| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/10982/И |
| Дугаар | 210/МА2026/00611 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00611
2026 03 20 210/МА2026/00611
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01075 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 100,414,741 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,
иргэний хэргийг хариуцагч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Хариуцагч нар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр банктай зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг, жилийн 6 хувийн хүүтэй, 300 сарын хугацаатай зээлсэн.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *******, /16051/, гудамж, , хаягт байршилтай, 72.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хангуулахаар тохирч барьцааны гэрээ байгуулсан.
1.2.Хариуцагч нар дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 94,974,339 төгрөг, зээлийн хүү 2,247,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,208 төгрөг, даатгалын өр 91,712 төгрөг, нийт 97,316,157 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3.Мөн хариуцагч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,720,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч зээлийн гэрээний хуваарийг зөрчиж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,784,838 төгрөг, зээлийн хүү 295,038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,706 төгрөг, нийт 3,098,584 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас ипотекийн зээлийн гэрээний үүрэгт 97,316,157 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах, мөн хариуцагч *******ас цалингийн зээлийн гэрээний үүрэгт 3,098,584 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч нар шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 97,316,157 төгрөгийг, *******ас 3,098,584 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дүүргийн *******, /16051/, гудамж 54 байр хаягт байршилтай 72.8 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 730,224 төгрөгийг гаргуулан *******-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1.Миний бие уг 2 зээлийг төлөх зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн харилцах дансаар 2,500,000 төгрөгийн төлөлт хийгээд дахин төлөлт хийж чадаагүй 2025 оныг дуусгасан.
4.2.*******-иас уг хоёр зээлийн гэрээтэй холбогдуулан анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар би болон миний эхнэр хоёулаа мэдээгүй байсан бөгөөд анхан шатны шүүхээс мэдэгдэх хуудсыг -аар дамжуулан хүргүүлснийг насанд хүрээгүй хүү гардуулсан байсан. Уг мэдэгдэх хуудсыг би одоо ч хараагүй бөгөөд хүлээн аваагүй, хүүхдээсээ асуухад мэдэхгүй байсан бөгөөд гэртээ хайгаад олоогүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6 дахь хэсгийг хангаагүй гэж үзэж байна.
4.3.Миний бие хэргийн материалтай танилцаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 6,977,000 төгрөгийг өөрийн банкны харилцах дансанд байршуулж зээл төлөлтөө хэвийн болгосон. Түүнээс хойш нийт 4 удаагийн зээл төлөлтийг цаг хугацаандаа төлсөн. Мөн улсын тэмдэгтийн хураамж төл гэсний дагуу 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр банкны тоот дансанд 730,234 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн байдлаар банканд хуримтлагдсан өр төлбөргүй байгаа. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө цалингийн зээлийг бүрэн төлж дуусгасан, ипотекийн зээлийн зөрчлийг арилгаж хэвийн болгосон байсан.
4.4.2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Миний бие аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах -ийн Цанхын уурхайд тэсэлгээний өрөмдлөг хийж гүйцэтгэдэг туслан гүйцэтгэгч компанид нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Уурхай дотор байхад гар утасны сүлжээ барьдаггүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал мөн оролцоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хариуцагч нар манай банкинд цалингийн зээлийг бүрэн төлж барагдуулсан. Орон сууцны ипотекийн зээлийн зөрчлийг арилгаж, хэвийн болгосон. Цаашид урт хугацаатай зээлээ цуцлахгүй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа.
Анхан шатны шүүхээс зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдол гаргасан. Манай зүгээс зээлдэгч нарт нэг удаа боломж олгоход татгалзах зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ипотекийн зээлийн гэрээг цуцлахгүй үргэлжлүүлэх саналтай байгаа гэжээ.
6.Хариуцагч *******ын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Цалингийн зээлийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлчихсөн. Ипотекийн гэрээний зөрчлөө арилгасан тул гэрээг цуцлахгүй хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгаа гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,414,741 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 12 дугаар сарын 23, 25-ны өдөр тус тус гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ2805132751 тоот орон сууцны зээлийн гэрээгээр: Зээлдүүлэгч болох ******* нь 100,000,000 төгрөгийг, 300 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэхээр, Зээлдэгч болох *******, ******* нар жилийн 6 хувийн хүүтэй гэрээгээр тохирсон хуваарийн дагуу буцаан төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон; /хх 12-16/
3.2.Талууд мөн өдрөө дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, *******, /16051/, гудамж, , хаягт байршилтай, 72.8 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар тохирч, ЗБ2805132751 тоот ипотекийн гэрээ байгуулсан; /хх 19-22/
3.3.******* болон ******* нарын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ2805141030 тоот цалингийн зээлийн гэрээгээр: Зээлдүүлэгч болох ******* нь 5,720,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч болох ******* жилийн 14.4 хувийн хүүтэй, хуваарийн дагуу буцаан төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохирсон. /хх 17-18/
4.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Мөн барьцааны гэрээ 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
5.Хэргийн баримтаар талуудын хоорондох орон сууцны зээлийн гэрээ 2047 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаагаар, цалингийн зээлийн гэрээ 2026 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулагдсан байна.
Анхан шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн эсэх үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна. Улмаар гэрээг цуцалж зээлийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэн *******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэнгүй. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан зээлийн хүү тооцооллын хүснэгтээс үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна.
6.1.Орон сууцны зээлийн гэрээний тухайд: 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 100,000,000 төгрөгийг олгосноос хойш зээлдэгч нар үндсэн зээл 5,025,660 төгрөг, зээлийн хүү 15,680,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,279 төгрөг, даатгал 740,529 төгрөг, нийт 21,449,862 төгрөгийг төлсөн, зээлийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөөгүй тул банк энэ гэрээний үүрэгт үндсэн зээл 94,974,339 төгрөг, зээлийн хүү 2,247,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,208 төгрөг, даатгалын өр 91,712 төгрөг, нийт 97,316,157 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Цалингийн зээлийн гэрээний тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 5,720,000 төгрөгийг олгосноос хойш зээлдэгч үндсэн зээл 2,935,161 төгрөг, хүү 887,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,828 төгрөг, нийт 3,827,759 төгрөгийг төлсөн, зээлийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш төлөөгүй тул банк энэ гэрээний үүрэгт үндсэн зээл 2,784,838 төгрөг, зээлийн хүү 295,038 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,706 төгрөг, нийт 3,098,584 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
7.Нэхэмжлэгчийн ирүүлсэн уг баримтаас харвал орон сууцны зээлийн гэрээг 300 сараар байгуулсан тул сүүлийн 3 сард эргэн төлөлт хийгээгүй үндэслэлээр банк урт хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцээгүй, зээлдэгчийн дээрх үүргийн зөрчил гэрээнээс татгалзаж болохгүй мөн зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарахаар байна.
Мөн нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нарт мэдэгдсэн гэж тайлбарлаж 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 018192680 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн мэдэгдлийг хариуцагч нар хүлээн авсан эсэх тодорхойгүй.
Иймд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхааралгүй нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцэхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
7.1.Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардах үндэслэл бүрдээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгоно.
Зээлдэгч хожим үүргийн зөрчил гаргасан тохиолдолд зээлдүүлэгч ******* нь гэрээний үүргээ хариуцагч нараас шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдав.
8.Харин цалингийн зээлийн гэрээний тухайд зээлдэгч гэрээгээр тохирсон хуваарийг өмнө нь удаа дараа зөрчиж зээлийг тасалдуулж байсан, сүүлийн 5 сарын хугацаанд зээл төлөөгүй үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан дүгнэсэн байна.
Гэсэн хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө цалингийн зээлийн гэрээний үүргээ хариуцагч ******* бүрэн биелүүлж зээлийг хаасан байсан талаар зохигч хэн алин нь давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан, анхан шатны шүүх зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсний улмаас дээрх үйл баримтын талаар дүгнэлт хийж чадаагүй, улмаар хариуцагчийн нэгэнт төлж барагдуулсан зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байх тул хариуцагч *******ас цалингийн зээлийн гэрээний үүрэгт 3,098,584 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй боглож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ад шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр түүний 88079948 дугаарын утсаар мэдэгдэхэд За, нөхөртөө хэлээд явуулна гэсэн тайлбар өгснийг баримтжуулжээ.
Иймд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,414,741 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 730,224 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
О.ОДГЭРЭЛ