| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00308/и |
| Дугаар | 343 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 343
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багт оршин суух Насмайн Жаргалсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4 дүгээр багт оршин суух Баатарын Алтан-Очирт холбогдох
2.549.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Чандмань сумд 1953 онд төрсөн, 63 настай, ам бүл 1. Тус сумын 3 дугаар багийн малчин Баатар овогтой Алтан-Очирт малчны зээлээ төлж чадахгүй банкны эрхлэгч О.Сонинцэцэг, эдийн засагч н.Баттөр нар зээлээ төл гэж шаардан мөнгөнд шахагдан аргагүй байдалд орсон явж байхад би төрийн банкин дээр таарч надаас мөнгө гуйхад нь би өөрөө боломж муутай байсан боловч 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2.549.000 /хоёр сая таван зуун дөчин есөн мянга/ төгрөг төлж өгсөн. Тухайн үед банкны ажилтан О.Сонинцэцэг, н.Баттөр Б.Алтан-Очир нар 3 нүүрээрээ надтай уулзан дахин зээл гаргаад 10 хоноод таны мөнгийг төлчихнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй байна. Б.Алтан-Очир дахин зээл авах гэсэн боловч банк зээл өгөөгүй билээ. Иймд миний биеийн байдал тааруу, эмчилгээ сувилгаанд явах шаардлагатай байгаа тул иргэн Б.Алтан-Очироос энэхүү мөнгийг төлүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Алтан-Очир нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Н.Жаргалсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь Б.Алтан-Очироос зээлийн 2.549.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь хариуцагч Б.Алтан-Очирт 2.549.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банкны Говь-Алтай салбарын Чандмань тооцооны төвөөс шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар ...хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба хариуцагч Б.Алтан-Очир нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 14 хоногийн дотор хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагчид 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан байна.
Иймд хариуцагч Б.Алтан-Очироос 2.549.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н.Жаргалсайхан нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтан-Очироос 2.549.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баатарын Алтан-Очироос зээлийн гэрээний үүрэг 2.549.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Насмайн Жаргалсайханд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтан-Очироос 2.549.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жаргалсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН