| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0107/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 103
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваадуламын Даваажаргалд холбогдох эрүүгийн 1902000810119 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар баг Хараа 67-Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 08 сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Даваадуламын Даваажаргал /РД:МЗ-91032319/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Даваажаргал нь 2019 оны 02 дүгээр сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах “Харганат” гэх газарт зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Даваажаргал нь 2019 оны 02 дүгээр сарын 02-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Харганат” гэх газарт 4 метрийн урттай, 29 ширхэг нарс төрлийн модыг зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэж ойн санд 3.363.465 төгрөгний хохирол учруулсан нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Даваажаргал гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Д.Даваажаргал нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа ухаарч байна. Мөр дагаж яваад уулын ам андуурч орсон. Уг нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан. ...” гэх мэдүүлэг
Хохирогч Э.Одгаравын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын “Харганат” гэх газраас 2019 оны 02 дугаар сумын 02-ны өдөр иргэн Д.Даваажаргал гэгч хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэргийн талаар мэдсэн... Мод бэлтгэсэн талбайд байгаль орчимд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Батбаатар газар дээр нь шалгаад 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 1\30 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэдэг газар нь Ялбагийн постноос цаашаа яваад 50 орчим км зайтай байдаг. Харин “Цонхлонгийн даваа” гэдэг газар нь тэрнээс бүүр цаашаа яваад Бугант тосгон руу давдаг даваа байдаг. Тэгэхээр энэ хоёр газрыг андуурч боломгүй хоорондоо хол газрууд байгаа...” гэх мэдүүлэг \1хх-ийн 41-46 дугаар хуудас\
Гэрч Ш.Мөнхтулгын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 02-ний өдөр өдрийн 02 цагийн үед гэртээ байж байсан чинь Орших ах утсаар яриад “Цуг ууланд байгаа машинд сэлбэг хүргэж өгөөд ирье” гэсэн. Тэгээд намайг ирж аваад Орших ахын гэрт очсон. Тэндээс машины сэлбэгээ ачаад Болд, Даваажаргал нартай цуг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас хойшоо яваад нэг ууланд мод бэлтгэж байгаа хүмүүс дээр очиж сэлбэгээ буулгаж өгсөн. Би мод бэлтгээгүй зүгээр Орших ахтай цуг явсан. Намайг байх үед Орших ах эхний модоо ачих гээд байж байтал цагдаа нар ирсэн. Би тэнд байсан хүмүүсийг танихгүй...\1хх-ийн 47-48 дугаар хуудас\
Гэрч Н.Лхагвадоржийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Даваажаргал утсаар яриад “та надтай хамт модонд явах уу, ойгоос мод бэлтгэх гоожин ирчихлээ” гэж хэлэхээр нь би “тэгье” гээд хамт явахаар болсон. Ингээд явсаар байгаад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэдэг газарт очсон. Харгантад очихоор явж байхдаа уулын халианы ус мөстсөн замд машин цөмөрч суугаад мөснөөс гарах гэж машиных нь бөгс нь эвдэрчхсэн. Бат-Орших гэдэг залуутай хамт Зил-131 загварын авто машинтай авч ирсэн сэлбэгээ угсраад асаасан боловч машин асахгүй байгаад дахиад нэг хоног хоносон. Тэгээд бэлтгэсэн модоо ачиж байтал 15 цагийн үед цагдаа нар ирж шалгаад Мандал суманд саатуулсан...” гэх мэдүүлэг \1хх-ийн 49 дүгээр хуудас\
Гэрч Ч.Оршихын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед гэртээ байж байсан чинь Д.Даваажаргал утсаар яриад “Би ууланд мод бэлтгэж байсан чинь машин эвдэрчихсэн. Та сэлбэг хүргээд өгөөч. Буцаж ирэх үедээ мод ачиж ирээд та өөрөө аваарай” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Д.Даваажаргал манайд 20 цаг өнгөрч байх үед ирээд надад байсан ЗИЛ-131 маркийн машины хойд талын дамжуулах хэсгийг ачаад 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс гарсан. Тэгээд мод бэлтгэж байсан чинь цагдаа нар бид нарыг дагуулаад Мандал суманд саатуулсан...” гэх мэдүүлэг \1хх-ийн 50-54 дугаар хуудас\
Гэрч Д.Даваацэрэнгийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний төрсөн дүү Д.Даваажаргал манай гэрт ирж “ойгоос мод бэлтгэх зөвшөөрлөө авчихлаа, нэг явчихаад ирье” гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 04 цагийн үед Д.Даваажаргал намайг ирж аваад уул руу модонд явсан. Д.Даваажаргал машинаа жолоодоод хөрөөчнөөр би, туслах ажилчнаар Мягмар, Лхагвадорж, Дарханбаатар нар явсан ба нийт 5-лаа нэг машинтай явсан. Сэлэнгэ аймаг Ерөө сумын Харгантад очихоор явж байхдаа уулын халианы ус мөстсөн замд машин цөмөрч суугаад мөснөөс гарах гэж машиных нь бөгс нь эвдэрчхсэн. Бат-Орших гэдэг залуутай хамт ЗИЛ-131 загвартай авто машин ирсэн. Авч ирсэн сэлбэгийг машиндаа угсарч тавьсан боловч машин болж өгөхгүй асаж унтраад халааж хаазлахаар хааз авахгүй унтраад байсан машинаа зассаар байгаад тэндээ нэг хоносон. Ингээд 2019 оны 02 дугаар 02-ны өдрийн өдөр Бат-Оршихын машинд модоо ачиж байтал цагдаа ирсэн. Ингээд бид хэдийг Мандал суманд саатуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56 дугаар тал\
Гэрч Э.Дарханбаатарын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ амарч байхад миний гар утас руу ЗИЛ-131 загварын авто машинтай хуурай дүү Д.Даваажаргал над руу залгаад “надтай цуг модонд яваад өгөөч, 100.000 төгрөгний цалин хөлс өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө үүрээр 04 цагийн Д.Даваажаргал ахын машинтай явсан. Туслах ажилтнаар хөрөөчнөөр Даваа мод ачих туслах ажилтнаар Лхагвадорж, Мягмарсүрэн нар хамт явсан...” гэх мэдүүлэг \1хх-ийн 57-58дугаар хуудас\
Гэрч Р.Мягмарын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надтай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.Даваажаргал гудамжинд тааралдаад “ууланд мод хийхээр явах гэж байна. Нэг машин мод бэлтгэж өгвөл 50.000 төгрөг өгнө. Цуг явах уу?” гэхээр нь цагаан сар болох гээд мөнгө хэрэгтэй байсан болохоор би зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Даваажаргал, Даваацэрэн, Лхагвадорж нарын хамт уулнаас мод бэлтгэх гээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Харганат” гэдэг аманд улсын дугаарын санахгүй байна ямар ч байсан Д.Даваажаргалын унаж байсан ЗИЛ-131 маркийн машинаар очсон...” гэх мэдүүлэг \1хх-ийн 59-61 дугаар хуудас\
Гэрч Г.Эрдэнэсүхийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард Д.Даваажаргалыг гэрээт ажилтанаар авч мод бэлтгүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр модонд явуулсан чинь өөрсдөө хажуу талын буруу ам руу орчихсон байсан талаар сүүлд надад хэлсэн. Би модонд явах үед нь тусгаарласан талбайгаа зааж өгсөн боловч андуураад хажуу талынх нь буруу ам руу орчихсон байсан. Харин Ч.Оршихтой бол гэрээ байгуулаагүй. Ч.Оршихыг модонд явуулаагүй өөрөө Д.Даваажаргалын машин эвдэрчихсэн болохоор л сэлбэг хүргэж өгөх гээд очсон юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 дугээр тал/
Гэрч У.Ганхуягийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Ч.Орших манайд ирээд “Д.Даваажаргал гэх залуу мод бэлтгэхээр ууланд явж байгаад ЗИЛ-131 маркийн машиных хойд талын мод бэлтгэх бөгс эвдэрчихсэн, чи машинаа өгчих би сэлбэг өгчихөөд тэндээс мод бэлтгээд ирье гээд аваад явсан....” гэх мэдүүлэг \1хх-ийн 66-67дугаар хуудас\
Гэрч Д.Дамдиндолгорын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаах шатанд өгсөн: “...Миний дүү Д.Даваажаргал айлын бага учир бага зэрэг дураараа эрхэлж өссөн. Хувийн зан байдал нь хүнд тусархуу олны дунд нийтэч бусдаас дутах юмгүй сайн залуу архи тамхи хэрэглэхгүй, ямар нэгэн муу зуршилгүй, ар гэр болон эхнэр хүүхэддээ халамжтай, ямар нэгэн хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Миний мэдэхийн ямар нэгэн сул тал байхгүй...” гэх мэдүүлэг \1хх-ийн 71-72дугаар хуудас\
Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Баян суудал шүтээн” ХХК нь Ерөө сумын “Цонхлонгийн даваа” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл авсан гэх боловч тухайн байгууллагатай гэрээ байгуулсан Д.Даваажаргал гэдэг хүн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харганат” гэх газраас тус бүр 4 метрээр хөрөөдсөн 29 ширхэг мод бэлтгэсэн байна. “Баян суудал шүтээн” ХХК-нь Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Д.Даваажаргалыг ойгоос мод бэлтгэж байх үед шалгаж хэргийн газраас авсан солбилцолын цэгүүдийг Ерөө сумын Ойн сангийн мэдээллүүддийг байрлуулсан компьютерийн Arc gis прогром дээр орлуулан үзэхэд ямар ч давхцал байхгүй бөгөөд хоорондоо 9,5 км зайтай газрууд байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 дугаар тал/
Гэрч Х.Алтынтасын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... “Баян суудал шүтээн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Ерөө сумаас мод бэлтгэдэг мэргэжлийн байгууллага. Би гэрчилгээг нь харахгүй бол ямар тусгай зөвшөөрөлтэй гэдгийг мэдэхгүй байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бэрлэг гэдэг газраас Бугант тосгон орох замд байдаг давааг “Цонхлон” гэдэг харин тэр даваанаас ертөнцийн зүгээр баруун тийшээ буухад байдаг уулын амыг “Харганат” гэдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79 дүгээр хуудас\
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн № 1\30 дугаартай Шинжээчийн :
2018.12.12 Зил-131 маркийн 64-74 СЭА дугаартай нойтон нарс мод
| № | Уртын хэмжээ /м/ | Нарийн үзүүрийн голч /см/ | Модны тоо /Ш/ | Нэг модны эзэлхүүн м/куб | Нийт эзэлхүүн м/куб |
| 1 | 4 | 38 | 2 | 0,502 | 1.004 |
| 2 | 4 | 40 | 2 | 0,554 | 1.108 |
| 3 | 4 | 42 | 1 | 0,608 | 0.608 |
| 4 | 4 | 46 | 1 | 0,723 | 0.723 |
| 5 | 4 | 50 | 1 | 0,849 | 0.849 |
| 6 | 4 | 52 | 1 | 0,916 | 0.916 |
| 7 | 4 | 40 хуурай | 1 | 0,554 | 0.554 |
| 8 | 4 | 42 хуурай | 1 | 0,608 | 0.608 |
|
|
|
| 10 |
| 6.37 |
Экологи эдийн засгийн үнэлгээ: 1,152 х 1.8 итгэлцүүр х 28500төг = 59097 төгрөг
5,208 х 1.8 х 120000 = 1124928 төгрөг Нийт 1.184.025 төгрөг.
2019.02.21 Чиргүүл 5515 ач нойтон нарс мод
| № | Уртын хэмжээ\м\ | Нарийн үзүүрийн голч \см\ | Модны тоо \ш\ | Нэг модны эзэлхүүн м\куб | Нийт эзэлхүүн м\куб |
| 1 | 4 | 34 | 3 | 0,407 | 1.221 |
| 2 | 4 | 36 | 5 | 0,453 | 2.265 |
| 3 | 4 | 38 | 3 | 0,502 | 1.506 |
| 4 | 4 | 40 | 2 | 0,554 | 1.108 |
| 5 | 4 | 42 | 2 | 0,608 | 1.216 |
| 6 | 4 | 44 | 2 | 0,664 | 1.328 |
| 7 | 4 | 46 | 2 | 0,723 | 1.446 |
|
| Нийт дүн |
| 19 |
| 10.09 |
Экологи эдийн засгийн үнэлгээ: 10,09 х 1.8 итгэлцүүр х 120000төг = 2.179.440 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 85-94 тал/
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Арвижих-эстимейт” ХХК-ний үнэлгээний тайлан:
| № | Эд зүйлийн нэр | Чанар байдлын тодорхойлолт | Зах зээлийн дундаж үнэ /төг/ | Нэмэлт тайлбар |
| 1 | Зил-131 маркийн автомашин, 88-05 СБА улсын дугаартай | 1982 онд үйлдвэрлэгдсэн, 1982 онд Монгол улсад орж ирсэн, хуучин |
8.500.000 |
|
| 2 | Зил-131 маркийн автомашин, 64-74 СБА улсын дугаартай | 1981 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, хуучин |
8.500.000 |
|
| 3 | 5515 АЧ улсын дугаартай чиргүүл | 1990 онд үйлдвэрлэгдсэн, хуучин |
2.000.000 |
|
гэх дүгнэлт /хх-ийн 113 дугаар тал/
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Арвижих-эстимейт” ХХК-ний үнэлгээний тайлан:
| № | Эд зүйлийн нэр | Чанар байдлын тодорхойлолт | Зах зээлийн дундаж үнэ /төг/ | Нэмэлт тайлбар |
| 1 | БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улбар шар өнгийн цахилгаан хөрөө |
хуучин |
45.000 |
|
гэх дүгнэлт /хх-ийн 115 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07,21-22 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 106-107,116-117 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-125 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Даваажаргалын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Д.Даваажаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Даваажаргалын гэмт үйлдлийн улмаас байгаль эклогид 10.090.470 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль эклогид учирсан 10.090.470 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Даваажаргал нөхөн төлсөн болох хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Даваажаргал нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохиролыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Даваажаргалын тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Даваажаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн УМБА-ны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй улбар шар өнгийн цахилгаан хөрөө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын журмын хашаанд хадгалагдаж буй 4 метр урттай 29 ширхэг нарс модыг тус тус худалдан борлуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Даваадуламын Даваажаргалыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Даваадуламын Даваажаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Даваажаргалд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Даваажаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Даваажаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан УМБА-ны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй улбар шар өнгийн цахилгаан хөрөө, Сэлэнгэ аймгийн Мандал сумын журмын хашаанд хадгалагдаж буй 4 метр урттай 29 ширхэг нарс модыг тус тус худалан борлуулж, улсын орлогод тус тус оруулсугай.
7.Ялтан Д.Даваажаргалд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ