Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 361

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Дэвшил хороолол 40-1 тоотод оршин суух Чойжамцын Хишигмаа, Дашдэлэгийн Гэрэлт-Од нарт холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 52.865.006,76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Чойжамц овогтой Хишигмаа /РД: ДП75041507/, хамтран үүрэг гүйцэтгэгч Дашдэлэг овогтой Гэрэлт-Од /РД: ДЮ72011070/ нар нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хас банкны Говь-Алтай салбартай байгуулсан 5001116005 тоот шугамын зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус банктай байгуулсан 1200017519 тоот зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авч ашигласан. Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйн улмаас зээлийн хугацааг сунгаж нөхцөл өөрчлүүлэх хүсэлт гаргаж 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1200018941 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 5001116005 тоот зээлийн шугамын гэрээний 3.4-д, 1200017519 тоот зээлийн гэрээний 3.2-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч Ч.Хишигмаа болон хамтран зээлдэгч Д.Гэрэлт-Од нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, холбоо барихад хүндрэлтэй, зээлийг төлөхөөс зайлсхийсэн байдал гаргаж байна. Банк зээлдэгч нарын хүсэлт болон нөхцөл байдлыг харгалзан зээлийн нөхцөлийг өөрчилж, зээлээ хугацаандаа төлөхийг сануулан уян хатан байж, итгэл үзүүлсэн боловч зээлдэгч нар нь 5001116005 тоот шугамын зээлдээ 2015 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй, улмаар гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон, гэрээгээр хүлээсэн зээлийн шугамыг хугацааны эцэст хумих үүргээ  биелүүлээгүй,  нэхэмжлэл  гаргах  өдрийн  байдлаар  208  хоног хугацаа хэтэрсэн, 1200018941 тоот гэрээний дагуух зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 06 сарын 20-ноос хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 36 хоногийн тус тус хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн 1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг 18 дугаар байрны ард байрлах 62 м.кв, гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м.кв, 2 өрөө дэлгүүр үйлчилгээний  зориулалттай  барилга   Г№000151281,   Ү-0518001098,   060726034   нэгж талбарын дугаартай 96 м.кв талбай бүхий, 2006 оноос хойш 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт, 2. Контейнар: Хүнсний дэлгүүрийнхээ гадна талд байрладаг, агуулахын зориулалтаар ашигладаг, 20 тоннын даацтай, саарал өнгөтэй, төмөр чингэлэг зэргийг барьцаалсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 07 сарын 26-ны өдрийн байдлаар зээлдэгчийн 5001116005 тоот шугамын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 30.000.000 төгрөг, хүү 4.504.111,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 452.449,29 төгрөг, нийт 34.956.561,03 төгрөг, мөн 1200018941 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 17.499.671,23 төгрөг, хүү 405.306,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 468,25 төгрөг, нийт 17.905.445,73 төгрөг тус тус байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дээрх 2 зээлийн нийт өрийн үлдэгдэл 52.865.006,76 төгрөгийг тэмдэгтийн хураамж 422.260 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Хишигмаа, Д.Гэрэлт-Од нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч Чойжамц овогтой Хишигмаа би 2000 оноос хойш Хас банкны байнгын зээлдэгч байж одоог хүртэл хамтран ажилласан нь үнэн. Энэ зээлийн тухайд гэвэл манай нөхөр Д.Гэрэлт-Од нь 2016 оны 02 дугаар сард хүнд зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч удаан хугацаагаар эмчилгээнд явсан учир бидний явуулж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлээ хугацаанд нь хийж чадаагүй. Эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө гарсан. Хас банкны нэхэмжилсэн 52.865.006,76 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Хас банкны Говь-Алтай салбар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Дэвшил хороолол 40-01 тоотод оршин суух Чойжамцын Хишигмаа, Дашдэлэгийн Гэрэлт-Од нарт холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 52.865.006,76 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Хишигмаа, Д.Гэрэлт-Од нар нь төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр  зүйлийн  74.5-д  заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422.260 төгрөгний тал хувь  болох  211.130  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр  үлдээж, улсын орлогоос 211.130 төгрөгийг, хариуцагч Ч.Хишигмаа, Д.Гэрэлт-Од нараас 211.130 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 52.865.006,76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Дэвшил хороолол 40-01 тоотод оршин суух, Ч.Хишигмаа, Д.Гэрэлт-Од нар нь нэхэмжлэлийн шаардлага 52.865.006,76  төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422.260 төгрөгний тал хувь болох 211.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 211.130 төгрөгийг, хариуцагч Ч.Хишигмаа, Д.Гэрэлт-Од нараас 211.130 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбарт олгосугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                    

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН