| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00367/и |
| Дугаар | 351 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 351
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 11 дүгээр байр 2-2 тоотод оршин суух Боржигон Чулууны Зоригтын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Зоригт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Боржигон овогтой Чулууны Зоригт нь 1956 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Наран багт төрсөн. 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Наран багт шуудан зөөгч, хийж байгаад 1978 онд цэргийн албанаас ирээд Тайшир сумд Нэгдлийн Авто-Трактор-Цахилгаан станцад 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр засварчнаар орж 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний хооронд тус сумын мотор, уурын зуух нь эрчим хүчний харъяанд шилжих үед мөн дагаж шилжин ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн ажиллаж байсныг минь нотлох бичиг баримтууд маань Тайшир сумд амьдарч байх үед буюу Тайширын гүүр үерт автах тэр жил манай гэрийг нүүлгэн шилжүүлэх явцад үерт алдагдсан юм. Энэхүү алдагдсан бичиг баримт дотор хөдөлмөрийн, МҮЭ-ийн зэрэг бичиг баримтуудаа үрэгдүүлсэн. Ийм учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Наран багт шуудан зөөгч, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний хооронд засварчин, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд моторчноор Тайшир сумд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Наран бригадад шуудан зөөгч, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний хооронд засварчин, 1985 оны 06 дугаар
2
сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд моторчноор Тайшир сумд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдлийн Наран бригадад шуудан зөөгч /1970-1975 он/ Захиргаа аж ахуйд засварчнаар /1978-1984 он/ ажиллаж байсан Чулуун овогтой Зоригт нь 1970 оны 1-12 сард 749 төгрөг, 1971 оны 1-5, 9-12 сард 694 төгрөг, 1972 оны 1-9 сард 655 төгрөг, 1973 оны 1-12 сард 1113 төгрөг, 1974 оны 1-12 сард 1216 төгрөг, 1975 оны 1-5 сард 464 төгрөг, 1978 оны 7-12 сард 732 төгрөг, 1979 оны 1-12 сард 945 төгрөг, 1980 оны 1-12 сард 564 төгрөг, 1981 оны 1-12 сард 1647 төгрөг, 1982 оны 1-12 сард 1031 төгрөг, 1983 оны 1-12 сард 1463 төгрөг, 1984 оны 1-12 сард 2545 төгрөгний цалин авч байжээ. Тус архивын сан хөмрөгт Тайшир сумын НААҮ болон ЭХҮ-ний баримтууд шилжиж ирээгүй тул Ч.Зоригтод лавлагаа олгох боломжгүй болно...” гэсэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай ажилласан хугацааг нөхөн тогтоох тухай тушаалд “...Ч.Зоригт нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн техникийн засварчнаар орж 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс засварчнаас чөлөөлөгдсөн тушаалыг нөхөн гаргасанд тооцсугай...” гэсэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрчим хүчний салбарын даргын 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай ажилд томилох тухай тушаалд “...Чулуун овогтой Зоригтыг 1985 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн моторчны үүрэгт ажилд томилсугай...” гэсэн, Тайшир сумын Эрчим хүчний салбарын дизель цахилгаан станцын 1988 оны 09 дүгээр сар, 11 дүгээр сарын “ажлын цагийн бланс” болон Тайшир сумын Эрчим хүчний ажилчдын 1987 оны 12 дугаар сарын хоолны мөнгөний жагсаалтад Ч.Зоригт гэсэн байгаа, Тайшир сумын НАААҮ-ний төвийн ажилчдын 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын үр дүнгийн шагналт цалин олгох хуваарь-т “...Ч.Зоригт моторчин...” гэсэн, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд ”...Моторчин Ч.Зоригтод 12 дугаар сарын цалингаас суутган авахаар 500 төгрөг олгоё...” гэсэн байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Боржигон Чулууны Зоригтыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Наран бригадад шуудан зөөгчөөр, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Захиргаа аж ахуйд техникийн засварчинаар, Говь-Алтай аймгийнТайшир сумын эрчим хүчний салбарт 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Чулууны Зоригтыг Говь-Алтай аймгийн Тайшир сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Наран бригадад шуудан зөөгчөөр, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний хооронд Захиргаа аж ахуйд техникийн засварчинаар, Говь-Алтай аймгийнТайшир сумын эрчим хүчний салбарт 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хооронд моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН