Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 122

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч:                           А.Энхтуяа

Хохирогчийн өмгөөлөгч           Л.Намнансүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч           Б.Дашдорж

Нарийн бичгийн дарга             Б.Баярдэлгэр нарыг оролцуулан

 

         Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буриад овогт Доржийн Чинзоригт холбогдох эрүүгийн 1831003960024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1984 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг 3-р баг 3 дугаар хэсэг 17 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Буриад овогт Доржийн Чинзориг РД:/МА84021514/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Чинзориг нь төрийн албан хаагч буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан өрөөндөө тус сумын иргэн М.Мөнхбаатарыг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр зүүг гуя, гарын булчин хэсэгт тус бүр 2 удаа резинэн бороохойгоор цохиж эрүү шүүлт тулгасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                         Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Чинзориг нь төрийн албан хаагч буюу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр албан өрөөндөө тус сумын иргэн М.Мөнхбаатарыг мал хулгайлсан хэрэг хүлээлгэхээр зүүг гуя, гарын булчин хэсэгт тус бүр 2 удаа резинэн бороохойгоор цохиж эрүү шүүлт тулгасан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Чинзориг нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Чинзориг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэх мэдүүлэг

2.Шүүгдэгч Д.Чинзоригийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Ээлжийн амралтаа сумандаа эдэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай сумын иргэн Х.Чимэгсанаа гэж хүн ирээд манай 1 тооны үхэр 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө бэлчээрээс алдчихлаа гэж ирсэн. Тэгэхэд би ээлжийн амралттай байгаа та албан ёсоор өргөдлөө өгөөд цохолт хийлгээд шалгуул гэж хэлсэн. Тэгтэл Х.Чимэгсанаа нь “манай хажуу айлын малчин М.Мөнхбаатарыг сэжиглэж байна. Энэ айлд гаднаас хүмүүс ирээд үхэр янзлаад явсан байна. Эднийх манай үхрийг хулгай хийсэн байж магадгүй шалгаад өгөөч гэж хэлсэн. Хамаагүй хүн амьтан сэжиглэж байж хэрүүл маргаан битгий үүсгээрэй гэж хэлээд сайн сураг ажиг гаргаарай гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш Х.Чимэгсанаа байнга ирээд эднийх хулгай хийсэн угаасаа хулгайч нар чи шалгаад өгөөч гэж байн байн ирж шалаад байсан. Ирэх бүрт би ээлжийн амаралттай байгаа та өргөдлөө аймгийн цагдаад өгөөд цохуулаад ирж шалгуулаа гэж хэлдэг байсан. Х.Чимэгсанаа хэлэхдээ би М.Мөнхбаатарын гэрт очход М.Мөнхбаатарын ээж нь гэртээ ч ойртуулахгүй байна.  4 үхэр янзалсан байна гэж хэлж байсан. Тэгтэл намайг амардаг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийн 4-5 материалаа шийдээд сууж байтал М.Мөнхбаатар үхэр гээд 4 тооны үхэр ачсан 84-65 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай жолоочоор Ч.Түмэнжаргал гэж М.Мөнхбаатар эхнэр Ж.Тунгалагийн төрсөн ах Чуканы хүү Түмэнжаргал машин барьж ганцаараа манай албан өрөөнд орж ирээд гарал үүслийн бичиг дээр гарын үсэг зуруулж тамга даруулах гэсэн юм. М.Мөнхбаатар ахынх 4 тооны үхэр янзлаад Дархан оруулж зарах гэж байгаа тухайгаа хэлсэн. Би тэр үед хүнээс мэдүүлэг аваад сууж байсан. Би гарал үүслийг нь тухайн цаг өдөр минутаар хэнийхээс авсан мал болох малын зүс зэргийг бүртгэж авсан. А.Түмэнжаргалыг малын арьс ширээ толгойтой нь хамт машинаасаа буулгаад бэлдэж бай гэж хэлсэн. Тухайн үед би хүнээс мэдүүлэг авч байсан тул манай өрөөнд байсан М.Мөнхбаатар гэж залууг гуйгаад “чи гараад малын арьс шир толгойны зургийг аваад ирээч” гэж хэлээд өөрийнхөө зургийг аппартыг өгөөд гаргасан. М.Мөнхбаатар зургийг авчихлаа гэхээр нь би аппаратаа асаагаад үзсэн чинь зургийг авсан байсан. Тэгээд гарал үүслийн бичиг дээр нь тамга дарж гарын үсэг зураад явуулсан. Гарал үүслийн бичгийн сумын малын эмчээс аваад багийн даргаар гарын үсэг зуруулж тамга даруулаад хамгийн сүүлд хэсгийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж тамга даруулсан. Түүнээс хойш Х.Чимэгсанааг ирэх үед М.Мөнхбаатарын надаар зургаа авахуулсан 4 үхрийн толгойны зургийг харуулахад зүүн талынх нь цагаан толгоотой үхрийн толгойг энэ манай үхэр мөн байна гээд байхаар нь та албан ёсоор гомдол гаргаж шалгуулаа би одоо ээлжийн амралттай байна гэж хэлсэн. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цагдаа Н.Сайнзаяа, цагдаа М.Анхбаяр хоёроор цагдаагийн алаг машинтай яваад М.Мөнхбаатарыг дуудаад ир гэсэн. Тэр 2 яваад үдээс хойш М.Мөнхбаатарыг дуудаж ирсэн. Намайг өрөөндөө байж байтал М.Мөнхбаатар эхнэртэйгээ орж ирэхэд нь “таныг бол дуудаагүй нөхөр уулзаж тодруулах зүйл байна та явж бай” гэж хэлсэн тэгээд М.Мөнхбаатарыг өрөөнд дуудаж уулзаад “Х.Чимэгсанаа чамайг өөрийнхөө үхрийг хулгайлсан гэж байна чи ямар ямар үхэр нядалж хаана зарсан юм бэ? гэхэд М.Мөнхбаатар эхэндээ дугарахгүй байсан. Тэгээд чи хаашаа юм бэ? хүний үхэр авчихдаг юм уу? гэхэд дугарахгүй байж байгаад “би ямар ч үхэр аваагүй” гэсэн “зурган дээр байгаа 4 үхэрийн толгойны нэг толгойг манай үхэрийн толгой байна гээд байна ш дээ та нар нэг нутгийн хүмүүс байж нэгнийхээ үхрийг хулгайлчихдаг юм уу? хүн амарч байхад хэл ам татлаад байх юм” гэж хэлсэн “би тэднийхээс ямар ч үхэр аваагүй би өөрийнхөө 4 үхрийг нядалсан” гэж хэлсэн. Би “чи тэр Х.Чимэгсанаатайгаа учираа олоорой” гэхэд “за” гэсэн. Чи тэгээд яаж учраа олох гэж байгаа юм бэ? гэхэд “би нэг тугалтай үхэр өгдөг юм уу" гэсэн. Яагаад тугалтай үхэр өгөх гэж байгаан гэхэд дахиад дугарахгүй байсан. Та нар хүн амраачихгүй гэж хэлээд зүүн гуя руу нь 2 удаа бороохойгоор бороохойдож цохисон юм. Тэгээд өрөөндөө М.Мөнхбаатарыг суулгаж байсан. Энэ хооронд малын ченж нар гарал үүслийн бичиг дээр гарын үсэг зурж тамга дарах малыг нь бүртгэх, гарч зургийг авах зэрэг ажил хийгээд гарч орж байсан. Тэгтэл М.Мөнхбаатарын хамарнаас цус гараад ажлын бээлийгээр хамараа дараад сууж байсан. Чи чинь яачихваа гэхэд ойрдоо миний хамарнаас цус гараад байгаа юм аа гэхээр нь чи тэгвэл дээлэй тайлаад коридорт гараад сууж бай гэж суулгаад Гантулга гэж залууг чи яваад дэлгүүрээс 00-ын цаас аваад ир гэж явуулсан. Тэгтэл Гантулга орж ирээд М.Мөнхбаатарын толгойн эргээд байна гэнээ гэж надад орж ирж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа М.Анхбаярыг чи эмнэлэг дагуулаад яв ар гэрийнхэнд нь мэдэгд гэж хэлсэн. М.Анхбаяр цагдаа эмнэлэг дагуулаад явсан буцаж ирээд “даралт нь ихэссэн байна хэвтүүл” гэнээ гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-214-р ху/,

3.Хохирогч М.Мөнхбаатараас 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 тооны үхэр нядалсан улаан халзан шүдлэн насны гунжин эм үхэр 1 толгой, цоохор нүүртэй шүдлэн гунжин эм үхэр 1 толгой, духан дээрэй цагаан бор зүсмийн эр бяруу 1 толгой, мухар улаан зүсмийн хөгшин эм үхэр 1 толгой нийтдээ 1 эр 3 эм үхэр нядалж Дархан-Уул аймаг оруулж зарсан юм. Нийтдээ 4 үхэр 2 сая гаран төгрөг болсон. Үхэр зарснаас хойш 8 хоногийн дараа манай гэрт сумын цагдаа Сэлэнгэ аймгаас нэг цагдаа ирж уулзаад хэд хоногийн өмнө нядласан танай үхэрнүүдийн чинь нэг болох улаан халзан үхэр нь айлын хулгайд алдсан үхэртэй адилхан байна гэнэ гэж ирж уулзахад нь тийм зүйл байхгүй ээ. Манайх 4 тооны үхэр нядлаад хэсгийн төлөөлөгчид арьс шир толгойг үзүүлж бүртгүүлээд зургийг нь авхуулаад явсан гэж хэлсэн. Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг хониндоо явж байхад манай хажуу айлын хүүхэд сумаас цагдаа ирсэн таныг дуудаж байна гэхээр нь гэртэй яваад очисон чинь гэрт сумын цагдаа Н.Сайнзаяа Сэлэнгээс ирж ажиллаж байгаа гэсэн нэр нь М.Анхбаяр гэж цагдаа нар намайг хэсгийн төлөөлөгч дуудаж байна гэхээр нь за гээд мотоциколоо унаад явах гэхэд эхнэр би хамт явна гэхээр нь сундлаад цагдаагийн машины өмнө гараад сумын төв орсон. Хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг манай эхнэрийг “таныг дуудаагүй ш дээ та яах гэж яваа юм бэ гар гар” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд өрөөндөө намайг оруулаад цонхныхоо хөшигийг татаад хаалгаа түгжээд “чи яагаад айлын мал хулгайлсан бэ?” гэхээр “би хулгай хийгээгүй өөрийнхөө малыг нядалсан таниар зургийг нь авхуулсан ш дээ” гэхэд “битгий худлаа яриад бай” гэхээр нь “манай малыг нядлалцаж өгсөн хүн байгаа би гэрчтэй” гэхэд” чи яасан их гэр<татдаг юм бэ?” бороохойгоо аваад зүүн талын гуя руу маш хүчтэй 2 удаа цохисон дараа гарын гадна талын булчин хэсэг бас 2 удаа цохисон. Тэгээд би хэсэг дуугай суусан хэсгийн төлөөлөгч орж гараад ажлаа хийж байсан тэгтэл толгой эргээд хамараас цус гарсан. 00-ын цаасаар цусаа цэвэрлээд гараад үүдний хэсэгт сууж байсан чинь бүр толгой эргээд унах гээд байсан. Тэгтэл М.Анхбаяр гэж цагдаа намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн эмч үзээд даралт ихэссэн байна гээд тариа хийсэн орой болход манай эхнэр ирсэн. Манайхыг 4 тооны үхэр нядлах үеэр манай тэр хавийн нэг айлын улаан халзан эр үхэр хулгайд алдсан юм байна лээ. Манай улаан халзан үхэр эм үхэр байсан. Тэгээд намайг айлын үхэр хулгайлсан хэрэгт сэжиглэж “Чи яагаад айлын үхэр хулгайлсан юм бэ?” гэхэд нь “би ямар ч үхэр хулгайлаагүй өөрийнхөө үхрийг нядлаж зарсан” “битгий худлаа яриад бай” гэхээр “үхэр нядлхад хамт байсан хүн байгаа би гэрчтэй шүү” гэхэд “чи яасан их гэрч татдаг юм бэ? гээд бороохойгоо аваад зүүн талын гуяны гадна хэсэгт 2 удаа зүүн гарны гадна хэсэг 2 удаа маш хүчтэй цохисон нийтдээ 4 удаа хөлөнд 2 гаранд удаа цохисон юм. Тухай цаг үед бол би хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэг хийсэн гэж хэрэг хүлээлгэх гэж намайг цохиж зодсонд гомдолтой байсан юм. Тэгээд би өөрөө бичиг үсэг муутай тул өөрийн төрсөн дүүдээ учир байдлыг хэлж ойлгуулж хууль хяналтын байгууллагад өргөдөл бичээд гомдол гаргаад өгөөч гэсэн юм. Манай дүү миний өмнөөс өргөдөл бичиж Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагад зэрэг өгчихлөө гэж надад хэлсэн би тэр үед Улаанбаатар хотод эхнэртэйгээ хамт ирээд эмнэлэгт хэвтэж байсан юм. Одоо бол биеийн байдал харьцангуй сайжирч байна. Цаашид бол хэсгийн төлөөлөгч Д.Чинзоригт гомдол санал байхгүй харин надад учирсан эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135-р ху/

4.Гэрч Ж.Тунгалагийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн нутаг болох Чойрж нэртэй газарт өвөлжиж байгаа юм. Намаржаандаа байхдаа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр банкны зээл төлөх болоод 4 үхэр гаргасан юм. Үхэрийн махаа Дархан-Уул аймаг оруулж зарах санаатай төрсөн ах Авирмдээс “та машинаараа мах ачиад Дархан оруулаад өгөөч” гэж гуйхад “би явж чадахгүй хүү А.Түмэнжаргалыг явуулая” гээд А.Түмэнжаргал манайх мал гаргадаг өдөр портер машинтайгаа ирсэн юм. Тэгээд малаа гаргчихаад малын толгой ширыг ачиад сумын төв рүү А.Түмэнжаргалаар хэсгийн төлөөлөгчөөр зургийг нь авхуулаад ир гэж явуулсан. Учир нь дараа малын хулгайн хэрэгт сэрдэгдэхгүй гэдэг үүднээс заавал хэсгийн төлөөлөгчөөр зургийг нь авхуулдаг юм. Сумын малын эмчээс бас гарал үүслийн бичиг бас авдаг тэгэхгүй бол замд шалгаад явуулдаггүй юм. А.Түмэнжаргал 4 үхэрийн толгой ширийг ачиж сумын төв орж зургийг нь авхуулчихаад ирсэн тэгээд нөхөр бид 2 үхэрийн махаа Дархан орж борлуулсан. Манайх олдоогийн байгаа газартаа буучихаад байж байтал 2018 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр манай сумын цагдаа Н.Сайнзаяа М.Анхбаяр гэж цагдаатай хамт манайд ирээд манай нөхрийг асуухаар нь хониндоо явсан гэхэд хүлээж байгаад сумын төв рүү дагуулаад явах гэхэд нь би хамт явсан. Сумын төв ороод хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд орход хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг “Та яах ирсэн юм бэ таныг дуудаагүй шүү дээ та гарч бай” гээд намайг гаргасан. Би гараад нь гадаа нь нилээн удаан хүлээж суусан. Тэгээд гадаа нь хүлээгээд сууж байтал цагдаа Н.Сайнзаяа нь гарч ирээд “та юу хийгээд суугаад байгаа юм бэ? даарчихлаа гэртээ харь бид нөхрөөс чинь хэдэн юм тодруулчихаад явуулчихана” гэхээр нь би ганцааараа гэртэй харьсан. Тэгээд манай нөхөр ирэхгүй байхаар нь сумын Засаг даргын жолооч М.Баттулга гэж хүн байдаг юм. Тэр хүний мал манайд байдаг. Тэгэхээр М.Баттулга руу утасаар яриад М.Мөнхбаатарыг 2 цагдаа өдөр ирээд аваад явсан одоо болтол ирдэггүй асуугаад сураглаад өгөөч гэж утасаар хэлсэн. М.Баттулга асууж сураглаад манайд гэртэй машинтайгаа орой 21 цагийн үед яваад ирсэн. Тэгэхдээ эмнэлэг дээр байна гэнээ яасан гэхэд цагдаа зодсон гэнээ хамар амнаас цус гараад даралт 180 хүрсэн байна гэхээр нь би сандараад М.Баттулгатай хамт сумын төв орж М.Мөнхбаатартай уулзахад эмнэлэг дээр дусал залгуулсан хэвтэж байсан. Яасан бэ гэхэд манай гаргасан 4 үхэрийн 1 үхэрийг айлын хулгайд айлдсан хүрэн халзан үхэр байна гэж намайг хулгайн хэрэгт сэрдэж зузаан гуя гарын булчин хэсэг рүү бороохойгоор Д.Чинзориг хэсгийн төлөөлөгч зодлоо гэж хэлсэн. Н.Сайнзаяа цагдаа нь шилэн хүзүүн дээр нь гараараа цохисон гэж надад хэлсэн. Нэг айл эр үхрээ алдсан юм шиг байна лээ. Тэр айлын үхэр нь зүс манай гаргадаг 4 үхэрийн 1 үхэрийнх нь зүстэй адил байсан юм шиг байна лээ. Тэгээд манай нөхөр М.Мөнхбаатартыг хулгайн хэрэгт гүтгэж хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг, цагдаа Н.Сайнзаяа нар зодоод Сэлэнгээс түр ажиллахаар ирсэн байсан М.Анхбаяр гэж цагдаа нь эмнэлэг дээр хүргэж өглөө гэж манай нөхөр М.Мөнхбаатар надад хэлсэн. Би бол хамт байгаагүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,

5.Гэрч  М.Анхбаярын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд албан томилолтоор ажилласан юм. Цагааннуур сумын цагдаа Н.Сайнзаяа нь харвалт өгөөд эмнэлэгт хэвтэж байгаа тул түүний оронд 14 хоногийн хугацаанд ажиллах болоод Цагааннуур суманд очисон юм. Н.Сайнзаяа 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад орой нь Цагааннуур суманд ирсэн юм. Гэхдээ ажилдаа орох болоогүй хэд хоног эмчилгээний гам барина гэж байсан. Маргааш 2018 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хэсгийн төлөөлөгч ахмад Д.Чинзориг М.Мөнхбаатарыг гэрээс нь дуудаад дагуулаад ир гэж хэлсэн. М.Мөнхбаатарынх уг нь сумын төвийн 4-р бригадын баруун талд байсан чинь цаашаа Чойжилын хавцал гэх газар луу нүүгээд явчихсан байна. Чи хөгшинтэйгөө хамт яваад гэрийг нь заагаад өгөөч гэж би Н.Сайнзаяагаас гуйсан юм. Н.Сайнзаяа бид 2 хамт албаны алаг машинаар М.Мөнхбаатарын гэрт очсон чинь М.Мөнхбаатар мотоциколтойгоо хонинд явсан гээд эхнэр нь гэртээ байсан. Хүлээж байгаад М.Мөнхбаатартай уулзаад таныг хэсгийн төлөөлөгч дуудаж байна гэхэд эхнэрээ сундлаад мотоциколтой сумын төв руу бид 2-ыг дагаад явсан. М.Мөнхбаатарыг хэсгийн төлөөлөгчийн өрөөнд оруулж өгөхөд иргэд малын гарал үүслийн бичиг зуруулна гээд төлөөлөгчийн өрөөнд хүмүүс орж гараад ир байсан. Н.Сайнзаяа ирээд шууд гэртээ орсон кобон болохоор гэр нь хажуу талдаа байдаг. Хэсгийн төлөөлөгч надаар малын зураг авхуулах гэж байгаа ирсэн хүмүүсийн зургийг авхуулаад би орж гараад тэр хавиар ажил хийж байгаад хэсгийн төлөөлөгчийн өрөөнд нэг орсон чинь М.Мөнхбаатар дээлээ тайлчихсан хамарнаас нь цус гарсан гээд сууж байсан. Тэгээд дахиад нэг ороод ирсэн чинь М.Мөнхбаатар коридорт бас нэг хулгайн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Б.Гантулга залуу 2 өөд өөдөөсөө хараад сууж байсан. Нүүр нь минчийгээд улайсан байхаар нь нүүр чинь яагаад улайсан юм бэ? гэж асуухад манайх хэд хоногийн өмнө нүүж байгаад мориноос унаад толгой хөдөлсөн юм шиг байна гэхээр тэгээд толгойгоо бариулахгүй яасан юм бэ гэхэд амжаагүй юм гэж байсан. Тэгээд орой 18 цагийн үед хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг намайг “наад М.Мөнхбаатар чинь унах гээд байх шиг байна чи эмнэлэг дагуулж яваад үзүүлээдхээч” гэхээр би М.Мөнхбаатарыг албаны машинаар эмнэлэг хүргэж өгөөд эмчид үзүүлсэн чинь даралт нь ихэссэн байна. Ар гэрт нь мэдэгд эмчилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн. Би энэ талаар хэсгийн төлөөлөгчид утасаар хэлхэд ар гэрээс нь эхнэрийг нь дуудаад эмнэлэгт, эхнэрт нь хүлээгээд өгчих гэж хэлсэн. Эхнэрийг нь эмч утсаар дуудаад эхнэр нь ирсэн байх би түрүүлээд гараад явсан. Орой 21 цагийн үед эхнэр нь ажил дээр ирээд М.Мөнхбаатар яасан юм бэ? та нар цохиж барьсан юм уу? Надаас асуухад нь миний хувьд танай нөхрийг цохиж зодсон зүйл байхгүй. Харин би эмнэлэг хүргэж өгсөн гэж хэлсэн. Эхнэр нь тэгээд гараад явсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147-р ху/

6.Гэрч Н.Сайнзаяагийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 26-нд ажил дээрээ ажлаа хийж байхад гэнэт биеийн байдал муудаад сумын эмнэлэгт 3 хоногт хэвтсэн харвалтын шинж тэмдэг илэрсэн гээд 3 хоног хөдөлгөөнгүй байлга гээд 3 хоногийн дараа Дархан-Уул аймаг орж “Саран-Элит” гэж эмнэлэгт ирж шинжилгээ өгөөд буцаад Сэлэнгэ аймгийн “Эбүс” нэртэй эмнэлэгт ирж 10 хоног хэвтэн эмчилүүлж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад шууд сум руугаа явсан. Намайг өвчтэй байхад миний оронд аймгийн төвөөс цагдаа ахлах ахлагч М.Анхбаяр ирсэн ажиллаж байсан. Эмнэлгээс гараад зүүн талын гар хөдөлгөж юм барьж чадахгүй байсан тул хэд хоног М.Анхбаяр суманд ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 10-нд хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг цагдаа М.Анхбаярыг М.Мөнхбаатарынд очоод дагуулаад ир гэж хэлсэн юм байна лээ. Тэгтэл М.Анхбаяр гэрийг нь мэдэхгүй байна намайг заагаад өгөөч гээд албаны машин бариад би хажууд нь суугаад М.Мөнхбаатарын гэрт нь очиход М.Мөнхбаатар хониндоо явсан гээд байхгүй байсан. Эхнэр нь гэртэй байсан хажуу айлынх нь хүүгээр М.Мөнхбаатарыг дуудуулсан. Тэгээд М.Мөнхбаатарыг ирэхэд нь хэсгийн төлөөлөгч дуудаж байна гэхэд эхнэр нь хамт мотоциколтой сундалаад сумын төв рүү явсан. Манай машин намхан болохоор тулаад байсан болхоор М.Мөнхбаатарын араас хоцороод очисон тэгээд М.Мөнхбаатарын ээжийнх нь гэр очисон чинь М.Мөнхбаатарын мотоцикол гадаа нь байсан. Ээж нь гарч ирээд яасан юу болоод байгаа талаар асуухад нь танай хүүхэд малын хэрэгт холбогдсон юм шиг байна аа. Танайх саяхан мал гаргасан юм уу? тэр малан дотор нь айлын алдсан малтай адил зүстэй мал байсан гэнээ тэгээд хэсгийн төлөөлөгч дуудуулсан юм аа. Ямар ч байсан очиж уулз гэхэд за за ойлголоо гэсэн бид 2 ажил дээр ирээд би шууд гэр лүүгээ орсон. Тэгээд жаахан байж байгаад гараад ирсэн чинь М.Мөнхбаатар ирсэн гадаа зогсож байсан би тэгээд дагуулаад орж хэсгийн төлөөлөгчтэй уулзуулсан. Эхнэр нь хамт орох гэхээр нь та гадаа хүлээж бай гэж хэлсэн. Би өрөөндөө хэсэг сууж хяналтын камер харж байгаад буцаад гэрлүүгээ орсон. Тэгээд хэсэг байж байгаад хэсгийн төлөөлөгчийн өрөөнд ороход төлөөлөгч М.Мөнхбаатар 2 юм яриад зогсож байсан тэгээд буцаж гараад гэртэй хэсэг байж байгаад ортол М.Мөнхбаатар төлөөлөгчийн өрөөнд байхгүй байсан. Намайг байхгүй байхад хулгай хэрэг гараад хэсгийн төлөөлөгч М.Анхбаяр 2 өөрсдөө хөөцөлдсөн болохоор би хөндлөнгөөс нь оролцоогүй юм аа. Хэсгийн төлөөлөгч өрөөндөө сэжиглэж байгаа хүнтэйгээ уулзаж байхад би хажуугаас нь нэг их оролцоод яахав гэж бодсон юм. Би М.Мөнхбаатарын дүү М.Мөнхбаттай нь Шаамар суманд МСҮТ-д хамт сурч байсан юм. Тэгтэл хэд хоногийн М.Мөнхбат манай ажил дээр орж ирээд би гэртэй байсан намайг дуудуулсан тэгээд гартал М.Мөнхбат 3 залуутай зогсож байсан. Тэгээд манай өрөөнд орж ирээд хамт явсан залуучууд нь утас гаргаж ирээд бичлэг хийх гээд байхаар нь М.Мөнхбатад уурлаад юу болоод танихгүй хүмүүс ажил дээр дагуулж орж ирээд яах гээд байгаа юм бэ гээд уурласан чинь за за 2 лаа бие биенээ танидаг байж аятайхан ярилцъя гээд М.Мөнхбат манай ахыг зодсон байна гэж хэлсэн. Танай ах чинь өөрөө малын хулгайн гэмт хэргийн судалгаанд байдаг. Би гэсэн хувьдаа сэжиглэж л байна. Хадмууд нь бүгд малын хулгайн хэрэгт шийтгүүлж байсан. Танай ах чинь 2015 онд Пүрэвийн Болдбаатар нарын олон уйлдэлтэй олон холбогдогч нартай хэрэгт хамт холбогдож явж байгаад тэд нар нь бүгд тасарсан танай ах чинь сугараад үлдсэн гэж хэлсэн. Би тэр хугацаанд бол байгаагүй бие өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаад ирлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149-р ху/

7.Гэрч А.Түмэнжаргалын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Тунгалаг гэж манай аавын төрсөн дүү буюу авга эгч юм аа. 2018 оны 10 дугаар сарын 28-ны Ж.Тунгалаг эгч над руу яриад банкны мөнгө тушаах боллоо үхэр гаргаж Дархан оруулж зарах гэсэн юм. Миний дүү хүрээд ирээч гэсэн би тухайн үед Дарханд гэртэй байсан. Эгч надаар аавын портер машиныг бариулж Дархан руу мах ачиулж явах гэж гуйсан юм. Тэгээд 28-ны өдөр өөрийнхөө жижиг машинтай очиод аавынхаас аавын портер машиныг унаад Ж.Тунгалаг эгчийнд очисон юм. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 тооны үхэр гаргасан. Үүнээс 2 гунжин эм үхэр, 1 эр бяруу, 1 нас бие гүйцсэн эм үхэр 3 эм 1 эр үхэр нядалсан. Үдээс хойш 16 цагийн үед ажил тарахаас өмнө очиж малын гарал үүслийн бичиг авна хэсгийн төлөөлөгчид нядалсан малын зураг авхуулна гээд Нийтдээ 4 үхэрийн шийр толгой, 2 хонь, 6 ямааны гулууз мах ачиж сумын төв руу ганцаараа явсан 2 хонь 6 ямааны мах нь миний өөрийн мал юм. Сумын төвд малын эмч Буянжаргалаас малын гарал үүслийн бичиг аваад сумын захиргаа орж багийн дарга Ууганбаяраар гарал үүслийн бичиг дээр гарын үсэг зуруулсан, дараа нь цагдаагийн хэсэг орж хэсгийн төлөөлөгч ахмад Д.Чинзоригт нядалсан малын махаа бүртгүүлээд 4 үхэрийн толгой ширийг машиныг буулган газар дэвсэж байгаа зургийг нв авхуулаад буцаж М.Мөнхбаатар ахынд очиод М.Мөнхбаатар ах Ж.Тунгалаг эгч бас 2 хүүхдийн хамт махаа ачиж Дархан-Уул аймаг орж борлуулсан буцаж ирээд аавын машиныг өгөөд өөрийнхөө машиныг унаад буцаад Дархан явсан. Д.Чинзориг төлөөлөгч өрөөн дотороо 2-3 хүнтэй уулзаж байсан. Би ороод малын зураг авхуулах гэсэн юм гэхэд өөрөө бүртгэж аваад гараад арьс ширийг нь дэлгээд толгой нь дээр нь тавиад байж бай гэхээр би гараад машины ачаан дээрээс 4 үхэрийн арьс ширийг дэлгээд ширэн дээр нь өөрийнх нь толгойнуудыг тавьж бэлдээд байж байтал дотороос энгийн нэг ах гарч ирээд зургийг аппаратаар зураг авсан би өөрөө ч утсан дээрэй бас цаана нь байгаа машины дугаарыг оруулаад зураг авсан. Хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг өөрөө бол аваагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151-р ху/,

8.Гэрч М.Мөнхзулын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ээлжийн ажилтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Энэ өдрийн 20:00 цагт тухайн өдөр надтай хамт үүрэг гүйцэтгэн ажилласан сувилагч Б.Цолмон над руу гар утсаар холбогдож “...эмнэлэг дээр М.Мөнхбаатар гэдэг хүн ирчихлээ, цагдаа авчирсан, үзүүлэх гээд байна, ирж үзээрэй...” гэсэн. Тэгээд би гэрээсээ ирж үзлэг хийсэн. Би 20 цаг 08 минутанд үзлэгийг эхэлсэн. Иргэн М.Мөнхбаатарын хувьд эмнэлэг дээр ирэхдээ цагдаа М.Анхбаярын хамт ирсэн байсан. Намайг ирэхэд манай сувилагч Б.Цолмон, цагдаа М.Анхбаяр, иргэн М.Мөнхбаатар гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Намайг үзлэг хийгээд дуусаад байж байхад сумын ЗДТГ-н жолооч М.Баттулга ганцаараа гаднаас орж ирсэн. Иргэн М.Мөнхбаатарын биед ил харагдах шарх гэмтэл сорви байгаагүй. Харин үзлэгээр энэ хүний зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт бага зэргийн хавдаж хөх туяа суусан бас зүүн гуяны гадна дунд хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. Даралт нь өндөр 170-100 тай байсан. Даралт буулгах эмчилгээ болох 5 граммаар судсаар дибазол тариагаар 1 удаа, магнизум гэдэг тариаг булчинд 1 удаа, бөгсөнд 1 удаа хийсэн. Мөн даралт буулгах эм уулгаж, тархины цусан хангамж сайжруулах Ператизм тариагаар, витамин С тариагаар 1 удаа, манитол гэдэг тархины цусан хангамжийн тариаг тус тус хийсэн. Эдгээр эмчилгээг хийгээд Сэлэнгэ аймгийн төв рүү явж ЭХО-д харуул гэмтэл болон мэдрэлийн эмчид үзүүлээрэй гэсэн зөвлөгөөг өгч, тэр хүнийг ар гэрийнхэн нь хөдөө байдаг гэсэн учир эмнэлэгт хэвтэж хонож болно, өглөө эрт аймаг явж үзүүл гэсэн. Тэрнээс тэр хүнийг эмнэлэгт тэр дор нь хэвтүүлэн эмчилгээ хийх шаардлагагүй байсан. Сумын Цагдаагийн хэсэг дээр байж байгаад цагдаад бороохойдуулсан гэсэн зүйлийг М.Мөнхбаатар өөрөө хэлж байсан. Би мэдээж үзлэг хийж байхдаа яасан ийсэн гэж асуусан. Тэгэхэд ийм л тайлбарыг хэлж байсан. Тэрнээс надад өөрөөр тэр хүн болон бусад хүмүүсээс хэн гэдэг цагдаа, яагаад бороохойдсон юм гэдэг талаар юу ч хэлээгүй, би ч асууж сонирхоогүй. Архаг хууч өвчнийг тодруулахын тулд ЭХО-д харуулах, нарийн шинжилгээ хийх зэрэг зүйл болно, бид нар зөвхөн эмнэл зүйн үзлэгээрээ оношоо тавиад үзлэгээ хийгээд явдаг, тэгээд онош тодруулахаар аймаг руу буюу дараагийн шатны эмнэлэг рүү явуулдаг. Ер нь бол иргэн М.Мөнхбаатарт би урьд өмнө үзлэг, эмчилгээ хийж байгаагүй. Хамгийн гол зовиур нь М.Мөнхбатар нь анх эмнэлэгт ирэхдээ дотор муухайрна, хамраас цус гарсан толгой өвдөнө гэсэн зовиур хэлж ирсэн байсан. Намайг үзэх үед хамраас цус гарсан зүйлгүй, байхгүй байсан. Толгой өвдөж байна, дотор эвгүй оргино, зүүн гар хөл хөндүүрлэж байна гэсэн зүйлийг ярьж байсан. Намайг үзлэг хийх явцад иргэн М.Мөнхбаатар, түүнийг хүргэж ирсэн цагдаа М.Анхбаяр нарын хувьд архи дарс уугаагүй эрүүл байсан. Мөн М.Мөнхбаатар, М.Анхбаяр нарын өмсөж явсан хувцаснуудад урагдаж цоорсон, ханзарсан гэх ул мөр, бас цус нөж болсон гэх ул мөр байгаагүй. Миний анзаарснаар М.Анхбаяр цагдаагийн биед ил харагдах гэмтэл шарх гэх ул мөр байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл алга ярьсан бүхэн үнэн гэснээр мэдүүлэг авах ажиллагааг 15 цаг 18-д дуусган тэмдэглэлийг өөрт нь уншуулж танилцуулав....” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-30-р ху/

9.Гэрч.Б.Цолмонгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Цагааннуур сумын хүн эмнэлэгт сувилагч ажилтай. Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуваарийн дагуу ээлжинд гарч үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Энэ өдөр орой 20:00 цагийн үед шиг санаж байна, дөнгөж л 20:00 цаг л байсан. Цагдаа М.Анхбаяр гэдэг хүн иргэн М.Мөнхбаатарыг дагуулаад хоёулахнаа мал эмнэлэг дээр орж ирсэн. Цагдаа М.Анхбаяр хэлэхдээ энэ хүний дотор муухайраад байна, хамраас нь цус гарсан, мөн толгой нь өвдөнө гэсэн зовиуруудыг хэлж, үзүүлсэн. Би тэр дор нь тухайн хүнийг хүлээж аваад дуудлагаа биччихээд иргэн М.Мөнхбаатарт анхны тусламж үзүүлж түүний даралтыг үзэхэд 170-100 тай байсан. Тэгээд би тухайн өдрийн жижүүрт гарч- байсан эмч М.Мөнхзулыг дуудаж үзүүлсэн. Миний анзаарч харснаар тэр хүний биед ил харагдах гэмтэл шарх. сорви, хөхрөлт няцралт байгаагүй. Би хүнд эмчийн заалтаар эмчилгээ хийдэг. Иргэн М.Мөнхбаатарын тухайд даралт бууруулах тариа болох Дибазол, магнизум хийсэн. Тэгээд их эмч М.Мөнхзулыг дуудаж, эмч үргэлжлүүлэн үзлэг хийж, зохих эмчилгээг хийсэн. Тухайн өдөр /шөнөдөө/ эмнэлэг дээр М.Мөнхбаатарыг хэвтүүлж ажиглаж хоносон. Миний хувьд иргэн М.Мөнхбаатараас “...юу болсон юм, яасан юм, хүнд зодуулсан юм уу...” гэж асуусан. Тэгэхэд иргэн М.Мөнхбаатар нь хэн нэгэнд зодуулсан энэ тэр гэсэн зүйл огт хэлээгүй. Тэгсэн хэрнээ эмнэлгийн орон дээр налах маягтай бие нь тавгүй гэмээр байдалтай хэвтэж байсан. Харин М.Анхбаяр цагдаа “...сумын цагдаагийн хэсэг дээр байж байгаад ирсэн...” гэсэн зүйл л хэлж байсан. Би яагаад хүнд зодуулсан юм гэж асуусан учир нь болохоор иргэн М.Мөнхбаатарын хамраас цус гарсан байдалтай мөн 2 гар нь цус болчихсон байхаар нь хүнд зодуулсан юмуу архи уусан юм уу юу болсон юм бэ гэж асууж байсан юм. Тухайн үед анх ирж үзүүлэхэд миний анзаарснаар иргэн М.Мөнхбаатар болон цагдаа М.Анхбаяр нарын хувьд эрүүл саруул архи дарс уусан шинж байдалгүй байсан. Бас иргэн М.Мөнхбаатар болон цагдаа М.Анхбаярын өмсөж явсан хувцаснуудад урагдаж цоорсон, ханзарсан гэх мэт шинж тэмдэг ул мөр байгаагүй. Цагдаа М.Анхбаярын биед ч гэсэн ил харагдах гэмтэл шарх болон өмсөж явсан хувцасанд цус зэрэг ул мөр байгаагуй гэх байна...”  гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р ху/

10.Гэрч М.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 18 цагийн үед гэртээ байхад манай аав над руу залгаад “ахыг чинь сумын цагдаа дуудаж ирээд хэвтэрт ортол нь зодсон байна” гэсэн “яасан гэж зодож байгаа юм бэ?” гэхэд “ах чинь өөрийнхөө 4 үхрийг алаад зарсан юм байна тэр үеэр нь айлын бас нэг үхэр хулгайд алдагдсан байсан гэнэ тэр үхэр нь ахын чинь алсан 4 үхрийн нэгтэй нь адил зүстэй байсан юм гэнэ тэгээд тэр айлын үхрийг хулгайлсан гэж гүтгэгдээд хэргээ хүлээ гээд зодсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч Д.Чинзоригийн утасны дугаарыг хамгийн бага дүүгээсээ асууж аваад Д.Чинзоригтой “чи яасан гэж манай ахыг зодож байгаа юм бэ'? цагдаа хүн зоддог юм уу? та нарт хүн зодох эрх байдаг юм уу?” гэхэд “бид нар та ахыг хэрэгт сэжиглэж шалгасан юм” гэсэн “тэглээ гээд та нар хүн зоддог юм ямар учиртай юм бэ? ямар шалтгааны улмаас манай ахыг зодсон талаараа хэлээч” гэхэд “би утсаар чамд тайлбар өгөөд байх шаардлага байхгүй чи уулзах гээд байгаа бол ирээд уулз” гэсэн. Тэгээд маргааш нь буюу 11-ний өдөр аав руугаа залгаад ахынхаа биеийг асуухад сумын эмнэлэгт байна хөдөлж чадахгүй байна гэсэн тэгэхээр хөхөрч няцарсан биед ил харагдах шарх сорви байвал утсаараа зургийг нь сайн аваад миний фэйсбүүкны мессенжирээр явуулчих гэж хэлсэн. Манай дээд талын эгч М.Мөнхжаргал утсаар М.Мөнхбаатар ахын биед учирсан ил харагдах хөхөрч няцарсан хэсгүүдийн зургийг аваад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 4 ширхэг зураг миний фэйсбүүкны мессенжирээр явуулсан байсан. Түүнээс хойш ахын биены хохөрөл няцрал тодорсон байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахиад 4 ширхэг зураг явуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Цагааннуур сум ороод ах дээр очиход ах эмнэлгээс гарсан гэртээ байж байсан. Улаанбаатар хотод очиж эмчлүүл гэж хэлсэн гэж байсан. Би Цагааннуур сум ороод хэсгийн төлөөлөгчтэй уулзах гээд очиход хэсгийн төлөөлөгч байхгүй байсан харин Н.Сайнзаяа гэж цагдаа нь байсан. Би тэгээд маргааш нь Улаанбаатар буцсан. Ахын хотод эмчлүүлэх шаардлагатай гэхээр нь би өөрийнхөө доод талын дүүг машинтай яуулаад М.Мөнхбаатар ахыг Улаанбаатарт авчирч эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд энэ талаар эхэндээ хуулийн мэдлэг байхгүй байсан тул Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар гээд 3 газарт өргөдөл гомдол гаргасан тэгсэн хуулийн харъяаллаараа танай байгууллага цагдаагийн алба хаагч нарын үйлдсэн хэргийг шалгадаг юм байна. Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газарт гаргасан гомдол мэдээллийг танай газарт шилжүүллээ гэсэн хариу ирсэн. Би яагаад ахынхаа өмнөөс гомдол мэдээлэл гаргасан гэхээр манай ах маань багаасаа хөдөө мал дээр өссөн сургуульд сураагүй бичиг үсэг мэдэхгүй байсан учир би болсон асуудлыг нь өөрөөс нь сонсож өргөдөл гомдол бичиж холбогдох газруудад нь өгсөн юм. Мэдээж хэрэг өөрөө гомдол гарга гэсэн тул би түүнийг гомдлыг хуулийн байгууллагад нь хүргэж өгсөн юм. Болсон асуудлын талаар өөрөөс нь сонсож мэдээд түүнийг нь гомдолд нь тусгасан байгаа. Миний дээд талын эгч М.Мөнхжаргал өөрийнх нь утас нь тухайн үед цэнэггүй батарей нь нурсан байсан гээд хүний утас гуйж М.Мөнхбаатар ахын биений хөхөрсөн хэсгийн зургийг аваад над руу мессенжирээр явуулсан дараа нь дахиад хөхөрөл нь тод болсон тул дахин зургийг нь авч явуулсан. Түүнийг нь би хүлээж аваад утаснаасаа зургийг нь угаалгасан тул анх авсан зурагаа нөгөө утасны эзэн нь устгасан гэсэн. Намай: зурагнуудыг хүлээж аваад угаалгасан болохоор цаашид хадгалах шаардлагагүй гэж үзсэн байна лээ. Би энэ талаар М.Мөнхжаргал эгчээс асуусан. Харин миний фэйсбүүк мессенжирт бол ирсэн зурагнууд он сар өдөртэйгөө одоо ч хадгалаастай байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-39-р ху/

11.Гэрч М.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... Манай сумын хэсгийн төлөөлөгчийг сайн төлөөлөгч гэж би хувьдаа боддог иргэдтэй маш сайхан харьцдаг ёстой төрийн албан хаагч гэж тэр хүнийг л хэлдэг байх. Иргэдтэй их зөөлөн сайхан харьцдаг иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг маш сайн шийдвэрлэдэг. Суманд гарсан хэрэг зөрчлийг маш сайн илэрүүлж иргэдийн санал гомдлыг сайн шийдвэрлдэг сайн цагдаагийн албан хаагч би гэж боддог. Д.Чинзоригийн холбогдсон энэ хэргийн талаар бол би оайн мэдэхгүй байна. Манай сумын тухайн үед малаа алдсан Чимгээ гэж тэр эмэгтэй өөрийнхөө малыг буруу таньж манай малыг М.Мөнхбаатар хулгайлчихлаа гэж хэсгийн төлөөлөгч Д.Чинзоригийг ээлжийн амаралтаа эдэлж байхад нь амар заяаг нь үзүүлэхгүй манай малчин М.Мөнхбаатарыг хулгайлчихлаа чи шалгахгүй байна гэж шалсаар байгаад М.Мөнхбаатарыг дуудуулсан юм байна лээ. Харин М.Мөнхбаатарыг хэсгийн төлөөлөгч Д.Чинзориг цохиж зодсон гэх асуудлын талаар бол би мэдэхгүй ээ. Дараа нь өөрсдөөс нь сосоход хэрэгт холбогдуулж шалгаад намайг хэрэг хүлээлгэх гэж зодлоо л гэж сонссон. Энэ талаар бол би сүүлд нь сонсож мэдсэн. Малаа алдсан гээд байгаа Чимгээ гэх эмэгтэй тухайн үед надтай хүртэл ирж уулзсан юм. Тэгэхдээ “М.Баттулга ахаа танай малчин М.Мөнхбаатар нь манай малыг хулгайлаад алчихсан байна би толгойг хараад таньсан” гэж хүртэл хэлсэн тэгэхээр нь би М.Мөнхбаатарыг мэднээ чи буруу таньсан байх өөрийнхөө малыг гаргаад тухайн үед хэсгийн төлөөлөгчид очиж малаа бүртгүүлж гарал үүслийн бичиг авсан байна лээ ш дээ хүний мал хулгайлсан хүн өөрөө цагдаа дээр очиж бүртгүүлдэг юм уу чи юу яриад байгаа юм гэж хэлж загнаад гаргаж байсан. Миний бодож байгаагаар тэр эмэгтэй хэсгийн төлөөлөгчийг байнга очиж шалгаагаад түүнээс бол М.Мөнхбаатарыг ямар ч байсан дуудаж уулзъя гэж бодоод дуудсан байх л даа. М.Мөнхбаатарыг зодуулчихлаа гээд эмнэлэгт хэвтсэн байхад нь би очсон л доо. Хэсгийн төлөөлөгч Д.Чинзоригтой ч уулзсан Д.Чинзориг тухайн үед хэлэхдээ “Тулгаа ахаа би бороохойгоор гуя руу хэд бороохойдоод гар луу хэд цохисон өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй шүү” гэж бол хэлж байсан. Би тухайн үед нээх сүртэй ч хүлээн аваагүй. Одоо бол малчинаа гэх үү ажлаа сайн хийж байгаа тэр хэсгийн төлөөлөгч залууг гэх үү хэцүү л байна. Гэхдээ миний хэлж байгаа бүхэн үнэн юм аа. 2018 оны 7 дугаар сарын үед байхаа зун л байсан юм. Нэг уулзахдаа хөдөө мотоциколтой явж байгаад шарваад уначихлаа гэж хэлж байсан. Түүнээс өөрөөр бол морь малнаас юм уу? мотоциколоос унасан тухай хэлж ярьж байгаагүй энэ талаар би өөрөөр сонсож байгаагүй ээ. Үгүй ямар ч тийм зүйл ажиглагдаагүй. Зүгээр л юм ярьж байгаад л тэр талаар хэлж байсан чи тэгээд зүгээр үү гэхэд зүгээрээ шавар дээр шарваад уналаа л гэж байсан тухайн үед бол М.Мөнхбаатар зүв зүгээр байсан. Тэгж хэлсэн нь бүр зуны улирал байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41-р ху/

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14220 дугаартай:

“...1.М.Мөнхбаатарын биед зүүн бугалга, гуяны цус хуралт, дунд чөмөгний цууралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-р ху/

13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай:

“...1.М.Мөнхбаатарын биед тархи доргилт, зүүн бугалга, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Түр хугацаа гэдэг нь 4 долоо хоног буюу 28 хоног хүртэлх хугацааг хэлнэ.

6.М.Мөнхбаатарын биед 2018.11.21-ний өдрийн зүүн дунд чөмөгний рентген зургаар дунд чөмөгний ясанд гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 190-191-р ху/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 04-р ху/

Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 5-6-р ху/

Хохирогч М.Мөнхбаатарын өмсөж явсан гэх гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р ху/,

Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 9-10-р ху/

Гэрч М.Мөнхбатын SAMSUNG SM G890G маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 14-15-р ху/

Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 16-19-р ху/

Хохирогч М.Мөнхбаатар, гэрч Н.Сайнзаяа нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 33-35-р ху/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 44-45-р ху/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Чинзоригийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч Д.Чинзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотлобол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Д.Чинзоригийн гэмт үйлдлийн улмаас  хохирогч М.Мөнхбаатарт  500.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Чинзориг хохирогч М.Мөнхбаатарт 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримт ирүүлсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Чинзориг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохиролыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 5600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.600.000 төгрөгөөр торгох торгуулийн ялаас доош татаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Чинзоригийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Чинзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн резинэн бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ амйгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй.

Шүүгдэгч  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Буриад овогт Доржийн Чинзоригийг мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Буриад овогт Доржийн Чинзоригийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Чинзоригт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Чинзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Д.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн резинэн бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

7.Ялтан Д.Чинзоригт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                       

 

                                    

     ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ