| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0119/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/118 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Н-д холбогдох 1916002920145 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Ш-н Н.
Шүүгдэгч Ш.Н-гийн 2019 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарив сумын 2 дугаар багийн Дөрвөлжин хашаа гэх газар хохирогч Б.Л-тэй малын бэлчээрээс шалтгаалан маргалдан зодолдож түүний баруун суганы урд шугамаар 6 дугаар хавирганы түвшинд хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ш.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Би хүн рүү гар далайж үзээгүй байж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ш.Н-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Миний өмдний халаасанд мах идэхдээ хэрэглэдэг жижиг тонгорго хутга байсан. Тэрийгээ гаргаж гартаа бариад Л-г айлгах санаатай байтал Л та хутга шөвөг барьж болохгүй гээд миний хутгыг гараас авах гээд байсан. Би өгөхгүй гээд бид 2 булаацалдаж байгаад 2 согтуу хүн хамаагүй хөдлөөд Л-г хутгалуулчих шиг болоод ах намайг хутгалчихлаа гээд гараас хутга авсан байх, гарт хутга байхгүй байсан ... Би Л-г санаатай хутгалсан зүйл байхгүй, би айлгах гэж хутга гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ69-72/,
Хохирогч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б бид 2 хоёрдугаар багийн нутаг болох Дөрвөлжин хашаа гэх газар Б гэх айлд 21-22 цагийн үед очсон ... Архи ууж дуусгаад юм ярьж сууж байгаад Н ах бид хоёр нутаг бэлчээр ярьж байгаад танайх манай хаваржааны ойрхон буусан байна, жаахан хол буухгүй яасан юм гэж хэлсэн. Тэгсэн Н ах зөндөө айл байхад чи ганц намайг ад үзлээ гээд бид хоёр үг зөрөөд маргалдсан. Тэгээд би айлд маргаад яах вэ гарч эв зүйгээ ольё" гээд бид нар бүгд гэрээс гарсан ... Н ах бид хоёр гэрээс гараад гэрийн зүүн урд чигтээ яваад уулзах гэтэл Н ах хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй баруун гартаа хутга шиг зүйл барьсан харагдсан. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Та хутга барьж болохгүй, боль гээд гарыг нь барьж аваад хутгыг нь авах гээд булаалдаж байтал миний цээжний баруун талаар халуу дүүгээд, сонин болохоор нь гараараа дарсан чинь нойтон оргиод цус гарч байсан ... Би хутгалуулчихлаа гээд холдоод яваад гэрийн баруун талд байсан дүү Д, Б хоёр дээр очсон. Тэр хэд намайг гэрт оруулаад хэвтүүлж, цус тогтоох гээд юмаар дарж боогоод байх шиг байсан ... Н ах намайг санаатай хутгалаагүй, би гараас нь хутгыг авах гээд бид хоёр хутга булаацалдаж байгаад би хутгалуулсан ...” гэсэн мэдүүлэг / ХХ17-20 /,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... Б ахын гэрт очоод тэднийд орж 2 шил архиа гаргаж, тэнд байсан Б, Н, Д нартай хамт хувааж уусан. Архиа уугаад бүгд согтоод Н ах, Л хоёр нутаг бэлчээрийн маргаанаас болж хоорондоо хэрүүл маргаан хийж эхлэсэн … Бид нар гэрээс гараад Д бид хоёр гэрийн баруун тийш суугаад юм ярьж байтал Л би Н-д хутгалуулчихлаа гээд бид хоёр дээр хүрээд ирсэн, цээжээ гараараа дарсан, гар нь нил цус болсон байсан. Тэгээд эмч дууд гээд Б ах ирээд бид нар өргөөд гэрт оруулсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ24-26/,
Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн "... Н ах, Л хоёр бэлчээрийн асуудлаас болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Б-н гэрээс хэрэлдэж маргалдаад гарсан. Б бид хоёр бас муудалцаад бүгд гэрээс гарсан. Б бид хоёр гэрийн зүүн тал руу яваад газарт суугаад юм яриж байтал Л ах намайг Н ах хутгалчихлаа гээд хүрээд ирсэн. Гараараа цээжээ дарсан, гарын хурууны салаагаар нь цус гарч байсан … Араас нь Баасандорж ирээд Н ах Л-г хутгалчихлаа гээд ирсэн ... Цээжний баруун хэсгээс цус гарч байсан. Тэгээд сумын эмч болон цагдаад дуудлага өгсөн ..." гэсэн мэдүүлэг /ХХ27-29/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... Л, Н хоёр барьцалдаад авахаар нь би салгасан. Тэгсэн дахиад зодолдох гээд барьцалдаад авсан. Би дахиад салгасан чинь Л намайг наадах чинь хутгалчихлаа гэхээр нь юу гэнээ гээд Н-г бариад авсан чинь гартаа жижиг тонгорго хутга барьсан байхаар нь сандраад гараас нь булааж аваад шидсэн. Яг аль гартаа хутга барьсан байсныг одоо сайн санахгүй байна. Гараас нь хутгыг нь булаагаад авсан чинь эвхэгддэг тонгорго хутга байхаар нь эвхээд шидсэн ... Л цээжнийхээ баруун талд гараараа дарсан байдалтай Б, Д хоёрын хажууд очоод сууж байсан. Гар нь цус болсон, цээжнээс нь цус гарч байсан. ..." гэсэн мэдүүлэг /ХХ30-32/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 281 дугаартай “...1. 2. Б.Л-н биед баруун суганы урд шугмаар 6-р хавирга түвшинд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой.
4. Шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /ХХ43-44/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ8/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ9-10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3-4/ түүнд хавсаргасан гэрэл зураг /ХХ4-6/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н-гийн 2019 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дарив сумын 2 дугаар багийн Дөрвөлжин хашаа гэх газар хохирогч Б.Л-тэй малын бэлчээрээс шалтгаалан маргалдан зодолдож түүний баруун суганы урд шугамаар 6 дугаар хавирганы түвшинд хутгалан шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Уг нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ гэмт хэрэг мөн байх тул шүүгдэгч Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Н-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн эвхэгддэг 1 ширхэг хутгыг “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ш-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Н-д сануулсугай.
5. Шүүгдэгч Ш.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн эвхэгддэг 1 ширхэг хутгыг “эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА