Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 352

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8 дугаар байр 2-9 тоотод оршин суух Жамсран тойн Мөнхжаргалын Жанчивын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8 дугаар байр 2-9 тоотод оршин суух Жамъян Рэнцэнсамбуугийн Сандуйбаатарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Жанчив, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Р.Сандуйбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Жанчив шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Жанчив нь 2005 онд өөрийн нөхөр Р.Сандуйбаатартай танилцаж, 2009 онд албан ёсоор гэр бүл болж улмаар 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин С.Ариунсарнайг төрүүлсэн юм. Ингээд бид хоёр 11 жил хамт амьдарсан. Гэтэл сүүлийн үед ааш зан нь хувирч, өөрчлөгдөж архи дарс их ууж, эрүүл мэнд эрх чөлөөнд халдаж зоддог болсон. Улмаар 2016 оны 04 дүгээр сард гэр бүл болсон орон байраа өөр хүнд худалдаж, охин бид хоёрыг зайл гэж хөөдөг болсон. Мөн Р.Сандуйбаатар нь өөр эмэгтэйтэй үерхэж байгаа учраас цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэр бүлийг цуцалж охин С.Ариунсарнайг миний асрамжид үлдээж, 18 нас хүртэл төрсөн эцэг Р.Сандуйбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Сандуйбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр, охин хоёроо зодож, дарамталсан, цаанаа хүнтэй болсон зүйл байхгүй. Өөрөө ямар байдалтай, яаж, юу болсон талаараа мэдэж байгаа байх. Надад хэлэх зүйл байхгүй. Гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлгийг төлнө. Манайх олон нийтийн газар байдаг. Дээд доод талын айлын хүмүүс ч хэлнэ. Ер нь зодож дарамталсан талаар ямар баримт сэлт байгаа юм. Нэг удаа цагдаа дуудаж өгсөн, баримт байхгүй. Би хүүхдийн тэтгэлгийг өгнө. Өгөхдөө хамтрагчаар нь өөрийнхөө нэрийг оруулаад 18 нас хүртэл охинтойгоо баймаар байна. Би гар хүрэхгүй. Яагаад гэвэл  энэ  хүн  хүүхдийнхээ  хадгаламжийг надад хэлэлгүйгээр хүнд авч өгч байсан, тэр нь санаандгүй байдлаар  мэдэгдэж  байсан.  Би  яасан  эсэх  талаар  асуухад  маргааш  өгнө   гээд   жил болчихлоо гэж хэлж байсан. Тийм учраас би энэ хүнийг охинтойгоо байлгахыг хүсэхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Жанчивын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.Жанчив нь Р.Сандуйбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч М.Жанчив, хариуцагч Р.Сандуйбаатар нар 2009 оны 12 дугаар сарын 04-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, №0124197 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин Сандуйбаатарын Ариунсарнай төрсөн болох нь №0391795 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Иймд М.Жанчив нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч М.Жанчив гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд охин С.Ариунсарнай нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон хариуцагч Р.Сандуйбаатарын шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн, асрамжийн талаар маргаагүй тайлбар зэргийг үндэслэн охин С.Ариунсарнайг эх М.Жанчивын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Сандуйбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.195 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Жамъян Рэнцэнсамбуугийн Сандуйбаатар, Жамсран тойн Мөнхжаргалын Жанчив нарын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн 241 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2010 оны 12 дугаар сарын  06-ны өдөр төрсөн охин Сандуйбаатарын Ариунсарнайг эх Мөнхжаргалын Жанчивын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын  06-ны өдөр төрсөн охин Сандуйбаатарын Ариунсарнайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Жамъян Рэнцэнсамбуугийн Сандуйбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Жанчивт даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Р.Сандуйбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Жанчив нь Р.Сандуйбаатарыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Сандуйбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.195 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН