Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00805

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01096 дугаар шийдвэртэй,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,341,170.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч*******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь *******-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот Дотоодын кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эгүүлэн төлөх үүргийг хүлээн, зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан.

1.2. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот Кредит картын гэрээ байгуулж, дээрх гэрээг 12 сараар сунгасан, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот Кредит карт эзэмших нэмэлт гэрээ, *******-1 тоот Кредит карт эзэмших гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, дээрх гэрээг 24 сараар сунгасан.

1.3. Зээлдэгч ******* нь *******, *******, *******-1 тоот Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин, үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгчийн *******, *******, *******-1 тоот Кредит картын гэрээ-ний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,073,560.06 төгрөг, хүүгийн авлага 2,189,995.36 төгрөг, шимтгэлийн авлага 1,400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 6,341,170.85 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж *******-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Улаанбаатар хотын банкны хэрэглэгч байгаад банк нэгтгэх шалтгаанаар *******-ийн кредит картын хэрэглэгч болсон. Өмнө Улаанбаатар хотын банкны кредит картын хэрэглэгч байхад ийм төрлийн асуудал гарч байсангүй. Мөн Голомт банкны кредит карт ашигладаг бөгөөд ийм хулгай гарч байсангүй.

2.2. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5 дахь хэсэгт заасныг гэсэн зөрчин, дураар аашилж, дансны гүйлгээг хязгаарлаж эхэлсэн. Энэ талаар лавлахад дотоод журам гэж харилцагчийн картын гүйлгээ хийх эрхийг хязгаарлаж, зөрчил гэх мэт хуулиас дээгүүр нэр томьёо ашиглан, дотоод журам ярьж миний Иргэний хуулиар хамгаалсан эрхэд халдаж, олон удаагийн жижиг хураамжаар 1,500,000 төгрөгийг дансны аргаар хулгайлж авсанд гомдолтой байна. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

2.3. Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар намайг дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд уг дансанд байгаа төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд буюу дээрх дансанд хадгалагдаж байгаа мөнгөний өмчлөгч гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардаж, эрх зөрчигдөж байна гэж олон удаа гомдол гаргасан боловч үл тоосон. Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрх рүү ******* өөрсдийн дотоод журмаар халдсан. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэсэн заалтыг үл тоож, миний банкны нэвтрэх эрхийг блок хийж, харилцах дансыг царцааж, дансны үлдэгдэл болох 3,500,000 орчим төгрөгөөс карт ашигласан хүү, мөн ямар нь үл мэдэгдэх хураамж хулгайгаар татаад дуусгасан. Энэ талаар бичгээр болон аман байдлаар уулзах хүсэлт тавихад удахгүй уулзана, бид шийдвэрлэнэ гээд бүтэн жил надаас зугтаасан.

2.4. 2023 оны 1 сард Монгол банкны урд байрлах төвд энэхүү хүсэлтийг өгсөн. Гэтэл үл тоомсорлож, дансанд байсан мөнгөнөөс хүү, хүүгийн алданги болгон суутган авсан. Тухай үед миний бие хүсэлт гаргаж 3,400,000 төгрөг хийж, нийт 5,000,000 төгрөг болгоод гэрээгээ цуцалж дансаа хаах хүсэлт тавьсан. Удахгүй хариу хэлнэ гээд удаа дараа банкны эрх зүйч нартай уулзах хүсэлт тавьсан боловч хүнтэй уулздаггүй атлаа одоо надаас 5,700,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд ашигласан 1,500,000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлөх боломжтой. Бусад үүссэн өр нь тус банкны хариуцлага алдсан асуудал тул үүргийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

2.5. ******* нь Захиргааны ерөнхий хуулиар нийтэд чиглэсэн хэм хэмжээ тогтоох эрхгүй бөгөөд зөвхөн Монгол банкнаас баталсан дүрэм, журмыг баримтлах ёстой. Тус банкнаас иргэдэд тулгаж буй гэрээний загвар илтэд нэг талд хохиролтой байх ба Мөнгөн зээлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т зээлийн хүүгийн хэмжээ, түүнийг бодох, тооцох аргачлал, 15.2.5-т зээлийн эргэн төлөлтийн хуваарь байна гэсэн нь мөн ойлгомжгүй төөрөгдүүлсэн гэрээ байх бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйлчлүүлэгчтэй байгуулах зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний загварыг энэ хуулийн 19.1 дэх хэсэгт заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчиж байна.

2.6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэрээний нөхцөл тулгаж байсан. Гэрээний нөхцөлд тулгаж байгаа заалт нь бусад эд хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулж авна гэдэг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

2.7. Иймд, 3,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хүүг зөвшөөрөхгүй. Банк нь харилцагчийн картын гүйлгээний эрхийг хууль бусаар хязгаарласан, олон удаагийн давтамжтай хураамж тооцож, дансны аргаар мөнгө суутгасан, зээлийн өр төлбөрийн тооцоолол буруу болсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 6,264,955.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,215.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,408.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн ажлын хөлсөнд тус бүр 214,573 төгрөгийг гаргуулан *******/Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данс/-д тус тус олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг буруу тайлбарласан: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран зээлийн хүү шаардах эрхтэй" гэж дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ нь тодорхой хугацаатай байх мөн чанартай. Гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд талууд маргаагүй. Хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа банк шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 453.1 дэх заалтыг ашиглан хугацаагүй хүү авах, ашиг олох зорилго агуулсан. Шүүх энэхүү заалтыг тайлбарлахдаа талуудын тэгш эрх, хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг харгалзан үзээгүй.

4.2. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаар үндсэн үүрэг дуусгавар болсон. Гэтэл шүүх гэрээ сунгагдаагүй байхад хүү тооцох эрхийг банкинд олгосон нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл-ийн зарчмыг зөрчиж байна.

4.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Хүүг зээлийг бодитой ашигласан хугацаагаар тооцно гэж заасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш карт ашиглаагүй болохыг тогтоосон атлаа хүү нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалт болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.5 дахь хэсэгт заасан гэрээний шударга байдлын зарчимд нийцэхгүй байна.

4.4. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарласан. Шүүх банкнаас олгож буй зээлийн харилцаанд энэ заалт хамаарахгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 224 дүгээр зүйл нь бүх төрлийн үүргийн харилцаанд нийтлэг үйлчлэх журам юм. Миний бие 2022 оны 10 сард *******-д, 2023 оны 01 дүгээр сард Монгол банканд тус тус хүсэлт өгч, дансаа хаах, гэрээ цуцлах хүсэлтээ илэрхийлсэн боловч банк дотоод процессоор шийднэ гэх нэрээр 2 жил зугтсан нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд банк энэ хугацааны хүү, алданги авах эрхээ алдах ёстой.

4.5. ******* нь удаа дараа, сар бүр 1 секундын дотор 28 удаагийн давтамжтай гүйлгээгээр 300,000 гаруй төгрөгийг зөрчил гэх нэрээр суутгасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өмчлөх эрхэд саад учруулсан үйлдэл юм. Шүүх энэхүү техникийн шинжтэй боловч хууль бус ажиллагаанд эрх зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх үүргээ шүүх биелүүлээгүй. Шинжээч *******ийн дүгнэлт нь зөвхөн банкны өгсөн дата дээр тулгуурласан, арифметик тооцоолол бөгөөд банкны системийн LOG файл, хүү бодох алгоритм, удаа дараа, сар бүр 1 секундэд хийгдсэн 12-28 удаагийн гүйлгээний техникийн шалтгааныг тогтоогоогүй. Миний зүгээс Монгол банкны Хяналт, шалгалтын газраар техникийн болон аргачлалын аудит хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх үүнийг хангаагүй нь хэргийн бодит үнэнийг тогтооход саад болсон.

4.7. Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, банкны системийн ажиллагаа (LOG файл, алгоритм) болон суутгалын техникийн үндэслэлийг шалгах бие даасан программ хангамжийн шинжээч томилох, гэрээний хугацаа дууссанаас хойшхи үндэслэлгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг хүчингүй болгож, хууль бусаар суутгасан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад, түүний гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

2. ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,341,170.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Тодруулбал,

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Зээлдэгч ******* нь *******, *******, *******-1 тоот Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зөрчин, үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй банкийг хохироож байгаа ба 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,073,560.06 төгрөг, хүүгийн авлага 2,189,995.36 төгрөг, шимтгэлийн авлага 1,400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 6,341,170.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн бол,

хариуцагч тал хариу тайлбартаа гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хүүг зөвшөөрөхгүй. Банк нь харилцагчийн картын гүйлгээний эрхийг хууль бусаар хязгаарласан, олон удаагийн давтамжтай хураамж тооцож, дансны аргаар мөнгө суутгасан, зээлийн өр төлбөрийн тооцоолол буруу болсон гэжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

3.1. *******, ******* нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот Кредит картын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, бэлэн зарлагын жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувийн хүү төлөхөөр, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* тоот Кредит карт эзэмших нэмэлт гэрээ байгуулагдаж, дээрх гэрээний хугацааг 24 сар гэж өөрчилж, бусад нөхцөл хэвээр үйлчлэхээр,

3.2. Мөн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр *******-1 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон ба тус өдрийн *******-1-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-ээр *******ийн банкин дахь бүх харилцах, хадгаламжийн дансанд ирээдүйд орж ирэх орлого, түүний үр ашгийг барьцаалсан. Талууд энэхүү үйл баримтын тухайд маргаангүй. /1хх-8-16/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

5. Харин талууд гэрээний хугацаа дууссан 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хариуцагчийн зээлийн данснаас бага хугацаанд, олон удаагийн давтамжтай төлбөр суутгасан эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Нэхэмжлэгч ******* нь *******ийн тус банк дахь ******* тоот дансны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны худалдан авалт болон бэлэн мөнгөний гүйлгээний зарцуулалт 4,073,560.06 төгрөгт 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тооцогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,189,995.36 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг, шимтгэлийн авлага 1,400 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 6,341,170.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, кредит картын зээлийн хүүгийн тооцооллыг нотлох баримтаар ирүүлсэн. /1хх-18/

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкны Хяналт, шалгалтын газрын Зайнаас хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч *******ийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт-д дурдсан Ашигласан зээлийн дүн 4,074,960.06 төгрөг, хүү 293,047.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,896,948.29 төгрөг, нийт 6,264,955.47 төгрөг нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 2.2, 2.3, талуудын хооронд байгуулагдсан *******-1 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний 3.8-д заасны дагуу тооцогдсон.

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Хугацаа хожимдуулсны шимтгэл сарын 1 хувь гээд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн энгийн зарцуулалттай кредит картын хүү тооцоололд хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэснийг үндэслэн шүүх хариуцагч *******аас 6,264,955.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.3. Кредит карт нь банк, эрх бүхий этгээдээс урьдчилан тогтоосон зээлийн эрхийн хүрээнд түр хэрэглэсэн мөнгөө дараа нь төлөх боломжтой, эргэж нөхөгддөг, уян хатан нөхцөлтэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд зээлдэгч буюу кредит карт эзэмшигч нь зээлдүүлэгчээс олгосон зээлийн эрхийн хэмжээгээр хүссэн үедээ мөнгөө зарцуулах, гэрээгээр тохирсон тодорхой хугацаанд эргэн төлөлт хийх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүү тооцогдох ба хүү нь сар бүрийн үлдэгдэлд тооцогддог, төлөлт хийгдмэгц эрх нь сэргэх буюу эргэн төлсөн хэмжээний зээл нь дахин ашиглагдах боломжтой зээлийн харилцаа юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү харилцаанд хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Хүүг зээлийг бодитой ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасан хуулийн зохицуулалт үйлчлэхгүй.

Учир нь, 2022 онд батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль-ийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох зэрэг харилцааг зохицуулдаг.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны ******* тоот болон 2020 оны ******* тоот, *******-1 тоот зээлийн гэрээнд 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалт үйлчилнэ.

5.4. Дээрх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* нь гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл, хүү, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

Ийнхүү хариуцагч *******ийн кредит картын зээлийн данснаас худалдан авалт болон бэлэн мөнгөний гүйлгээний зарцуулалтад ногдох 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,189,995.36 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй ба энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.5. Шүүх нотариатын зардал 16,000 төгрөг шаардсан боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчлийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

6. Түүнчлэн хариуцагчийн Шинжээч *******ийн дүгнэлт нь зөвхөн банкны өгсөн дата дээр тулгуурласан, арифметик тооцоолол бөгөөд банкны системийн LOG файл, хүү бодох алгоритм, удаа дараа, сар бүр 1 секундэд хийгдсэн 12-28 удаагийн гүйлгээний техникийн шалтгааныг тогтоогоогүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагчийн ******* тоот кредит картын дансны хуулгаас үзэхэд түүний ашигласан буюу худалдан авалт болон бэлэн бус гүйлгээ тус бүрт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон төлбөр суутгасан байх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, хүүгийн тооцооллыг холбогдох хууль, журмыг зөрчөөгүй, тооцоолол үнэн зөв байна гэсэн дүгнэлт гаргасныг хариуцагчийн зүгээс үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх баримтаар няцаагаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн олон удаагийн давтамжтай гүйлгээгээр үндэслэлгүйгээр суутгал хийсэн байсан, зээлийн хүүгийн тооцоолол буруу гэсэн тайлбар нь түүний нэхэмжлэлийг эсэргүүцэж буй байр суурь бөгөөд уг хариу тайлбар нь хөндлөнгийн шинжээчээр дүгнэлтээр няцаагдаж байх тул үүнийг нотлогдсон гэж дүгнэх боломжгүй.  

8. Иймд, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул түүнийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД  Ч.БАТЧИМЭГ

Н.ГЭРЭЛТУЯА