Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00898

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09850 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулж гэрээний үүрэгт 64,265,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2.Хариуцагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бичиж өгсөн гар бичмэлдээ “...30-35 сая төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна.” гэснийг үндэслэн хариуцагч *******аас 35,000,000 төгрөг гаргуулах тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 онд ажиллах байх хугацаанд Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хэрэгжих “Тайван зогсоол” төслийн 6 блок барилгын цонх нийлүүлэх, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээг “*******” ХХК-тай байгуулсан.

2.2.Улмаар “*******” ХХК-ийг төлөөлөн цонх нийлүүлэх, суурилуулах ажлыг туслан гүйцэтгүүлэхээр “*******” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 19/11 дугаартай цонх нийлүүлэх, суурилалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Гэрээний 9.3-т “Гүйцэтгэгчийн чанарын баталгаа 1 жил байх ба энэ хугацаанд зөвхөн чанаргүй гүйцэтгэлтэй холбоотой гарсан гэмтэл, түүний засвар үйлчилгээг гүйцэтгэгч өөрийн зардлаар хариуцан гүйцэтгэнэ”, 4.6-д “Гэрээт ажлын гүйцэтгэлийн чанарын баталгаат хугацаанд засан сайжруулах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу “*******” ХХК нь цонх нийлүүлэх, суурилуулах ажилдаа 1 жилийн баталгаат хугацаа өгч, ажил үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэвч “*******” ХХК нь албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй, зарим цонхны хэсэгт шилгүй рам угсраад орхисон, зарим суурилуулсан гэх цонхнууд нь гажилттай, сийгэлт өгсөн, шил нь хагархай зэргээр чанарын ямар ч шаардлага хангаагүй, гэрээгээр тохирсон ажлаа чанартай, бүрэн хийж гүйцэтгээгүй. Иймээс дахин өөр бараа материалаар цонх суурилуулах, засварлах ажил хийж шаардлагатай болсон учраас “*******” ХХК-аас “*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, төлөх ёстой төлбөрийг “*******” ХХК-д төлөөгүй, харин ч хохирол учирсан талаар мэдэгдсэн.

“*******” ХХК-аас нэхэмжлэлдээ хавсарган өгсөн ажил хүлээлцэх акт, цонх суулгасан акт гэх баримт бичгүүд нь албан ёсны баримт бичиг биш бөгөөд тухайн үедээ албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар “*******” ХХК-аас акт үйлдсэн талаар тодруулсан нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйгээс шалтгаалж ерөнхий гүйцэтгэгч “*******” ХХК-аас төлбөр төлөөгүй, хохирол учирсан талаар мэдэгдсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 35,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй хариуцагч *******ын бичиж өгсөн баримт нь иргэн ******* өөрийн нэрийн өмнөөс “*******” ХХК-д төлбөр төлөх ёстой гэсэн агуулга байхгүй, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлахад цагдаагийн байгууллагад бичиж өгсөн баримтыг шүүхэд гаргасан хариу тайлбар мэтээр дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэх хүрээ, зарчим, нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчиж байна.

4.2.Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь тодорхой боловч компанийн гүйцэтгэх захирал компанийн гэрээний үүрэг, хариуцлагыг компанийн өмнөөс хариуцах, өр төлбөрийг төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. “*******” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээн, өөрөө хариуцагч байх боломжтой байхад хуулийн этгээдийн хариуцлагыг иргэнд хариуцах ёстой гэсэн шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн суурь зарчмыг зөрчиж байна.

4.3.Түүнчлэн, хэргийн оролцогч биш “*******” ХХК-ийн талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан шийдвэр  гаргасан.

4.4.Хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаагүй баримтыг үндэслэж, мөн шүүгч өөрөө санаачилгаараа нотлох баримт цуглуулж хэргийн оролцогчийн өмнөөс эрхийг нь хэрэгжүүлсэн үйл явдал болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.******* нь 30,000,000-35,000,000 төгрөгийг төлнө гэж хугацаа тогтоон баталгаа гаргаж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар талын 4.4, 4.5-т тусгасан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 16-17 дугаар талд авагдсан баталгаа болон энэ асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэсэн хариуцагчийн бичиж өгсөн баримтыг дүгнэсэн дүгнэлт байгаа учир хариуцагчийн энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.2.Нэхэмжлэгч нь 2019 онд нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК болон *******т холбогдуулж гаргасан. Гэвч ******* нь “*******” ХХК-ийг гадаад улсад байгаа иргэнд шилжүүлсэн учир уг хэрэг 2026 онд шийдвэрлэгдсэн. Хэргийг тусгаарлаж, өөр хоорондоо учир холбогдолтой 2 талын үйл явдлыг дүгнэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх агуулгад орохгүй.

5.3.Хэрэгт авагдсан 6 ажил хүлээлцэх актыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн. Харин ******* нь 30,000,000-35,000,000 төгрөгийг төлнө гэх баталгааг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бичиж өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн 8,000,000 төгрөг нь ажил хүлээлцэхээс өмнө буюу ажлыг хийж гүйцэтгэн, аваачиж өгөх тээврийн зардалд орсон мөнгө юм. Үүнээс хойш ******* нь 35,000,000 төгрөгийг гаргаж өгнө гэх агуулгатай баримтыг үйлдсэн.

5.4.******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх агуулгаар тайлбарлаж байна. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь www.opendatalab.mn сайтаас лавлагаа авч шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан бөгөөд тус баримтад ******* нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд өөр этгээдэд шилжсэн болох нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Үүнд:

            3.1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь анх хариуцагчаар “*******” ХХК, ******* нарыг тодорхойлж, тэдгээрээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,265,990 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэжээ.

            Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох ******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн болохыг үүгээр мэдэгдье.” гэжээ.          

            Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч *******аас 35,000,000 төгрөг, хариуцагч “*******” ХХК-аас 29,265,990 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч “*******” ХХК-д холбогдох хэргийг тусгаарлах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг тусгаарлах тухай” 192/ШЗ2025/32162 дугаар захирамжаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т нийцээгүй.

            Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.

            Гэвч хэрэг тусгаарлах шүүгчийн захирамж гаргах үед “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******д нэхэмжлэлийг гардуулах боломжгүй байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг тодруулаагүй атлаа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэж дүгнэсэн байна.

            3.2.Түүнчлэн, маргаан бүхий эрх зүйн харилцаа буюу цонх нийлүүлэх, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээний захиалагчаар “*******” ХХК оролцсон байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх гэрээний захиалагч талыг оролцуулахгүйгээр үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан зохистой байх үндэслэлд нийцээгүй.

            3.3.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анхан шатны шүүх хуралдааны явцад “компанийн өрийг ******* өөр дээрээ шилжүүлж авсан” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “төлбөр авах баталгаа байсан” гэж өөр өөрөөр тайлбарласан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг бичгээр гаргахаар зохицуулсан. Энэ дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл буюу шүүхэд хандах болсон бодит нөхцөл, түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг тодорхойлсон байх учиртай. Ингэснээр хариуцагч нь тайлбар гаргаж, татгалзлаа нотлох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих юм.

 

            4.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                          Б.АЗБАЯР