Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 365

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг Баянгол, Рашаант 11-11 тоотод оршин суух Бэсүд Жаргалын Баасангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үзмээ, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Баасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жаргалын Баасан нь Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Мал эмнэлэгийн халдваргүй өвчин, паразит өвчин хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгаврыг хангалттай биелүүлэн хууль тогтоомжид заасны дагуу ажиллаж байсан. Гэтэл Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Амартүвшин нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр акт сунгахаар очтол ажлаас халсан тушаал гаргасан байсан. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 535.286 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үзмээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн гаргасан нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээ гаргаагүй байхад ажилтны санаачилгаар гэж ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны 1.793.858 төгрөг, замын зардал 28.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, нийт 1.793.858 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Баасан нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар мал эмнэлгийн халдваргүй өвчин, паразит өвчин хариуцсан эмчээр ажиллаж эхэлсэн. 2015 оны эцэст байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд “D” үнэлгээтэй дүгнэгдсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн хуваарьт заасан, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас ажлаас чөлөөлөх, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй талаар саналыг удаа дараа тавьсан. Шарга сумд “Дархан халтар” нэртэй хувийн мал эмнэлэг байгуулан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалга ирүүлсэн байсан нь улсын төсвөөс батлагдаж 6.3 сая төгрөгний ажил үүрэг гүйцэтгэхээр урьдчилгаа 3.046.944 төгрөг авснаар 2016 оны 05 дугаар сараас эхлэн хувийн мал эмнэлэгтээ ажиллаж эхэлсэн. Хувийн мал эмнэлэгт, эсвэл төрийн албан ажлаа хийх талаар тохиролцож асуудлыг шийдэх гэсэн боловч, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтаа авч улмаар өвчтэй, чөлөө авах зэргээр хойшлуулсаар 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа ирэхгүй 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шалтгаангүйгээр 10 хоног ажил тасалсан. Иймд төрийн албаны ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно  гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Ж.Баасангийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Баасан нь Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт мал эмнэлгийн хэлтсийн халдваргүй өвчин, паразитлоги хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/17 дугаар тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг /залруулж бичив/ үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд ...хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино... гэж заасан байдаг ба Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул уг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ж.Баасанг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн хэлтсийн халдваргүй өвчин, празит өвчин хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2016 оны 02, 03, 04 дүгээр саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 585.286  төгрөг байх бөгөөд үүнээс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин тооцоход 585.286 + 585.286 = 1.170.572,  төгрөг байна. Харин 2016 оны 10 дугаар сарын ажлын 12 хоногийн цалинг тооцоход нэг өдрийн цалин 585.286:21.5 = 27.222 төгрөг байх тул 27.222 * 12 = 326.664 төгрөг байна. Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.170.572 + 326.664 = 1.497.236  төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Баасангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.497.236 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 38.906 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Бэсүд Жаргалын Баасанг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  мал эмнэлгийн хэлтсийн халдваргүй өвчин, паразит өвчин хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баасангийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1.497.236  төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Ж.Баасангийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.497.236 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 38.906 төгрөг нийт 109.106 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН