Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00897

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01267 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох

 

Ачаа тээш, тээврийн төлбөрт 17,198,449.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1.“*******” ХХК-ийн захирал *******тэй хувь чатаар холбогдож хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийн ачаанд тээврийн захиалгыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, илгээгч компаниас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр чингэлэгт ачилт хийсэн.

            1.2.Дээр дурдсан ачаа нь Европын холбооны улсаар дамжин өнгөрөх хоригт орж, илгээгч компаниас шаардагдах эх бичиг баримтуудыг хүлээн авсан ч Польш/Беларусь улсын хилээр гарч ОХУ-аар дамжин өнгөрөхөд үйлдвэрлэгч компаниас үйлдвэрлэлийн тодорхойлолт нэн шаардлагатай байсан тул илгээгч компани руу удаа дараа шаардсаны эцэст ******* илгээгч нь үйлдвэрлэлийн тодорхойлолтын бичгийг өгөх боломжгүйг мэдэгдэж ачааг Германы агуулах руу буцахаар болсон.

            1.3.Тээвэрлэгчээс тээврийн зардал болох 4,546 еврог төлж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр илгээгч компани өөрсдийн агуулахдаа ачааг хүлээн авсан.

            1.4.Гэвч харилцагч компанийн захирал ******* нь илгээгч ачааг хүлээн авснаас хойш дахин ачилт хийх тухай зөвшөөрлийг тус илгээгчид өгөөгүй. Мөн манай компанид хариу өгөөгүй, ямар ч төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрлээ.

            Иймд “*******” ХХК-ийн ачааг тээвэрлэсэн, буцааж ачааг хүргэж өгсөн нийт 4,546 еврог тухайн үеийн төгрөгийн ханшуудаар тооцоход 16,398,449.96 төгрөг, орчуулгын төлбөрт төлсөн 800,000 төгрөг, нийт 17,198,449.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1.Манай компани 2024 оны 2 удаагийн сонгуулийн ажилд ашиглахаар ХБНГУ-аас хэвлэлийн ашигласан машин худалдан авсан. Тус тоног төхөөрөмжийг тээвэрлэхээр монголын тээвэр зуучийн компаниудтай холбогдон үнийн санал, тээвэрлэх замын талаар судалгаа хийж эхэлсэн.

            2.2.ХБНГУ-аас Монгол улс руу ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар тээвэрлэх, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар тээвэрлэх 2 сонголт байсан ч манай ачаа ОХУ-ын улсад нэвтрэхийг хориглосон ачааны жагсаалтад орсныг “*******” ХХК, “*******” ХХК гэх компаниуд мэдэгдсэн.

            2.3.Харин “*******” ХХК нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэх боломжтой гэж бидэнд үнийн санал өгсөн бөгөөд тээвэр эхлэхээс өмнө тус асуудлаар 2 удаа шалгаж үзэхийг хүсэхэд нэхэмжлэгч тал ямар ч асуудалгүй тээвэр явна гэж хариу өгсөн.

            2.4.Гэвч манай ачаа Европын холбооны улсын дамжин өнгөрөх хоригт орсон байсан тул гаалийн бүсэд саатуулсан бөгөөд нэхэмжлэгч компани хориотой ачаа гэдгийг мэдсээр байж тээвэрлэлтийг эхлүүлж мэргэжлийн мэдлэг туршлагагүй байдлаар алдаа гарган манай компанийг давхар хохироосон.

            Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 17,198,449.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 243,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэжээ. Гэвч тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04822 дугаартай шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.2, 387 дугаар зүйлийн 387.1, 387.2-т заасан шаардлагыг хангаагүй тул гэрээний хариуцлага үүсээгүй байна гэжээ.

4.2.Мөн үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг ирүүлээгүйн улмаас хил нэвтрүүлээгүй нь “*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон гэх боломжгүй гэжээ. Гэвч олон улсын тээвэрт үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг огт шаарддаггүй бөгөөд том бренд компаниуд өөрсдийн оюуны өмч болсон үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг бусдад гаргаж өгдөггүй. Польш улс хориглогдсон ачааг ОХУ руу гаргахгүйн тулд тодорхойлолтыг шалтаг болгон шаардсан байх магадлалтай.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ачаа тээш, тээврийн зардалд 17,198,449.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.“*******” ХХК нь олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг чиглэлийн хүрээнд “*******” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр аман хэлцэл хийж, хэлцлээр “*******” ХХК нь ХБНГУ-аас хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийг газраар тээвэрлэн Монгол улсад авчрах, “*******” ХХК нь зардлыг төлөхөөр тус тус тохиролцжээ.

            3.1.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний ерөнхий зохицуулалтад хамааруулж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

            “*******” ХХК нь ХБНГУ-аас хэвлэлийн ашигласан машиныг “*******” ХХК-иар тээвэрлүүлэх санал гаргасныг, “*******” ХХК хүлээн авсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "*******” ХХК нь тээвэрлэгч, хариуцагч “*******” ХХК нь илгээгчийн байр сууриар гэрээний харилцаанд оролцсон. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасан ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тус гэрээ хүчин төгөлдөр байна.

 

            4.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь “*******” агентаар дамжуулан ачааг ХБНГУ-аас Польш улсын хил хүртэл тээвэрлэсэн боловч ачаа   буцаагдсан үйл баримт тогтоогдсон байна.

            Талуудын хооронд байгуулагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу аль тал үүргийн зөрчил гаргаснаас ачаа буцаагдсан нь маргааны зүйл болжээ.

            4.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гэсэн хаягаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 33 минутад гэсэн хаягт илгээсэн бичвэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...та бүхний захиалгын дагуу тээвэрлэгдэж буй ГНГ код 84431310 бүхий ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийг хоригт орсон эсэх талаар сайтар шалгасны үндсэнд агент талаас хоригт орохгүй, асуудалгүй гэсэн мэдэгдлийн дагуу тээврийг баталгаажуулан 4 сарын 10-нд илгээгч тал L JLU 341768-7/20 фут чингэлэгт ачин тээвэрт хүлээн авч Герман улсын хил дээр 4 сарын 12-ны өдөр хүлээн авсан. Гэвч ачааг тээвэрт хүлээн авснаас хойш гэнэтийн нөхцөл байдал үүсэн 4 сарын 16-д илгээгч талаас ачаатай холбоотой албан тодорхойлолт авах шаардлагатай байгааг мэдэгдэн 4 сарын 17-д ******* нь агент руу илгээсэн.

            Тус баримтын дагуу европ дахь тээвэрлэгч агент Герман болон Польш/Беларусь улсын хилээр дамжин өнгөрөх зөвшөөрлийг авахаар ажилласан хэдий ч хоригт орсон барааны баримт бичиг эх хувь байхаас гадна үйлдвэрлэгч талын тодорхойлолтыг шаардсан ч үйлдвэрлэгч нь өгөхөөс татгалзаж тээвэрт удаашрал дахин үүссэн.

            *******-с холбогдох бүх баримт бичгийг эх хувийг илгээн Польш/Беларусь улсын хилээр 4 сарын 30-ны байдлаар нааштай хариу авч вагон захиалга хийх ажлыг 5-р сарын 6-с эхлэн хийсэн хэдий ч 5 сарын 16-ны агентын мэдээллээр тус Польш/Беларусь улсын гаалиас Гарал үүслийн гэрчилгээнд үйлдвэрлэсэн хугацаа /2005 он/ буюу үйлдвэрлэгдээд 20 жил болсон гэх үндэслэлээр вагон захиалга хийх ажил цуцлагдан үйлдвэрлэгч талын тодорхойлолтгүйгээр ачааг Польш улсын хилээр дамжуулан гуравдагч улс руу тээвэрлэх боломжгүй байгааг “*******” агент талаас *******-д мэдэгдэн бараа үйлдвэрлэгч тал дахин өгөхгүй гэсэн хариуг өгөн. ...” гэж,

            гэсэн хаягаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 20 минутад ******* гэсэн хаяг руу илгээсэн бичвэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “...Achaagaa 5950$ n zardaltai teevriin zamiig songij teeverluulii ...” гэж тус тус тусгагджээ.

            4.2.Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.7-д “Ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй.” гэж зааснаар илгээгч “*******” ХХК нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах баримт бичгээр тээвэрлэгчийг хангах үүрэгтэй байна.

            Өөрөөр хэлбэл, дээрх үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан нөхцөл байдлаас үзвэл гэрээний зүйл болох ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч талын тодорхойлолтыг илгээгч гаргаж өгөөгүйгээс ачаа Польш улсын хил дээрээс буцаагдсан болох нь тогтоогдож байх тул  ачаа илгээгчийг дээрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

            Харин тээвэрлэгч нь Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.8-д зааснаар баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэг хүлээхгүй учир хариуцагч талын “нэхэмжлэгч мэргэжлийн алдаа гаргасан” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

            Түүнчлэн, хариуцагч нь “тухайн бараа хилийн хоригт орсон барааны жагсаалтад орсон байсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүйн зэрэгцээ  “олон улсын тээвэрт үйлдвэрлэгчийн тодорхойлолт шаарддаггүй” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

            5.*******” ХХК нь ХБНГУ-аас хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмж болох ачааг Монгол улсад авчрах тээвэрлэлтийг эхлүүлсэн боловч баримт бичгийн бүрдэл дутуугаас болж ачаа буцаагдсан бөгөөд ачааг өөр боомтоор тээвэрлэлтэд гаргах саналыг хариуцагч хүлээн аваагүй. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар цуцлагдсан гэж дүгнэнэ.

            Илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас шалтгаалан тээвэрлэгчид учирсан бүхий л хохирлыг нөхөн төлөхийг Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.9-д зохицуулсан.

            Хэргийн баримтаар “ *******” ХХК нь ачааг илгээгчийн агуулахаас авах, буцаан хүргэх тээврийн зардал /2,900 евро/, Польш улсын гаалийн бүс Маласжевич-д гарсан хадгаламж, зогсолтын зардал /1,646 евро/ нийт 4,546 евро буюу тухайн үеийн ханш 3,614 төгрөгөөр тооцоход 16,398,449.66 төгрөг, орчуулгын зардал 800,000 төгрөг, нийт 17,198,449.96 төгрөгийн зардал гаргасан болох нь агентийн нэхэмжлэх, “*******” ХХК-ийн эзэмшлийн, “” ХК дахь тоот дансны шилжүүлгийн мэдээлэл, орчуулгын зардлыг төлсөн талаарх НӨАТ-ын баримт зэргээр тогтоогдсон байх ба хариуцагч нь эдгээр зардлыг үгүйсгэж маргаагүй.

            Тодруулбал, хариуцагч нь ачаа тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүний улмаас гэрээ цуцлагдаж нэхэмжлэгчид 17,198,449.96 төгрөгийн хэмжээний хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

            Иймд анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-аас 17,198,449.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв.

            Харин шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэм хэмжээг хэрэглэсэн нь буруу болсныг дээрх байдлаар залруулан дүгнэв.

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01267 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1...” гэснийг “386 дугаар зүйлийн 386.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,942 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                          Б.АЗБАЯР