Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 353

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер О.Ариунбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын Сүж багт оршин суух Пүрэвжавын Түмэн-Өлзий, Лхагвадоржийн Энхтуяа нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 2.558.038,65 төгрөг, зээлийн хүү 291.950,35 төгрөг нийт 2.849.989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Говь-Алтай салбарын тооцооны төв хариуцсан менежер О.Ариунбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг Бугат сум 4-р баг, Сүж багт оршин суугч иргэн Пүрэвжав овогтой Түмэн-Өлзий нь 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Бугат тооцооны төвөөс 5.460.000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэй гэрээт цалингийн зээл авсан байна. Зээлийн барьцаанд П.Түмэн-Өлзийгийн цалингийн орлого, таван ханатай гэр барьцаалсан. Үүний дараа 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг нэмэлтээр авч нийт зээлийн үлдэгдэл 6.846.482 төгрөг болсон. 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн цалин орохгүй зогсч өнөөдрийн байдлаар зээл төлөгдөхгүй 233 хоног хугацаа хэтрээд байна. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4.901.961,35 төгрөг, хүүгийн төлбөр 1.993.990,93 төгрөг, нийт 6.895.952,28 төгрөг төлсөн байна. Иймд тус иргэдээс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн хүү болох 291.950,35 төгрөг, үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 2.558.038,65 төгрөг, нийт 2.849.989 төгрөгийг төлүүлэн өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хариуцагч П.Түмэн-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Пүрэвжав овогтой Түмэн-Өлзий миний бие Төрийн банкны Бугат сумын тооцооны төвөөс сургуулийн няравын ажил хийж байх үед цалингийн зээл авч байсан ажилгүй болоод төлөх ёстой зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон танай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу өөрийн биеэр шүүхэд ирээд энэхүү авсан зээлээ би 100 хувь өөрөө төлж барагдуулна. Энэхүү зээлийн төлөлтөнд Лхагвадорж овогтой Энхтуяа ямарч хамаагүй болно. Зээлээ би өөрийн биеэр хариуцан 100 хувь төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Л.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би П.Түмэн-Өлзийг зээл авахад 2 дугаар гарын үсэг зурсан нь үнэн зээлийг 10 дугаар сард багтааж төлөх болно гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Бугат тооцооны төвийн нэхэмжлэлтэй,  Говь-Алтай  аймгийн  Бугат  сумын  4   дүгээр   баг,   Сүжид   оршин  суух Пүрэвжав овогтой Түмэн-Өлзий, Лхагвадорж овогтой Энхтуяа нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.849.989 төгрөг гаргуулж, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар П.Түмэн-Өлзий, Л.Энхтуяа нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч П.Түмэн-Өлзий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...зээлээ би өөрийн биеэр хариуцан 100 хувь төлж барагдуулна...”, Л.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Би П.Түмэн-Өлзийг зээл авахад 2 дугаар гарын үсэг зурсан нь үнэн зээлийг 10 дугаар сард багтааж төлөх болно...” гэсэн тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд П.Түмэн-Өлзий, Л.Энхтуяа нар нь зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5-д  заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.836 төгрөгний тал хувь болох 74.928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Түмэн-Өлзий, Л.Энхтуяа нараас 74.928 төгрөгийг, улсын орлогоос 74.928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Бугат тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Бугат тооцооны төвийн нэхэмжлэлтэй, үндсэн зээлийн үлдэгдэл 2.558.038,65 төгрөг, зээлийн хүү 291.950,35 төгрөг нийт 2.849.989 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Говь-Алтай аймгийн Бугат сумын 4 дүгээр баг Сүжид оршин суух Пүрэвжавын Түмэн-Өлзий, Лхагвадоржийн Энхтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.849.989 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149.836 төгрөгний тал хувь болох 74.928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Түмэн-Өлзий, Л.Энхтуяа нараас 74.928 төгрөгийг, улсын орлогоос 74.928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын харъяа Бугат тооцооны төвд олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                    

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН