Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч  Ч.Батзориг,

Шүүгдэгч А.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ш-т холбогдох эрүүгийн 1938006410354 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А.Ш-, 

Шүүгдэгч А.Ш- нь Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Х.С-гийн Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч А.Ш- нь Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.С-гийн Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг хууль бусаар, нууцаар хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938006410354 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч Х.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед сумын төв орж...Манхан дэлгүүрийн эзэн Жанцан гэдэг хүнээр гарал үүслийн бичиг бичүүлэхээр орохдоо мотоциклио дэлгүүрийн гадаа тавиад орсон. Бичгээ хийлгээд гарж иртэл унаж явсан мотоцикль маань алга болсон байсан. Миний мотоцикль Даюун маркийн, улаан өнгөтэй, баруун талын толь, зүүн талын урд дохио хагархай зэрэг содон шинж тэмдэгтэй бөгөөд 2018 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 9 дүгээр сард 1.750.000 төгрөгөөр шинээр нь худалдан авсан. Би одоо мотоциклио 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний мотоциклийг төлөөлөгч олж өгсөн...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл, цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р тал/

              Гэрч Д.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...А.Ш- нь манай хамаатны залуу байгаа юм.Тэрээр манай 9 дүгээр багийн 25-13 тоот гэрт 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00-01 цагийн хооронд ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ А.Ш- “ХХ сумаас зам тосож ирлээ, Мөрөн орж ирээд таксигаар танай гэрт ирлээ” гэсэн. Уг нь мотоцикль дуугараад байсан. Тэгэхээр нь “сая мотоцикль дуугараад байсан, чи мотоциклоор ирээгүй юм уу” гэж А.Ш-ээс асуухад “үгүй” гэж хэлсэн. Шөнө 02 цагийн үед ХХ сумын хэсгийн төлөөлөгч нэг цагдаатай орж ирээд А.Ш-ийг босгоод аваад гарахад нь цуг гараад харахад манай байшингийн ард улаан өнгийн Даюун гэдэг мотоцикль байсан.  А.Ш- тухайн үед манайд ирэхдээ бор дээлтэй, бор суран бүстэй, хар гуталтай ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

              Шүүгдэгч А.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Миний хувьд хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 20-р тал/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40-р тал/

Хохирогч Х.С-гийн шүүгдэгч А.Ш-тэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн ХХ сумын Шувуут багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.          

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч А.Ш- нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Х.С-гийн Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

              Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Х.С-, гэрч Д.Дэлгэрмөрөн нарын мэдүүлэг, шүүгдэгч А.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,

Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 20-р тал/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40-р тал/

Хохирогч Х.С-гийн шүүгдэгч А.Ш-тэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох бармтуудаар тогтоогдож байна.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналт тавиагүй зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

              Шүүгдэгч А.Ш- нь хохирогч Х.С-гийн  өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...шүүгдэгчээс дахин хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болсон” гэх мэдүүлэг, эвлэрлийн гэрээ зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ш- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг хохирогчид төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.Ш- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн 1938006410354 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч А.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Ш-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А.Ш-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн 1938006410354 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ЭРДЭНЭ-ОЧИР