| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0000/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 173
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Энхмаа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э*******
Нарийн бичгийн дарга С.Э******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар О.М*******, Б.С******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931000000167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Сэлэнгэ аймаг С******* сум * дугаар баг * дугаар хэсгийн *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцогдож ял шийтгэл оногдуулахгүйгээр 03 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албдлагын арга хэмжээ авагдаж байсан, Б******* овогт О******* М******* РД:/***********/
2.Монгол улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-нд ******* аймгийн Б суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэнд бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт ******* аймаг Б сум * дугаар баг, баруун дэнж * дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, Одоо Сэлэнгэ аймгийн С******* сумын * дугаар баг * дугаар хэсэг *** тоотод оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт Б С******* РД:/******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М******* нь өсвөр насны шүүгдэгч Б.С*******тай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын *******ы 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” барааны дэлгүүрт иргэн Б.С гээгдүүлсэн байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж, завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч Б.С******* нь О.М*******тэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын *******ы 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” барааны дэлгүүрт иргэн Б.С гээгдүүлсэн байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж, завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.М*******, өсвөр насны шүүгдэгч Б.С******* нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын *******ы 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” барааны дэлгүүрт иргэн Б.С гээгдүүлсэн байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж, завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.М*******, Б.С******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч О.М*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.С*******г гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж завших үйлдлийг хийлгэхээр хатгаж, бүлэглэн оролцсон гэж, өсвөр насны шүүгдэгч Б.С*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч О.М*******ийн хатгаасаар гээгдэл гар утсыг завших гэмт үйлдлийг гүйцэтгэсэн гэж тус тус үзсэн болно.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч О.М*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.С*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр М******* ажилдаа яваад ирсэн. Тэгээд бид хоёр хүнсний зүйл цуглуулах гээд явж байхад Тамир дэлгүүрт орсон. Дэлгүүрт нэг ч хүн байгаагүй бөгөөд дотуур хувцасны тасагт нэг гар утас байсан. О.М******* намайг “тэр утсыг авчих” гэхээр нь би авсан. Гэртээ очоод байж байхад О.М*******ийн найзын ах А.М ах утасдаад “та нарыг юу хийж яваад байгааг чинь мэдэж байгаа шүү, тэр утсаа аваад ир, миний таньдаг хүний утас байна” гэхээр нь эмнэлэгийн тэнд аваачиж өгсөн. Тэгтэл Цагдаагийн газраас дуудаж яллагдагчаар татсан гэхээр нь А.М ахыг хүнд нь утсыг өгөөгүй болохыг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.С 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед дүү, ээж нарын хамтаар Сэлэнгэ аймаг С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” нэртэй хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан. “Тамир” хүнсний дэлгүүрийн эмэгтэй бэлэн хувцас зарж байсан тасаг руу очиж 4 ширхэг оймс аваад касс дээр очиж тооцоогоо хийхдээ мобайл банк ашиглана гэж бодож байсан. Тэгсэн 4 ширхэг оймс биш 5 ширхэг оймс авчихсан байсан. Тэгэхээр нь илүү 1 ширхэг оймс авчихсан байна, энийгээ буцааж лангуун дээр тавиад эргээд касс дээр очих үед ээж оймснуудын тооцоог хийсэн байсан.
Тооцоог хийчихсэн юм чинь гэж бодоод ээж, дүүгийн хамт дэлгүүрээс гарч таксины зогсоол руу очиж такси барих гээд зогсож байх үедээ халаасаа үзсэн чинь утас байхгүй болохоор нь эргэж дэлгүүртээ ирээд лангуун дээр очих үед гар утас алга болсон байсан. Самсунг Жи-7 маркийн утсыг 2017 онд анх худалдан авч байсан. Би хэрэглээд 2 жил гаран болж байгаа, эвдрэл гэмтэл байхгүй, бүрэн бүтэн утас. Би тухайн утсыг 2017 онд шинээр нь 839,000 төгрөгөөр авч байсан. ”Тамир” дэлгүүрээс гараад такси зогсоол ороод удаагүй бараг 3-5 минут л орчим болоод эргээд дэлгүүртээ ирэх үед утас лангуун дээр байхгүй, дэлгүүрт худалдагчаас өөр хүн байгаагүй. Харин намайг дэлгүүрт үйлчлүүлж байхад эрэгтэй, эмэгтэй 18-20 орчим насны хүүхдүүд байсан. Өөр хүн байгаагүй. Дэлгүүрт байсан эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хоорондоо үерхдэг гэмээр байдалтай их дотно явж байсан. Миний санаж байгаагаар эрэгтэй нь намхан нуруутай, бор дуу царайтай, байсан охин нь бас намхан, шар дугуй царайтай, махлаг охин байсан. Би гар утсаа эмэгтэй бэлэн хувцасны тасаг дээр илүү авсан байсан оймсоо тавих үедээ үлдээчихсэн гэж бодож байна. Тухайн үед яагаад гар утсаа гартаа барьж явж байснаа мартаад л лангуун дээр нь тавьчихсан байх. Миний хувьд хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжпэх зүйл байхгүй, би гар утсаа бүрэн бүтэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүүхдүүд хүртэл надаас уучлалт гуйж, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэдгээ хэлсэн. Надад төлбөр, мөнгө, хохирол байхгүй. Миний хувьд Сэлэнгэ аймаг Мандал суманд ажиллаж, амьдардаг учраас дахин С******* суманд ирэх боломжгүй байна. Ажил төрөл ихтэй байдаг учраас дахин нааш цаашаа явахад хүндрэлтэй байна. С******* суманд ирэхийн тулд заавал ажпаасаа чөлөө зөвшөөрөл авдаг учраас хүндхэн байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж хуулийн байгууллагаас дахин дуудахгүй байхыг хүсэх гэсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Иргэний нэхэмжлэгч Б.З 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байхад өдрийн 13 цагийн үед А.М орж ирээд “мөнгөний хэрэгцээ гараад гар утсаа зарах гэсэн юм” гэж хэлээд “Самсунг жи-7” маркийн гар утас үзүүлсэн. Би дээрх гар утсыг ямар учиртай, хэний талаар асуух үед “миний өөрийн эзэмшлийн гар утас байгаа юм, ар гэрт мөнгөний хэрэгцээ гараад утсаа зарахаар болж байна” гэж гуйгаад байхаар нь худалдан авахаар болсон. Би тухайн газар утсыг үзэж байгаад 150,000 төгрөгөөр авахаар болж А.М надад эхнэрийн дансны дугаар гэж хэлээд “Хаан банк”-ны данс өгсөн. Би тухайн дансны руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Надад гар утас зарсан хүн бол А.М. А.М нь манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг, мэндтэй өнгөрдөг залуу. А.М ын сайн таньж мэдэхгүй. А.М ямар ч байсан 6 хүүхэдтэй, эхнэртэйгээ амьдардаг гэсэн. Надад хэлэхдээ “хүүхэд өвдөөд, эм тарианы мөнгө байхгүй болохоор арга буюу гар утсаа зарж байна” гэхээр нь “би 150,000 төгрөгөөр авъя” гэж хэлээд тохиролцоод худалдан авсан. А.М надад хулгайн гар утас зарж байгаа талаар хэлээгүй, хэлсэн бол би авахгүй, өөртөө яалаа гэж асуудал гаргах юм бэ. А.М надад худлаа яриад утас зарчихсан байсныг дараа нь Цагдаагийн газар ирсэн хойно мэдсэн. А.М тухайн үед утас зарахдаа ганцаараа явж байсан. Цагдаагийн газраас гар утсыг хураан авсан. Би тухайн гар утас худалдан авсан 150,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол санал хүсэлт байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Гэрч А.М ын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...: 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэрийн төрсөн дүү Пүрэвбат нь гэрт орж ирээд “Сүхээ нэг утас олсон ямар утас гэдгийг нь би сайн мэдэхгүй миний сим картыг хийсэн байгаа, хулгайн утас байж магадгүй, та нэг асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд манай дүүгийн дугаар байгаа гэхээр нь ********* дугаар луу залгаж Сүхээг дуудсан тэгээд “Итгэл” дэлгүүрийн хажуу талын эмийн сангийн урдуур явж байхад Сүхээ ирсэн. Тухайн үед би “чи хаанаас юун утас авсан юм бэ” гэж асуухад Сүхээ надад хэлэхдээ “бараа буулгаж байсан хүмүүсийн хаясан утсыг авсан” гэж хэлэхээр тэгвэл “наад утсаа аваад ир, хулгайн утас байж магадгүй, наад дотор манай дүүгийн ********* дугаар байгаа” гээд утсыг нь авах гэсэн чинь “өөр хүүхэдтэй утсаар сольчихсон” гэхээр нь Сүхээгээр тэр хүүхдийн дуудуулж утас авчруулаад өөрөө авсан. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би Сүхээгээс авсан утсаа Мобиком ХХК-с асуух гээд 2222 дугаарын утас руу ******** дугаараас залгасан чинь үйлчилгээ төв дээр очиж байж асууж лавлаж болно гэж хэлсэн тэгээд Сэлэнгийн Мобиком дээр очсон чинь оочир ихтэй байсан тухайн үед бас ажлын газраас дуудсан байсан болохоор гараад явсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхээгээс авсан гар утсаа “Мобишоп” гэдэг нэртэй гар утасны засвар болон сэлбэгний дэлгүүрт Б.Зулаа гэх хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Би О.М******* гэж танина. О.М******* нь салхитын аманд амьдардаг. Манай эхнэрийн төрсөн дүү Пүрэвбаттай найзууд болохоор би танина. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/
Гэрч А.Б 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн утсыг А.М “Mobi shop” гэх газарт 150.000 төгрөгөөр зарсан гэж 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний хаан банкны ************** тоот дансанд 150.000 төгрөг орж ирсэн. Гүйлгээний утга нь “Зул” гэж бичсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
Гэрч Д.О******* 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү О.М******* нь манай хамгийн том хүү. О.М******* 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр болох Б.С******* гэгч охиныг дагуулан ирсэн. Энэ өдрөөс хойш энэ охин манай гэрт одоог хүртэл бид нартай хамт амьдарч байна.
Б.С******* гэгч охин ******* аймаг Б суманд төрсөн, ээжийн хамт амьдардаг гэсэн. Ахуй амьдралын, хувийн байдлын талаар бас сайн хэлж мэдэхгүй байна. Б.С******* гэгч охинтой танилцаад, одоог хүртэл хамт амьдрах хугацаанд даруу төлөв зантай, хүнтэй эвсэг найрсаг харилцаатай, хүнд их тусархуу, ажилсаг хүүхэд шиг санагдсан. Нас залуу болохоор гэнэн цайлган сэтгэлтэй, хүнд хар муу санадаггүй, зөөлөн сэтгэлтэй хүүхэд байсан. Элдэв муу зуршилгүй, охин хүүхэд гэсэндээ цэвэрч нямбай, айхтар охин байсан. Манайд бэр болж байгаа охин 5 сартай, удахгүй төрөх хүүхэд. Ахуй амьдралын талаар асуухад аав байхгүй, манай ээж ******* аймаг Б суманд байдаг гэж хэлж байсан. Би энэ охины ар гэртэй холбоо бариагүй байж байгаад саяхан надтай утсаар холбогдож, охины бие хаа, эрүүл мэндийн талаар асуусан. Даваадалай гэх хүнтэй утсаар ойр зуурын зүйл ярилцаж байгаад дахин холбогдоогүй. Б.С******* гэгч охин уншиж, бичиж чаддаг, бүрэн дунд боловсролтой, 10 дугаар анги төгссөн. Б.С******* охин манай гэр бүлтэй хамт амьдарч байгаа манай нөхөр , хүү О.М*******, охин М, З, бид нарын хамт манай хашаа байшинд “Салхит” дугаар баг 3-3-169 тоотод амьдарч байна. Манай гэр бүлийн уур амьсгал энэ охинд сайн ханддаг, нас бага, жирэмсэн болохоор боломж бололцоогоороо айлын охиныг харж хандаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайлан:
| № | Нэр төрөл | Хэмжих нэгж | Тоо | Нэгжийн үнэ, төгрөгөөр | Нийт үнэ, төгрөгөөр | Тайлбар |
|
1 | Самсунг Жи-7 /2017 он/ |
Ш |
1 |
350.000 |
350.000 |
Хуучин |
|
| Нийт дүн |
|
|
| 350.000 |
|
гэх үнэлгээ хх-ийн /28 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-05 дугаар тал/
Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-34 дүгээр тал/
Эд зүйл, /хяналтын камер/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-37 дугаар тал/
Шүүгдэгч О.М*******ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/
Шүүгдэгч Б.С*******гийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65,69 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.М******* өсвөр насны шүүгдэгч Б.С******* нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн С******* сумын *******ы 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” барааны дэлгүүрт иргэн Б.С гээгдүүлсэн байсан “Самсунг Жи-7” маркийн гар утсыг олж, завшиж 350.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.М*******, Б.С******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч О.М*******, Б.С******* нарын гэмт үйлдлийн улмаас Б.Сарнайд 350.000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Сарнай “Самсунг Жи-7” маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос шүүгдэгч О.М*******, Б.С******* нарт нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосныг хөнгөрүүлж О.М*******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Шүүгдэгч О.М******* нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй, унаж татдаг, хүнд хүчир ажил хийх чадваргүй талаараа мэдүүлж байгаа, Б.С******* нь гэмт хэрэгт холбогдох үедээ 16 настай байсан, 6 сартай жирэмсэн зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М******* нь хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С*******д хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд суухыг үүрэг болгож, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт О******* М*******, овогт Б С******* нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт О******* М*******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.М*******эд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2-д тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч овогт Б С*******д мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хүүхдийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С*******г хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С******* нь шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С******* нь уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
9.Ялтан О.М*******, өсвөр насны шүүгдэгч Б.С******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Ялтан О.М*******, өсвөр насны шүүгдэгч Б.С******* нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ