Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 367

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг Баянголд оршин суух Ямаан-Ус Пүрэвдоржийн Түвшингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Сангийн далай 15 дугаар гудамж 2 тоотод оршин суух Боржигон Базаррагчаагийн Нарантуяад холбогдох

Машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, нийт 6.250.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Вонго пронтер машиныг буцаан авч, Land cruiser-80 машинд хийлгэсэн сэлбэгний үнэ 5.360.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Түвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Түвшин 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын иргэн Б.Нарантуяад Toyoto land cruiser-80 маркийн машинаа 15.000.000 төгрөгөөр өгөөд 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 15-ны дотор өгөхөөр гэрээ хийж үлдэгдэл 9.500.000 /есөн сая таван зуун мянган/ төгрөгт Бонго машиныг оролцуулж авсан болно. Иргэн Б.Нарантуяа нь 7 дугаар сард 1.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Иймд машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 90 хоногийн алданги 2.250.000 төгрөг нийт 6.250.000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Нарантуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Нарантуяа миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг П.Түвшин зөвшөөрөөгүй учир бид бие биеэ хүндэтгэн үзэж П.Түвшин алдангаасаа татгалзаж, би сөрөг нэхэмжлэлээсээ татгалзан харилцан эвлэрч үндсэн мөнгөндөө мал өгөх хүсэлтэй байна. Би алдангийн төлж яасан ч чадахгүй. Яагаад гэвэл машинд нь үнэхэээр их засвар үйлчилгээ орсон. Одоо ч явахгүй моторын улаан гэрэл ассан, мотор солих шаардлагатай, он хуучны хуучин, элэгдэл их явагдсан засвар үйлчилгээ хийгдээгүй машин байсан. Хэрэв энэ харилцан эвлэрэх хүсэлтээс П.Түвшинг дахин татгалзвал /ГАА-9393/ машины эвдэрэл гэмтэл, хийсэн засвар үйлчилгээ зэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулж нүдээр үзүүлэх саналтай байна. П.Түвшинтэй эвлэрэх талаар удаа дараа ярилцах гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Иймд биднийг эвлэрүүлж хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Түвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Түвшин миний бие Б.Нарантуяад холбогдуулан машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгний алданги 2.250.000 төгрөг нийт 6.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн миний бие нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж 4.000.000 төгрөг болгож байна. Иймд машины үнэ болох 4.000.000 төгрөгийг Б.Нарантуяагаас гаргаж өгүүлнэ үү гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Түвшин нь хариуцагч Б.Нарантуяад холбогдуулан машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, нийт 6.250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Мөн хариуцагч Б.Нарантуяа нь Вонго пронтер машиныг буцаан авч, Land cruiser-80 машинд хийлгэсэн сэлбэгний үнэ 5.360.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгч П.Түвшин нь алданги 2.250.000 төгрөгөөс татгалзаж, машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Нарантуяа нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид эвлэрснийг шүүх батлах нь зүйтэй байна.

Зохигчид эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах талаараа дурдаагүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 114.950 төгрөгийн тал хувь буюу 57.475 төгрөгийг нэхэмжлэгч П.Түвшинд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 267.660 төгрөгийн тал хувь буюу 133.830 төгрөгийг хариуцагч Б.Нарантуяад тус тус улсын орлогоос гаргуулан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Шарга сумын 1 дүгээр баг Баянголд оршин суух Ямаан-Ус Пүрэвдоржийн Түвшингийн нэхэмжлэлтэй машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг, нийт 6.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Түвшин нь алданги 2.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Нарантуяа нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, машины үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлөхөөр хариуцагч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 114.950 төгрөгийн тал хувь буюу 57.475 төгрөгийг нэхэмжлэгч П.Түвшинд, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 267.660 төгрөгийн тал хувь буюу 133.830 төгрөгийг хариуцагч Б.Нарантуяад тус тус улсын орлогоос гаргуулан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

                    

 

ДАРГАЛАГЧ                       Ц.ҮЙТҮМЭН