Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00300

 

Үны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ү

          Хариуцагч: “У” ХХК-д холбогдох

    Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 65.485.411 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл болон тайлбарт: 2013-07- 30-ны өдөр “У” ХХК-тай Д-ТЗ13/01 тоот зээлийн гэрээ байгуулж, 74.600.000 төгрөгийг ЖДҮХСангийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2013-07- 30-ны өдөр Д-ТЗ-13/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эд хөрөнгө болон эрх  барьцаалсан. Үүнд:  Ж.Бат-Эрдэнэ, Б.Мэндхүү, Б.Тамир, Б.Намуун нарын өмчлөлийн Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,  “У” ХХК-ийн  хайрганы үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт 15.000 м.кв газар, 3.Ж.Бат-Эрдэнийн аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт 3500 м.кв газар, Хайрга дайрагны үйлдвэрийн тоног төхөөрөмж түүхий эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, конусан бутлуур зэрэг болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүйгээс мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр төлөөхийг  шаардсаар ирсэн. Зээлдэгч  үндсэн зээл 10.991.701,14 төгрөг, хүү 15.842.567,93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330.985,51 төгрөг, нийт 27.171.254,58 төгрөг төлсөн. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2013-07- 30-ны өдрийн Д-ТЗ-13/01 тоот  гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл  63.602.298,86 төгрөг, хүү 1.731.395,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151.717 төгрөг нийт 65.485.411,83 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: 2013-07- 30-ны өдөр 74.600.000 төгрөгийн зээл авсан. Зээл авснаас хойш 2015 он хүртэл үйлдвэрлэл саадгүй явсан бөгөөд барилгын салбар зогсонги байдалд орж бүтээгдэхүүний борлуулалт буурснаас үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэлд 27.171.254 төгрөгөөс 10.997.701 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн гэжээ.Төлөлтийг үзэхэд зээлийн төлбөр буурч байснаа эргээд өссөн нь ойлгомжгүй байна. 2016-11-07-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн үлдэгдэлгүй байсан. Эдийн засагчтай нь 2016 оны 11 сард уулзах үед  “...Монгол банкны актын дагуу муу ангилалд шилжүүлж хүү торгууль зогссон...” гэж хэлж байсан. Үүнээс хойш хүү тооцсон байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээг цуцалж,  “У” ХХК-с 65,485,411.83 төгрөг гаргуулан Үинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн 2003003207 дугаартай Дархан сум, 10 дугаар баг, 1в байрны 119 тоот 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0360124 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагаан хөтөл даваа зүүн талд байрлах 3.500 м.кв талбайтай газар эзэмших эрх, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0207103 дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг Цагаан хөтөлд байрлах 15.000 м.кв талбайтай Хайрганы үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Хайрга дайрганы үйлдвэрийн төхөөрөмж болох түүний эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, Конусан бутлуур зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “У” ХХК-иас 485.380 төгрөг гаргуулан Үинд олгож шийдвэрлэсэн байна.

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр хяналтын гомдолдоо:  Хариуцагчаас хувиарын дагуу эргэн төлөлтийг хийж байсан бөгөөд 2-3 удаа хугацаа хэтрүүлсэн нь зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэ түр зуурын зөрчилд орох юм. Иймд хувиарын дагуу зээлээ төлж байсан учир шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 65 485 411,83 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 151 717 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх нэмэгдүүлсэн хүү 151 717 төгрөгийг хасч тооцож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Ү 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, “У” ХХК-с үндсэн зээлийн үлдэгдэл 63.602.298,86 төгрөг, хүү 1.731.395,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151.717 төгрөг нийт 65.485.411,83 төгрөг шаардсан байна.  

          Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      У ХХК нь Үнаас 2013 оны 07 дугаар 30-ны өдөр Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээ байгуулан 74.600.000 төгрөгийг нэг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож эд хөрөнгө барьцаалсан, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.  Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

    Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу банкнаас мөнгө хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нь тогтоогджээ.

     Гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч тал шаардаж, гэрээг цуцлах тухай мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж байсан, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225, 451, 175-р зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэв.  

          Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангахдаа   Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 865 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 10.303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ