| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/11747/И |
| Дугаар | 210/МА2026/00803 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00803
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02480 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2023 оны 10 дугаар сараас *******-д Төслийн удирдагчаар анх ажилд орсон ба 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалаар 1 жил, 10 сар ажилласныхаа дараа халагдсан.
1.2. Би өөрийн ажил үүргээ хангалттай гүйцэтгэж, давхар орон сууцны дахин төлөвлөлтийн ******* хороолол барих төслийг хариуцаж ажиллаж байсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 болон холбогдох бусад заалтуудыг удирдлага болгон ажлаас халсан бөгөөд эдгээр заалтынхаа гол тайлбарыг өгөхдөө сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон гэх тайлбарыг өгсөн.
1.3. Миний хувьд ажлын байрны зарын дагуу өөрийн холбогдох материалуудаа бүрдүүлэн өгч, анх ажилд орж байсан. Хэрэв компани 2023 онд сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж ажилтнуудаа ажилд авсан бол би нэгэнт ажил хайж байсан хүн учраас шалгалт өгөөд орох, орохгүйгээ шийдэх боломжтой байсан. Гэтэл тухайн үед хэрэгжүүлээгүй ажил, үйл ажиллагааг миний буруу мэт үзэж намайг ажилгүй болгож байгаад би гомдолтой байна.
1.4. Ийнхүү ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтыг удирдлага болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар ахлах хянан шалгагчийн албан шаардлагад Сонгон шалгаруулалтгүйгээр 20 албан хаагчийг ажилд томилсон зөрчлийг арилгаж, цаашид ажилтныг ажилд авахдаа сонгон шалгаруулалтын журмыг баримталж байх-ыг даалгасан ба тухайн зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай ******* тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот тэмдэглэлд ******* нь сонгон шалгаруулалтгүй ажилд орсон нь нотлогдсон. Мөн өөрийнх нь гараар бичиж өгсөн тайлбарт энэ талаар дурдагдсан.
2.2. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *******ийг ажилд түр томилох тухай ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын туршилтын хугацаагаар Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн төслийн удирдагч албан тушаалд томилох үед мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаж байсан боловч нэхэмжлэгчийн хувьд уг шаардлагыг хангаагүй байсан.
2.3. Ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцээгүй тул Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ын дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй гэж үзэж байна.
2.4. ******* нь *******тэй 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус Хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээнүүдийн зургаадугаар зүйлийн Гэрээ дуусгавар болгох буюу цуцлах хэсгийн 6.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болно гэж заасныг ******* нь зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
2.5. Иймд *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн *******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай ******* тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг *******-ийн Төслийн хэрэгжилтийн газрын Төслийн ахлах мэргэжилтэн ажлын байранд эгүүлэн тогтоож,
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 40,144,962 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 40,144,962 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж,
3.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 358,674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийг ажилд томилох үед сонгон шалгаруулалтын журам хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан тул сонгон шалгаруулалт явуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэсэн тайлбарыг дурдсан байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаар тогтоолын хавсралтаар Төрийн өмчит хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам батлагдсан бөгөөд уг журам нь төрийн өмчит хуулийн этгээдүүдэд нийтлэгээр мөрдөгдөж байна.
Түүнчлэн *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Компанийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам батлагдсан ба нэхэмжлэгчийг ажилд томилох үе болон түүнээс хойших хугацаанд сонгон шалгаруулалтын журам огт байгаагүй нөхцөл байдал бус бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдэд мөрдөгдөх Засгийн газрын *******дугаар тогтоолоор батлагдсан журам, мөн хариуцагч байгууллагын дотоод журмаар сонгон шалгаруулалтын ажиллагааг зохион байгуулах эрх зүйн зохицуулалт хүчин төгөлдөр байсан байна.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар албан шаардлага, түүнтэй холбоотой ажлын хэсгийн баримт, төлөвлөгөө, тайлан, төлөвлөгөөний биелэлт зэрэг нотлох баримтаар сонгон шалгаруулалт явуулалгүйгээр ажилд томилогдсон нийт 20 албан хаагчийн томилгооны зөрчил тогтоогдсон ба нэхэмжлэгчийг ажилд томилох үед сонгон шалгаруулалтын журам хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцэхгүй бөгөөд харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журам, зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс томилгооны зөрчил үүссэн болох нь тогтоогдож байна.
Уг албан шаардлага нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг бус, тодорхой хугацаа болон эрх зүйн үр дагавартай, заавал биелүүлэх шинжтэй захиргааны акт юм. Хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод тогтоосон мэргэжлийн шаардлагад нийцэхгүй гэж дүгнэж, уг зөрчлийг арилгах үүргийг хариуцагч байгууллагад өгсөн.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой, харилцан холбоотойгоор үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн, бодитой, харилцан холбоотойгоор үнэлэх зарчмыг зөрчсөн байна.
4.2. Дээрх албан шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд *******ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг харилцан уялдаа, холбоотойгоор үнэлэлгүйгээр эрх бүхий байгууллагын албан шаардлагын хэрэгжилт, түүнтэй холбоотойгоор хариуцагч байгууллагаас авсан арга хэмжээний бодит нөхцөл байдлыг дутуу үнэлсэн.
4.3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар *******ийг Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн Төслийн удирдагч албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилж, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг дээрх албан тушаалаас чөлөөлж, Төслийн ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар дурдсан байна.
Гэвч шүүх дээрх томилгооны тушаалуудыг зөвхөн үйл баримтын хүрээнд дурдсан боловч эдгээр томилгоо нь сонгон шалгаруулалтын журамд нийцсэн эсэх, мөн энэ нөхцөл байдал нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчилтэй хэрхэн холбогдож байгаа талаар эрх зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.
4.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллагаас шаардсан үндэслэлийг баримталсан ба шүүх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрх зүйн үндэслэлийг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцэхгүй байдлаар өөр хуулийн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрх бүхий байгууллагаас шаардсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон.
4.6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувийн хэрэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь аялал жуулчлалын менежер мэргэжилтэй болох нь тогтоогдсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан төслийн ахлах мэргэжилтэн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод барилгын инженер мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байсан.
Мөн байгууллагын бүтэц, орон тоонд нэхэмжлэгчийн мэргэжил, боловсролд нийцэх сул орон тоо байгаагүй тул түүнийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах бодит боломж байгаагүй байна.
4.7. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/2480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******ийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй болон үндэслэлгүй эсэх талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч талын гаргасан давж заалдах гомдолтой танилцахад ажил олгогч гэж хэн болох, хэзээ, хэрхэн байгууллагынхаа дүрэм журмыг хэрэгжүүлэх эсэх, ажилтны өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээх талаар өнөөдрийг хүртэл ойлгоогүй үйл баримт харагддаг. Хариуцагч байгууллага *******ийг та сонгон шалгаруулалтад оролгүйгээр ажилд орсон байна гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл хуульд зааснаар сонгон шалгаруулалт зохион байгуулж ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах нь бүгд ажил олгогчийн үүрэг байдаг.
Тухайн үед хариуцагч байгууллагад ажил үүргээ гүйцэтгэж байсан ажил олгогч байгууллагынхаа дүрэм журмын хэрэгжилтийг хангаагүйн улмаас үүссэн үүрэг, хариуцлагыг өнөөдөр *******д хүлээлгэж, та сонгон шалгаруулалтад оролгүйгээр ажилд орсон байна гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч талын зүгээс маргасан. Хариуцагч байгууллагыг сонгон шалгаруулалт зарласаар байхад нэхэмжлэгч тухайн сонгон шалгаруулалтад орохгүйгээр ажилд орсон зөрчил байгаа бол үүнийг арай өөр байдлаар хянан шалгах асуудал үүсэх байх.
5.2. Гэтэл *******ийн зүгээс намайг ажилд орохоор анкет бөглөж, хүсэлтээ өгч, хариуцагч байгууллагын удирдлагуудтай уулзах үед ямар нэгэн сонгон шалгаруулалт явагдана, та шалгалт өгөөрэй, дуудсан цаг хугацаанд ирээрэй гэх мэт мэдээллээр хангаагүй. Миний баримт бичиг, материалтай танилцаж, урьд өмнө нь менежерийн ажил хийж байсан ажлын туршлага өндөр гэдгийг үндэслээд намайг ажилд авсан гэж би ойлгосон гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас харвал 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч байгууллага шинэчлэлийг боловсруулъя, сайжруулъя гэж сонгон шалгаруулалт явуулах журмаа хүчингүй болгосон байдаг. ******* 2023 оны 10 дугаар сард хариуцагч байгууллагад ажилд орсон буюу тухайн байгууллагын дүрэм журам үйлчлээгүй үед ямар сонгон шалгаруулалтыг хэн, хэрхэн зохион байгуулах байсныг мэдэхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангаагүй нь тухайн үед удирдах албан тушаал эрхэлж байсан тодорхой албан тушаалтнуудын буруу гэдэг нь харагддаг.
5.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах журмын талаар дурдагддаг. Тухайн журмын 1.3 болон 1.4-т байгууллага буюу хуулийн этгээд нь сул орон тоондоо ямар байдлаар сонгон шалгаруулалт явуулах талаар өөрсдөө журамла гэж заасан байдаг. Энэхүү нийтлэг дүрэм журмыг хэн баримтлах ёстой байсан талаарх асуудал яригдахад ажил горилогч баримтлаагүй байна гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллага сонгон шалгаруулалт явуулах дүрэм, журмууд хүчингүй байх хугацаанд нэхэмжлэгчийг ажилд авч ажиллуулсан учир нэхэмжлэгч хариуцагч байгууллагатай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцсон.
Мөн хариуцагч байгууллага Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмын дагуу хийгдсэн албан шаардлагын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Дээрх албан шаардлагын 1 дэх хэсэгт сонгон шалгаруулалтгүйгээр 20 албан хаагчийг ажилд томилсон зөрчлийг арилга гэж дурдсан байдаг. Гэхдээ энэ зөрчлийг арилга гэдэг нь тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг шууд ажлаас нь хал гэсэн үг биш. Дахин ажилтныг ажил албан тушаалд томилохдоо сонгон шалгаруулалт явуул, сонгон шалгаруулалтгүйгээр ажилтныг ажилд аваад байгаа байдлаа зогсоо гэх албан шаардлага өгсөн байдаг. Ажил олгогч тухайн зөрчлийг арилгахдаа ажлаа хийж байсан хүнийг шууд ажлаас нь халах биш уг 20 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж болох байсан. Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн болон тэнцээгүй эсэх нь дараагийн асуудал юм. Гэтэл зөрчлийг арилгах гэж байна гэж тухайн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг төрийн эрх бүхий байгууллагууд гаргаж байгаа нь харамсалтай байна.
5.4. Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч байгууллагын бүтцийг харахад тус байгууллага захиргааны хэлтэстэй, захиргаа нь дотроо хүний нөөцтэй, дотоод аудиттай, мөн хуулийн мэргэжилтэнтэй байдаг. Ийм бүтцээр үйл ажиллагаа явуулж байж нэхэмжлэгчийг та сонгон шалгаруулалтад оролгүйгээр ажилд орсон байна гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн учир нэхэмжлэгч энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, маргахаас өөр аргагүй байдалд орсон. Засгийн газрын хяналт шалгалтын тухай хуульд хянан шалгагчийн албан шаардлага нь энэ ажилтныг шууд ажлаас нь хал гэх үүрэг даалгавар өгч байгаа асуудал огт биш, харин сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх эрхтэй байдаг. Тухайн саналыг хүлээн авч хэрхэн яаж хэрэгжүүлэх нь мөн л ажил олгогчийн эрх мэдлийн асуудал байдаг. Гэтэл санал хүргүүлэх төдийд та сонгон шалгаруулалтгүй ажилд орсон байна гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөөд байдаг. Хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг, бүтэц бүхий төрийн байгууллагууд хууль дүрмээ хэрэгжүүлж ажиллаагүй нөхцөл байдалд ажилтныг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн үүргүүдийг тоочин зааж өгсөн буюу хууль тогтоомжид нийцүүлэн дотоод дүрэм, журмаа баталж, түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй хариуцлагыг ажилтанд хүлээлгэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар *******ийг Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн Төслийн удирдагчаар, мөн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар Төслийн ахлах мэргэжилтнээр тус тус томилж, холбогдох хөдөлмөрийн гэрээнүүдийг байгуулсан. /хх-90, 111-113, 114-121/
4.2. Улмаар *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.5, тус компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10.8, компанийн дотоод журмын 11.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн анх ажилд орохдоо сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон нь тогтоогдсон, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Ахлах хянан шалгагчийн 2025 оны ******* дүгээр албан шаардлага ирүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. /хх-122-123/
5. Талууд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон нэхэмжлэгч нь тус байгууллагад сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилогдсон талаар маргаагүй, харин Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Ахлах хянан шалгагчийн 2025 оны ******* дүгээр албан шаардлагаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.
6. Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Ахлах хянан шалгагчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот албан шаардлагад дурдсанаар *******-ийн Гүйцэтгэх захирал ******* 12 иргэний ажилд томилохдоо сонгон шалгаруулалтгүй ажилд авсан нь Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам, *******-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан компанийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтын журам-ыг зөрчсөн болохыг тогтоож, тухайн сонгон шалгаруулалтгүйгээр 20 албан хаагчийг ажилд томилсон зөрчлийг арилгаж, цаашид ажилтныг ажилд авахдаа сонгон шалгаруулалтын журмыг баримталж байхыг даалгажээ. /хх-124-127/
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий байгууллага мөн боловч нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажил олгогч ажилтныг ажилд томилох үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2023 оны *******дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр *******ийг Төслийн удирдагч, дараа нь Төслийн ахлах мэргэжилтнээр тус тус томилсныг ажилтны буруу гэж үзэхгүй.
6.2. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн *******дугаар тогтоолоор Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам-ыг баталсан ба уг журмын 3.1-д Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах шийдвэрийг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал гаргаж, сонгон шалгаруулалт зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна. гэж заасан байна. /хх-73-75/
6.3. Нэгэнт *******ийг 2023 оны 10 дугаар сард ажилд томилох үед *******-ийн Гүйцэтгэх захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаагүй, сонгон шалгаруулалт явуулах журмыг хэрэгжүүлээгүйн төлөө 2 жилийн дараа ажилтны эрх зүйн байдлыг дордуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй.
6.4. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Бид эрх бүхий байгууллагын албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгасан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.5. Нөгөө талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй гэх татгалзал болон давж заалдах гомдлыг мөн хүлээн авахгүй. Учир нь тушаалд заагаагүй үндэслэлээр хариуцагч маргах эрхгүй.
7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан *******-ийн Төслийн хэрэгжилтийн газрын Төслийн ахлах мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт нийцсэн.
8. Түүнчлэн, шүүх *******д өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3 дахь хэсэгт зааснаар зөв тодорхойлж, ажилгүй байсан бүх хугацаагаар тооцож 40,144,962 төгрөг гаргуулж, уг дүнгээс зохих суутгалыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн байна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА