Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00818

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/09481 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь өөрийн фейсбүүк хуудсаараа 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Манай ******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн агуулгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ******* миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг түгээсэн ба тус пост дээрх өгүүлбэр бүр нь олон нийтийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн.

1.2.******* нь түүхч мэргэжилтэй, ******* захирал болон Олон улсын Монгол судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалтай болно. Гэтэл ажил хэргийн нэр хүндэд “Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос, бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн худал мэдээллээр ажил, албан тушаалтай нь холбогдуулан илт худал мэдээллээр халдсан.

1.3.Иргэний нэр төрд “Манай ******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм бх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой” гэх мэдээллээр иргэний нэрийг шууд нэрлэн зааж, илт худал мэдээллийг тарааж, нэр төрд халдсан.

Иймд худал мэдээлэл тараасан бүх арга, хэлбэрээр нэхэмжлэгч *******ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* олон нүүртэй шүү гэдэг нь тэрээр өөрийнхөө эрх мэдлээс давсан олон асуудалд оролцдог, энэ нь хохиролтой гэж үздэг ба эдгээрийг “олон нүүр” гэж тодорхойлсон болно. Би *******ыг бусад хүмүүсийн зохиосон ном, бүтээлийг өөрийн нэг сэдэвт бүтээл гэж дурдаад академич цол авсанд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Монгол улсын архивд байгаа, судалгаа боловсруулалт хийгдээгүй 640 хуудас материал Хятад улсын байгууллагад хуулбарлан өгсөнд үнэхээр харамсаж, яагаад ял хариуцлага хүлээхгүй байна вэ гэж уур хүрч цухалдаж явдаг. Үндэсний төв номын санд хадгалагдаж байсан Өндөр гэгээний намтар /бас л судлагдаагүй/-ыг Хятад улсад өгөөд өөрийгөө зохиолч мэтээр номонд нэр оруулсанд мөн л шүүмжлэлтэй ханддаг. Судлагдаагүй баримтыг тэр чигээр нь хуулбарлан өгөх нь улс орны түүхийн судалгаанд ноцтой хор аюултай юм. Цахим хаягт нийтэлсэн өгүүлбэр бүр баримтад тулгуурласан.

2.2.******* сайт *******.-нд ярилцлага өгсөн, хаяг бүхий линкээр ороод түүний яриаг сонсоход “Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх, Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой” гэж шүүмжилсэн асуудал үнэн болох нь батлагдана. Хархорины хөндий нь Юнескод соёлын өвөөр бүртгэгдсэн тул тухайн газарт хот барихын өмнө археологийн судалгаа бүрэн хийж дууссаны дараа хот суурин барих эрх үүсэх юм.

******* нь ...“Хархорум хотыг сэргээх зарлиг гарсан. Байгальд ээлтэй цогц хот байгуулах ёстой. Уламжлал, шинэчлэл, байгаль экологийн, эдийн засгийн соёлын аялал жуулчлал зохистой нөөцөд зөв төлөвлөж байгуулах юм бол хөгжүүлнэ. Нийгэм эдийн засгийн үндэслэлийг судлах ёстой. Тухайн үеийн дэлхийн хамгийн том эзэнт гүрний нийслэл байсан. Эрдэнэ зууг анх байгуулсан, Монголын голомт тэнд төвлөрч байсан. Төрийн тавьж байгаа бодлогыг зохистой хөгжүүлэх ёстой. Эзэнт гүрний хамгийн том нийслэл бөгөөд олон шашин, үндэстнүүд байгуулсан өрнө дорнын уулзвар болсон хот байсан г.м яриа нь өөрөө Хар хорин хотыг босгох гэж байгаа юм байна гэсэн шүүмжлэл бичихэд хүргэсэн. Тэрээр яриандаа 2, 4, 3 зүйл гээд баахан хольж хутгасан юм ярьдаг боловч Хар хорин хотыг байгуулах төлөвлөгөөг дутуу байна, эсвэл цогц биш гээд байгаа агуулга ойлгомжгүй байсан учир “Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх” гэж хэлсэн. *******ы ажил үүрэгт Хар хорин хотыг хэрхэн ямар чиглэлээр барьж байгуулах хэрхэн төлөвлөх талаар чиг үүрэг байхгүй. *******: Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах зураг төсөлд 40 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо баримтаа өөрөө л нотлох үүрэгтэй байна.

2.3.******* нь мөн “8 дугаар давхарт Хархорины макетыг тавьсан. Хархориныг малтаж эхлээд 100-д жил болсон. 10-ны нэг хувийг л малтсан байгаа. Хар хориныг тойрсон олон хот байна. Судалгаа тогтвортой явагдаагүй. Тогтвортой явуулсан ч дорвитой цараатай судалгаа хийгээгүй. Зөвхөн гадаадтай хамтарсан судалгаа хийгдсэн. Системтэй судалгаа байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг үндэсний хэмжээний том экспедицүүдийг ажиллуулах хэрэгтэй, тогтвортой явуулах ёстой... Үндэсний хэмжээний томоохон баг 5-8 жил ажиллах тэгж байж энэ ингээд цогцоороо хийгдэнэ.... Германы судалгаа 20 жил дорвитой явсан боловч сүүлийн 10-аад жил зогссон. Тогтвортой үндэсний хэмжээний экспедицүүдийг ажиллуулах нь зохистой” гэж хэлсэн учир гадаадынхан ажиллахгүй юм байна гэж шүүмжилсэн. Энэ ярилцлагын сүүлийн 10-11 дэх минутад энэ талаар тодорхой ярьсан. Түүнчлэн МУИС-ийн ******* зэрэг баг Германтай хамтарсан археологийн судалгаа хийж, амжилттай ажиллаж ирсэн. Гадаадтай хамтарсан судалгаа гэж яриагүй учир ингэж шүүмжилсэн. Энд үндэсний хэмжээний экспедицүүдийг ажиллуулах талаар ямар судалгаа тоо баримт байгаагаа энэ хүн өөрөө нотлох үүрэгтэй гэж үзэж байна.

2.4.Харин нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт энэ тухай олон жил шүүмжлэн ярилцсан бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал гэрээнд гарын үсэг зурсан байгаа. ******* нь 2010-2015 онд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. 2012 онд Монголын Үндэсний Архивд хадгалагдаж буй Манжийн үед холбогдох “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт 640,000 хуудас баримтыг БНХАУ-ын Хятадын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төв гэдэг газрын захирал ******* гэдэг эрх мэдэлтэнтэй гарын үсэг зурж шилжүүлсэн байдаг. Түүхийн хүрээлэнгийн захирал Монголын үндэсний архивын баримтыг гадаад улсад өгөх асуудалд гарын үсэг зурсны учир, ямар асуудал буйг шалгах шаардлагатай гэж би үздэг, шүүмжилж ханддаг.

Эдгээр баримт нь Манжийн эрхшээлийн үед хамаарах 200 жилийн түүхийн баримт бөгөөд судалгаа шинжилгээний боловсруулалт хийгдээгүй, асар их хүн хүчний ажил шаардлагатай, нууцлаг баримт юм. Зөвхөн архивын эмх цэгц, гарчиг үүсгэх зэрэг ажлыг л бүтэн баг 1950-1980-аад оныг хамруулан 30 гаруй жил үйлдсэн. Доторх нарийвчилсан шинжилгээний ажил бараг байхгүй. Түүний байгуулсан гэрээ, гарын үсэг зурсан байдлаар олон нийтийн хүртээл болсон. Эдгээр баримт судалгааны эргэлтэд ороогүй бөгөөд одоогийн байдлаар 1280 боть хэвлэгдэхээс 20 боть л хэвлэгдсэн. Энэ талаар МУИС-ийн багш ыг “Улсын түүхийн баримтыг хэрхэн үнэгүйдүүлсэн” талаар маш тодорхой ярилцлага өгсөн тул гэрчээр асуулгаж түүний олон нийтийн хэрэгслээр ярьсан ярилцлагын бичлэгийг шүүхэд нотлох баримтаар өгнө.

2.5.******* Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Өндөр гэгээн”-ний намтар болох дөрвөн судар, гар бичмэл зэргийг 2020 оны 4 сард БНХАУ-ын талд хуулбарлан өгч, 2 боть болгон хэвлүүлсэн. Тус номд гарсан танилцуулга дээр *******ыг “БНХАУ-ын Ардын Их Сургуулийн Син Ао эрдэмтэн” хэмээсэн байдаг. Дашрамд тус номд “Улсын төв номын сан” гэж бичсэн байна. Монголд тийм газар байхгүй. Дээрх хоёр шалтгаанаар би *******ыг “нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар” өгсөн гэж бичсэн, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ бол Үндэсний Төв номын сангийн хөрөнгө бөгөөд өөрийнхөө нэрийг тавиад хэвлүүлсэн байсан учир шүүмжилсэн юм.

2.6.Чингис хааны үеийн алтан зоос хэрхсэн талаар мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан тул би зөвхөн дурдсан байгаа. Би түүнийг Чингис хааны үеийн алтан зоос худалдаж авсан, хулгайлж авсан, өөрөө хийлгэсэн гэх мэт үйл баримт мэдэхгүй учир зөвхөн дурдсан.

2.7.Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын академийг ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүндээ гэсэн нь дараах үндэслэлтэй. ******* нь 2016-2023 онд Олон улсын монгол судлалын холбоо гэдэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Монгол хэл, соёл, түүх, эдийн засаг, хүн судлал гээд Монгол Улстай холбоотой судалгаа хийдэг Дэлхийн олон орны эрдэмтдийг холбодог, 5 жилд тутам 1 удаа олон улсын хурал зохион байгуулах үүрэгтэй ТББ юм. Дэлхийн ихэнх нь улс 2021 оны хавраас, Монгол Улс 2021 оны 9 сараас бүх зүйлээ нээлттэй болгосон. Цар тахлын үед хичээл, хурал, ажлыг цахимаар зохион байгуулж, тасралтгүй ажиллаж байсан ч хурлыг зохион байгуулах ажил хийгээгүй, цахим хэлбэрээр ч болов зохион байгуулах шийдэл дэвшүүлээгүй тэрээр төлөвлөгөөт хурлыг цагт нь зохион байгуулалгүй 2 жил хойшлуулсан. Энэ хурлаар олон эрдэмтэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шинэ бүтээл, судалгааны ажлаа гаргаж хэлэлцүүлдэг, монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулах асуудал хэлэлцэгддэг тул түүхч бидний хувьд чухал ач холбогдолтой хурал байдаг. Сүүлдээ эрдэмтэн багш нар шаардаж байж энэ хурлыг зарлуулсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д гол ерөнхий дүгнэлтийг өгсөн. Хариуцагч нийтлэсэн “яриа” гэх пост нь бүгд сайтуудад цацагдсан мэдээлэл биш бөгөөд уг постонд сайтуудад цацагдаагүй өөрийн бодол, итгэл үнэмшлээр зохион найруулсан нэхэмжлэгч *******ы нэр төрд халдсан мэдээллүүд байгааг анхан шатны шүүх ялган авч дүгнэлгүй бүх пост дахь агуулгыг сайтуудад цацагдсан мэдээлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. өөрийн зохиосон нэр төрд халдсан мэдээлэл бүхий хэсэг буюу “Манай ******* олон нүүртэй шүү, тэнд ажилладаг гадны археологчид ажиж ажиллаж чадахгүй бололтой, бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” эдгээр мэдээлэл нь өөрийн найруулж, нийтэлсэн сайтуудаас эх сурвалж аваагүй, хувийн бодлоос үүдэлтэй мэдээлэл болно. Энэхүү мэдээлэлд *******ы олон нүүртэй, Хархорин төсөлд ажиллаж буй олон мянган хүнийг ******* нь ажилгүй болгох гэж байна, Олон улсын Монгол судлалын холбоо гэх маш том холбооны ажлыг гацааж, үйл ажиллагааг нь зогсоож, ажиллуудаггүй гэх мэт илт худал мэдээллийг олон нийтэд цацсан байна. Энэ мэдээллүүдийг хариуцагч нь няцааж, үнэн зөв болохыг нотлоогүй байхад бодит байдалтай нийцэж буй дүгнэлт мэтээр шүүх дүгнэсэн нь илт үндэслэлгүй.

сайтуудаар цацсан мэдээллийг үндэслэн цацсан мэдээллүүд буюу “Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх, харин нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэрээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос” гэх мэдээлэл нь аливаа этгээд нь бусдын нэр төрд халдаж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараахдаа сайтын мэдээллийг үндэслэвэл “бодит байдалд нийцсэн” мэдээлэл болох агуулга бүхий шийдвэрийг шүүх гаргасан. Тараасан мэдээллийг үнэн зөвийг нотлох үүрэг нь “мэдээлэл тараагч нь мэдээллийн эх сурвалжаа баттай, нотолгоотой эх сурвалж болохыг ойлгосны хүрээнд тухайн мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэдэг итгэл үнэмшилтэйгээр мэдээллийг олон нийтэд цацсан” байх агуулгатай гэж нэхэмжлэгч талаас үзэж буй бөгөөд сайтад байрших нь өөрөө тухайн мэдээллийг баттай, нотолгоотой эх сурвалжтай мэдээлэлд тооцох үндэслэл болохгүй.

4.3.Хэдий мэдээллийг үнэн зөв болохыг нотлох үүрэг нэр төр гутаагдсан этгээдэд хамаарахгүй боловч энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх сайтуудад байршсан гэх мэдээллийг илт худал мэдээлэл болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг нэхэмжлэгч талаас өгсөн ч анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг огт үнэлээгүй атлаа нэхэмжлэгч талыг мэдээллийн үнэн зөвөө нотолж чадсангүй гэх буруутгалыг шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7 дугаар заалтад өгсөн.

Сайтад цацсан гэх: “Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар”-ын талаарх мэдээллийг ******* нь байнга олон нийтэд цацдаг ба дээрх Өндөр гэгээний намтарын талаарх 640 мянган нүүр архивын баримтыг хятадуудад өгсөн гэх агуулгаар тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, дүүргийн цагдаад гомдол өгч өөрөө шалгуулсан ба үүнийгээ энэхүү иргэний хэрэгт өгсөн өөрийн тайлбартаа дурддаг. Гэтэл энэхүү асуудлыг *******ийн гомдлоор хянаад Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 217 дугаартай прокурорын тогтоол /хх69-75, 74 дэх нүүр, хамгийн сүүлийн догол мөрөнд/ гарч *******ыг “Өндөр гэгээний намтарын талаарх 640 мянган нүүр архивын баримтыг хятадуудад өгсөн” гэх гомдол нь үндэслэлгүй, түүний үйлдэлд гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байдаг.

Энэ прокурорын 219 дүгээр тогтоол нь Өндөр гэгээний намтарын талаарх 640 мянган нүүр архивын баримтыг хятадуудад өгсөн гэх үйл бармит нь үндэслэлгүй болохыг тогтоосон баталгаатай эх сурвалжтай нотлох баримт бөгөөд энэхүү прокурорын тогтоолын агуулгыг ******* нь мэдэж буй атлаа санаатайгаар дахин нэг жилийн дараа маргаан бүхий нэр төрд халдсан постыг өөрийн цахим хаягаараа оруулсан.

4.4.Чингис хааны үеийн алтан зоостой холбоотой мэдээллийг өөрийн цахим хуудастаа байршуулсан сайтыг /шүүхийн үзлэгээр тухайн сайтын мэдээллийг бэхжүүлэн авсан байдаг хх111-114/ *******ы нэр төрд халдсан мэдээллийг олон нийтэд түгээсэн тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02585 дугаар шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ба тухайн сайтаараа дамжуулан *******аас уучлалт гуйсан. Гэтэл дээрх сайтаараа дамжуулж, илт худал мэдээлэл тараасандаа уучлал гуйсан байхад ******* нь мэдсэн атлаа "алтан зоосны талаарх" постыг 1 жилийн дараа дахин өөрийн цахим хуудаст оруулж, олон нийтэд түгээсэн.

4.5.Мөн анхан шатны шүүх хуралдааны өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00852 дугаар шийдвэрийг нотлох баримтаар өгсөн ба энэхүү иргэний хэргийн 111-114 дүгээр хуудаст үзлэгээр бэхжүүлсэн гэх сайтуудын мэдээ мэдээлэлд дурдсан үйл баримт илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр юм.

Ийнхүү сайтууд дээрх мэдээлэл нь хүртэл илт худал мэдээлэл болохтой холбоотой шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол зэргийг нотлох бармитаар нэхэмжлэгч тал өгсөн байхад нэхэмжлэгчийг хариуцагчийн тараасан мэдээллийг няцааж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.6.Архивийн баримтын зохиогчийн эрхийг хэн эдлэх, эдлэхгүй тухай хэн ч маргаагүй, үүнийг тогтоох тухай маргаан биш байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй агуулгаар дүгнэлт өгсөн.

4.7.“Олон улсын Монгол судлалын холбооны хурлыг 5 жил тутам зохион байгуулахаар холбоо нь дүрэмдээ заасан, уг ажлыг тус холбооны нарийн бичгийн даргын ажлыг гуйцэтгэж байсан ******* дүрэмд заасан хугацаанд зохион байгуулаагүй байгаа зэрэг үнэн мэдээлэл хэргийн баримтаар тогтоогдож байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг нотлосон нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй бөгөөд хариуцагчийн аман тайлбарыг шууд үндэслэсэн. Хариуцагч нь татгалзалынхаа үндэслэлийг нотлосон баримтыг шүүхэд өгөөгүй байхад ийнхүү анхан шатны шүүхээс хийсвэр дүгнэлт өгсөн. Мөн хариуцагч ******* нь олон нийтэд цацсан илт худал мэдээ мэдээлэл нь Олон улсын Монгол судлалын Холбоо гэх маш том холбооны ажлыг гацааж, үйл ажиллагааг нь зогсоож, ажиллуулдаггүй гэх мэдээлэл дээр маргаж буй болохоос сонгуультай холбоотой агуулгаар ******* мэдээлэл цацаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөөгүй.

Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6, 7, 8 дугаар хэсгүүдийн шүүхийн дүгнэлтүүд нь бүгд “нэхэмжлэгч мэдээллийн үнэн зөвийг нотлоогүй, няцааж чадаагүй” гэх агуулгатай байгаагаас үзвэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 21.2-т заасан “мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох” хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэр төр гутаагдсан этгээдийг мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Үндэсний мэдээллийн портал Таймс.мн сайтад нэхэмжлэгч *******ы өгсөн ярилцлага нийтлэгдсэн бөгөөд уг ярилцлагын бичлэгийг CD хэлбэрээр анхан шатны шүүхэд гаргаж, мөн дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Тухайн ярилцлагад нэхэмжлэгч нь үндэсний хэмжээний томоохон 23 экспедицийг зохион байгуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Үүнийг үндэслэн, өмнө нь Хархорин хотын малтлагад тогтвортой оролцож ирсэн Герман улсын судалгааны багийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх эсэхэд эргэлзээ үүссэн гэж үзэж, нэхэмжлэгчийн байр суурийг шүүмжлэн дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, уг ярилцлагын агуулгад тулгуурлан гадаадын судлаачдыг оролцуулахгүй байх магадлалтай гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд энэ нь бодит ярилцлагад үндэслэсэн шүүмжлэл юм. Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын үйл ажиллагааг шүүмжлэх эрхтэй. Ялангуяа ижил мэргэжлийн хүрээнд буюу түүхч, судлаач, доктор зэрэг мэргэжлийн хүмүүс хоорондоо эрдэм шинжилгээний байр суурь, үйл ажиллагааг шүүмжлэх нь хэвийн бөгөөд зөвшөөрөгдөх хүрээнд хамаарна. Иймээс нэхэмжлэгчийн өгсөн ярилцлагын агуулгад тулгуурлан түүний судалгааны чиглэл, бодлого, үйл ажиллагаанд дүгнэлт хийж, шүүмжлэл илэрхийлсэн нь үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд хамаарна.

5.2.Архивын 640 хуудас баримт болон Хүрээ сайдын сан хөмрөгтэй холбоотой баримтуудыг БНХАУ-ын хил орчмын бүс нутгийн түүх судлалын төвийн захирал Ли Шин гэх этгээдтэй гэрээ байгуулан шилжүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд гарсан. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн багш ын олон нийтэд өгсөн мэдээлэл, мэдүүлгийг нотлох баримтаар хавсаргасан. Мөн уг асуудлыг холбогдох байгууллагууд шалгасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн асуудалд холбогдон шалгагдсан нь өөрөө бодит үйл баримт юм. Хариуцагчийн зүгээс хулгайлсан гэх мэт шууд гэм буруугийн шинжтэй мэдэгдэл хийгээгүй, харин уг асуудалд холбогдон шалгагдсан гэх хүрээнд мэдээлэл өгсөн.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан этгээдийн тухайд ******* өөрөө бус, харин , зэрэг холбогдох хүмүүс өргөдөл гаргасан бөгөөд уг хэрэгтэй холбоотойгоор бусад багш, гэрчүүд мэдүүлэг өгсөн. Иймээс дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчтэй холбоотой асуудлууд нь бодитойгоор үүсэж, шалгагдсан үйл баримттай холбоотой тул хариуцагч ор үндэсгүй, зохиомол мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй.

5.3.Өндөр гэгээний намтартай холбоотой асуудлын тухайд нэхэмжлэгч нь уг бүтээлийг өөрийн нэр дээр хэвлүүлсэн талаар олон нийтэд мэдээлэгдсэн. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их сургуулийн эрдэмтэн хэмээн өөрийгөө тодорхойлж, Үндэсний төв номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байсан баримтыг өөрийн нэр дээр хэвлүүлсэн гэж үзэх үндэслэл бий. Иймээс уг үйлдлийг шүүмжилсэн. Хэрэв тухайн этгээд эдгээр баримтыг өөрийн нэр дээр хэвлүүлэх эрхийг холбогдох байгууллагаас хууль ёсоор авсан байсан бол шүүмжлэх үндэслэлгүй байх байсан. Харин уг асуудал шалгагдаж, тодорхой хэмжээнд тогтоогдсон үйл баримт байгаа тул уг шүүмжлэл нь бодит нөхцөл байдалд тулгуурласан.

5.4.Чингис хааны үеийн алтан зоостой холбоотой мэдээллийн тухайд нэхэмжлэгч өөрөө цахим мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа алтан зоос худалдах санал тавьсан этгээд өөртэй нь удаа дараа холбогдсон боловч хүлээн аваагүй гэх агуулгатай тайлбар өгсөн. Хариуцагч уг ярилцлагын агуулгад тулгуурлан нэхэмжлэгч нь ийм төрлийн асуудалд холбогдож байсан талаар дүгнэлт хийсэн бөгөөд зоос хулгайлсан, хууль бусаар худалдан авсан гэх мэт гэм буруугийн шинжтэй мэдээлэл тараагаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийн өгсөн ярилцлагын агуулгад тулгуурлан тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй гэсэн хүрээнд шүүмжлэл илэрхийлсэн.

5.5.Мөн Олон улсын Монгол судлалын холбооны үйл ажиллагаатай холбоотой асуудлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэж, тус байгууллагын дүрмийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүрмээр тус академи нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 5 жил тутам хурал зохион байгуулах ёстой гэж заасан. Монгол судлалын чиглэлээр ажилладаг судлаачдын хувьд энэхүү хурал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой, эрдэм шинжилгээний гол арга хэмжээний нэг бөгөөд тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, судалгааны үр дүнг танилцуулах боломж болдог. Гэтэл дээрх хугацаанд уг хурал зохион байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгч нь тухайн байгууллагын нарийн бичгийн даргын хувьд уг үйл ажиллагааг зохион байгуулах талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Иймээс энэхүү нөхцөл байдлыг үндэслэн үйл ажиллагааг идэвхтэй явуулахгүй байна гэх шүүмжлэлийг илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь Монгол судлалын олон улсын академийн төлөвлөгөөт хурлыг хугацаанд нь зохион байгуулаагүй, улмаар хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан гэж үзэх үндэслэл байгаа тул уг байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй явуулахгүй байна, холбооны хурлыг зохион байгуулахгүй байна гэсэн агуулгаар шүүмжилсэн.

Хэрэгт хавсаргасан зарим шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолууд нь тухайн маргааны бодит нөхцөл байдлыг харуулах зорилготой бөгөөд энэ хэрэгт хамааралгүй байдлаар тайлбарлагдах үндэслэлгүй. Тухайлбал, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр зэрэг баримтууд нь тухайн асуудлын нийт нөхцөл байдлыг илэрхийлэхэд ач холбогдолтой. Чингис хааны үеийн алтан зоостой холбоотой асуудлын хувьд нэхэмжлэгч өөрөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагадаа уг асуудалд холбогдох этгээд өөртэй нь удаа дараа холбогдсон талаар дурдсан. Хариуцагч энэхүү ярилцлагын агуулгад тулгуурлан мэдээллийг нийтэлсэн бөгөөд хэрэв нэхэмжлэгч уг ярилцлагыг өгөөгүй, эсхүл буруу ташаа мэдээлэл нийтлэгдсэн гэж үзэж байсан бол тухайн үед холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагад няцаалт гаргах, баримтаар үгүйсгэх боломжтой байсан. Мөн Монгол судлалын олон улсын академийн үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийн тухайд хэрэв тухайн хурал үнэхээр зохион байгуулагдсан, эсхүл хойшлуулсан шалтгаан, нөхцөл байдал байсан бол түүнийг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл ийм төрлийн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд мэдэгдээгүй, харин тодорхой асуудалд холбогдон шалгагдсан талаар дурдсан. Уг асуудлаар холбогдох байгууллагад удаа дараа өргөдөл гаргагдсан бөгөөд эдгээрийг МУИС-ийн багш, судлаачид гаргасан болох нь тогтоогддог.

Иймээс нэхэмжлэгчтэй холбоотой дээрх асуудлууд нь бодит нөхцөл байдалд тулгуурласан, шалгагдсан үйл баримттай холбоотой бөгөөд хариуцагчийн зүгээс үндэслэлгүй, зохиомол мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өөрийн олон нийтэд өгсөн ярилцлага, мэдэгдэлд тулгуурласан болно. Гэтэл нэхэмжлэгч эдгээр шүүмжлэлийн агуулгыг шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлаж, маргааны хүрээнээс хальсан байдлаар тайлбарлаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

            3.Хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа “******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм бх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн агуулгатай пост нийтэлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

            4.Нэхэмжлэгч нь дээрх нийтлэлийн өгүүлбэр тус бүр нь олон нийтийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн бөгөөд “...Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос, бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн хэсгийг илт худал мэдээллээр өөрийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж,

            “...“Манай ******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм бх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой” гэсэн хэсгийг иргэний нэрийг шууд нэрлэн зааж, илт худал мэдээллийг тарааж, иргэний нэр төрд халдсан гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгожээ.

 

            5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар дараах байдлаар нэмж дүгнэлт хийнэ.

            Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

            Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд бусдын нэр төрийг гутаах, доромжлох сэдэл санаа агуулсан эсэхээс үл хамаарч, тэрхүү мэдээллийн улмаас нэхэмжлэгчид заавал эдийн болон эдийн бус хохирол учирсан байхыг шаардахгүйгээр тараасан мэдээ бодит байдалд нийцээгүй бол тухайн этгээд няцаах үүрэг хүлээнэ.

            5.1.Хариуцагчийн нийтэлсэн “...Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар” гэсэн хэсгийн мэдээллийг ******* нь байнга олон нийтэд цацаж, илт худал мэдээлэл тараан ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлийн тухайд:

            Нэхэмжлэгч нь дээрх мэдээлэлд тусгагдсан агуулга буюу “*******ыг Өндөр гэгээний намтарын талаарх 640 мянган нүүр архивын баримтыг хятадуудад өгсөн” гэх гомдолд үндэслэн түүнийг шалгаж, улмаар гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж тайлбарлахдаа Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 217 дугаар тогтоолыг үндэслэсэн.

            Хариуцагч нь цахим сайтад гарсан мэдээ, түүнд гарсан гэрээ, цахим сайтад өгсөн МУИС-ын багш ын ярилцлагад улсын түүхийн баримтыг хэрхэн үнэгүйдүүлсэн талаар тодорхой ярьсан зэргийг үндэслэн түүнийг “нөгөө нүүрээрээ архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар” өгсөн гэж бичиж үзэл бодлоо илэрхийлсэн гэж тайлбарласан.

            5.1.1.Анхан шатны шүүхээс хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл болсон цахим мэдээллийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нийтлэгдсэн “Соёлын сайд ******* нарын БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хийсэн гэрээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдэж, уг нийтлэлд Монгол Улсын Үндэсний Архивын “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ гэх нэртэй хэлцлийг монгол талыг төлөөлж Архивын Ерөнхий газрын дарга , Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн түүхийн хүрээлэнгийн захирал ******* нар гарын үсэг зурсан, гэрээний 1.1-д “Хүрээ Сайдын баримт”-ын бүх дансыг буюу сэргээн засварласан 640,000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг эмхэтгэнэ.”, 1.3-т “Баримтын нэг боть нь ойролцоогоор 500 нүүр байх ба нийтдээ 1280 орчим боть болно. ...” гэж,

            мөн өдөр нийтлэгдсэн “Соёлын  сайд асан *******ыг соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байна” гэсэн гарчигтай мэдээлэлд “...Соёлын сайд асан, Чингис хааны музейн захирал ******* нарын хүмүүсийг Үндсэний Номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. ...” гэж,      цахим мэдээллийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр “...2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “: Түүх, соёлын хосгүй үнэт сурвалжуудыг Хятадын талд өгсөн *******ы шүүх хуралдаанд гэрчээр оролцоход бэлэн байна.” гэсэн гарчигтай мэдээлэлд тэрээр “Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган хуудас бүхий номны эхний 10 мянган хуудсыг 20 боть болгож Хятадад хэвлүүлсэн. Энэ номыг АНУ-ын Конгрессын номын сангийн каталогт “Хятадын хүрээ гэдэг нэртэй хошууны орон нутгийн түүх” гэсэн тайлбартай оруулсан байна. ...Төр, улс хууль гэж байгаа бол яаралтай таслан зогсох хэрэгтэй. ...Соёлын сайдын албан тушаалыг хашиж байсан хүн хуулийн зүйл, заалтыг мэддэг учраас л тийм зоригтой үйлдэл хийж байна. Хүлээх хариуцлагаа мэдсэн учраас л удаа дараа буюу эхлээд 640 мянган нүүр бүхий 2,489 нэгж баримт, дараа нь Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой эх сурвалжийг Хятадын талд өгсөн. ...” гэж тус тус тусгагдсан байхаас гадна дээрх сайтуудад тусгагдсан 2 нийтлэлтэй холбоотойгоор *******ыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа талаар , , гэсэн цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэж байжээ.

            5.1.2.Дээр дурдсаныг харьцуулан дүгнэвэл, ******* захирал *******ыг эрүүгийн журмаар шалгаж, дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх ба БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хийсэн гэрээнд заасны дагуу 1,200 боть номоос 20 боть, мөн Өндөр Гэгээн Занабазарын намтрын талаар 2 боть ном худалдаалагдаж байгаа талаар маргаагүй.

            Өөрөөр хэлбэл, цахим мэдээлллийн сайтуудад дурдагдаж буй холбогдсон асуудлаар хариуцагч ******* судлаачийн хувиар байр сууриа илэрхийлсэн, тухайн асуудалд шүүмжлэлтэй хандсан гэж үзэхээр байх бөгөөд өөрийн зүгээс үндэслэл тодорхойлж, тодорхой баримтууд заасан, тэдгээр нь хэрэгт авагдсан тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

            5.2.Хариуцагчийн нийтэлсэн “...өөр нүүрээрээ “Чингис хааны үеийн алтан зоос” гэсэн хэсгийг хариуцагч өөрийн цахим хуудаст нийтэлж, илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлийн тухайд:

5.2.1.Нэхэмжлэгчээс дээрх шаардлагад дурдагдсан нийтлэл нь худал мэдээлэл болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2022/01992 дугаар магадлалаар нотлогдоно гэж тайлбарласан.          

Хариуцагчаас “Чингис хааны зоос хэрхсэн талаар мөн л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан тул зөвхөн дурдсан” гэж тайлбарлахдаа хэргийн 111-114 дүгээр талд хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдээллийг татгалзлын үндэслэлээ болгосон.

Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд unuudur.mn, updown.mn, zms.mn, eguur.mn, polit.mn, livetv.mn цахим мэдээллийн хэрэгслүүдэд Чингис хааны алтан зоостой холбоотой мэдээллүүд нийтлэгдсэн байх ба үүнээс unuudur.mn цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн мэдээлэл нэхэмжлэгч *******ы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, polit.mn цахим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн мэдээлэл худал болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоожээ. Гэвч бусад цахим мэдээллийн хэрэгсэлд адил агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн байна.

Харин хариуцагч өөрийн цахим хуудсанд “…Чингис хааны алтан үеийн зоос” хэмээн нийтэлсэн нь нэхэмжлэгчийг шууд гүтгэсэн, түүний ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үндэслэл тогтоогдохгүй байх ба уг нийтлэл нь тодорхой баримтад тулгуурласан байна. Түүнчлэн хариуцагч нь нийтэлсэн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул түүнийг илт худал мэдээлэл тараасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.3.Хариуцагчийн нийтэлсэн “...Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ” гэсэн хэсгийг хариуцагч өөрийн цахим хуудастаа нийтэлж, илт худал мэдээлэл тарааж, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлийн тухайд:

5.3.1.Хариуцагч нь тайлбар, татгалзлаа “******* нь 2016-2023 онд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа холбооны дүрэм заасан Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурлыг таван жилд тутамд 1 удаа зохион байгуулах үүрэгтэй байсан ч хурлыг цагт нь зохион байгуулалгүй 2 жил хойшлуулсан. Уг хурлаар монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулах асуудал хэлэлцдэг тул түүхч бидний хувьд чухал ач холбогдолтой. Хуралдааныг “Ковид-19” цах тахлын нөхцөл байдалд цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтой байсан ч хойшлуулсан тул шүүмжлэлтэй хандсан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хурал зохион байгуулах үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хойшлогдсон гэж тайлбарласан.

Талуудын дээрх тайлбараас үзвэл ******* нь 2016-2023 онд Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурлыг зохион байгуулаагүй үйл баримт тогтоогджээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд өөрийн санал, шүүмжийг илэрхийлэх эрхтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь ******* захирал болон Олон Улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлдэг нийтийн зүтгэлтний хувьд нийтийн болон хэвлэл мэдээллийн хяналтанд байнга өртөх онцлогтой. Өөрөө хэлбэл тэрээр энгийн иргэнтэй харьцуулахад өөрийнх нь үйл ажиллагаа, байр суурьтай холбоотой шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй.

 Нийтийн зүтгэлтэн гэдэгт улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, эдийн засгийн салбарт нөлөө бүхий, эсхүл нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, идэвхтэй оролцдог хүнийг хамааруулж ойлгох бөгөөд тухайн ажил, албан тушаалыг эрхлэхийг өөрөө зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжүүлж буй тул шүүмжлэлд хүлээцтэй хандах ёстой. Иймд хариуцагч ******* нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд өөрийн санал, шүүмжийг илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.4.Нэхэмжлэгчийн “...“Манай ******* олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм бх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой” гэсэн хэсгийг иргэний нэрийг шууд нэрлэн зааж, илт худал мэдээллийг тарааж, иргэний нэр төрд халдсан гэсэн шаардлагын тухайд:

5.4.1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн 3 агуулгын талаар зохицуулсан ба эдгээр нь бүгд өөр хоорондоо нягт уялдаатай боловч бие даасан агуулгатай байна.

Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай бөгөөд энэ маргааны хүрээнд нэхэмжлэгч *******ы нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр хариуцагч нь түүний ажил хэргийн үйл ажиллаатай холбоотойгоор шүүмжлэлийг бичсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүхийн *******ы “” сайтад видео ярилцлага өгч, уг ярилцлагыг шүүхээс бичгийн хэлбэрт оруулан, үзлэгээр бэхжүүлсэн тэмдэглэлд “... Өөрөөр хэлбэл уламжлал, шинэчлэл, байгаль экологи гэсэн энэ гурван зүйлийг болбол тэгээд эдийн засгийнхаа нөөц энэ дөрвийг бол цогцоор нь харилцан уялдаатай ийм хотыг анхнаас нь зөв төлөвлөж байгуулах юм бол монголчуудын хувьд одоо Хархорин бол том нийслэл болж чадах боломжтой..., ...Мөн төмөр эдлэлүүд, тоосго, янз бүрийн урчуудын хийсэн бүтээлүүдээс харагдаж байгаа нь монголын нийслэл Хархорин хот бол монголчуудын төдийгүй хүн төрөлхтний нийслэл байсныг харуулж байгаа юм. Тэгэхлээр бид нар хүн төрөлхтөнд тийм хүчирхэг эзэнт гүрэн байсан нийслэлийг дахин одоо тэр бүс нутагт шинэ хотоо байгуулахаар одоо манай ерөнхийлөгчийн зарлиг тэгээд одоо төр засгийн шийдвэр гараад явж байгаа. Тэгэхээр монголчууд зөвхөн энийг Хархориныг сэргээх гэж байгаа гэж ойлгоод байгаа. Үгүй байхгүй юу. Хархорин дахин шинэ хот байгуулахыг л хэлж байгаа юм... ” гэснээс дүгнэвэл хариуцагч ******* судлаачийн байр сууриар нэхэмжлэгч *******ы өгсөн ярилцлагад үндэслэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн нь бодит байдалд нийцэж байх тул тухайн мэдээлэл нь иргэний нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/09481 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                          Б.АЗБАЯР