| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0157/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 153
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Прокурор А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оюунчимэгийн Отгонцэцэгт холбогдох 1931002620163 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн,1983 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг 1 дүгээр хэсэг 058б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Оюунчимэгийн Отгонцэцэг, /РД:МЬ83040305/, Шүүгдэгч О.Отгонцэцэг нь 2019 оны 07 сарын 29-ний өдөр Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн П.Ган-Орхоны эзэмшлийн “самсунг нөт-2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;1.Шүүгдэгч О.Отгонцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 20- ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг, тогтоолд дурьдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял сонсгож яллагдагчаар татсан байна. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр ярьж хэлсэн байгаа. Надад худал ярьсан зүйл байхгүй, гэм буруугаа ойлгож байна. Энэ Сүхбаатар сумын 8 дугаар баг “Буурын гол”-д гадаа гудамжинд болсон асуудал. Тухайн үед гадаа 18 цаг өнгөрч байсан учраас хүний хөдөлгөөн багатай, гудамжны ойр орчинд хүн байгаагүй. Ганбүтэдийн гар утсыг авч салаад гудамжаар явж байхад хэсэг хугацааны дараа Ган-Орхон ирээд уулзаж байхдаа гар утсыг нь авсан. Ган-Орхоны гар утсыг анх “ганц яриулаач утсаар ярьж байгаад эргүүлээд өгье” гэсэн боловч надад “өгөхгүй” гэхээр нь бага зэрэг маргалдаж байгаад халааснаас нь авчихсан юм. Би өөрөө тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор янз бүрийн зүйл бодолгүй гар утсыг нь авчихсан юм. Тэрнээс анхнаасаа надад “хүний гар утас авъя, зарж борлуулъя” гэсэн санаа зорилго бодол байгаагүй. Би хүний гар утас аваад эцэст нь ийм зүйл болно гэсэн үр дагаврыг нь бодоогүй явсан байна. Миний хувьд 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэж явдаг. Манай нөхөр Тэмүүжин нь Дархан-Уул аймаг руу ажил хийнэ гэж явсан. Би Сүхбаатар сумын 8 дугаар баг 1 дүгээр хэсэг 058б тоотод дүүгийнхээ хашаа байшинд амьдардаг. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй. Манай хамгийн том охин 15 настай, 12 настай хүү, бага нь 2 ой 3 сартай хүүтэй. Манай том хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Манай хүүхдүүд одоо хичээл сургуульдаа явцгаана, би гэртээ бага хүүгээ хараад үлддэг. Би Ган-Орхонд учруулсан төлбөр мөнгийг бүрэн барагдуулсан. Би Ган-Орхонд 100,000 төгрөг бэлнээр өгч бусдад учруулсан хохирлыг арилгасан. Мөн Ган-Орхоноос буруу зүйл хийсэндээ уучлалт гуйж, энэ хэргийг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Энэ талаар бичгээр гаргаж өгч болно. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учраас хуулийн байгууллагаас надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэх гэсэн юм. Би гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна, дахин ийм зүйл хийхгүй гэдгээ хэлэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/, 2.Шүүгдэгч О.Отгонцэцэгийн шүүх хуралдааны шатанд өгсөн: ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч П.Ган-Орхоны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 07 сарын 29-ний орой 19 цагийн үед Жарантай гээд хамаатныхаа гэрт өдөрхөн очоод юм ярьж сууж байгаад унтаад өгсөн. Унтаж байгаад 19 цагийн үед сэрсэн чинь манай дүү Ганбүтэд нь “Би сая гадаа гудамжинд Отгонцэцэг эгчтэй тааралдсан чинь “танай нөхрийн нокио маркийн гар утсыг чинь Отгонцэцэг надаас авчихаад өгөхгүй яваад өгсөн” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “хаана байгаа юм” гэж асуусан чинь “урд талын буланд явж байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад гудамжны үзүүрт очтол О.Отгонцэцэг согтуу явж байсан бөгөөд дуудаж уулзаад “чи яагаад манай нөхрийн гар утсыг дураараа авсан юм бэ, тэр утас хаана байна, өгөөдөх” гэж хэлсэн чинь миний үгийг тоогоогүй. Тэгсэн намайг “утсаа өгч байгаач нэг ярья” гээд байхаар нь би өөрийнхөө утсыг өгөөгүй юм. Тэгсэн Отгонцэцэг миний баруун талын өмдний халааснаас “Самсунг нөт-2” маркийн гар утас байсныг шууд гаргаж ирээд авчихсан. Би тэгэхээр нь “яаж байгаа юм бэ, хүний юм дураараа авчих юм” гэж хэлсэн чинь “гуйгаад өгөхгүй бол ингээд л авчихдаг байхгүй юу, чаддаг юм бол цагдаа дуудчих харъя” гэж хэлээд яваад өгсөн. Болсон явдал гэвэл ийм л зүйл болсон. Би энэ талаараа цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Би О.Отгонцэцэгийг сайн танихгүй, зүс мэдэх хүн. Манай дүү надад хэлэхдээ Отгонцэцэгтэй гудамжинд тааралдсан чинь “танай нөхрийн гар утсыг авчихсан” гэж хэлэхээр нь гэрээс гарч уулзах гэж очсон. Отгонцэцэгт миний “самсунг нөт-2” маркийн андройд гар утас байсан. Би О.Отгонцэцэгт гар утсаа өгөх зөвшөөрөл өгөөгүй. Отгонцэцэгтэй буурын голын ногоон хашааны гудамжны үзүүрт явж байхаар нь дуудаж уулзсан. О.Отгонцэцэг миний өөдөөс зогсож байгаад надтай ярилцаж байх үедээ “та утсаа өгч байгаач би ярья” гээд байхаар нь Отгонцэцэг согтуу байсан болохоор “утсаа өгөхгүй” гэсэн чинь шууд миний баруун талын өмдний халаас руу гараа хийгээд утас гаргаж ирснээ “ингээд л авчихдаг байхгүй юу” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “яаж байгаа юм бэ дураараа хүний утас аваад” гэж хэлсэн чинь “чаддаг юм бол цагдаад хэлээд аваарай” гэж хэлэхээр нь би цагдаа дуудах гээд гүйгээд явчихсан юм. О.Отгонцэцэг бид 2 хоорондоо маргалдаж, муудалцаж. ноцолдсон зүйл огт байхгүй, хэн хэнийхээ биед гэмтэл учруулаагүй. О.Отгонцэцэгтэй ярилцаж зогсож байх үед миний өмдний халааснаас гар утас булаагаад авчихсан юм. О.Отгонцэцэг согтуу байсан, харахад мэдэгдэж, ярилцаж байх үед архи үнэртэж байсан. Ганбүтэд Шаамар сумын “Ундрагч” ХХКомпанид ажилладаг, одоо утасны сүлжээ барихгүй, бүүр хөдөө бригад дээр байгаа болохоор холбогдож чадахгүй байгаа. Ганбүтэд нь буудай тариалан дээр ажилладаг болохоор намар 9-10 сарын үед л ирдэг. Тийм болохоор цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Харин Жарантай ах байгаагүй, Ганбүтэд бид 2 гэрт нь байхад болсон асуудал. Би О.Отгонцэцэгт гар утсаа өгөхийг зөвшөөрөөгүй, О.Отгонцэцэг шууд дур мэдэн миний өмдний баруун талын халаасанд гараа хийгээд утас гаргаад ирсэн. Тэгсэн ээ “гуйгаад өгөхгүй бол ингээд л авчихдаг байхгүй юу” гэж хэлсэн. Би ягаан биеийн тамирын өмдтэй байсан болохоор халаасанд нь утас хийсэн нь мэдэгдэж байсан. Би О.Отгонцэцэгт гар утсаа өмднийхөө халааснаас гаргаж өгөөгүй. Харин О.Отгонцэцэг миний өмдний халаасанд байсан гар утсыг дураараа, миний зөвшөөрөлгүй миний өмдний халаас руу гараа хийгээд авчихсан. О.Отгонцэцэг надад манай нөхрийн “нокио” маркийн гар утсыг өгсөн. Харин миний “самсунг нөт-2” маркийн гар утас байсныг бол өгөөгүй. Би гар утсаа авах хүсэлтэй байна. Хохирол төлбөрөө барагдуулах юм бол надад гаргах санал хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/, 4.Хохирогч П.Ган-Орхоны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. О.Отгонцэцэгийн хувьд бол миний халааснаас утас авдаг нь буруу зүйл байсан. Уг нь надаас “утсаа өгч байгаач” гэж гуйхаар нь би өгөөгүй юм. Тэгээд л бид 2-ын хооронд маргаан гараад байж байхад Отгонцэцэг миний халааснаас гар утас авчхаад өгөлгүй, яваад өгсөн. Бид 2-н дунд болсон үйл явдал Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын голын гудамжинд болсон асуудал. Тухайн үед гудамжинд хүний хөдөлгөөн багатай бид 2 оос өөр хүн байгаагүй. Ганбүтэдтэй холбогдох ямар ч бололцоо байхгүй, тариалангийн бригадад гарсан учраас 9 сараас нааш ирэхгүй, Ганбүтэд гудамжинд “Отгонцэцэг миний утсыг аваад өгөхгүй байна” гэж хэлээд гэрт орж ирэх үед нь би зөрж гарч яваад Отгонцэцэгтэй гудамжинд уулзсан юм. Ганбүтэд энэ хэргийн талаар сайн мэдэх зүйл байхгүй, Ганбүтэдийн гэр нь Салхитын аманд байдаг. Тухайн үед бид 2 Жарантай гэх айлд очсон байсан юм. О.Отгонцэцэг надад хохирол төлбөр барагдуулсан, миний хувьд хохирол төлбөр байхгүй учраас гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Отгонцэцэгээс 100,000 төгрөг бэлнээр авсан. Отгонцэцэг надаас уучлалт гуйсан. Бид 2 хоорондоо эвлэрсэн учраас гомдолгүй. Хэргийг хурдан түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р ху/, 5.Гэрч Н.Тэмүүжингийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...О.Отгонцэцэгтэй гэр бүлийн хамааралтай хүмүүс. Гэр бүл болоод 4 жил болж байна. Хувийн зан байдлыг сайн мэднэ. О.Отгонцэцэгийн хувьд бол бага зэрэг түргэн ууртай боловч, сэтгэл нь цагаахан, хүнд янз бүрийн зүйл боддоггүй. Уг нь хүнтэй эвсэг найрсаг харилцаатай. Илүү дутуу зан ааш байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. О.Отгонцэцэг нь архи уусан ч гэр бүлийн хүрээнд бол элдэв маргаан байдаггүй. Гадуур бол ямар зан араншинтай гэдгийг мэдэхгүй байна. Гэр бүлийн хүрээнд бол О.Отгонцэцэг бол айлын эхнэр, хүүхдүүдийн ээж шиг байдаг. Гэр бүлийн ажилд сайн. 2019 оны 07 сарын 29-ний өдөр О.Отгонцэцэг бид 2 бага зэрэг үл ялих зүйлээс болоод маргалдсан байсан. Би тухайн орой галт тэргээр Дархан- Уул аймаг руу ажлаар явах гэж байсан болохоор “Алтан тариа" ХХКомпаний үүдэнд тамхи татангаа О.Отгонцэцэгийг хараад зогсож байсан. О.Отгонцэцэг нь замын цагдаагийн постны замын урд талын гудамжинд нэг хүнтэй уулзаад утсаар яриад байгаа харагдсан. Тэгсэн тэр эмэгтэй хүн гүйгээд гудамж руу орсон. Хэсэг хугацааны дараа дахиад нэг өөр эмэгтэй гудамжнаас гүйж гарч ирээд О.Отгонцэцэгтэй уулзаад зогсож байсан. Хоорондоо юуны талаар ярилцаж байсан талаар сонсох боломжгүй байсан тул мэдэхгүй. Би тамхи татаад хэсэг өөр тийшээ хараад О.Отгонцэцэг рүү харсан чинь О.Отгонцэцэгтэй юм яриад зогсож байсан эмэгтэй гүйгээд яваад өгсөн. Хоорондоо удаан ч юм яриагүй, 2-3 минутын хооронд л болсон асуудал. Тэгэхээр нь би харж байгаад яваад өгсөн. О.Отгонцэцэг хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Энэ явдлаас хойш уржигдар би Дархан-Уул аймгаас ирээд О.Отгонцэцэгтэй уулзах үед болсон асуудлын талаар нь мэдэж сонссон. О.Отгонцэцэгтэй уулзаад зогсож байсан эмэгтэйг сайн таньж мэдэхгүй, өмнө нь харж байгаагүй. Тухайн эмэгтэй намхан жижигхэн, шар царайтай, О.Отгонцэцэгийг бодвол арай ахимаг насны эмэгтэй хүн байсан. О.Отгонцэцэг тухайн уулзаад зогсож байсан эмэгтэй хүнтэй маргалдаж, муудалцсан зүйл болоогүй, би тамхи татаад зогсож байсан болохоор зарим үйл явдлыг нь сайн анзаарч хараагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/, 6.Гэрч Н.Оюунчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Отгонцэцэг нь манай 3 дахь охин бөгөөд дээрээ 2 эгчтэй. Ахуй амьдралын хувьд анхны нөхрөөсөө салсан, 3-н хүүхэдтэй. Одоо Тэмүүжин гээд залуутай гэр бүл болоод хамт амьдарч байна. Миний охины зан ааш хүнд их тусархуу, ажилсаг, хөдөлмөрч, хүнд өөрийгөө ойлгуулж чаддаг шударга, илүү дутуу зан ааш байхгүй. Ямар ч хүнтэй байгаагаараа хүлээн авч, тэр зангаараа харилцдаг. Том охин Үүрийнтуяа нь Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид дэвшин суралцана, дараагийн хүү Билгүүн нь 6 дугаар ангийн сурагч, бага охин нь Ирмүүн 2 настай хүүхдүүдтэйгээ амьдардаг. Нөхөр Тэмүүжин нь барилгын ажил хийж. энд тэнд олдсон хар бор ажил гололгүй хийчихдэг юм. Өөрийн гэсэн орон, өмч хөрөнгө гэж байхгүй, айлын байр түрээсэлж амьдардаг. Отгонцэцэгт тогтсон ажил төрөл байхгүй, их дээд сургууль төгсөөгүй болохоор эзэмшсэн мэргэжил гэж байхгүй. Зан аашийн хувьд хүнтэй эелдэг, харилцаатай, тэр болгон хүнтэй маргалдаж, муудалцдаггүй. Архи согтууруулах ундааны зүйлийг бараг хэрэглээд байдаггүй, миний хажууд лав согтуу харагдаж байгаагүй. Гэр бүлийн хүмүүжил сайтай гэж охиноо боддог, хэдий насанд хүрч үр хүүхэд ханьтай болсон байгаа хэдий ч хүн ээжээсээ айна гэдэг бол том хүмүүжил гэж бодож байна. Би ганцаараа амьдардаг болохоор манай хүүхдүүд намайг байнга л эргэж тойрч, хоол унд, мөнгө төгрөгөөр тусалдаг, тэтгэвэрт гарсан хөгшин надад ямар ажил олдох биш. Тэтгэврээ авч үр хүүхэд ач зээгээ л харж амьдарч байна. Би охиныхоо холбогдсон хэргийн талаар надад хэлэхдээ хүний гар утас дураараа авчихсан гэж хэлж байсан. Уг нь хүний юмыг дураараа авах хүн биш л гэж охиноо боддог. Нэгэнт хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор миний хувьд юу хэлэх зүйл байхгүй. Үнэн зөвөөр нь тогтоогоод шийдэх байх гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 7.Гэрч Г.Ганчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай дүү Отгонцэцэг айлын 3 дахь хүүхэд. Дээрээ 2 эгчтэй, 1 дүүтэй. Манай дүү ер нь хүнтэй их хурдан арга эвээ олдог, нийтэч, ямар ч хүнтэй найзалж, нөхөрлөж чаддаг, хүнд хар муу санадаггүй, гэнэн цайлган зантай, хүнд их тусархуу, элдэв муу зуршил байхгүй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа баяр ёслол, найз нөхдийн хүрээнд л уудаг. Архи уусан үедээ агсам согтуу. тавиад хүнтэй маргалдаад, муудалцаад байдаггүй, ер нь архийг согттолоо уугаад байдаггүй. Манай аав, ээж, дүү бид нарыг зөв гараар зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Тэрний ачаар бүгд л гэр бүл, ажил төрөлтэй сайхан амьдарч байна гэж бодож байна. Хүний яаж амьдрах нь гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг Хүний хүмүүжил гэдэг бол том ухагдахуун боловсрол гэж бодож байна. О.Отгонцэцэг нь 3-н хүүхэдтэй. Тэмүүжин гээд залуутай гэр бүл болоод хамт амьдарч байна. Ахуй амьдралын хувьд боломж тааруу, дүү өөрөө ажилгүй мэргэжилгүй болохоор тогтсон ажил төрөл байхгүй, улирлын чанартай ажил эрхэлдэг. Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, ажилсаг хөдөлмөрч эмэгтэй гэж дүүгээ бодож явдаг. Настай ээж минь ганцаараа байдаг болохоор үр хүүдүүд бид нар нь ээжийгээ байнга л эргэж тойрч очиж тусалж, цайны сүүг нь таслахгүй гэж бодож явдаг.Бид нараас илүү Отгонцэцэг л ээжид тусалж, байнга л эргэж тойрч байдаг. О.Отгонцэцэгт өөрийн гэсэн байр орон, хашаа байшин гэж байхгүй, айлын байр түрээсэлж амьдардаг. Дүү холбогдсон хэргийнхээ талаар надад хэлэхдээ хүний гар утас авчихсан гэж хэлж байсан. Хүний утас авдаг нь Отгонцэцэгийн буруу гэж бодож байна. Манай дүү өөрийнхөө хийсэн хэрэгтээ их харамсаж гэмшиж байна лээ. Санаа нь зовж байгаа, ээж бас энэ талаар мэдээд бас сэтгэл санаа нь хямраад даралт нь ихсээд байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/, 8.”Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 07 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 80.000 /наян мянга/-н төгрөгөөр тогтоов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 11-р ху/, 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, /ххийн 01-р ху/, хохирогчоос цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 05-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14-р ху/, Шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн26-27-р ху/, яллагдагчаас авсан мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт бичиг /хх-ийн 32-36, 41, 43-44-р ху/ захиргааны хариуцлага хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 37-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/, хохирогчид хохирол төлсөн тухай бичиг, /хх-ийн 45-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 46-47-р ху/, шүүгдэгч, хохирогч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт,/хх-ийн 49-50-р ху/, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал /хх-ийн 51-р ху/, мөн гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас О.Отгонцэцэгийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн П.Ган-Орхоны эзэмшлийн “самсунг нөт-2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн байна. Шүүгдэгч О.Отгонцэцэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, 16 наснаас доош 2 насны, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бусдад төлөх төлбөргүй, мөн хохирогчтой эвлэрсэн, мөн Аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонцэцэгт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Отгонцэцэгийг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Отгонцэцэгт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Отгонцэцэгт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч О.Отгонцэцэгт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч О.Отгонцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй
6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Отгонцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН