвэр хороолол, Туул гол гудамжны 87-р байрны 3 тоот орон сууцыг барьцаалсан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

        Хариуцагч нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нь тогтоогдсон тул гомдолд дурдсан үндэслэл нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй байна.

  Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д  нийцсэн байна.

    Д.М 2015-08-07-ны өдрөөс 2016-09-20-ны өдөр хүртэл хугацаанд  “М” ХХК-д мөнгө төлж байсан баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүх 2016-09-20-ны өдөр 130 сая төлөгдсөн байдлаар тооцоог хийсэн нь зөв болжээ.

         Зээлдэгч нь гэрээний үүрэгт 130 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 120 000 000 төгрөг, хүү 80 600 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 120 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 130 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх байх тул гомдлыг хангахгүй орхив.

        Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Д.Мын нэхэмжлэлийн зарим  шаардлагыг бичээгүй орхисон байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2154 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...тогтоолгохыг хүссэн Д.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “...тогтоолгох, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж, 87-р байр, 3 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах тухай Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т  заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 577.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ