Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 355

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Найрамдлын хороо 8-10 тоотод оршин суух Бэсүд Баярсайханы Бат-Итгэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Найрамдлын хороо 6-14 тоотод оршин суух Шарнууд Халтархүүгийн Наранбаатарт холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бат-Итгэл, хариуцагч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бат-Итгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярсайхан овогтой Бат-Итгэл миний бие нь Х.Наранбаатартай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Мөн 8 нас, 5 нас, 3 насны 3 хүүтэй болсон. Х.Наранбаатар нь 2012 оноос ажил хийнэ гэж яваад жилд 3 удаа бид нар дээр ирдэг байсан. Сүүлдээ 2015 оноос хойш ирэхээ больж, хүүхдүүдтэйгээ ч ярихгүй, мөнгө төгрөг явуулахаа больсон. Би Улаанбаатар хотод очиж уулзахад Х.Наранбаатар нь өөр эмэгтэй хүнтэй болсон гэдгийг нь мэдсэн. Иймд хүүхэд гэр бүлдээ ч анхаарал тавихгүй, тэжээн тэтгэхгүй өөрийн амьдралыг хөөн өөрт хүнтэй болсон тул гэрлэлт цуцалж, гурван хүүхдийг минь миний асаргаанд өгч, хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Наранбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Халтархүүгийн Наранбаатар нь 2007 онд айл орон болсон. Энэ хугацаанд ээж н.Цэрэнбалжид надад 110 толгой бог мал, 5 толгой адуу мотоцикль 1 ширхэг, өөр эд хөрөнгөтэй айл орон болгосон. 2010 оноос Ундарга-Алтай компанид 2 жил галлагч хийж мөнгө төгрөг, хоол түлшээр хангаж байсан. 2012 оноос Улаанбаатар хотын 0119 дүгээр ангид 3 жил ажилласан. Энэ хугацаанд Б.Бат-Итгэлд мөнгө өгч байсан. Б.Бат-Итгэл нь арай хэтэрхий мөнгө өгсөнгүй л гэсэн үг амнаас нь гарахаас биш чи яаж байна, ядарч зүдэрч байна уу гэж асуудаггүй, ирэхээр зодож нүдээд, аяга зуухан дээрээ хага цохиж, хоолойг чинь хэрчинэ, одоо зайл гээд 2 дүүгийнхээ хамт зодож, дарамталсан. 80 настай ээжийг минь зодсон. Б.Бат-Итгэлийн ээж нь намайг мөнгө зээлээч гээд би 500.000 төгрөг, мөн 25-ын уут ноолуур өгсөн, эргүүлээд гуйхад урдаас хангинаж загнаад өгөөгүй, намайг нүднээс далд ор, би чамаас салж сэтгэл амармаар байна гэдэг. Надад одоо үлдсэн эд хөрөнгө байтугай, өмсөх дээл хувцас, бүс, хазаар, ногт гээд эдэлж хэрэглэдэг зүйлүүдийг шатааж хаясан. Б.Бат-Итгэл нь  өөрийн  авчирсан  гэрт  байсан  зүйлээ  сайн  дураараа   салж   байна   гээд   портер машинаар цөмийг нь ачиж аавындаа буцаан өгсөн. Б.Бат-Итгэл нь намайг ажилд явсан хойгуур өөр хүнтэй болж, эхнэрт нь баригдаж хоорондоо зодолдож байсан. Гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул гэр бүлийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийн тэтгэлгийн хувьд хуульд зааснаар сар бүр төлөх болно гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Бат-Итгэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бат-Итгэл нь Х.Наранбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Б.Бат-Итгэл, хариуцагч Х.Наранбаатар нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нь болох нь зохигчдын тайлбар, №0225919 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Наранбаатарын Жавхлантөгс, 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Наранбаатарын Дүүрэнтөгс, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Наранбаатарын Буянт нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч Б.Бат-Итгэл нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу тэдгээрийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй бөгөөд хүү Н.Жавхлантөгс, Н.Дүүрэнтөгс, хүү Н.Буянт нар нь гэрлэгчдийг тусдаа амьдрах үеэс эхлэн эхийн асрамжид байгаа болон хариуцагч Х.Наранбаатарын шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар, Н.Жавхлантөгсийн санал зэргийг үндэслэн Н.Жавхлантөгс, Н.Дүүрэнтөгс, Н.Буянт нарыг эх Б.Бат-Итгэлийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө нэхэмжлээгүй бөгөөд талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Наранбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 62.412 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шарнууд Халтархүүгийн Наранбаатар, Бэсүд Баярсайханы Бат-Итгэл  нарын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн 39 дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Наранбаатарын Жавхлантөгс, 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Наранбаатарын Дүүрэнтөгс, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Наранбаатарын Буянт  нарыг эх Б.Бат-Итгэлийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Наранбаатарын Жавхлантөгс, 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Наранбаатарын Дүүрэнтөгс, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Наранбаатарын Буянт нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Шарнууд Халтархүүгийн Наранбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Бат-Итгэлд даалгасугай.

5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Х.Наранбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бат-Итгэл нь Х.Наранбаатарыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мэдэгдсүгэй.

7.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Наранбаатараас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 62.412 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ц.ҮЙТҮМЭН