Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/01111

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 193/ШШ2026/00490 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн ******* захирамжаар ******* ХХК, ******* ХХК, ******* нараас 4,863,114,377 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. ******* ХХК-ийн хувьцааны 20 хувийг *******, 80 хувийн ******* нар эзэмшдэг. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа *******ийн 2024.08.30-ны өдрийн ******* дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-оор *******, ******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болтол түдгэлзүүлснийг уг тогтоолтой танилцаж мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан үндэслэлгүйгээр зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр тус арга хэмжээг авсан нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчиж байна. Иймд дээрх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.08.30-ны өдрийн ******* дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн ******* захирамжаар ******* ХХК, ******* ХХК, ******* нараас 4,863,114.377 төгрөгийг гаргуулж, ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч нар биелүүлээгүй ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч шийдвэрийг биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаанд төлбөр төлөгч нар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй ба энэ журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг хангаж, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн ******* шийдвэрээр төлбөр төлөгч ******* ХХК, ******* ХХК, ******* нараас 4,863,114,377 төгрөг гаргуулж ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт нэхэмжлэгч нар төлбөртэй бөгөөд төлбөрөөс огт төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж, 59.2-т Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдлийг 2023.12.25-ны өдрийн *******, 2024.04.29-ний өдрийн *******, 12, 2024.09.19-ний өдрийн *******, 22, 13-р мэдэгдлүүдийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, тэмдэглэл хөтөлсөн. Мөн 2024.08.19-ний өдрийн ******* дугаар албан бичгээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг танилцуулж, улмаар 2024.08.30-ны өдрийн ******* дугаар тогтоолоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасан байхад гомдлыг 3 жилийн дараа гаргасан нь төлбөр төлөгч уг арга хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Мөн төлбөр төлөгч нарын зүгээс мөн 2024.10.10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хилийн хоригийг түр сэргээх талаар хүсэлт гаргаж байсан нь үндэслэлгүй гэх үйл баримтыг үгүйсгэж байна. Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ба 2023 оноос хойш өнөөдрийг хүртэлх 3 жилийн хугацаанд шийдвэр биелэгдээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа үйл баримт болно гэж үзэж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн гадаад улс руу явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Энэ эрхийг хуульд заасны дагуу хязгаарлах буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хязгаарлах боломжтой. Гэтэл хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-д заасан үндэслэл бүрдээгүй байхад ******* дугаартай тогтоолыг гаргасан бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар иргэний эрхийг түдгэлзүүлсэн тухайгаа иргэнд мэдэгдэж, эрх ашгаа сэргээлгэх боломжоор хангаагүй. 2024.08.30-ны өдрийн ******* дугаар тогтоолын 3-р хэсэгт мэдэгдлийг гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, төлбөр төлөгчид танилцуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгасан. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй буюу энэ талаар төлбөр төлөгчид танилцуулаагүй нь хэргийн баримтаас харагдана. Бид өөрсдөө баримт бичгийн хуулбарыг авч байж эрхээ зөрчигдсөн талаар олж мэдсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан тус газрын төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2024 оны 08 сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч *******, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирал ******* нар нь шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлээгүй, тул гадаад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 104/ШШ2023/00******* захирамжаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* нар 4,863,114,377 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д 2024.06.30-ны өдрийн дотор төлөх, тогтоосон хугацаанд төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад зохигч маргаагүй.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.08.30-ны өдрийн ******* дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан үндэслэлээр төлбөр төлөгч ******* ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч *******, 80 хувийн хувьцаа эзэмшигч ******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж заасан бөгөөд мөн хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т тус тус зааснаар эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн хөрөнгөө нуун дарагдуулсан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэл тогтоогдсон бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохоор заажээ.

Хуульд зааснаар эдгээр 3 үндэслэл тогтоогдсоноос бусад тохиолдолд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхгүй байхаар хуулийн хүрээг хязгаарлан, тодорхой тогтоосон байна.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нар нь 4,863,114,377 төгрөгийн төлбөрийг төлбөр авагч ******* ХК-д төлөх үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй удсан нь төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэх сэдэл, үндэслэл бүрдсэн, эрэн сурвалжлагдаж байгаа нь тогтоогдоогүй, хариуцагч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүйг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлэн шийдвэрлүүлэх журамтай ба Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.08.27-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч *******, ******* нар нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ. Саналыг үндэслэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.08.30-ны өдрийн ******* дугаар тогтоолоор *******, ******* нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлэхдээ хуульд заасан үндэслэлийг тогтоолгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал гаргасан байхад дээрх арга хэмжээг авсан нь хуульд нийцээгүй байна.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тодорхой арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд уг арга хэмжээнд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.15-д заасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ багтдаг. Нэхэмжлэгч нарт гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд энэ тухай мэдэж байсан гэсэн тайлбарыг хариуцагч шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нар тэдний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн эсэхийг тодруулахаар 2025.11.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргаснаар ******* дугаартай тогтоолыг хүлээн авч, улмаар 2025.12.02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025.12.02-ны өдрийн ******* дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024.08.30-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж буй Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс *******, ******* нарт ******* дугаартай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар дамжуулан мэдэгдсэн тухай баримт авагдаагүй байх тул хариуцагчийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024.08.27-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдсан нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн ******* дугаартай тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул ******* дугаартай тогтоолыг мэдэгдсэн гэж үзэхгүй.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 193/ШШ2026/00490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

Э.ЭНЭБИШ