Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00610

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 20 210/МА2026/00610

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 110,806,304 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Зээлдэгч *******, ******* нар нь *******-тай, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 94011-3544-FA01 тоот фидуцийн гэрээ болон 94011-3544 дугаартай автомашины зээлийн гэрээг тус тус байгуулан 100,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлсэн.

1.2.Зээлдэгч нар зээл авсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөн тул үндсэн зээлийн төлбөрт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 13,157,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,954 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 113,223,215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага анх гаргасан.

1.3.Хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18,200,000 төгрөг шилжүүлсэн тул мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээс уг хэмжээгээр хасаж 95,123,215 төгрөг болгон багасгаж, барьцааны зүйлийн шаардлага буюу фидуцийн зүйлээс татгалзах хүсэлт гаргасан.

1.4.Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээл 81,800,000 төгрөг, зээлийн хүү 28,894,297 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73,007 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 110,806,304 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Бид өөрсдийн орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгөөр 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******-ийн шоүрүүмд очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 113,000,000 төгрөгийн үнэ бүхий Harrier маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрт өөрийн нөхрийн нэр дээрх Тоёота Приус 30 маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр тооцож, *******-иас 100,000,000 төгрөгийн зээл гаргуулан авсан.

2.2.Тухайн үед тээврийн хэрэгсэл худалдсан ******* нь *******-тай хамтын ажиллагаатай, зөвхөн энэ байгууллагаас зээл гаргадаг гээд Өргөө кино театрын ******* салбар дээр авч очсон. Тухайн өдөр автозогсоолд нь олон машин байсан учир гаргаж унуулж үзүүлээгүй, мөн шинэ машин тул итгээд унаж үзэхгүйгээр 20-21 цагийн үед машиныг авч, гэрийн гадаа зогсоолд тавьж хонуулан маргааш өглөө нь унаад гарсан. Машин хааз авахгүй өгсүүр замд хүч алдаж байсан ба нарны гэрэлд харахад засвар орсон шинжтэй байсан тул Доктор авто сервисийн инженерт үзүүлэхэд хроп доголдолтой машин гэсэн. Ингээд 24 цаг хүрэлгүй *******д буцаан хүлээлгэн өгч, шоурүүмд машиныг буцааж тавиад *******-ийн эдийн засагчид энэ тухай мэдэгдсэн.

2.3.Маргааш нь ******* ирээд хар өнгийн RX маркийн автомашинаар сольж өгөхөөр тохирсон. Ингээд 4 хоногийн дараа хүрээд ир номерыг нь шилжүүлж өгье, би гадагшаа яваад ирнэ гэж хэлээд намайг явуулсан. Гэтэл миний худалдаж авсан автомашиныг өөр хүн унаад явж байхыг харсан. Бичлэг хийгээд зургийг нь дарж, яваад очиход ******* гадагшаа яваагүй байж байсан. Үүнтэй холбоотой маргаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байна.

*******-ийн захиргааны албанд өргөдөл гаргаж тухайн байдлаа мэдэгдэж ирсэн.

2.4.Банк бус санхүүгийн байгууллагаас үүссэн асуудлыг мэдэж байсан боловч зээлээ төлөөгүй 3 сар болсон үндэслэлээр миний зээлийн ангиллыг бууруулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул 2025 оны 3 дугаар сард нийт 6 сарын хүүг төлсөн.

2.5.Энэ хугацаанд би машин унаагүй болж, бизнесээ өргөжүүлж ажиллах боломжгүй болсон ба худалдан авсан авто машиныг унаж ашиглаагүй 1 жил болж байгаа тул дахин зээл болон зээлийн хүү төлөх боломжгүй. Худалдагч талаас мөнгийг буцааж төлсөн үед би *******-ийн зээлийг төлөх болно.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 94,984,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,822,089 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,031,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 632,871 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хуульчилсан тул зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн талуудын хооронд байгуулсан автомашины зээлийн гэрээний 2.1.11, 2.3.6, 3.3.3-т зааснаар зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан болон гэрээ дуусгавар болсон эсэх нь хугацаа хэтэрсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Хариуцагч нарт зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүн гараагүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч талаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхээ хууль болон гэрээнд зааснаар хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эхний 155 хоногийн зээлийн хүүг үндсэн зээл 100,000,000 төгрөгөөс тооцож 14,778,082 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн өдөр хүртэлх 181 хоногт хариуцагчийн төлсөн 18,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж үлдэх 81,000,000 төгрөгөөс тооцож 14,116,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,007 төгрөг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 110,806,304 төгрөгийг шаардсан байсан.

Гэрээнээс татгалзсаны дараа хугацаа хэтрүүлснээс үүдэх хохирлыг болон гэрээний зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрхээр тодорхойлогдох тул анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

4.2.Анхан шатны шүүхээс хариуцагч нарыг дангаар буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хохирол шаардах эрхгүй гэж дүгнэн нотариатын зардал 39,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаагүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч талд учирч буй бодит хохирол буюу олох ёстой байсан ашиг, орлого байх тул зээл бүрэн төлөгдөх хүртэл хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах нь хууль ёсны шаардлага байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.2-т Зээлдэгч энэхүү гэрээнд заасны дагуу зээл түүний хүүг тогтоосон хугацаа, хуваарийн дагуу тогтоосон дансанд үл маргах журмаар эргэн төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хугацаа хэтэрсэн буруутай үйлдэл тогтоогдсон байхад шүүхээс ..хариуцагч нарыг буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 15,822,089 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн тайлбар болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заанаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын буюу нэхэмжлэгч талын санаачилгаар цуцлагдаагүй тохиолдолд хэрэглэх хуулийн заалт гэж үзэж байна.

 

5.2.Нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хэргийг бүхэлд нь хянах тул шүүхээс хэрэгт баримтаар 3 гэрээ авагдсан байгааг анхаарч үзнэ үү. Энэхүү гэрээнүүд нь хүчин төгөлдөр талаар маргаангүй. Нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу доголдолтой хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байсан. Зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 7.3-т заасан заалтуудаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх заалтыг баримталсан. Гэвч зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, машиныг унаагүй талаар 24 цагийн дотор мэдэгдсэн. Нэхэмжлэгч талын хамтран ажилладаг гэх компанийн *******д машиныг буцаан өгсөн.

 

5.3.Нэхэмжлэлийн шаардлагад фидуцийн гэрээний зүйлээс татгалзаж байна гэсэн. Фидуцийн гэрээнээс татгалзаагүй тул энэхүү гэрээнд дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаад нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэгт 113,223,215 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 18,200,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж, дахин 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 81,800,000 төгрөг, хүү 28,894,297 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,007 төгрөг, нотариатын зардал 39,000 төгрөг, нийт 110,806,304 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, харин үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээс хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч нар зээлийн санхүүжилтээр худалдан авсан тээврийн хэрэгсэл доголдолтой байсны улмаас одоо тусдаа маргаан шүүхэд хянагдаж байгаа, энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж хүсэлт гаргаж байсан, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

2.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх татгалзлыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан боловч тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоох хэсэгт 2 дахь заалтаар нэмж, уг заалтад нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Нэгэнт нэхэмжлэлээсээ татгалзсан тул үр дагаврыг арилгах үүднээс фидуцийн зүйлийн өмчлөлийг зээлдэгч нарт буцаан шилжүүлэх үүргийг ******* хүлээхийг дурдах нь зүйтэй.

 

3.Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талуудын хоорондох 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 94011-3544 тоот гэрээгээр: Зээлдүүлэгч болох ******* нь 100,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч болох *******, ******* нар нь сарын 2,9 хувийн хүүтэйгээр хуваарийн дагуу буцаан төлөх, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. /хх 13-16/

3.2.Талууд мөн өдрөө дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Тоёота харьер /Toyota harrier/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож 94011-3544-FA01 тоот фидуцийн гэрээг байгуулсан. /хх 17-22/

3.3.Зээлдүүлэгч гэрээ байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөө 94011-3544 PayOn-аас зээл олгов утгаар хариуцагч *******ын банкны дансанд 100,000,00 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 3 дугаар сарын 18,200,000 төгрөгийг буцаан төлсөн. /хх 24, 71/

 

4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Зээлдэгч нар гэрээний 2.1.3, 2.3.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй үүргийн зөрчил гаргаснаар нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.Харин анхан шатны шүүхээс зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд зээлдүүлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрхгүй хэмээн дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй алдаа гаргасны улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт ... зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

5.1.Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-106/218 тушаалаар баталсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу зээл олгосон өдрөөс хойш нэхэмжлэгчийн шаардсан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 81,800,000 төгрөг /төлсөн 18,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж шаардсан/, хүү 28,894,297 /100,000,000 төгрөгөөс 2024.10.24-2025.03.28 хүртэлх 155 хоногоор тооцсон дүн 14,778,082 + 81,800,000 төгрөгөөс 2025.03.29-2025.09.25 хүртэлх 181 хоногт тооцсон дүн 14,116,214/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,007 төгрөг, нийт 110,767,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6.Анхан шатны шүүх гэрээ хугацаанаас өмнө цуцлагдах үндэслэлд хариуцагч нар дангаар буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нотариатын зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байна.

Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид олгох үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагчийн бусадтай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргийн зөрчил нь энэ гэрээнд шууд хамаарахгүй, хэргийн баримтаар зээлдүүлэгч болоод худалдан авагч талууд хоорондоо харилцан хамааралтай гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нотариатын зардалд 39,000 төгрөг төлсөн баримт авагдсан тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/00442 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 110,806,304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсэгт шинээр 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалт нэмж,

Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж,

Тогтоох хэсгийн 3 дах заалтад 632,871 гэснийг 711,982 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 237,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

О.ОДГЭРЭЛ