| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2025/00050/И |
| Дугаар | 210/МА2026/00899 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00899
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээс хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь ******* брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх үндсэн үүргийг хүлээн захиалагч болох "*******" ХХК нь ажил гүйцэтгүүлсний дагуу гэрээнд тохиролцсон мөнгөн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр уг гэрээг байгуулсан.
1.2.Нэхэмжлэгч *******э нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, логог байршуулсан мөн ******* брэндийг сурталчлах зураг авалтанд орсон, өөрийн instagram цахим хаягаар тус брэндийг сурталчилсан стори бичлэг оруулсан ч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй.
1.3.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “*******” ХХК-д гэрээний 5.2 дахь хэсэгт заасан урьдчилгаа 40,000,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардсан боловч огт шилжүүлээгүй. Тиймээс гэрээний хавсралт хэсэгт дурдсан хийгдэх ажлаас эвэнт дээр дуулах, брэндинг зураг авалт хийх 2 ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Түүнчлэн бусад ажил болох цомгийн ковер /6,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, видео клип 128,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, Инстаграм хуудас пост хийх /30,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, инстаграм стори хийх /16,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/ зэрэг ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болно.
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 80,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний нийтлэг зүйл гэсэн хэсэгт “Энэхүү гэрээгээр гуйцэтгэгч нь ******* брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид энэхүү гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно гэж, 2.1.2-т гүйцэтгэгч гэж Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх чиг үүрэг бүхий иргэн *******э гэж, 2.1.5-д “Ажлын үр дүн гэж гэрээнд заасан ажлуудыг бүхэлд нь" гэж тус тус тохиролцсон.
2.2.Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 (Гүйцэтгэгчийн үүрэг)-ийн 4.2.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.2-д Талуудын харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан гэрээнд заасан ажлын захиалгыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.5-д "Гүйцэтгэгч нь Захиалагчийн шаардлагад нийцээгүй ажлыг нэмэгдэл төлбөргүйгээр нөхөж хийх засварлах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.10-д Хавсаралтад дурдсан төлөвлөгдсөн ажлуудыг зөвхөн гэрээний хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгэх ба (*******)-ийн уран бүтээл, аялал тоглолтын хуваариас шалтгаалан төлөвлөгдсөн ажлууд гүйцэтгэгдээгүй бол тухайн ажлуудыг нөхөн гүйцэтгэнэ" гэж гүйцэтгэгч талын үүргийг талууд тодорхойлж гэрээг байгуулсан болно.
Мөн гэрээний 7.1-д “Гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний одрийг дуустал хүчинтэй байна”, 7.2-т “Гэрээний хүчинтэй хугацаа нь хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж тус тус заасан болно.
Гэрээний дээрх зохицуулалтуудын хүрээнд гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тус ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн талаарх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байна. Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартайгаар хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн бол бид түүний хийсэн, хүлээлгэн өгсөн ажлын хүрээнд төлбөрийг төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас нийт 3,912,200 /гурван сая есөн зуун арван хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгон, үлдсэн 76,087,800/далан зургаан сая наян долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 77,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтын 5 дахь мөр видео клип хэсгийн тайлбарт байх “******** брэндийн хувцас өмссөн байх” гэх ажлын 10 удаа, нэг удаагийн төлбөр 2,000,000 төгрөг байхаар тохиролцсон байдлыг тайлбарладаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн block party дуун дээр дуучин blu /уран бүтээлчийн нэр/ болон 3 жүжигчдийг тоглуулдаг. Ингэхдээ бүгдэд нь тимбэрлэнд брэндийн хувцсыг өмсгөж уг брэндийг сурталчилсныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан.
Гэтэл шүүхээс энэ байдал дээр огт дүгнэлт хийгээгүй бөгөөд дээр дурдсан ажлын нэг удаа гүйцэтгэсэн байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тиймээс 1 дуучин болон 3 жүжигчинд тимбэрланд брэндийг өмсгөж клипэндээ тоглуулсан тул 6,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.
4.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д “гэрээний 5.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд нийт 7,187,800 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хүлээн авсан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчээс нийт 6,427,600 төгрөгийн үнэ бүхий бараа олгосон нь зарлагын баримтаар тогтоогдож байгаа талаар маргадаггүй, харин шүүх 760,200 төгрөгийн үнэ бүхий бараа материал нэхэмжлэгч авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
4.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “Нэхэмжлэгч нь дээрх ажлуудаас бусад гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.2.7-д “Гүйцэтгэгч тал нь Захиалагч талын санал болгосны дагуу өөрийн хувийн Фейсбүүк хуудас болон Инстаграм хуудсаар брэндийн реклам, видео контент, постер зургийг оруулах үүрэгтэй” гэж заасан. Уг үүргээ биелүүлж дор дурдсан хугацаануудад ******* брэндийн логог өөрийн пост, видео бичлэгт байршуулан сурталчилж нийт 36 пост оруулсан болохыг нотлох баримтаар гаргаж өгсөн, үүн дээр үзлэг хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж нотлох баримтаар тусгуулсан.
Гэрээний хавсралтын 7 дахь мөр “Инстаграм хуудас пост хийх” гэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул 28,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил дээр шүүхээс үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 34,760,200 төгрөгт холбогдох хэсгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэгч болох *******этэй байгуулж, тэрээр гэрээнд заасан үүргийг хүлээснээс өөр бусад этгээдтэй гэрээний үүргийг тохиролцож байгуулаагүй.
5.2.Клипэнд ******* брэндийн хувцсыг хэдэн хүн өмссөн байгаа үйл баримтаар буюу хувцас бүрээр үнэлнэ гэсэн тохиролцоо байхгүй. Үнэлгээний нэгжийг тодорхойлохдоо 1 клипийг 1 нэгж гэж тодорхойлсон бөгөөд клипэнд ******* брэндийн логог байршуулах, уг брэндийн хувцсыг өмссөн байх гэсэн 2 шаардлагыг тавьсан. Иймд хүн нэг болгоноор үнэлэх байсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
5.3.Нэхэмжлэгч нь бартераар авсан бараа бүтээгдэхүүний хувьд маргадаггүй бөгөөд 760,200 төгрөгийн бүтээгдэхүүнийг бартераар аваагүй гэж маргадаг. Нэхэмжлэгчийг сүүлд гаргаж өгсөн баримттай танилцаагүй гэж харж байна. Тэрээр хавтаст хэргийн 161-164 дүгээр талд авагдсан баримтын талаар тайлбар гаргаж байна. Сүүлд бид 760,200 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн.
5.4.Гэрээний 4.2.7-д заасныг гэрээний хавсралтад авагдсан хүснэгтийн 7-д заасан агуулгатай холбож тайлбарласан. Талуудын байгуулсан гэрээний 4.2.7-д ерөнхий үүргийг тусгасан бөгөөд хавсралтын 7-д хийгдэх ажлын агуулга нь инстаграм хуудаст пост хийх ажил байсан. Үүнээс биш фэйсбүүкт пост хийнэ гэж ажлын үнэлгээг тохиролцоогүй. Тэрээр 36 удаагийн үйлдлээр пост хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн постыг өөрийн фэйсбүүк хуудаст хийсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч *******э нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1.*******э болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******э нь “*******” брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, “*******” ХХК нь ажлыг хүлээн авч, хөлсийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
3.2.Талууд гэрээний хавсралтаар хамтран ажиллах гэрээний зардлын задаргааг гаргаж, эвэнт дээр дуулах ажлын хүрээнд ******* ойн эвент дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 удаа дуулах хөлс 3,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэ жилд 1 удаа дуулах хөлс 3,000,000 төгрөг,
Брэндинг зураг авалтын ажлын хүрээнд ******* брэндийн шинэ загварын зураг авалтад 2024 оны 9, 10, 11, 12, 01 дүгээр саруудад 5 удаа оролцож, 1 удаагийн хөлс 4,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг,
Цомгийн ковер ажлын хүрээнд цомгийн зураг авалтад 2 удаа ******* өмсөх 1 удаагийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг,
Видео клип ажлын хүрээнд цомогт багтсан шинэ дуу дээр 4 удаа лого байршуулах, 1 удаагийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөг, мөн ******* брэндийн хувцсыг 10 удаа өмссөн байх, 1 удаагийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг,
Инстаграм хуудаст пост хийх ажлын хүрээнд ******* бренийн хувцас, гуталтай пост хувийн инстаграм хуудас дээр 20 удаа оруулах, 1 удаагийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг,
Инстаграмд стори хийх ажлын хүрээнд ******* брэндийн талаар 20 удаа стори хийх, 1 удаагийн хөлс 800,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөг буюу нийт ажлын хөлс 106,000,000 төгрөг болсон байх боловч талууд ажлыг хамтад нь багцлаад ажлын хөлсийг 80,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
3.3.Дээрх ажлын хөлсийг гүйцэтгэгчид бэлнээр 64,000,000 төгрөг, бартерийн төлбөрт 16,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон.
4.Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.
5.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн эсэх, хөлсөө бүтнээр нь шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Block Party” дууны бичлэг, The legacy тоглолтын идэвхижүүлэх 4 видео бичлэг, нэхэмжлэгчийн “” нэртэй фэйсбүүк хуудас, Geemongolrapper нэртэй инстраграм хуудас үзлэг хийсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд цомогт багтсан “Block Party” нэртэй дууны видео клипэнд ******* брэндийн логог байршуулж, нэхэмжлэгч *******э нь ******* брэндийн хувцсыг өмссөн, Dj Ashiko reel, Dj youkeep reel, Mc sniper reel,QP3OxJhMDloB71mqHePIHfvaC51jeH7wUytc1s_3WXrIFSaReEu1398O4CzGmx5IPCVWgQz8xGl-gi80epU08Zo гэх нэртэй бичлэгүүдэд ******* брэндийн лого байршсан, geemongolrapper гэсэн инстаграм хуудаст 2 удаагийн тоглолтын зарыг байршуулахдаа ******* брэндийн логог байршуулсан. Харин фэйсбүүк рүү нэвтрэх нууц үг илгээсэн утасны дугаарыг нэхэмжлэгч хэрэглэхгүй байгаа үндэслэлээр фэйсбүүк хаягт нэвтрэх боломжгүй талаар тусгагдсан байна.
5.2.Гэрч ******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...*******э нь ...******* брэндийн шинэ загварын зураг авалтад 1 удаа, ... Цомогт багтсан шинэ дуун дээр лого байршуулах ажил 1 удаа, ... Дууны клипэнд брэндийн хувцас 1 удаа өмссөн, ... Инстаграм хуудаст пост 1 удаа, ... Инстаграм хуудаст стори 2 удаа, ...гэрээнд заасан ажлыг хийсэн.” гэжээ.
5.3.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч *******э нь гэрээний хавсралтад заасан видео клип ажлын хүрээнд цомогт багтсан шинэ дууны клип дээр ******* брэндийн хувцсыг 1 удаа өмссөн нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлыг өөрөө буюу туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох боловч, тухайн үүргийг гүйцэтгэхэд гүйцэтгэгчийн хувийн байдал, тусгай ур чадвар, олон нийтэд танигдсан байдал зэрэг нь чухал ач холбогдолтой бол үүргийг заавал өөрийн биеэр гүйцэтгэх үүрэг хүлээнэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “бусад хүмүүсээр дамжуулан брэндийг сурталчилсан буюу тоглолтод 3 хүн брэнд хувцас өмсөж оролцсон” гэх тайлбарыг гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцохгүй гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь “брэндийн нүүр царай” болох үүрэг нь өөр этгээдэд шилжүүлж болохгүй, зөвхөн тухайн уран бүтээлчийн өөрийнх нь бие махбодь, нэр хүндээр дамжиж хэрэгжих салгаж болшгүй үүрэг юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******э нь ******* брэндийн нүүр царай болохын хувьд өөрийн цомогт багтах шинэ дууны клип дээр тус брэндийн хувцсыг гэрээнд зааснаар 10 удаа өмсөх үүрэг хүлээсэн байх ба өөр уран бүтээлчдийн хийсэн Dj Ashiko reel, Dj youkeep reel, Mc sniper reel, QP3OxJhMDloB71mqHePIHfvaC51jeH7wUytc1s_3WXrIFSaReEu1398O4CzGmx5IPCVWgQz8xGl-gi80epU08Zo гэх нэртэй бичлэгүүдийг The legacy тоглолтыг идэвхижүүлэх зорилгоор хийсэн богино хэмжээний бичлэг гэж тайлбарласнаас үзвэл гэрээгээр тохирсон видео клипний нэг хэсэг гэж үзэхээргүй байхын зэрэгцээ үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгчээс өөр уран бүтээлч ******* брэндийн хувцас өмссөн үйл баримт тусгагдаагүй байна.
Иймд “нэхэмжлэгч нь клипэндээ өөрөөсөө гадна 3 жүжигчдийг тоглуулж, тимбэрлэнд брэндийн хувцсыг өмсгөж уг брэндийг сурталчилсныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан тул шүүх 6,000,000 төгрөгт холбогдох ажлыг буруу дүгнэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.7-д “Гүйцэтгэгч тал нь Захиалагч талын санал болгосны дагуу өөрийн хувийн Фейсбүүк хуудас болон Инстаграм хуудсаар брэндийн реклам, видео контент, постер зургийг оруулах үүрэгтэй” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал захиалагчийн санал болгосон цахим хуудсаар гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хийх үүрэг хүлээсэн байх ба гэрээний хавсралтад заасан брэндийн хувцастай пост болон сторийг хийх ажлыг гүйцэтгэгчийн хувийн инстаграм хаяг байхаар тохиролцсон гэж дүгнэнэ.
Нэхэмжлэгч дээрх ажлыг сурталчилж 36 пост оруулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “Инстаграм хуудас пост хийх” гэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.5.Гэрээний 5.1-т “...бартерийн төлбөрт 16,000,000 төгрөг байна.” гэж зааснаар нэхэмжлэгч нь нийт 7,187,800 төгрөгийн үнэ бүхий ******* брэндийн эд зүйл хүлээн авсан болох нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 4 удаагийн зарлагын баримтаар тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 11,100,000 төгрөгөөс бартерийн төлбөрт авсан эд зүйлийн үнэ 7,187,800 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг 3,912,200 төгрөгийн хэмжээнд хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.
6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.АЗБАЯР