Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 201/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Ш.Б

Шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Д-д холбогдох 1916002690125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт Р-н Д.

Шүүгдэгч Р.Д-н 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр Оргилын 0 дугаар гудамжинд байх хашаанд хохирогч Ш.Б-г зодож, биед нь цээжний хөндийд хий хуралдалт, уушигны няцрал, арьсан доорх хий хуралдалт, баруун 6-р хавирганы хугарал, 7-р хавирганы хоёрлосон хугарал, баруун ташаан толгойноос дээш суга хүрсэн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Р.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Н-н хашаанд гэрийг нь барих гээд очсон байсан. Тэгсэн Б орж ирээд архи авч өг, архи авч өгөхгүй бол ална гээд тороостой хаймараар намайг цохисон. Тэгээд би цааш нь түлхээд, хөлөөрөө өшиглөсөн, тэгээд би гараад явсан ... Гэмшиж байна ... Хохирлын мөнгө 860.000 төгрөг өгсөн ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ш.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр Улаанбаатар хотоос манай нэг зээ ирсэн юм. Надаа нэг шил архи авч ирж өгсөн би тэрийг уугаад гэртээ унтаж байгаад манай хүр дүүгийнх хөдөөнөөс нүүж ирсэн сэрээд одоо гэрээ барьж байгаа байх очиж гэрийг нь барилцая гэж бодоод согтуу хүн чинь дайваад очсон байх. Тэгээд очиход Д ирсэн байсан. Би Д рүү нэг шил архи аваад ир ууя гэж архи нэхсэн юм шиг байсан. Тэгэхэд чадахгүй гэсэн юм уу надад юм хэлсэн юм шиг байсан. Манай хүр дүү зүсэж байсан дотуураа тороостой дугуй цагираг байсан. Тэрийг аваад шидсэн тэгсэн энэ намайг түлхэж унагаад өшиглөсөн юм шиг байгаа юм. Тийм л үйл явдал болсон түүнээс өөр дахиж зодолдсон үйлдэл гараагүй. Анхны үүсгэвэр нь архи нэхсэн миний буруу үйлдэл, надаас боллоо гэсэн дүгнэлт хийж байгаа юм. Өөрөө сайн эмч нар эмнэлгийн хүчинд өндийгөөд ирсэн учраас Д-д битгий ял эдлүүлээрэй. Би дахиад дараагийн эмчилгээнд явах гээд байж байна. Эмчилгээний төлбөр өгөх юм бол гомдоллох юм байхгүй гэж хэлмээр байна ... Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсний 360.000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлсөн. Дараа нь 500.000 төгрөг төлсөн. 500.000 төгрөг нь нааш цааш явсан унааны зардал, Төгрөг сумаас нааш авч ирсэн зардал, сум дээр эмчлүүлсэн эмчилгээний төлбөр, эмийн төлбөрт хэрэглэсэн ... Миний хэлэх юм бол анх үүсгэврийг нь би түрүүн хэлсэн. Тийм учраас энэ хүүхдийг битгий шоронд явуулаарай гэж хүсье. Надад гомдол алга, миний хэлсэн зохих ёсны хохирлыг барагдуулах юм бол гомдоллох юм байхгүй ... ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Т, Ц эгч бид хэд гэр угааж байсан чинь орой 19 цагийн орчим байсан байх манай хүргэн ах Д орж ирсэн. Орж ирээд хашаанд сууж байтал Б ах согтуу орж ирээд Д ахыг чамайг ална гээд агсам тавиад байсан. Тэгээд нурууны ар хэсэгт цохиод авсан. Тэгсэн чинь Д ах босч ирээд Б ахыг түлхэж унагаагаад газарт хэвтэж байхад нь цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөөд авсан … дахиж цохиогүй, нэг л цохиж авсан ... ” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,

Гэрч Г.З-н мөрдөн байцаалтад өгсөн “... Б-н эхнэр Ц эгч утсаар ярьж манай нөхрийн бие нь өвдөөд болдоггүй үзээд өгөөч би унаа явуулъя гэсэн. Удалгүй манай эмнэлгийн жолооч Т ирж намайг авч очиход Б-н биеийн байдал маш хүнд байдалтай байсан. Цээжин хэсгээс дээш хавдсан амьсгал авахад бэрхшээлтэй, зовиурласан байдалтай байсан. Зүрхний цохилт 99/102-тэй, пульс, хүчилтөрөгчийн хангамж 77% -тай артерын даралт 110/80-тай 100/70-тай МУБ, цээжин хэсгийн баруун талд эмзэглэлттэй байсан. Биеийн байдал хүнд байсан тул, ерөнхий эмч Эрдэнэбаатарыг дуудсан. Тэгээд эмч ирээд яаралтай эмнэлэг рүү аваач очиж хэвтүүлсэн … Эмнэлэгт хийгдсэн эмчилгээ нь өвчний түүхэд бичигдсэн байгаа. Б-н эхнэр Ц-с гэмтэл бэртэл авсан уу гэж асуухад өнөөдөр орой цээжин хэсэг рүү нь хүн өшиглөсөн юм гэж хэлсэн ... ” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,

Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Т, О бид хэд гэр угааж байтал 19 цагийн орчимд гаднаас Д орж ирсэн. Тэгээд байж байтал манай нөхөр Б согтуу орж ирж Д-г ар ууц хэсэг рүү нь цохиод авах шиг болсон. Тэгсэн чинь Д манай Б-г түлхэж унагаагаад цээжин хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Д-г чи одоо яв гээд явуулсан. Тэгээд манай бэр О бид хоёр Б-г гэрт хүргэж өгөөд буцаж очиж гэрийг нь барьчихаад 23 цаг өнгөрч байсан байх гэртээ ороход Б-н цээжин хэсэг нь хавдсан байдалтай байсан. Тэгээд би эм, хүйтэн цай өгч байгаад болохгүй байхаар их эмч З-д утсаар мэдэгдээд дүү Т-г машинтай нь яваад аваад ир гэсэн ирээд хүнд байна эмнэлэг авч явна гээд эмнэлэг рүү явсан ... Д рүү агсам тавиад байх шиг байсан. Би нэлээн зайтай байсан болохоор юу ярьж байсныг нь соносоогүй, харин манай нөхөр Б Д-н ар хэсэгт нь цохиод авч харагдсан. Тэгсэн чинь Д Б-г түлхэж унагаагаад хөлөөрөө өшиглөөд авсан ... Б-г эхэлж түлхэж унагаагаад унасан байдалтай байхад нь цээжин хэсэг рүү нь өшиглөсөн ... ” гэсэн мэдүүлэг /ХХ23-25/,

Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...  Тэр хоёрыг зодолдсоны маргааш нь би хүмүүсээс сонсоход Д-г айлын гэр барьж байхад Б согтуу очиж Д-д агсам тавьж, архи нэхэж, Б ах Д-г түрүүлж цохиж авсан гээд нутгийн иргэд ярьж байсан ... ” гэсэн мэдүүлэг /ХХ28-19/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Ш.Б-г аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь өөрийн биеэр очиж үзсэн. Мөн өвчний түүхтэй танилцсан. Ш.Б-н биеийг үзэхэд баруун ташаан толгойноос дээш баруун суганы доод хэсэг хүртэл 25см х16 см хэмжээтэй цус хуралттай, цээжний хэсгээр цагаан өнгийн наалт наасан, цээжний баруун талд гуурс тавьсан байсан. Хүзүү цээж хэсгээр арьсан дор хийтэй, тэмтэрч үзэхэд шажигнаж дуугарч байсан. Өвчний түүхэнд рентген зурагт баруун синус хаалттай, баруун уушиг гуурстай, баруун талын 6,  7-р хавирга хугаралтай, 7-р хавирга нь хоёрлосон хугаралтай байсан. Онош нь цээжний гэмтлийн улмаас хавирга хугарч цээжний хөндрий рүү нэвтэрсэн, амьсгалын дутагдалтай, уушиг гэмтсэн байж болзошгүй гэсэн байсан. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан ... Ш.Б-н биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан ... Ш.Б нь 62 настай хүн тул ясны сийрэгжилт тодорхой хэмжээгээр явагдсан. Яс нь уян чанараа алдсан байж болно. Тиймээс нэг удаагийн өшиглөлт, дэвсэлт, тийрэлт зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтлүүд үүсэх боломжтой. Мөн өшиглөсөн, дэвссэн, тийрсэн хүний биеийн жингийн байдал, хүчний үйлчлэл зэрэг нөлөөлнө ...” гэсэн мэдүүлэг /ХХ43-45/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаартай “... 1. Ш.Б-н биед цээжний хөндийд хий хуралдалт, уушигны няцрал, арьсан доорх хий хуралдалт, баруун 6-р хавирганы хугарал, 7-р хавирганы хоёрлосон хугарал, баруун ташаан толгойноос дээш суга хүрсэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ39-40/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Д-н 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дэвсгэр Оргилын 0 дугаар гудамжинд байх хашаанд хохирогч Ш.Б-г “архи нэхлээ”, “тороостой хаймраар цохьлоо” гэх шалтгаанаар түлхэж унаган цээжин тус газар нь өшиглөж цээжний хөндийд хий хуралдалт, уушигны няцрал, арьсан доорх хий хуралдалт, баруун 6-р хавирганы хугарал, 7-р хавирганы хоёрлосон хугарал, баруун ташаан толгойноос дээш суга хүрсэн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шинжээрээ гэмт хэрэг мөн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ш.Б-н зүгээс шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц довтолгоо хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй бөгөөд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүсээгүй гэж шүүх үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж байсан боловч хохирогчийн биед гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн тул зүйлчэл өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ-89/, багийн засаг даргын тодорхойлолтууд /ХХ-90/, гэмт хэрэг үйлдсэн шалтгааны талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Р.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн эд хөрөнгөний хэмжээ болон нүүдлийн мал аж ахуйгаас орлого олох боломж зэргийг нь харгалзан үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоон шүүх шийдвэрлэлээ.

Хохирогч Ш.Б нь хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардалын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Б-д хохиролд 860.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, , 36.4 дүгээр зүлйин 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Р-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Д-д шүүхээс оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/ арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Р.Д-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Ш.Б-н нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч Р.Д нь цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Б-д хохиролд 860.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор                  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА