Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00686

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 27 210/МА2026/00686

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 57,123,738 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр *******тай Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ байгуулж, ******* дүүрэг, ******* хороо, хороолол, ******** тоот, 173,33 м.кв талбайгаас 38 м.кв талбайг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2 жилийн хугацаатай хэсэгчлэн түрээслэхээр тохиролцсон.

1.2.Тухайн 38 м.кв талбайг 3 сар орчмын хугацаанд өөрийн хөрөнгөөр засвар хийж, бүрэн тохижуулж хоолны үйлчилгээ үзүүлж ажилладаг байсан бөгөөд түрээсийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлж байсан.

1.3.Түрээслүүлэгч ******* 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсэлж буй талбайн тог, усыг тасалж, биднийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Улмаар бид 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн талбайгаас салгаж авах боломжтой тоног төхөөрөмж, сандал ширээгээ авсан. Түрээсийн талбай хүлээлгэж өгөх, акт үйлдэх талаар түрээслүүлэгчид хандсан боловч гарын үсэг зурахгүй гэх тайлбар өгсөн.

1.4.Түрээсийн төлбөрт нийт 11,200,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 3,200,000 төгрөгийн илүү төлөлт байгаа. Түүнчлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан бол 1-1.5 сарын хугацаанд дунджаар 35,829,463 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан.

Иймд түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн гэрээний төлбөрт ашиглаж чадаагүй илүү төлсөн 1,600,000 төгрөг, барьцаа 1,600,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг, мөн салгаж авах боломжгүй засан сайжруулалтын зардал 17,029,042 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд олох ёстой байсан орлогын цэвэр ашиг 35,829,463 төгрөг, хэрэглээний зардалд /тог, сөх зэрэг/ илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,065,233 төгрөг, нийт 57,123,738 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Миний бие түрээсийн гэрээг өөрөө дур мэдэн цуцлаагүй. ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр түрээсийн гэрээгээ цуцлахаар боллоо, ээж гэнэт хагалгаанд орох болсон гэж гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн. Нэхэмжлэгч өөрөө санаачилж гэрээгээ цуцалсан.

2.2.Манай хамаатны нэг эгч тус байрыг үргэлжлүүлээд түрээслээд явна, та гэрээ хийх үү гээд 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нотариат дээр гэх эмэгтэйтэй хамт ирж уулзсан. Тухайн үед нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс байрыг түрээсэлж ажиллаж эхэлсэн, банкнаас 27,000,000 төгрөгийн зээл авч *******т өгч энэ байрыг худалдаж авсан, гэрээг 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөр өөрчлөгдөхгүй байх нөхцөлтэй байгуулна, 3,000,000 төгрөгөөр агааржуулагч авна, төлбөрийг түрээсийн төлбөрөөс суутгаж авна гэх мэт зүйлүүд тулган шаардаж байсан тул гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ гэсэн.

******* нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр өөрөө дур мэдэн гэдэг хүнээс 27,000,000 төгрөг авч 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс байранд оруулсан байсан. Ингээд байрыг суллаж өгөхгүй байсан тул 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цахилгаан таслах тухай мэдэгдэж цахилгаан тасалсан.

2.3.Салгаж болохгүй хөрөнгө гэх хэсгүүд нь ажлын хөлстэйгөө 3,000,000 төгрөг ч хүрэхгүй. Анх гэрээ байгуулахад өөрсдийнхөө үйл ажиллагаанд зориулж салгаж үл болох засвар хийж байгаа тохиолдолд би төлбөр төлөхгүй талаар хэлж байсан.

2.4.Тогны мөнгийг эхлээд би төлөөд дараа нь *******аас тоолуурын заалтаар тооцож авдаг байсан, илүү төлбөр аваагүй. Барьцааны 1,600,000 төгрөгөөс өмнөх сарын цахилгаан, дулааны мөнгийг хасаж тооцоод 1,000,000 төгрөг үлдсэн байсан.

2.5.Гэрээ байгуулах үед хоол үйлчилгээний зөвшөөрөл авна гэсэн боловч одоо хүртэл аваагүй, гэнэт өөрсдөө гарлаа гэж хэлээд дураараа байрыг өөр хүнд шилжүүлсэн байсан. Хуулийн дагуу гэрээгээ цуцлаад дараагийн хүнтэй гэрээ байгуулах байтал өөрөө дур мэдэн хүнээс мөнгө авч энэ хүнтэй заавал гэрээ хий гэж тулган шаардаж, дарамталж, хүний эрхэнд халдаж болохгүй. Үндэслэлгүй мөнгө нэхэмжилж намайг бас хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,018,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,104,972 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 443,569 /375,950+67,619/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 63,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ******* нь түрээсийн талбайг үргэлжлүүлэн т түрээслүүлэх тухай санал гаргаж, түрээслүүлэгч *******гийн хамт нотариат дээр уулзсан боловч талууд тохиролцож чадаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэл, тохиролцоонд хүрээгүй. Энэ талаарх үйл баримтыг гэрч болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогддог, талууд маргадаггүй. Талууд тохиролцоонд хүрч чадаагүй нь түрээсийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өмнөх түрээсийн гэрээний хугацаа үргэлжилсээр байсан.

Харин түрээслүүлэгч тал 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тогийг тасалж, суллаж өгөхийг шаардсан үйл баримт нь түрээслүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан болохыг илтгэж байна. Гэвч шүүх нэхэмжлэгч талыг эхэлж гэрээ цуцлах санал гаргаж гэрээг цуцалсан үндэслэлээр олох ёстой байсан орлого болох 35,829,463 төгрөгийн шаардлагыг хангахаас татгалзсан нь шүүхээс хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан баримт, тайлбараас зөрүүтэй байдлаар дүгнэж улмаар шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон.

4.2.Илүү төлсөн 1,600,000 төгрөгийн шаардлагаас шүүх талбайг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүлээлгэж өгөөгүй, ашигласан гэж үзэж хасаж 26,229 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч энэ хугацаанд түрээслүүлэгч тогийг тасалсан учир үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

4.3.Шинжээч -ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болох 38 м.кв талбайд хамаарах хэсэгт хийсэн засан сайжруулалтын зардлын дүнг нийт 6,043,500 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байна гэж дүгнэсэн, энэ талаар нэхэмжлэгч тал маргадаггүй болно. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, нотлох баримтаар үнэлсэн хэр нь тодорхой хууль зүйн үндэслэл, тайлбаргүйгээр үнэлгээг бууруулж нэхэмжлэлийн шаардлагыг 823,000 төгрөгөөр хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр иргэний хохирсон нөхцөл байдлыг дордуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Түрээслэгч ******* нь ...ээж гэнэт хагалгаанд орох боллоо... гээд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг фэйсбүүк чатаар түрээслүүлэгч ******* анх мэдэгдсэн. Мөн түрээслүүлэгчид мэдэгдэлгүйгээр гэдэг хүнд дамжуулан түрээслэхээр тохиролцоод 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллуулсан, ээс 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 1,600,000 төгрөгийг ******* өөрийн дансандаа авсан нь хэргийн баримтаар тогтоогддог.

Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-д Түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө. гэж заасан. Шинээр түрээслэгчээр орох гэж байсан тэй түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан чат болон мэдүүлэг бусад баримтуудаар бүрэн нотлогддог. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн гэж үзэж байна.

5.2.Нэхэмжлэгч тал засан сайжруулалтын зардал гэж 17 орчим сая төгрөг, олох байсан орлого 35 орчим сая төгрөг нэхэмжилдэг. Шинжээчийн дүгнэлтээр засан сайжруулалтын үнэлгээ материал ажлын хөлс бүх зүйл нийлээд 6,043,500 төгрөг гэж гарсан. Анхнаасаа бодит бус нэхэмжлэл гаргасан нь тогтоогддог, мөн олох байсан орлого нотлогдоогүй, олох байсан орлогыг нэхэмжилсэн нь хууль бус байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан түрээсийн төлбөрт илүү төлсөн 1,600,000 төгрөг, барьцаа 1,600,000 төгрөг, засан сайжруулалтын зардал 17,029,042 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд олох ёстой байсан орлого 35,829,463 төгрөг, хэрэглээний зардалд /тог, сөх зэрэг/ илүү төлсөн 1,065,233 төгрөг, нийт 57,123,738 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчаас нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан, засан сайжруулалтын хувьд салгаж болох эд зүйлээ аваад явсан, анх гэрээ байгуулахад үйл ажиллагаанд зориулж салгаж үл болох засвар хийж байгаа тохиолдолд төлбөр төлөхгүй гэж тохирсон, цахилгааны мөнгө илүү аваагүй, барьцааны төлбөрөөс 600,000 төгрөгийг ашиглалтын зардалд суутгасан үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Талууд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр харилцан тохирч түрээсийн гэрээ байгуулсан, уг гэрээгээр: түрээслүүлэгч болох ******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, хороолол, ******** тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай 173.33 м.кв талбайгаас 38 м.кв талбайн хэсгийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 24 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр, түрээслэгч болох ******* сарын төлбөр 1,600,000 төгрөг төлөхөөр тохирсон. /хх 3-4, 69/

3.2.Гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийн тог цахилгааныг тасалсан, түрээсийн зүйлийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй;

3.3.Нэхэмжлэгч энэ хугацаанд нийт 11,200,000 төгрөгийг төлсөн;

 

4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

 

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа 1,600,000 төгрөг, хэрэглээний зардалд илүү төлсөн 569,537 төгрөгийг буцаан гаргуулахаар тус тус хангаж шийдвэрлэснийг зохигч хэн алин нь эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6.Талууд гэрээг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан хэдий ч түрээслэгч 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ цуцлах саналыг гаргасан, улмаар тохиролцоонд хүрээгүйгээс хариуцагч түрээсийн зүйлийн тогийг тасалж, хөрөнгийг буцаан хүлээлгэн өгснөөр гэрээ цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 2******* зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцалж болохгүй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

7.Нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчид 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул түрээслэгчээс энэ хүртэлх хугацааны төлбөрийг тооцож, ашиглаагүй үлдсэн нэг хоногийн төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцэх тул тогийг тасалсан 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны төлбөрийг төлөх үүрэггүй талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх түрээслэгчийн ашиглаагүй нэг хоногт ногдох төлбөрийн хэмжээг 26,229 төгрөг хэмээн тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас 53,333 төгрөг /1,600,000:30 *1 хоног/-ийг хангаж хариуцагчаас гаргуулна.

 

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас засан сайжруулалтын зардалд 823,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байна. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

8.1.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс хөлслөгч шаардах эрхтэй байхаар заасан.

Хэргийн баримтаар түрээсийн зүйлийг үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулахад ашиглахаар тохирч нэмэлт засан сайжруулалт хийснийг түрээслэгч тал мэдэж байсан, бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн болох нь үйл ажиллагаандаа зориулаад засна, агааржуулагч хийгээд үнэр гаргахгүйгээр шийднэ гэж хэлсэн, хоол үйлдвэрлэлийн чиглэлийн зөвшөөрлийг удахгүй авна гэсэн ч зөвшөөрлөө аваагүй гэсэн хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу түрээсийн зүйлд хийсэн засан сайжруулалтын зардлыг шаардах эрхтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч -ийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болох 38 м.кв талбайд хамаарах хэсэгт нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн засан сайжруулалтын зардлыг 6,043,500 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээг зохигч хэн алин нь эсэргүүцэж няцаагаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтээс хэсэгчилж зөвхөн ханын цаас, плита хэсгийг хангаж шийдвэрлэх болсон үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шинжээчийн тогтоосон үнэлгээний тайлангийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт нийцнэ. Энэ үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангана.

 

9.Анхан шатны шүүх зохигчийн хооронд харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, дамжуулан түрээслэх этгээдтэй гэрээ байгуулахаар нотариатад очсон үйл баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэж түрээслэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Түрээсийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан байдалд түрээслүүлэгч буруутай гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд 35,829,463 төгрөг шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, тухайн маргаанд шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10.Иймд хариуцагчаас нийт 8,266,370 төгрөгийг /барьцаа 1,600,000 төгрөг + хэрэглээний зардал 569,537 төгрөг + нэг хоногийн түрээсийн төлбөр 53,333 төгрөг + засан сайжруулалтын зардал 6,043,500 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Мөн анхан шатны шүүх гэрээний үүрэг шаардсан маргаанд үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтыг давхар хэрэглэсэн алдааг залруулж хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

 

11.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00953 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 8,266,370 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48,857,368 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад 63,250 гэснийг 147,212 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 428,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

 

О.ОДГЭРЭЛ