| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2308 01036 0293 |
| Дугаар | 2024/ХШТ/141 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ХШТ/141
Б.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1028 дугаар магадлалтай Б.М-т холбогдох 2308 01036 0293 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ...-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б-ийн М, /РД: ... /.
Холбогдсон хэргийн талаар:
Б.М- нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хамтран амьдарч байсан хохирогч Ч.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн мөр, бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Б овогт Б-ийн М-ыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1028 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн ... гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн ... хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ...” гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон ба Б.М Дорнод аймгийн Халх гол сум дахь Хилийн цэргийн ... дугаар ангид цэргийн алба хааж байгаа болохыг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мөрдөгч тогтоосон байна. Энэ талаар мөрдөгч прокурорт танилцуулж, Хил хамгаалах ерөнхий газраас албан бичгээр хариу авах хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “... Б.М-ыг ... гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн ... хаана байгаа нь тодорхой ...” үндэслэлээр Б.М-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгчийн саналыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хянаад үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокуророос мөрдөгчийн саналыг хянах явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөн өдрийн 2в/400 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг ирсэн тул прокурор мөрдөгчийн саналыг үндэслэл бүхий гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн.
Прокуророос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн 2308 01036 0293 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын “тодорхойлох” хэсэгт “... Б-ийн М-ыг /регистрийн дугаар ... / 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод хамтран амьдарч байсан Ч.Б-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, холбогдох нотлох баримтуудыг дурдсан байх бөгөөд тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татаж буй сэжигтэн Б-ийн М-ын эцгийн болон өөрийн нэрийг дурдаагүй боловч 2, 3 дахь хэсгүүдэд дурдсаар байтал “...1 дэх хэсэгт бичигдээгүй засаж залруулах боломжтой техникийн шинжтэй алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэхгүйгээр ял завшуулах, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийг “Б-ийн М” үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийг ... бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг ... олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... зөрчигдсөн эрхийг сэргээх ...” зорилтод нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Түүнчлэн прокурор, мөрдөгчөөс санаатайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд уг ажиллагаа, шийдвэрийг хүчингүй болгох нь зүйн хэрэг бөгөөд харин үг, үсэг, бичиг техникийн шинжтэй алдааг дээрх байдлаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хэт нэг талыг барьсан үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана” гэж зааснаас үзэхэд прокурорын тогтоолын “Тогтоох” хэсгийн заалт бүрээр тусгаж тэмдэглэхийг ойлгох бус, дээрх зүйлүүдийг бүхэлд нь бүрэн тусгахаар зохицуулсан гэж ойлгогдох ба хэрэгт авагдсан Б.М-ыг яллагдагчаар татсан прокурорын тогтоол нь хуулийн заалтад нийцсэн байна гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус заасан.
Тухайн гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолж, гэмт этгээдийг яллагдагчаар татах прокурорын шийдвэр гарсан өдрөөр дуусгавар болох ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жилийн хугацааны дотор буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад прокуророос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж, нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлж дугаар авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шийдвэрийг сэжигтэнд танилцуулах ажиллагаа хийгдсэнээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоох зохицуулалт тусгагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасан ажиллагааг мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хугацаанд хийгээгүй тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог гэж ойлгох ойлголт тогтсон.
2. Бусад нөхцөл байдлын талаар:
Мөрдөх байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яллагдагчаар татагдвал зохих этгээдийн байгаа газрыг тогтооход Б.М- нь Дорнод аймгийн Халх гол сум дахь Хилийн цэргийн ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсны улмаас хугацаат цэргийн алба хаагч Б.М-тай мөрдөгч холбогдох, дуудах боломжгүй, нөгөө талаас тус цэргийн анги нь алслагдсан орон нутагт, хилийн бүсэд байрладгаас мөрдөх байгууллагаас шуурхай очиж тогтоол танилцуулах, мэдүүлэг авах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байхад цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг авч, цэргийн алба хааж буй Б.М-ыг тус ангиар дамжуулан дуудах, түүнтэй уулзаж тогтоол танилцуулахаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр уг таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Мөн прокуророос Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.М-ын эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтыг шалгахад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул Г.Б-ийг яллагдагчаар татаагүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор буюу прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой байтал шүүгдэгч Б.М-ын гэм бурууг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэхдээ хэргийн хүрээнээс хальж, хохирогч Г.Б-ийн үйлдэлд дүгнэлт хийж, хэргийг цагаатгах үндэслэлд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
Үүнээс гадна шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйл” гэх заалтыг удирдлага болгож, баримталсан нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн, мөн дор дурдсанаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан заалтыг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгджээ” гэж дүгнэсэн боловч цагаатгах тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэртэйгээ хоорондоо зөрүүтэй, 5.2-т заасан тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхэд нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийгдээгүй, 5.3-т заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, 5.4-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах эсэхэд мөн адил дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх хуульд заасан дээрх нөхцөл бүрийг хэлэлцэж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсний эцэст мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоол, эсхүл цагаатгах тогтоолыг гаргана.
Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолыг тухайн шүүгдэгчийн холбогдсон үйлдэл гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн гэмт хэргийг гэм буруугаа хэлэлцүүлж байгаа этгээд үйлдээгүй тохиолдолд л гаргахаар хуульд тусгасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан заалтыг ноцтой зөрчсөн байна.
Мөн дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 755 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1028 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасан үндэслэлүүдээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцоно. Шүүгдэгч Б.М-ыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан үндэслэлээр цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийн хувьд шүүхийн өмнөх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн буюу хуульд нийцээгүй хэд хэдэн зөрчил гарсан байна. Тодруулбал, хохирогч Ч.Б-ээс 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, Б.М-аас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус бүр анх удаа хохирогчоор мэдүүлэг авсан. Тухайн хүмүүсээс анх удаа авсан мэдүүлгүүдэд хэн алиных нь мэдүүлгээс нь иш татаж мөрдөгчөөс тодруулах асуулт тавьсан байна. Хохирогч Ч.Б-ээс авсан мэдүүлэгт байгаа мөрдөгчөөс тавигдсан тодруулах асуулт нь 4 хоногийн дараа Б.М-ын хохирогчоор өгсөн мэдүүлгээс иш татан хэргийн нөхцөл байдлыг тодруулсан байна. Энэ нь нотлох баримт хоорондын уялдаа холбоо, логик хамааралтай байдлыг алдагдуулсан зөрчилтэй, ойлгомжгүй байдлыг бий болгосон байна. Мөн прокурорын Б.М-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу Б.М-ын овог, нэрийг бичээгүй, эзэн биегүй бичигдсэнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр яллагдагчаар татахаар тогтоосон бол прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Б.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосон зэргээр хоорондоо зөрүүтэй үйлдэгдсэн. Мөн мөрдөгчөөс Ч.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр прокурорт гаргасан байхад түүнийг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримтад хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй орхигдсон зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдсөн байна. Анхан шатны шүүх Б.М, Ч.Б нарын харилцан нэгэндээ хүч хэрэглэж, нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон атлаа Б.М-т холбогдох хэргийг гэмт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо цагаатгах тогтоол гаргасан, давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу болсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж тус тус тодорхойлсон. Хуулийн тодорхойлолтоос үзэхэд “яллагдагчаар татах хүртэл” гэснийг прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай шийдвэр гаргах хүртэл гэж хоёрдмол салаа утгагүйгээр шууд ойлгохоор заасан гэж үзэхээр байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол нь хэрэг бүртгэлтийн хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлж, яллагдагчаар татагдсан хүнийг нэгдсэн дугаараар бүртгэлжүүлж буй шийдвэр байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг сэжигтэнд танилцуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан яллагдагчийн эрхийг хангахаар хийгдэж буй процесс ажиллагаа байна. Прокуророос Б.М-ын хаана байгаа нь тодорхой болмогц буюу цэргийн алба хааж байгаа нь тогтоогдмогц гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах шийдвэрийг гаргаснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон. Өөрөөр хэлбэл, прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан, харин шийдвэрийг танилцуулах ажиллагаа нь яллагдагчаар татсан хүн алслагдмал газар буюу Дорнод аймгийн Халх гол суманд цэргийн алба хааж байснаас шалтгаалж удааширч хожим хийгдсэн нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой нягт уялдаа холбоотой билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг болно.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь эрүүгийн процессын бүхий л үйл явцыг бэхжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон нөхцөл, журмыг системчлэн төрөлжүүлж, дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.
3.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь энэхүү үйл явцын бодит байдлыг хангах чухал илэрхийлэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор журамлан зохицуулсан эрх зүйн нөхцөл, шалгуурыг бататган хангах зүй ёсны шаардлага болно.
4.Шүүх хэргийг хянан хэлэлцээд яллах дүгнэлтэд дурдагдсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй, тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдсон бол шийтгэх тогтоол гаргахаар, харин шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол цагаатгах тогтоол гаргана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тодорхой заажээ.
5.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ба уг шийдвэрийг эс зөвшөөрч яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргасан тохиолдолд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэж, шийтгэх эсхүл цагаатгах тогтоол гаргана.
6.Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар “... хохирогч Ч.Б нь урьд хамт амьдарч байсан, шүүгдэгч Б.М-ын гэр болох ... тоотод түүнтэй уулзахаар очжээ. Улмаар хоорондоо эр, эмийн хардалтын сэрдэлтээр, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж, шүүгдэгч Б.М- нь хохирогч Ч.Б-ийн эрүүл мэндэд ... хөнгөн гэмтэл, хохирогч Ч.Б нь шүүгдэгч Б.М-ын эрүүл мэндэд ... хөнгөн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдов. ...” хэмээн гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг дүгнэсэн атлаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан”, “яллагдагчийг хаа байгаа нь тодорхой гэж нотлох баримтгүйгээр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн”, “мөрдөн байцаалт явагдаагүй байхад Б.М-т таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдийг заан түүнийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй” гэсэн эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж, “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэж байна.
Тухайлбал, анхан шатны шүүх Б.М-т холбогдох хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ түүний үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон атлаа цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
7.Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүрэгтэй ба гомдол, эсэргүүцлийн дагуу анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчилсан байна.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх заавал хэрэглэх зохицуулалтыг хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг ноцтой зөрчсөнд тооцогдож, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааны улмаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон учир хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүх дараах алдаа, зөрчил гаргасан байгааг анхааруулах шаардлагатай гэж үзэв. Үүнд:
9.1.Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаснаас хойш:
2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийн хүртэл гурван удаа “Цаашид шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай”,
2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хоёр удаа “хохирогч М-ын хувийн байдлыг тогтоох, шинжээч Д-ээс мэдүүлэг авах, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх, хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх”,
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг удаа “хэргийн газрын нөхөн үзлэг хийх, гэрч М.Б, Б нараас ямар шалтгааны улмаас гар утсаараа бичлэг хийсэн эсэхийг тодруулах, шинжээч эмч Д-ээс хохирогч Б-ийн биед учирсан гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх, хэргийг нэг мөр шалгаж эцэслэн шийдвэрлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэх”,
“Цаашид шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх, нотлогдвол зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэх” үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 21-ээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл дөрвөн удаа, нийт арван удаа хэрэг бүртгэлтийн хугацааг сунгасан байна.
Прокуророос 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш хэрэг бүртгэлтийн үндсэн 1 сарын хугацаанд мөрдөгч нэр бүхий этгээдүүдээс хохирогч, гэрчээр мэдүүлэг авсан, шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг явуулсан бол сунгасан хугацаанд:
2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч, гэрч нараас тус бүр нэг удаа мэдүүлэг авсан, үүнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл даруй 7 сарын хугацаанд огт ажиллагаа хийгээгүй, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, үндэслэлгүйгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулжээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан тушаалтан нь гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, боломжит богино хугацаанд шалган шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ нь иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шийдвэрлүүлэх, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийн нэгэн хэсэг юм.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд нь дээрх байдлаар хариуцсан ажил, албан тушаалдаа хайнга хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт удаашруулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн байна.
Хэдийгээр албан тушаалтны дээрх байдлаар хариуцсан ажилдаа хайнга хандсан, хэрэгт зохих ёсоор хяналт тавьж чадаагүй байдлаас бодитой хохирол учраагүй боловч иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигтай болохыг анхаарвал зохино.
9.2.Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцүүлэхэд хангалттай, хүрэлцэхүйц нотлох баримт бүрдсэн гэж үзвэл прокурор яллах дүгнэлт үйлдэх бөгөөд энэ үед яллагдагчид сонсгосон Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт хийх бүрэн эрхтэй ба энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заасан байна.
Прокуророос Б.М-ыг “... хамтран амьдарч байсан хохирогч Ч.Б-ийг зодож эрүүл мэндэд нь ... хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн ...” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хавтаст хэргийн 112-115 дугаар тал/ байх ба яллагдагчид холбогдох хэргийн зүйл, хэсгийг өөрчилсөн шийдвэр гаргаагүй атлаа хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байхад энэхүү алдаа, зөрчлийн талаар хоёр шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй, анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
9.3.Хавтаст хэргийн 178-184 дүгээр талд байх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 755 дугаартай тэмдэглэлд “Б.Магсаржавт холбогдох эрүүгийн хэргийн тухай”, оролцогчдын ирцийг “... шүүгдэгч Б.Магсаржав нарыг оролцуулан ...” гэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэхдээ “... шүүгдэгч Б.Магсаржав нар ирсэн байна ...” хэмээн Б.М-т бус Б.Магсаржавт холбогдох хэргийг шийдвэрлэсэн мэтээр буруу бичигдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ