Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 119

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                          Т.Нансалмаа    

      Нарийн бичгийн даргаар                         Б.Баярдэлгэр нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Лувсаншаравын Болдбаатарт холбогдох 1931001290113  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон 1-р байрны 28 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Лувсаншаравын Болдбаатар РД:МТ87102611

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон “Арван гурвын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Болдбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон “Арван гурвын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд;

Шүүгдэгч Л.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 13-ын аманд алт ухсан нь үнэн. Миний буруу...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Л.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын  18-ны өдөр яллагдагчаар өгсөн:  “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “арван гурвын ам” гэх нэртэй газар ашигт малтмал олборлох санаатай тусгай зөвшөөрөл баримт бичгийг бүрдүүлнэ гэж бодож байсан. Тэгээд мөнгөний хэрэг болоод ангийн найз Б.Хүрэлсүхтэй холбогдоод “чи надад экскаватор олоод ир “Арван гурвын ам” гэх газар алт ухна. Би зөвшөөрөл болон бичиг баримтыг нь бүрдүүлнэ” гэж хэлсэн. Би 2019 оны 03 дугаар сарын дундуур Н.Лувсандорж гэх хүнээс 2900 ЛС-3 маркийн экскаваторыг түрээсэлж гэрийнхээ хашаанд засвар хийж байсан юм. Би Н.Лувсандоржоос түрээсэлсэн экскаваторыг аваачсан ба намайг очсон өдрөөс хойш нэг хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирж ажилласан. Би Б.Хүрэлсүхэд ухах газрыг зааж өгөөд бид хоёр ухсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагдаа нар ирээд саатуулсан. Би ашигт малтмал олборлох болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн ямар нэг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад хандаагүй. Би Н.Лувсандорж гэх хүнээс 2019 оны 03 дугаар сард 2900 ЛС-3 маркийн экскаваторыг сарын 6.000.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Тухайн экскаваторын түрээс нь нэхэгдээд байсан болохоор мөнгө олж түрээсийн мөнгөө төлөх зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ Б.Хүрэлсүх бид хоёр ямар ч алт олборлоогүй тухайн газраас юу ч гараагүй. Би тухайн газарт урьд өмнө алт олборлож байгаагүй. Би тухайн газарт 2900 ЛС-3 маркийн хоёр ширхэг экскававтор, 1 ширхэг усан буу ашиглаж байсан. Тухайн газарт Б.Хүрэлсүх бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн түрээсэлсэн 2900 LС-3 маркийн 2 ширхэг экскаваторын 66-69 УН улсын дугаартай нь Н.Лувсандорж гэх хүнийх. Нөгөө 84-54 УБ улсын дугаартай нь Б.Хүрэлсүхийн түрээслэж авч ирсэн экскаватор байгаа юм. Усан буу нь миний өөрийн эзэмшлийнх юм. Би 66-89 УН улсын дугаартай экскаваторыг түрээслэж авахдаа амаар түрээсийн гэрээ байгуулсан тэрнээс өөрөөр ямар нэг гэрээ байгуулаагүй. Би Б.Хүрэлсүхтэй багаасаа нэг ангид сурч найзалж ирсэн юм тэрнээс ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Би Б.Хүрэлсүхтэй ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би Б.Хүрэлсүхийг миний багын найз болохоор нь дуудсан юм.  Энэ хэрэгт Б.Хүрэлсүх ямар ч хамааралгүй. Би өөрөө Б.Хүрэлсүхийг дуудаж ирсэн юм. Б.Хүрэлсүх нь тухайн газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй, баримт бичиг нь бүрдэж байгаа гэж бодож ирсэн байх. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлнө....”  гэх мэдүүлэг /хх-ийн 81-83-р ху/,

Шүүгдэгч Л.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын  20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн:  “...Алт угаах төхөөрөмж буюу усан буу нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би гагнуурын мэргэжлээр төгсөж хувиараа гагнуур хийдэг байсан. Тэгээд би тухайн усан бууг гар аргаар гагнаж хийсэн. Би тухайн усан бууг хэн нэгэн хүнээс худалдаж аваагүй би өөрөө гар аргаар хийсэн. Би Б.Хүрэлсүхтэй хөдөлмөрийн гэрээ болон техник түрээсийн гэрээ байгуулаагүй. ...Би Б.Хүрэлсүхэд хэлэхдээ нөхөрлөлийн баримт бичиг хөөцөлдөж байгаа, одоо бараг бүтэж байгаа тэгвэл чамд цалин мөнгийг нь өгөөд ажиллуулмаар байна гэж хэлээд дуудсан. Б.Хүрэлсүх нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл бүтнэ гэж бодож байсан байх. Н.Лувсандорж нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Н.Лувсандорж ахын 2900 LC-3 экскаватор нь явах эд анги нь эвдрээд Бугант тосгонд байсан. Тэгэхэд би тэр экскаваторыг засаж янзалж ажиллуулж үзье болж байвал түрээслэнэ гэж Н.Лувсандорж ахтай амаараа тохирсон. Тухайн экскаватор нь сайн ажиллахгүй, эд ангиуд муудаж хуучирсан байсан...”  гэх мэдүүлэг, /хх-ийн 84-86-р ху/

Иргэний нэхэмжлэгч Л.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би Л.Болдбаатар гэх хүнийг таньж мэдэхгүй. Б.Хүрэлсүх гэдэг залууг зүс мэднэ. Б.Хүрэлсүх нь ах Б Хүрэлчулуунаар холбогдуулан миний 84-54 УБ улсын дугаартай 2900 LC-3 маркийн эксковаторыг аман гэрээ хийж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгон руу авч явсан. Тухайн үед Хүрэлчулууны дүү Хүрэлсүх хамт байсан Миний экскаваторыг Б.Хүрэлчулуун нь түрээслэж авсан. Тэгээд цагдаад баригдсан гэхээр нь түрээсийн мөнгийг нь авах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Хүрэлчулуунтай бичгээр гэрээ байгуулсан. Гэрээнд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл түрээслэхээр бичигдсэн байгаа. 84-54 УБ улсын дугаартай 2900 LC-3 маркийн эксковатор нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Би өөрийн 84-54 УБ улсын дугаартай 2900 LC-3 маркийн экскаваторыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/,

Иргэний нэхэмжлэгч Н.Лувсандоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Би Л.Болдбаатар гэх хүнийг таньж мэднэ. Л.Болдбаатар нь манай төрсөн ах Лувсаншаравын том хүү нь байгаа юм. 66-89 УН улсын дугаартай 2900 LС-3 маркийн экскаватор нь миний эзэмшлийнх байгаа юм. Явах анги нь эвдрээд Бугантад үлдээсэн байсан. Тэгсэн Л.Болдбаатар нь над руу яриад “энэ экскаваторыг янзлаад би түрээслэж газар шорооны ажил хийе” гэж хэлэхээр нь би тэг гээд сарын 5.000.000 төгрөг гэж амаараа тохиролцсон. Би Л.Болдбаатартай техник түрээсийн гэрээ байгуулаагүй. Зүгээр амаараа тохиролцоод ажиллахаар болсон. Би өөрийн экскаваторыг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

Гэрч Б.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “.....Ашигт малтмал олборлох болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримт надад байхгүй. Манай ах энэ экскаваторыг хүнээс түрээсээр авч, би ажиллуулах санаатай байсан юм. Тэгээд түрээсийг нь төлөх санаатай ашигт малтмал олборлох зөвшөөрөл гараагүй байхад би алт олборлох санаатай байж байгаад ийм асуудалд холбогдчихлоо. Одоо надад экскаваторын техникийн бичиг баримт байхгүй манай ахтай байгуулсан гэрээ нь байгаа. Болдбаатар бид хоёр 13-н аманд очоод хоёр хонож байна. Алт олборлох гэсэн боловч юм гарахгүй байсан юм. Бид хоёр ямар ч алт олборлоогүй. Болдбаатар бид хоёроос өөр ямар нэг хүн байгаагүй. Бид хоёр өөр өөрсдийн экскаватороор шороогоо усан буу руу хийж буудсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн усан буу Л.Болдбаатарын усан буу байгаа юм. Би ашигт малтмал олборлох зохих зөвшөөрөлгүй байж техник хэрэгсэл ашиглан алт олборлож байсан нь миний буруу. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/

Гэрч Б.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн: “....Манай ангийн хүүхэд Л.Болдбаатар надад хандаж “чи 1 экскаватор олоод ирээч би нөхөрлөлийн бичиг баримт хөөцөлдөж байгаа. Одоо бараг бүтэж байгаа, тэгвэл би чамд цалин хөлсийг нь өгөөд түрээсийн мөнгө төгрөгийг нь төлөөд ажпуулмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотод байдаг ах руугаа яриад хүнээс экскаватар түрээсийн гэрээ хийлгээд авчирсан юм. Экскаваторын түрээсийн мөнгийг төлөөгүй байгаа, Л.Болдбаатар төлөх ёстой юм. Тэгээд ажиллаж байгаад цагдаад саатуулагдсан. Л.Болдбаатар бид нарын ажиллаж байсан 13-ын ам гэх газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байдаг талаар би мэдэхгүй. Л.Болдбаатар баримт бичиг болж байгаа л гэж ярьж байсан. Би цалин хөлс аваагүй ээ, яг ажил жигдрээд ирэхээр цалин мөнгөө тохироно гэж ярилцаж байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Л.Болдбаатар ирээд “экскаваторуудыг 13 руу зөөх хэрэгтэй байна” гээд намайг дуудаад бид экскаваторуудыг зөөвөрлөсөн. Тухайн үед “энд алт байгаа эсэх талаар үзэх хэрэгтэй байна” гээд Л.Болдбаатар надад хандаж “экскаваторыг ажиллуул” гэж хэлсэн. Тэгээд ухаж ажиллаж байгаад баригдсан. Л.Болдбаатар би өөрөө нэгийг олсон байгаа би, ямар ч байсан гэрээг нь хийлгээд Бугантанд аваад ир тэгэхээр нь би бусдыг нь зохицуулж, түрээсийн мөнгө төгрөгийг нь төлж, цаашид би өөрөө гэрээ баримтыг нь үйлдээд явна гэж надад хэлсэн юм. Би өөрөө ажилтай байсан юм. Л.Болдбаатар надад хандаж “экскаватор зохицуулаад аваад ир, би бусдыг нь зохицуулна бичиг баримт нь бүрдэж байгаа” гээд надаас гуйгаад байхаар нь би ахын таньдаг хүнээр нь дамжуулаад экскаватор түрээслүүлээд авчирсан юм. Тэгээд авчирахаар нь Л.Болдбаатарт хэлээд хүлээлгэж өгсөн байсан юм. Би өмнө нь хууль бусаар ашигт малтмал олборлож хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Надад ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж компани байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/,

Гэрч Р.Төмөрхүүгийн мөрдөн шалгах ажиллаганы шатанд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “....Би Л.Болдбаатартай хуурай ах дүүсийн харилцаатай. Бие биедээ тусалж явдаг хүмүүс. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. Л.Болдбаатар нь надтай нэг тосгонд буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд амьдардаг Л.Болдбаатарын хадмынх нь манай гэрийн хажууд байдаг. Л.Болдбаатар нь төлөв даруу, хүнд тусархуу, хүнтэй зөв боловсон харьцдаг. Хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, элдэв муу зуршил байхгүй. Л.Болдбаатар нь хүмүүсийн машин тэрэг янзлаад уурын зууханд галч болон хар бор ажил хийгээд яваад байдаг байсан. Харин сая алтны олборлолт хийсэн гэхээр нь итгэсэнгүй. Л.Болдбаатар нь еөрийн гэрээ мөн, хадам аав, өөрийн ааваа тэжээж амьдардаг. Ер нь дуу цөөтэй, хүнд туслаад, манай байшин барихад тусалж, сан хийхэд гагнуур хийж өгч байсан. Гагнуурын ажилдаа их сайн. Урьд өмнө алтны уурхайд үйл ажиллагаа эрхэлж байсан талаар мэдэхгүй юм байна. Л.Болдбаатар нь 2 хүүхэдтэй хүүхдүүд нь бага сургуулийн 1 дүгээр ангид, цэцэрлэгт орох насны хүүхдүүд байдаг. П.Бопдбаатар нь урьд емнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, сайн тусч залуу байгаа юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/,

Мэргэжлийн хяналтын газрын геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 18-05-038/08 тоот:

1.Ерөө сумын нутаг дэвсгэрт байх “13-н ам” гэдэг газар нь усан ан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2.Ашигт малтмал хайх, ашиглах хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө , Байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна.

3.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг “13-н ам” гэх газарт ашигт малтмал олборлох хайх үйл ажиллагаа явуулсан хэсэг буюу хөрс хуулалт явуулахад гол мөрний голдрил өөрчлөгдөөгүй байна.

4.Хууль бус олборлолт ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэн голын голдрил өөрчлөгдөөгүй

5.Л.Болдбаатар, Б.Хүрэлсүх нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон уг талбайд нөхөн сэргээлт хийгээгүй байгаа бөгөөд цаашид нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

6.Хууль бус ашиглалт, олборлолт хийгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай бөгөөд уг газар очиж үзлэг хийхэд өмнө нь эвдэгдсэн байсан ба техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай. ...Л.Болдбаатар, Б.хүрэлсүх нарын хууль бус үйл ажиллагааны улмаас өртөгдсөн талбайн газар, хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагтай зардал 1.164.800 төгрөгийн хохирол байгаль эклогид учирсан байна гэж дүгнэв....” гэх дүгнэлт, /хх-ийн 53-56-р ху/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № СЭА-74 тоот:

“....Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ш.Энхбаатарын ирүүлсэн тогтоолын дагуу 66-89 УН улсын дугаартай 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улдсад орж ирсэн 2016 онд гар аргаар сэргээн засварласан НҮUNDAI-2900 LС-3 маркын шар өнгийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 06 сарын байдлаар 10,000,000 /арван сая/-н төгрөг болохыг тодорхойлов.

Жич: Үзлэг хийхэд явах эд анги болон мотор нацосс өөр маркын эд ангиудыг хүчээр тааруулж сольсон, гинж катги одон дугуй муудаж дуу орсон, гаднах өнгө үзэмж муудсан, шанага солигдсон сэргээн засварласан хуучин экскаватор байв.

Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон /98242855, 99738666/ хувь хүмүүсээс лавлан асуув. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 63-64-р ху/,

Хөрөнгө үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № СЭА-72 тоот:

“...Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ш.Энхбаатарын ирүүлсэн тогтоолын дагуу гар аргаар угсарсан алт угаах төхөөрөмж 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнийг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов.

84-54 УН улсын дугаартай 1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улдсад орж ирсэн 2010 онд гар аргаар сэргээн засварласан НҮUNDAI-2900 LС-3 маркын шар өнгийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 06 сарын байдлаар 6,000,000 /зургаан сая/-н төгрөг болохыг тодорхойлов.

Жич: Үзлэг хийхэд өнгө үзэмж муудсан мотор болон нацосс солигдсон гинж катги одон дугуй муудаж дуу орсон их биенд гагнуур орсон сэргээн засварласан хуучирсан байв.

Үнийн судалгааг үнэгүй.мн болон унаа.мн сайтуудаас болон /98115570, 88042438/ хувь хүмүүсээс лавлан асуув. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 70-71-р ху/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/,     хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-11-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-18-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 53-56, 63-64, 70-71-р ху/, шинжээчийн дүгнэлт оролцогч Д.Эрдэнэбулганд танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 57, 67, 74-р ху/, шинжээчийн дүгнэлт яллагдагч Л.Болдбаатарт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн   58, 68, 75-р ху/, шинжээчийн дүгнэлт оролцогч Б.Хүрэлсүхэд танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 59-р ху/, шинжээчийн дүгнэлт иргэний нэхэмжлэгч Л.Ганхөлөгт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 60, 65, 72-р ху/, шинжээчийн дүгнэлт иргэний нэхэмжлэгч Лувсандоржид танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 61, 66, 73-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, /хх-ийн 88, 90, 92-93, 100-107-р ху/, иргэний нэхэмжлэгч          Лувсандоржид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 108-р ху/, иргэний нэхэмжлэгч Л.Ганхөлөгт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 109-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 110-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 111-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Болдбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Арван гурвын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль эклогид 1.164.800 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Болдбаатарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

                 Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

 

Шүүгдэгч Л.Болдбаатарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1.164.800  төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэргийн улмаас байгаль экологид 1.164.800 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Л.Болдбаатар нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов.

 

                                 Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Болдбаатар нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялыг сонгож хэрэглэх нь зохимжгүй гэж шүүх үзээд шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь илүү тохиромжтой гэж үзэв.

Учир нь: Шүүгдэгч Л.Болдбаатар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд амьдардаг ба эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах нь зохимжгүй бөгөөд дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урдчилан сэргийлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь илүү дүр дүнтэй зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Л.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаатай тэнсэж, үүрэг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч экскаватор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Л.Болдбаатарын гэмт үйлдэлдээ ашигласан Хюандай-2900 LC-3 маркийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 66-89 УН улсын дугаартай экскаватор, Хюандай-2900 LC-3 маркийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 84-54 УБ улсын дугаартай экскаватор зэрэг нь шүүгдэгч Л.Болдбаатарын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлөн эзэмшигч өмчлөгч нарт олгож, тэдгээрийн үнийг буюу 16.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, харин гараар хийсэн 600.0000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмж нь шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдсон байх тул хурааж тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эксковаторын 2 ширхэг статер, 2 ширхэг компьютерийг хууль ёсны эзэмшигч Н.Лувсандорж, Л.Ганхөлөг нарт олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Лувсаншаравын Болдбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Лувсаншаравын Болдбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Болдбаатарыг оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Болдбаатар уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Л.Болдбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар Хюандай-2900 LC-3 маркийн 10.000.000 төгрөгийн үнэ бүхий 66-89 УН улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо бага тойруу 10-80 тоотод оршин суугч Бэсүд овогт Ням-Очирын Лувсандоржид /РЭ65113011/, Хюандай-2900 LC-3 маркийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 84-54 УБ улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо 27-695 тоотод оршин суугч Халх овогт Лхамхүүгийн Ганхөлөгт /ЦГ88041279/-д олгож, тэдгээрийн үнийг буюу 16.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.Болдбаатараас гаргуулж, харин гараар хийсэн 600.000 төгрөгийн үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг хурааж тус тус улсын орлогод оруулсугай.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн экскаваторын 2 ширхэг статер, 2 ширхэг компьютерийг хууль ёсны эзэмшигч Н.Лувсандорж, Л.Ганхөлөг нарт олгосугай.

9.Шүүгдэгч Л.Болдбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.      

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ