Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 101/2016/5373/и |
Дугаар | 1793 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1793
ХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05373 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХХ-д холбогдох,
/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХ/,
ХХ болон гэр бүлийн 7 ам бүлийн ХХХХХХХХХХ, хувийн сууц ХХХХХХХХХХ дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, ХХХ-ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ХХ би 2002 онд ээжийнхээ дэлгүүрийг ажиллуулж байхдаа ХХХХ, ХХХ нараас 1 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан ба үүний дараа ээжийн дэлгүүрийг ХХХХ нь 3 800 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан учраас урьд нь зээлсэн 1 500 000 төгрөгөө 3 800 000 төгрөгөөс хасуулж, үлдсэн мөнгийг ХХХХаас бэлнээр авахаар тохиролцсон юм. Гэтэл үлдсэн мөнгөө тохирсон хугацаандаа төлөөгүй дэлгүүрийг маань ямар ч үнэгүйгээр 6 сар ажиллуулсан атлаа зээлсэн 1 500 000 төгрөгийн хүү болох 1 300 000 төгрөгийг нэхэж авчихаад, зээлсэн үндсэн мөнгө болох 1 500 000 төгрөгөө буцааж авъя, би танай дэлгүүрийг худалдаж авахаа болъё, би одоо микро автобус худалдаж авахаар боллоо гэж ХХХХ надад хэлэхээр нь 1 500 000 төгрөгийг нь буцааж бэлнээр 2 хувааж төлсөн. Гэтэл ХХХнь миний ХХХХаас зээлж аваад буцаагаад хүүгийн хамт төлсөн 1 500 000 төгрөгийг хашаа байшин худалдаж авсан мөнгө гэж гүтгэн ярьдаг.
ХХХнь бусдын өмч хөрөнгийг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авах үед буюу 2004 онд манай хашаа байшин 3 500 000 төгрөгийн үнэ ханштай байсан. 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ч энэ хэргийг эрүүгийн журмаар шалгуулах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан. Ингээд эрүүгийн журмаар гомдол гаргахад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 130, 131, 132 тоот зарим сэжигтэн, яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Иймд дээрх тогтоолууд болон Авилгатай тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 38 тоот хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/504 тоот хариу мэдэгдэх хуудас зэргээр хариуцагч ХХХ-ын гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд энэ хэргийг нотлох баримтад тулгуурлан ХХ бидний 7 хүний газрын өмчлөлийн ХХХХХХХХХ, хувийн сууц ХХХХХХХХХХХХХ дугаартай өмчлөх эрхүүдийг сэргээлгэж, ХХХнарын хууль бус эзэмшлээс хашаа байшинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, ерөнхий хугацаа 10 жил байна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн ХХ нь 2010 оны Захиргааны хэргийн шүүхэд улсын бүртгэлийн 2 гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган миний бие гуравдагч этгээдээр орсон боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж шийдвэрлэгдсэн ба Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/16 дугаартай хүчин төгөлдөр тогтоол, эхнэр ХХХХ нь 2014 онд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн хэрэгт миний бие мөн л гуравдагч этгээдээр татагдаж, хэрэг хянан шийдвэрлэгдэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа.
Энэ газар ямар нэгэн хэлцлийн дагуу надад шилжиж ирээгүй. Уг газар ямар ч гэрчилгээгүй байсан. Миний ээж ХХХ 1 500 000 төгрөгийг ХХт зээлсэн. Үүнийг нэхэхэд боломжгүй байна гэдэг байснаа би газар авсан, та тэнд байж бай гэсний дагуу барьсан хашаа, байшингийн суурийг хараад манайх тэнд амьдарсан. Мөнгөө авъя гэхэд боломжгүй байна, хашаагаа ав, бичиг баримтаа гаргаж аваарай, байшинг гүйцээж барьж өгнө гэж хэлээд алга болсон. Газрыг “Мөрөн” гэх Хадгаламж зээлийн хоршоонд барьцаалж зээл авсан байсан ба ээжийнхээ хашаа байшингийн зургийг манай газрын гэрчилгээтэй хамт өгсөн байдаг. 2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ХХыг мөнгөө төлж чадаагүй тул битүүмжлэх гэж ирэхдээ газар нь мөн байх юм, байшин нь өөр байна гээд гайхаж байсан. 2004 оны газрын гэрчилгээ нь нэг хаягтай байсан бөгөөд Нийслэлийн газрын алба танайх 43б тоот гэж хэлсэн тул би түүгээр өргөдөл бичсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч ХХ дангаараа нэхэмжлэл гаргаад байна уу эсхүл 6 этгээдийг төлөөлж байна уу гэдэг баримт хэргийн материалд байхгүй. Гэтэл 7 этгээдийн талаар захиргааны шүүх хурлаар удаа дараа хэрэг шийдсэн ба тэдгээрийн иргэний бүртгэлийн лавлагаа ч байдаг. Иймд тэрээр гэр бүлийн 6 хүнээ төлөөлж байгаа бол нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэх, өмчлөх эрхийг сэргээлгэх гэж байгаа бол тухайн үед өмчилж авсан гэдэг нь ч баримтаар байдаггүй.
ХХХ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргадаг боловч ХХХХХ, ХХХХ, ХХХХ нарт хууль ёсны буюу Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүсч Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 89 дүгээр тогтоол, 2010 оны 16 дугаар тогтоол байдаг. 2011 оны 4 дүгээр сарын 11-ний 68 дугаар тогтоолд ХХ болон түүний хамт 6 өмчлөгчийн өмчлөх болон газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн төлөөлүүлж байсан этгээдийн болон үйл баримтын талаар бүрэн мэдэх байтал шүүх хурал болгонд өөр өөр зөрүүтэй зүйл ярьдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн тайлбарыг бүхэлд нь дэмжинэ. Улсын Дээд шүүхийн 2009 оны Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан 17 дугаар тогтоолын 3.3-т шударга эзэмшигчээс тухайн эзэмшлийн эд зүйлийг шаардаж болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь ХХХ-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн боловч ХХХгэдэг хүн тэнд байхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийн үндсэн дээр өмчлөл үүсч Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт хууль зүйн үндэслэлгүй, хоёрдугаарт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
Шүүх:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, ХХ болон түүний гэр бүлийн 7 ам бүлийн газрын ХХХХХХХ, хувийн сууц ХХХХХХХХХХ дугаартай өмчлөх эрхийг сэргээлгэж, ХХХ-ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 141 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч ХХ нь өөрийн гэр бүлийн 7 хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамчаар гурван гэрч гарч ирсэн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг прокурорт шалгуулна” гэж УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын 1/16 тогтоолд тусгуулж захиргааний хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Энэ тогтоолоос 2 сарын дараа эрүүгийн 21036494 тоот хэрэг үүсгэж, хариуцагч ХХХяллагдагчаар татагдан шалгагдах хугацаанд бусдын хашаа байшинг төрсөн эгч ХХХХХХ-тээ бэлэглэсэн. Нэхэмжлэгч ХХ хариуцагч ХХХнарын хооронд ямар ч хэргийн үйл баримт аль ч захиргаа болон иргэний шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй.
Мөн шийдвэрт УДШ-ийн захиргааны хэргийн танхимын 2011 оны 68 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон тул маргаж буй хашаа байшинг өмчлөх эрхтэй холбоотой үйл баримт тогтоогдсон гэжээ. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө гэш эрхтэй. Тэгвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д заасныг зөрчин, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 1/16, 68 дугаар тогтоолууд хуулийг ялгавартайгаар буруу хэрэглэсэн байхад анхан шатны шүүгч нар шийдвэртээ дамжуулан тусгаж бичээд байгаад гомдолтой.
Хариуцагч ХХХнь төрийн болон шүүх эрх мэдлийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Газрын алба, Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст зөрүүтэй, худлаа мэдүүлэг өгдөг.
Мөн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 617 дугаар магадлалд дурдсан зүйлүүд огт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Иймд нотлох баримтад үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөх эрхийг сэргээх, ХХХ-ын хууль бус эзэмшлээс хашаа байшинг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан 1. Өөрийн болон гэр бүлийн /7 хүний/ ХХХХХХХХХ дугаар газар өмчлөх, ХХХХХХХХ дугаар хувийн сууц өмчлөх эрхийг сэргээлгэх, 2. ХХХ-ын хууль бус эзэмшилээс хашаа байшин чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ХХХ-ын 2 ам бүлийн газрын ХХХХХХХХХХХ, хувийн сууцны ХХХХХХХХХ өмчлөх эрхийг хүчингүй болгож, хариуцагч ХХХ-ын оронд ХХХХ, ХХХХ, ХХХХ гэсэн нэрүүдийг дурдаж байна” гэж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “ХХ-ын 7 ам бүлийн өмчлөх эрхийг сэргээх, ХХХ-ын хууль бус эзэмшилээс хашаа, байшин чөлөөлөх” гэж тус тус тодруулсан байна.
/1-р хх 1, 148, 2-р хх 288 дахь тал/
Дээрх шаардлага тус бүрийг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын “хууль бус өмчлөлөөс хашаа байшин чөлөөлүүлэх” хэсэгт иргэний хэрэг үүсгэж, үлдэх “өөрийн болон гэр бүлийн гишүүдийн газар, хувийн сууц өмчлөх эрхийг сэргээлгэх” хэсэгт иргэний хэрэг үүсгээгүй атлаа бүхэлд нь шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг үүсгэх захирамжид дурьдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна.
/1-р хх 13 дахь тал/
Нэхэмжлэгч ХХ нь өөрийн болон гэр бүлийн гишүүнХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ нарын нэр дээр олгогдсон 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр зэргийг уг маргааны зүйл болох ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар гудамжны ХХХХХХХХХХХ тоотод байрлах эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болохыг нотолсон баримт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.
/1-р хх 100-101, 2-р хх-ийн 294 дэх тал/
Гэтэл нэхэмжлэгч ХХт түүний гэр бүлийн гишүүд нь өөрсдийн эрх ашигийг хамгаалуулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ХХ нь ХХХт өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчийн эдлэх эрхийг эдэлж, үүргийг хүлээж бүх шатны шүүхэд бүрэн төлөөлж оролцох итгэмжлэл олгосон байна. Харин түүний гэр бүлийн 6 гишүүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг ХХХт олгоогүй байхад тэднийг төлөөлүүлж шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.
/1-р хх 19 дахь тал/
Шүүх ХХХт, нэхэмжлэгч ХХаас бусад гэр бүлийн гишүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон эсэхийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан эрх үүргийг шүүгч тайлбарлан өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс дээрх хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзнэ.
/1-р хх 15, 86, 160, 2-р хх 273 дахь тал/
Эдгээр зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/05373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Т.ТУЯА