Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0368

 

2020 оны 06 сарын 03 өдөр           Дугаар 221/МА2020/0368                          Улаанбаатар хот

Б.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу Б.Н-н нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.7, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.4, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1.5-д заасныг тус тус баримтлан Б.Н-н нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын даргад холбогдох Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхээс Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар Б.Н-г гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь би 1994 онд ХААДСургуулийн эчнээ ангид орж 1 жил сураад 1 дүгээр курсийн шалгалт өгсөн. МУИС-ийн диплом авахын тулд эчнээ ангийн оюутан өгвөл зохих бүх шалгалтыг өгсөн болно.

Миний бие өөрийн суралцаж төгссөн Удирдлагын академи, Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль зэрэгт зохих журмын дагуу элсэн суралцаж төгссөн болох нь Мэргэжлийн хналтын ерөнхий газраас хийсэн шалгалтын явцад бүрэн тогтоогдсон.

Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд 10 дугаар анги төгссөн хүн хүртэл эчнээ ангид орж суралцаад төгсдөг байгаа.

Дээд боловсролын тухай хуулийн 3.3-д дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна. 8 дугаар зүйлийн 8.7-д дипломын сургалт, 90 багц цаг, бакалаврын сургалт 120-оос доошгүй байна гэж заажээ.

Миний бие Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд суралцах хугацаандаа 120 багц цагийн хичээлийг нэг бүрчлэн үзэж дүгнүүлсэн болох нь диплом, түүний хавсралтад бичигдсэн кредитийн буюу багц цагийн үнэлгээгээр бүрэн нотлогдож байна. Би Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасан гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой гэдгээ бүрэн нотолсон. Гэтэл хууль бус боловсролын бичиг баримттай гаалийн албанд ажиллаж байсан гэдэг үндэслэлээр намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын их, дээд сургуулийн өдрийн болон эчнээ, орой ангид 10 дугаар ангийг төгссөн иргэн элсэн суралцаад төгсдөг билээ.

Монгол Улсын Их Сургуулийг төгссөн гэх диплом хуурамч байлаа гэхэд бусад бичиг баримтыг хууль бус боловсролын бичиг баримт гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9.1, 9.2, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн”, 2 дугаар зүйлийн 2.4-д “Дипломын, бакалаврын зэргийн дипломд түүнийг олгосон сургуулийн нэр, байршил, улсын бүртгэлийн дугаар, диплом эзэмшигчийн иргэний харьяалал, эцэг /эх/-ийн нэр болон өөрийнх нь нэр, төрсөн он, бүртгэлийн дугаар, суралцаж төгссөн боловсролын зэрэг” мэргэжлийн нэр, индекс, диплом олгосон тухай шийдвэр, огноо бичиж, сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захирал буюу харьяа сургуулийн захирал, төгсөлтийн шалгалтын комиссын дарга, тухайн хөтөлбөр хариуцсан сургалтын нэгжийн дарга /сургуулийн доторх бүрэлдэхүүний сургуулийн захирал, факультетийн декан гэж ойлгоно/ гарын үсэг зурж сургуулийн тэмдгээр баталгаажуулна” мөн 2.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Н-г Монголын Үндэсний Их Сургуулийг суралцаж төгссөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Гэвч дээр үндэслэлүүдийг заахдаа Тагнуулын ерөнхий газрын бакалаврын диплом, түүний хавсралт дахь багц цагийг дүгнэж үзээгүй.

Дээд боловсролын тухай хуулийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж тус тус заасан. Харин “2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг хууль зүйн ухааны бакалавр, ... боловсролтой иргэдийг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр явуулсан байх тул нэхэмжлэгчийг тухайн мэргэжлүүдээр дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн D-200603279 дугаартай диплом нь дээр дурдсан Боловсролын тухай хуулийн 7.1, 3.3, 8.7, 8, 9.1, 9.2, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2, 2.4, 2.5-д заасан дээрх бүх шаардлагыг хангаж байна.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн дурдсан шиг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөр явуулсан явуулаагүй ба хавтас хэргийн 18, 19 дүгээр хуудас дээрх “Монгол Улсын иргэн Б овогтой Н нь 2004 оноос 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тул төгсөлтийн шалгалтын комиссын 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээрээ Хууль зүйн ухааны бакалавр зэрэг олгов” гэж заасан нь дээрхийг нотолж байна.

Түүнчлэн ... иргэн Б овогтой Н нь нийт 120.5 цаг суралцсан болохыг нотолсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын албан бичгээр мөн дээд боловсрол олгосон бакалаврын дипломтой болохыг давхар нотолжээ. Гэтэл хууль бус боловсролын бичиг баримттай Гаалийн албанд ажиллаж байсан гэдэг үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг халсан нь үндэслэлгүй юм.

Иймд Б.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Б.Н нь 1998 оноос гаалийн байгууллагад ажилласан байх бөгөөд маргаан бүхий акт гарах үед Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар “Монгол Улсын Үндэсний Их Сургуулийг Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр №***** дипломтой төгсөөгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Монгол Улсын Их Сургуулийн албан тоотуудаар нотлогдож, Гаалийн албанд хууль бус боловсролын бичиг баримттай ажиллаж байсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр Б.Нацагнямыг гаалийн албанаас халсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар дээд боловсролтой байх шаардлагыг хангасан иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилохоор, мөн Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д “Гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол Улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Н нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гаалийн ерөнхий газрын алба хаагчдын боловсролын баримт бичгүүдийг шалгахад Монгол Улсын Үндэсний Их Сургуулийг 1995 онд эдийн засагч, нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн дипломтойгоор гаалийн байгууллагад ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудад нийцээгүй. Нэхэмжлэгч Б.Н нь Монгол Улсын Үндэсний Их Сургуулийг (тухайн үеийн нэрээр) төгсөөгүй болох нь Монгол Улсын Их Сургуулийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/785, 2020 оны 02 дугаар 05-ны өдрийн 2/337 дугаар албан бичгүүд, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03/132 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Давж заалдах гомдолд “Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн D-********* дугаартай диплом нь дээр дурдсан Боловсролын тухай хуулийн 7.1, 3.3, 8.7, 8, 9.1, 9.2, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2, 2.4, 2.5-д заасан дээрх бүх шаардлагыг хангаж байна” гэх үндэслэлийн тухайд:

Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна” гэж тус тус заажээ.

Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.14-д зааснаар дээд боловсролын сургалтын байгууллага нь “дээд боловсролтой хүмүүсийг дахин мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын болон богино хугацааны сургалт эрхлэх” эрхтэй.

Б.Н Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд 2004 оноос 2006 онд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тул хууль зүйн ухааны бакалаврын зэрэг олгосон байх бөгөөд уг бакалаврын дипломыг Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Их сургууль, дээд сургууль, коллежийн сургалтыг үндсэн болон цагаар гэсэн хэлбэрээр зохион байгуулна” гэж заасны дагуу дээд боловсролтой хүмүүсийг дахин мэргэшүүлэх хүрээнд цагийн сургалтаар олгосон болох нь Үндэсний тагнуулын академийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17/52 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж, бакалаврын зэрэг авсан нь түүнийг Монголын Улсын Үндэсний Их Сургуульд суралцаж төгссөний дагуу дахин мэргэшүүлж олгосон байх тул нэхэмжлэгчийг дээд боловсролын үндсэн сургалтаар уг мэргэжлийг эзэмшсэн гэж үзэх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ