| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 186/2017/0110/э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2017-07-06 |
| Зүйл хэсэг | 268.2., 269.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 508
Т.Дорждэрэм, Ц.Алтансүх нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ширэндэв,
ялтан Т.Дорждэрэмийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,
ялтан Ц.Алтансүхийн өмгөөлөгч Л.Данзанноров,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Дорждэрэм, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Ц.Алтансүхийн өмгөөлөгч Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Дорждэрэм, Ц.Алтансүх нарт холбогдох 2016 0100 0171 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэм, 1963 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, “Хан талст” хотхоны 12 дугаар байрны 6 тоотод оршин суудаг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, /РД:УУ63082217/,
2.Ойдов овогт Цэен-Ойдовын Алтансүх, 1965 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Онцгой байдлын урд 0 тоотод оршин суух, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, /РД:ЛЮ65091417/;
Т.Дорждэрэм нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т 800.000.000 төгрөгийн зээл олгож өгнө гэж хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж тус газрын захирал Ц.Алтансүхээс 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд бусдаар дамжуулж 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн их хэмжээний хээл хахууль авсан,
Ц.Алтансүх нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэмд бусдаар дамжуулж 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд 25.000.000 (хорин таван сая) төгрөгийн их хэмжээний хээл хахууль өгсөн тус тус гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Дорждэрэмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ц.Алтансүхийн үйлдлийг 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тангууд овогт Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Ойдов овогт Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар Т.Дорждэрэмийг 1.000.000 (нэг сая) төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Ц.Алтансүх нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Т.Дорждэрэмийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Алтансүх цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Т.Дорждэрэмээс 25.000.000 (хорин таван сая) төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, мөрдөн байцаалтын шатанд Т.Дорждэрэмийн эзэмшлийн Лексус-570 загварын 68-88 УНУ улсын дугаартай автомашин битүүмжилсэн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Төрийн банкин дахь “Дөрвөлж” компанийн харилцах данснаас 23.500.000 төгрөг чекээр гарсан баримт, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Дөрвөлж” компанийн касст 25.000.000 төгрөг орсон орлогын ордер, 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Дөрвөлж” компаниас С.Гансүхэд материалын үнэ гэж 25.000.000 төгрөг касснаас гаргасан санхүүгийн баримт, 2016 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ХААН банкаар С.Гансүхэд орлого бэлнээр Мөрөнд материалын үнэ гэж 25.000.000 төгрөг 53 7702 5838 дансанд шилжүүлсэн баримт, Төрийн банкны зээлийн хорооны хурлын хэлэлцүүлгийн явцыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг, Ц.Алтансүхийн тайлбарыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг, Т.Дорждэрэмийн байцаалтыг дуу хураагуурт бичсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Ялтан Т.Дорждэрэм тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Төмөрбаатарын Дорждэрэм миний бие нь хөнгөмсөгөөр найдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнөх гаргасан давж заалдах гомдлынхоо гэм буруутай холбоотой хэсгээс татгалзаж байна. Би шүүхийн тогтоолын дагуу хохирлоо бүрэн төлж барагдуулсан ба одоогийн биеийн байдал, эрүүл мэнд маш муу байгааг минь харгалзан үзэж шинээр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн дагуу хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Ялтан Т.Дорждэрэмийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцүүлэлгүй, зөвхөн Т.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хэлэлцүүлэх саналтай байна. Авлигатай тэмцэх газар нь энэ хэрэгт биш юм гэхэд өөр олон хүний асуудлыг шийдвэрлэхдээ олон хууль, тогтоомж зөрчиж эрүүдэн шүүх шинжтэй үйл ажиллагаа явуулсан. Ийм аргаар олж, цуглуулсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Т.Дорждэрэм нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан бөгөөд хохирол төлсөн, гэм буруугаа хүлээсэн бол ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болно гэв.
Ялтан Ц.Алтансүхийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн гаргасан давж заалдах гомдлын агуулгыг өөрчилж байна. Давж заалдах гомдлоо өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруугийн талаар маргасан байдлаар бичсэн боловч миний үйлчлүүлэгч өөрийн гэм бурууг хүлээе гэсэн. Миний байр суурь ч гэсэн өөрийн үйлчлүүлэгчийн нэгэн адил, түүний гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар түүнд оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан үйлдсэн” гэж зааснаар хэргийг зүйлчилж, торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “төрийн өмчид” гэснийг “Дөрвөлж” ХХК-д эргүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Ялтан Ц.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанаас хойш өөрийн гэм бурууг зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байна. Надад оногдуулсан торгуулийн ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би хувьдаа ашиг олох зорилгоор мөнгө аваагүй. Сүхбаатар аймагт “Боловсрол хороолол”-ын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд зарцуулах гэж авсан зээл юм. Өөрийн гэм бурууг хүлээж байна гэв.
Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нар оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьнаас шүүх хуралдаанд оролцож байгаа тул гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй. Хууль хэрэглээний хувьд Т.Дорждэрэмийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй. Уг зүйл анги нь торгох болон хорих ялын санкцтай. Өмгөөлөгч нар Ц.Алтансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ч ингэж зүйлчилснээр Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн болох тул хуучин өмнөх Эрүүгийн хуулийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байн гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Т.Дорждэрэм нь нийтийн албан тушаал болох Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байхдаа Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-т 800.000.000 төгрөгийн зээл олгож өгнө гэж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, тус газрын захирал Ц.Алтансүхээс 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд бусдаар дамжуулан 25.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
Ц.Алтансүх нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Т.Дорждэрэмд бусдаар дамжуулж 2016 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрийн хооронд 25.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Т.Дорждэрэм /1хх-205-207/, Ц.Алтансүх /1хх-218-224, 232-233/, мөрдөн байцаалтад гэрч Ц.Адъяасүрэн /1хх-98-99/, Г.Наранцэцэг /1хх-100-103/, Р.Батчулуун /1хх-104-105/, Г.Хас /1хх-108-110/, П.Болормаа /1хх-111/, Г.Чулуунцэцэг /1хх-117/, Д.Батсүрэн /1хх-121-122/, Г.Хаш-Эрдэнэ /1хх-125/, С.Гансүх /1хх-128-129/, Б.Энэбиш /1хх-130-131/ нарын өгсөн мэдүүлгүүд болон бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-8-9/, кассын дэвтрийн хуулга /1хх-10-12/, Төрийн банкны депозит дансны хуулга /1хх-21-24/, “Дөрвөлж” ОНӨААТҮ газрын ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл /1хх-27/, эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /1хх-90/, банкны болон санхүүгийн баримтыг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан тухай тэмдэглэл /1хх-91/, Төрийн банк дахь “Дөрвөлж” ОНӨУҮГ-ийн харилцах данснаас чекээр 23.500.000 төгрөг гарсан баримт /1хх-92/, кассын орлогын ордер /1хх-92/, кассын зарлагын ордер /1хх-93/, С.Гансүхийн “Хаан банк”-ны 53 7702 5838 тоот данс руу “Мөрөнд материалын үнэ” гэх утга бүхий гүйлгээ хийсэн орлогын баримт /1хх-93/, Монгол банкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч нарын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн нб/89 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-176-178/, Г.Чулуунцэцэгийн нэрийн Төрийн банкны 2700 0025 5673 тоот депозит дансны харилцагчийн хуулга /2хх-85-86/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Ялтан Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохирчээ.
Ялтан Т.Дорждэрэм, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, ялтан Ц.Алтансүхийн өмгөөлөгч Л.Данзанноров нар гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдолоосоо татгалзаж тус шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдэнд оногдуулсан хорих болон торгох ялуудыг хөнгөрүүлж шийдвэрлэж” өгнө үү гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:
Ялтан Т.Дорждэрэмийн бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэх гэмт хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний “их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан” гэх шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тусгагдаагүй тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ,” гэж заасныг үндэслэн түүнд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна,
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ... гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж эрүүгийн хариуцлагыг хэд хэдэн сонгох санкцтайгаар тогтоосон байх тул ялтан Т. Дорждэрэмийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний эрүүл мэндийн байдал, хөдөлмөрт хандах хандлага, бусад хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв,
Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т,Дорждэрэмийг арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу түүний цагдан хоригдсон 112 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт харьцуулж /112*15000=1.680.000/ төгрөгөөр тооцож, түүний 12.000.000 төгрөгийн торгох ялаас 1.680.000 төгрөгийг хасаж /12.000.000-1.680.000=10.320.000/ торгох ялын үлдсэн хэмжээг 10.320.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ялтан Т.Дорждэрэмийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, 25.000.000 төгрөгийг “Дөрвөлж” ОНӨААТҮ газрын санхүүгийн 59 0000 0060 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлснийг харгалзан түүний эзэмшлийн 68-88 УНУ улсын дугаартай “Лексус-570” загварын автомашин битүүмжилсэн тухай мөрдөн байцаагч /комиссар/-ийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг автомашиныг хууль ёсны эзэмшигч Т.Дорждэрэмд буцаан олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Т.Дорждэрэмээс 25.000.000 төгрөг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч ялтан Т.Дорждэрэмийн хохирол нөхөн төлөх, эд хөрөнгө хураах ялыг биелүүлэхээ илэрхийлж, “Дөрвөлж” ОНӨААТҮ газрын санхүүгийн 59 0000 0060 тоот дансанд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг “Дөрвөлж” ОНӨААТҮ газраас гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.
Харин ялтан Ц.Алтансүхийг бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинэ чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, хэргийн зүйлчлэл нь Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд ялтны эрх зүйн байдлыг хүндрүүлж тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж зааснаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ц.Алтансүхэд холбогдох заалтуудыг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.