| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00324/и |
| Дугаар | 358 |
| Огноо | 2015-10-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 358
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 10-02 тоотод оршин суух Жалайр Зоригтын Болорнарангийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2016 оны 02 дугаар сараас 07 дугаар сарыг дуусталх хугацаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.336.300 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, 2016 оны 1, 8, 9 сарын цалингийн зөрүү 792.741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Болорнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ, гэрч Д.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Болорнаран шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр сахиул, үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар гэрээт ажилтан гэж томилсон. Уг гэрээт ажилтнаар томилсон тушаал нь надад хохиролтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 2-7 сарын 3.336.300 төгрөг, 1, 8-9 сарын цалингийн зөрүү болох 792.741 төгрөг, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан. Миний ажиллаж байгаа ажлын орон тоо бол байнгын орон тоо учраас хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах төрийн үйлчилгээний албан хаагч гэж үзэж байгаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай гэсэн байхад Есөнбулаг сумын Засаг даргын газрын даргын Б/20 тоот тушаалд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн З.Болорнаранг гэрээт сахиул, үйлчлэгчээр томилон мөн өдрөөс эхлэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсугай гэсэн тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 02 дугаар сараас 07 сар хүртэлх хугацааны цалин 3.336.300 төгрөг, 1, 8-9 сарын цалингийн зөрүү 792.741 төгрөг гаргуулж, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гүйцэтгэж, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын Б/20 тоот тушаалаар гэрээт үйлчлэгчээр ажиллуулж байна. Сар бүр сангийн яамнаас цалингийн зардал өөр өөрийн кодоор ирдэг. Тус байгууллагын 2 үйлчлэгчийн цалингийн сан нь тусдаа 80103 кодтой гэрээт ажилтны зардлын ангиллаар ирдэг. Нэгэнт тусгай ангилал буюу гэрээт ажилтнаар цалингийн сан нь бүрддэг тул түүнд нь нийцүүлэн тушаалаа гаргасан. Энэ тушаалын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юу гэдэг асуудал байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн байсан. Өчигдөр нийгмийн даатгалын дэвтэртэй танилцахад ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авсан байгаа учраас уг тэтгэмжийг суутган тооцож өгнө үү. Мөн цалингийн зөрүү 792.741 төгрөгтэй холбоотой нэмэгдүүлсэн шаардлага дээр Засгийн газрын 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын үндэслэн үүнийг олгох боломжгүй гэж үзэж байна. Энэ нь Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам байдаг. Уг журам дээр төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө. 2-т “Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан эсхүл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно” гэсэн заалт байгаа. Мөн журмын 6 дугаарт ур чадварын нэмэгдлийн тухайн салбар байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно гэсэн үг байгаа. 5-д ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ногдох албан тушаалын цалингаас тооцож сар тутам олгоно гэж байгаа учраас ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй. Цалингийн зөрүү гэдгийг ур чадварын нэмэгдэл гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн үндсэн цалин олгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч З.Болорнарангийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч З.Болорнаран нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулж, 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин болон 2016 оны 1, 8, 9 сарын цалингийн зөрүү 792.741 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч З.Болорнаран нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Болорнаранг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгч, сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай...” гэж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй байна.
Ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч З.Болорнаранг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар “гэрээт сахиул, үйлчлэгчээр“ авч ажиллуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч хуульд заасан дээрх үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь авсан болон түүнээсээ өөр ажилд шилжүүлсэн болох зэрэг байдал нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаартай “гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сараас 07 дугаар сарын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш өөр ажилд буруу шилжүүлсэн буюу үндэслэлгүй тушаал гаргасан гэх үндэслэлээр З.Болорнаран нь ажил гүйцэтгээгүй, цалин олгогдоогүй байсан болох нь зохигчдын зөрүүгүй тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч З.Болорнарангийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх 6 сарын цалинг олгох үндэслэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч З.Болорнаран нь
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учир нийгмийн даатгалын дэвтрээс 2015 оны 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас тооцохоор байна. Гэвч 2015 оны 12 дугаар сарын хувьд урамшуулал буюу илүү сарын цалинг нэмж авсан болохоо нэхэмжлэгч тайлбартаа хүлээн зөвшөөрч байх тул тухайн сарын үндсэн цалин гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сүүлийн 3 сарыг 2015 оны 9, 10, 11 сараар тодорхойлж цалингийн дундажийг тооцоход 468049+474.049 + 478.049 = 1.420.147, 1.420.147 : 3 сар =473.382 төгрөг байна. Үүнээс 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаа буюу буюу 6 сарын хөдөлмөрийн хөлсийг тооцоход 473.382*6 сар= 2.840.292 төгрөг байна.
Харин 1, 8, 9 дүгээр сарын цалингийн зөрүү гэх 792.741 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа тухайн саруудын урамшууллыг хассан байх тул нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгааг хангах үндэслэлгүй байна. Учир нь урамшуулал бол сар бүр зайлшгүй олгогдох шинжтэй бус тодорхой журам, шалгуураар ажлын үр дүнг тооцон олгодог зүйл бөгөөд дээрх саруудад үр дүн тооцуулсан, уг үр дүн нь урамшуулал олгох хэмжээнд байсан гэх байдал нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 2 дугаар сараас 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 2.840.292 төгрөгийг олгож, цалин 496.008 төгрөг, 1, 8, 9 дүгээр сарын цалингийн зөрүү 792.741 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Болорнарангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.840.292 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 60.395 төгрөг, нийт 130.595 төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Болорнаранд ажилгүй байсан хугацааны цалин 2.840.292 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 496.008 төгрөг, цалингийн зөрүү 792.741 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Болорнарангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2.840.292 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 60.395 төгрөг, нийт 130.595 төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН