Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00814

 

   

                                                                           

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02251 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,912,000 төгрөг, ашиглалтын зардал 900,000 төгрөг, алданги 1,406,000 төгрөг, нийт 4,218,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,912,000 төгрөг, ашиглалтын зардал 900,000 төгрөг, алданги 1,406,000 төгрөг, нийт 4,218,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            3.******* нь *******, ******* нарт Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг 1 сарын 1,200,000 төгрөгөөр хөлслөхөөр, *******, ******* нар хөлсийг төлөхөөр тус тус амаар харилцан тохиролцсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            4.Анхан шатны шүүх хэргийн 9 дүгээр талд авагдсан тодорхойлолт гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс ашиглалтын зардлыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

            4.1.Хариуцагч *******ын гараар бичсэн тодорхойлолт гэх баримтад “*******тай Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* байрны ******* байрыг 2023 оны 10-17нд 6 сарын 1,200,000, мөн гараашийг сарын 250,000 төгрөгөөр харилцан тохиролцож түрээслэсэн бөгөөд энэ хугацаанд 11,000,000 төгрөгийг төлсөн. 2024-08-16 хүртэл одоо үлдэгдэл 1,912,000 төгрөг, ашиглалтын зардал 600,000 төгрөг 2024 оны 08 сарын 25нд бүх үлдэгдэл төлбөрөө төлөөд байрыг суллаж хүлээлгэж өгнө. Хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө. тодорхойлолт гаргасан *******” гэснээс үзвэл хариуцагч нар үлдэгдэл орон сууцны хөлсөд 1,912,000 төгрөг, ашиглалтын зардалд 600,000 төгрөгийг дутуу төлсөн болох нь тогтоогдож байна.

            Хариуцагч тал дээрх төлбөрүүдийг төлсөн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл хөлс 1,912,000, ашиглалтын зардал 600,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

           

            5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги1,406,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйгээс гадна дутуу дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

            5.1.Талууд гэрээгээр хэлэлцэн тохиролцож алданги тогтоож болох ба алданги тогтоосон гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол алданги шаардах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д заасан. Талууд орон сууц  хөлслөх гэрээг бичгээр байгуулж, алдангийн талаар бичгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

            Өөрөөр хэлбэл, хэрэгт хариуцагч *******ын гараар бичсэн тодорхойлолтод орон сууцны үлдэгдэл хөлс болон ашиглалтын зардлыг заасан хугацаанд төлөөгүйгээс алданги тооцох талаар тусгасныг талуудын харилцан тохиролцсон тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг нэг талын хүсэл зоригоор үйлдэгдсэн баримт гэж үзэх тул нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй.

            Иймд хариуцагч *******, ******* нараас 2,512,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,706,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаарх зохицуулалтыг шүүхийн шийдвэрт нэмсэн өөрчлөлтийг оруулна.

           

            6.Хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг танилцуулсан баримтад 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч талын “хариуцагчийн тайлбарыг танилцуулаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

            7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02251 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 2,512,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,706,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...45,542...” гэснийг “55,142” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,846 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                          Б.АЗБАЯР