| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00321/и/ |
| Дугаар | 362 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 362
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар баг Наранд оршин суух Андуу Энэбишээгийн Отгонбаяр, Э.Батхүлэг нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг Баян-Өндөрт оршин суух Норовтойн Ядамын Баянжавд холбогдох
2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэн Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нар нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бор азаргатай 18 тооны адуугаа хулгайд алдсаныг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр багт оршин суудаг Ядам овогтой Баянжав хулгайлан авсныг Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Я.Баянжавт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Ингээд алдсан адуугаа хайх үед гарсан зардал болох /бензин шатахууны болон бусад зардал/ 2.500.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлцэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын хооронд 1.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцон хэлэлцэл, гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан гэтэл Я.Баянжав нь тохирсон хугацаандаа 2.500.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүхээр шийдвэрлэж, хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэн Э.Отгонбаяр, Э.Батхүлэг бидний 18 тооны адууг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр багийн иргэн Я.Баянжав нь олж өгөөгүй, хулгайлж авсан нь шүүхээр тогтоогдсон. Тухайн үед бензиний зардал болон бусад зардлыг барагдуулаагүй. 2015 оны 07 дугаар сарын 02-нд адуугаа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбулаг сумын зааг нутгаас нийт 13 тооны адууг олсон. Үлдсэн 5 адууг иргэн Я.Баянжав 3 адууг зүсээр нь, 2 адууг өөр зүсмийн адуугаар орлуулж өгсөн. Я.Баянжав нь Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нартай адуу өгнө гэж тохиролцоогүй. Иймд нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Баянжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэн Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нарын хүмүүсийн адууны маргааны улмаас 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 31-нд багтааж төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр, Э.Батхүлэг нар нь хариуцагч Э.Баянжавт холбогдуулан 2.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Э.Отгонбаяр,Э.Батхүлэг нар нь хариуцагч Я.Баянжаваас 2016 оны 12 дугаар сард багтаан 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 31-нд багтаан төлж барагдуулна гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 54.950 төгрөгийн тал хувь буюу 27.475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар баг Наранд оршин суух Андуу Энэбишээгийн Отгонбаяр, Э.Батхүлэг нарын нэхэмжлэлтэй 2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг Баян-Өндөрт оршин суух Норовтойн Ядамын Баянжав нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагч Н.Баянжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 54.950 төгрөгийн тал хувь буюу 27.475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН