Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 359

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 2-9 тоотод оршин суух Бурхан буудай Мөнхийн Дугармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 1, 7, 8, 9  сарын цалингийн зөрүү 992.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Дугармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ, гэрч Д.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Дугармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 08-нд ажлаасаа халагдаж иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээт үйлчлэгчээр ажиллуулах тушаал гаргаж намайг ажиллуулсан. Энэ нь надад ажиллахад цалин буурч хохиролтой байгаа учраас уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин болон 7, 8, 9 сарын цалингийн зөрүү 992.155 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Миний ажиллаж байгаа албан тушаал нь байнгын орон тоотой албан тушаал учраас хөдөлмөрийн гэрээгээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаал гэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээт үйлчлэгчээр томилсон. Энэ нь Засгийн газрын 233 тоот тогтоолийн дагуу Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт галч, үйчлэгч нарыг бүгдийг нь гэрээт болгож 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаа. Тушаалаа гаргахдаа ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг даалгасан. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй байгаа. Тушаалдаа ямар гэрээ байгуулахыг даалгаж өгсөн байгаа. Тэгэхээр миний зүгээс төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай тушаалын дагуу өөрийн тушаалаа гаргасан. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин  болон 1, 7, 8, 9 сарын цалингийн зөрүү гэж байгаа. Төрийн зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай тогтоолд цалин мөнгөний тухайд ТҮ зэрэглэлтэй дүйцүүлж олгоно гэж заасны дагуу цалинг ТҮ-1-ээр тогтоосон. Цалингийн зөрүү гэдэг дээр тайлбарлахад төрийн үйлчилгээний албан хаагч нарт ур чадварын нэмэгдэл олгох журамд хамаарч байгаа. Тус нийтлэг журмын 4 дүгээр хавсралтын 2-т эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барил ашиглаж өндөр амжилт гаргасан, эсхүл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно гэж заасан байгаа. Түүнээс миний цалин хөлс буурсан учраас уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Гэрээ байгуулсан бол уг асуудлын талаар зааж өгөх боломжтой байсан ч одоогоор ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас тийм боломж байхгүй. Тухайн журмын 5 дээр ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалыг цалинг сар тутам бодож олгоно, 6-д ур чадварын нэмэгдлийг тухайн салбар байгууллагын үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн албан хаагчид олгоно гэсэн заалтууд байгаа учраас гэрээт ажилтнаар тушаал гаргачихаад гэрээ байгуулаагүй байсан учир ур чадварын нэмэгдлийг олгоогүй. Хэрвээ гэрээ байгуулсан бол ур чадварын нэмэгдлийн талаар гэрээндээ тусгах боломжтой байсан. Одоо ч боломжтой байгаа. Засгийн газрын 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу ур чадварын нэмэгдлийг зөвхөн тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд жинхэнэ ажилласан цагт ноогдох албан тушаалыг цалингаас гэж байгаа болохоор зөрүү нэмэгдлүүдийг олгох боломжгүй. Өчигдөр хэргийн  материалтай танилцахад ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авсан бичилттэй байсан учир уг тэтгэмжийг суутган тооцож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Дугармаагийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.Дугармаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх болон 2016 оны 1, 7, 8, 9  сарын цалингийн зөрүү 992.155 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Дугармаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Мөнхийн Дугармааг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай...” гэж шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

3

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй байна.

Ийнхүү ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч нэхэмжлэгч М.Дугармааг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар “гэрээт үйлчлэгчээр“ авч ажиллуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч хуульд заасан дээрх үүргээ биелүүлж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь авсан болон түүнээсээ өөр ажилд шилжүүлсэн болох зэрэг байдал нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай “гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсэн байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдснөөс хойш 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нь ажил гүйцэтгээгүй, цалин олгогдоогүй байсан болох нь зохигчдын зөрүүгүй тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Дугармаагийн ажилгүй байсан бүхий л хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг  олгох үндэслэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгч М.Дугармаа нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн учир нийгмийн даатгалын дэвтрээс 2015 оны 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас тооцохоор байна. Гэвч 2015 оны 12 дугаар сарын хувьд урамшуулал буюу илүү сарын цалинг нэмж олгосон байх тул тухайн сарын үндсэн цалин гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сүүлийн 3 сарыг 2015 оны 9, 10, 11 сараар тодорхойлж ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход 2,3,4,5,6 дугаар сарын бүтэн цалин 2.430.250 төгрөг байна.

Харин 1, 7, 8, 9 дүгээр сарын цалингийн зөрүү гэх 992.155 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа 1,7 дугаар сарын тухайд ажилгүй байсан хоногоор тооцсон цалин, 8,9 дүгээр саруудын тухайд урамшуулалыг хассан байх тул нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаагаас 1 дүгээр сарын 8-наас сар дуустал ажлын 15 хоног байх тул нэг өдрийн ажлын хөлс 22.606*15==39.090 төгрөг, 7 дугаар сарын ажилгүй байсан хоног ажлын 12 хоног байх тул 22.606*12=271.272 төгрөг, нийт 610.360 төгрөг байна. Үүнийг сараар тооцсон ажилгүй байсан хуцгацааны цалин болох 2.430.250+610.362=3.040.612 төгрөг олгохоор байна. Харин 8, 9 дүгээр сарын хувьд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ олгогдох ёстой урамшуулал хасч тооцогдсон тул олгогдох үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч хангах  үндэслэлгүй  байна.  Учир  нь  урамшуулал  бол  сар  бүр  зайлшгүй  олгогдох шинжтэй бус тодорхой журам, шалгуураар ажлын үр дүнг тооцон олгодог зүйл бөгөөд дээрх саруудад үр дүн тооцуулсан, уг үр дүн нь урамшуулал олгох хэмжээнд байсан гэх байдал нь баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 2.566.340 төгрөг, цалин болон урамшууллын зөрүү 992.155 төгрөг, нийт 3.558.495 төгрөг нэхэмжилснээс дээр дурдсан үндэслэлээр тооцож олгохоор тогтсон 3.040.612 төгрөгийг хасч үлдэх 517.883 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Дугармаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.040.612 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 63.600 төгрөг, нийт 133.800 төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Мөнхийн Дугармаад ажилгүй байсан хугацааны цалин 3.040.612 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг урамшуулалт цалингийн зөрүү 517.883 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Дугармаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.040.612 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 63.600 төгрөг, нийт 133.800 төгрөгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  гардан  авсан  өдрөөс  хойш  14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ц.ҮЙТҮМЭН