Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1755

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05689 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ХХХ-д 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хас банкинд охин ХХХХ-ийн хамт хамтран эзэмшдэг байсан хадгаламжийн мөнгөнөөсөө 18 000 000 төгрөгийг 40 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэтэл энэ хүн мөнгийг минь өгөхгүй алга болсон тул хайж байгаад нэг удаа уулзахад удахгүй өгнө барьцаанд нь үүнийг авч бай, зарах гэж байгаа юм гээд байрны гараашийн гэрчилгээ өгөөд бас л алга болсон. Ингээд зээлээ төлөхгүй болохоор нь Булган аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч шалгаад иргэний хэрэг байна, шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.  

Одоо ХХХ-аас үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүү 360 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг бүгд 27 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

ХХ болон түүний охин ХХХ нар нь намайг ХХХ гэдэг хүнээс мөнгө зээлж байсан мэтээр бодит байдлыг илт мушгин гуйвуулсан тайлбар хийж, мөнгийг нь залилан авсан гэж эрүүгийн журмаар удаа дараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан. Миний хувьд ХХХээс мөнгө авч өгөлцөж байснаас биш, түүний ээжтэй харьцаж байгаагүй, зүс л танина. Энэ хүнээс мөнгө авч байгаагүй. Гэтэл их хэмжээний мөнгө нэхэмжлэн шүүхэд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ямар нэг гэрээний харилцаа байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан хариуцагч ХХХ-аас 27 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

Зээлийн гэрээг би ХХХ-тай хийгээд, охинтойгоо хамтран эзэмшдэг хадгаламжаа барьцаалж зээл авахуулж, охиноороо банк дахь зээлийн үлдэгдлийг нь хааж, ХХХ банкны өмнө хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдсөн байхад яагаад намайг түүнд мөнгө өгөөгүй гээд байгааг ойлгохгүй байна. Зээлийн гэрээгээр өгч байгаа мөнгийг заавал яг гарт нь тоолж өгөх ёстой гэсэн заалт Иргэний хуульд байхгүй. Дүү нь хүртэл охины минь нөхөрөөр цалингийн зээл авахуулаад л хуурамч гэрчилгээ барьцаалаад нөхөр нь салсан гэж худал хэлж зугтаалгаад хүнээр зээлээ төлүүлчихээд мөнгө аваагүй гэж худлаа хэлснийг шүүх хэрэгт байгаа баримтуудыг хамааралтай эсэхийг шалгалгүй мөнгийг шилжүүлж өгөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Түүний зээлийн үлдэгдлийг хаасан мөнгө бол охин бид хоёрын дундын өмч юм. Хэрэв зээлийн гэрээг би хийгээд ХХХ надтай хамтран эзэмшдэг данснаас мөнгө авалгүй зээлийг нь хаасан бол шүүх ингэж шийдэж болох байх. Би зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биечлэн гүйцэтгэх үүрэг байхгүй, хэн нэгнээр туслалцуулж болно. ХХХгийн зээлийг би охиныхоо зээлээд байгаа мөнгөөр нь хаасан. Иймд нэхэмжлэлийг бүрэн хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 18 000 000 төгрөг, зээлийн хүүд 360 000 төгрөг, алдангид 9 000 000 төгрөг, нийт 27 360 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгч ХХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ нарт тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг огт хийгээгүй байна.

/хх-ийн 49-50 дугаар тал/

 

Энэ нь талуудын тэгш байдал, тэдгээрийн мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр хойшлуулсан байх боловч товлосон хугацаанд хуралдаан хийгдээгүй, товыг өөрчлөх тухай захирамж гаргаагүй атлаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 09 цаг 30 минутад шүүх хуралдаан болохыг утсаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХд 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаан болохыг мэдэгдэж, гарын үсэг зуруулжээ.

/хх-ийн 82, 83, 94, 96 дугаар тал/

 

Цаашилбал шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийн огноо зөрүүтэй буюу 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гарсан байхад шүүх хуралдааны тэмдэглэл 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр тэмдэглэгдсэн, дугаарлагдаагүй зэргээс үзвэл тухайн шүүх хуралдаан хэдний өдөр явагдсан нь ойлгомжгүй байна.

/хх-ийн 98-102, 103-105 дугаар тал/

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05689 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА